Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00905

 

М.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2017/03755 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 дугаар магадлалтай

М.Г-ын нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж, 49/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Г- миний бие Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 34 дүгээр байрны 52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авахаар Б.Б-, М.Мөнхцаст нартай тохиролцон урьдчилгаа 65 000 000 төгрөгийн төлбөрийг төлж 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 тоот Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч тал барилгыг ашиглалтад оруулахгүй хугацаа алдсан ба 2015 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авсан. Гэтэл захиалсан байрыг өөр хүнд зарж намайг цаг хугацаа, эд материалаар хохироож гэрээний үүргээ зөрчсөн.

Б.Б-гийн нөхөр М.Мөнхцас сахарын өвчин хүндэрсэн, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, хугацаа өгөөч 1 өрөө байрыг 2 өрөө болгож зохицуулна гэсээр 2017 он гаргасан. М.Мөнхцас 2017 оны 1 дүгээр сард өвчний улмаас нас барсан тул энэ хүнд байдлыг ойлгон 49 хоног дуустал орон сууцны асуудлыг хөндөөгүй. Гэтэл Б.Б- гадаадад байгаа гэх шалтгаанаар одоог хүртэл орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хохироож байгаа тул гэрээний 6.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2017 оны 5 дугаар сарын 20 дуустал хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуульд заасанд нийцүүлэн 32 500 000 төгрөгийн алдангийг үндсэн төлбөр 65 000 000 төгрөгийн хамт бүгд 97 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж нэг талаас ... Б.Б /цаашид гүйцэтгэгч гэх/-г төлөөлж Мятав овогтой Мөнхцас..., гэрээ байгуулсан гүйцэтгэгч тал Б.Б-г төлөөлж М.Мөнхцас гэж гарын үсэг зурсан байдаг. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэлд мөн л М.Мөнхцас гарыг үсэг зурснаас үзэхэд хариуцагч Б.Б- тухайн гэрээний харилцаанд оролцож, нэхэмжлэгч М.Г-ын өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээсэн гэж үзэх боломжгүй.

М.Мөнхцас агсан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нас барснаар маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжих хуулийн хугацаа нээгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээ байгуулсан гүйцэтгэх талыг төлөөлж гэж гарын үсэг зурсан М.Мөнхцас нь хариуцагчийн гэр бүлийн хүн байсан боловч Иргэний хуулийн 63 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрхгүй, итгэмжлэл аваагүй гэрээ хийсэн байсан. Энэ гэрээ нь талийгаач болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд өөрсдийн тайлбарыг нотолно. Гэтэл нэхэмжлэгч нь итгэмжлэлтэй холбоотой асуудлаар баримт гаргаагүй. Мөн хэрэгт байхгүй машины асуудал яриад байгаа нь ойлгомжгүй. Мөн энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй. Гэрээ байгуулсан М.Мөнхцас нас барсан, өв нээгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2017/03755 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-д холбогдох 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 дугаар магадлалаар:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2017/03755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 40 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 357 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03755 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 167-р зүйлийн 167.5, 172-р зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Үүнд: Магадлалын хянавал хэсэгт: “... уг баримтаас үзвэл бүртгэлийн 879 дугаарт дээрх гэрээ бүртгэгдэж, гэрээний талууд болон Б.Б- гарын үсэг зуржээ. Хариуцагч Б.Б- бичгээр хийсэн итгэмжлэлийг гэрээ байгуулсан этгээдэд олгоогүй боловч уг харилцаанд биечлэн оролцсон буюу түүний хүсэл зориг илэрхийлэгдсэн байна... дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 40 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж М.Г-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэжээ.

Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй юм. Учир нь:

1.  Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №5/01 дугаартай “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж М.Мөнхцас гарын үсэг зурсан. “Гэрээ байгуулсан” хэсэгт “...Б.Б-г төлөөлж М.Мөнхцас” гэж бичигдсэн боловч итгэмжлэл хийгдээгүй. Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбарт “Б.Б-” гэж бичиж, гарын үсэг зурсныг “... хүсэл зориг илэрхийлэгдсэн, гэрээний нэг тал” гэж үзэх боломжгүй, хариуцагч нь өөрийгөө төлөөлөхийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

2.     Нэхэмжлэгч М.Г-, М.Мөнхцас агсан нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай “хэлцэл” хийгдсэн байдаг.

Энэхүү хэлцэлд талууд мөнгөний зорилгыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл М.Г- нь ямар зорилгоор М.Мөнхцас агсанд 40 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, энэхүү хэлцэл нь захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө нь хийгдсэн, цаг хугацааны зөрүүтэй учир хариуцагч талаас “өв нээгдээгүй” гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч Б.Б- нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №5/01 дугаартай “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгч М.Г-аас 40 000 000 төгрөгийг хүлээж аваагүй байхад давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр “орон сууцны урьдчилгаа төлбөр” гэж дүгнэж, 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч М.Г-ад олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Магадлал нь “хууль ёсны буюу үндэслэл бүхий” байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3   дахь хэсэгт заасныг үндэслэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Г- нь Б.Б-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийг алдангийн хамт нийт 97 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээнд гарын үсэг зурсан М.Мөнхцас нас барсан, өв нээгдэх болоогүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй...” гэж маргажээ.

2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №5/01 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг гүйцэтгэгч Б.Б-г төлөөлж М.Мөнхцас, хөрөнгө оруулагч М.Г- нар байгуулж гарын үсэг зурсан байна.

Тус гэрээгээр хөрөнгө оруулагчийн захиалгаар гүйцэтгэгч нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй орон сууцны хотхоны 34 дүгээр байрны 52 тоот нэг өрөө орон сууцыг тогтоосон хугацаа, төлөвлөгөөний дагуу барьж ашиглалтад оруулна, хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу санхүүжилтийг хэсэгчлэн болон бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээний 2.2.-т заасан урьдчилгаа төлбөрт 65 000 000 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд хэргийн 8 дугаар талд М.Мөнхцас нь М.Г-аас 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 40 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай баримт авагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны барилгыг 2015 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан боловч миний захиалсан байрыг өөр хүнд зарж, намайг цаг хугацаа, эд материалаар хохироосон, Б.Б-гийн нөхөр М.Мөнхцас нь сахарын өвчин хүндэрсэн, гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул хугацаа өгөөч, захиалсан нэг өрөө байрны оронд хоёр өрөө байр зохицуулая гэж элдэв шалтаг хэлсээр 2017 он гарсан. Улмаар М.Мөнхцас нас барж, хариуцагчийн хүнд байдлыг ойлгож, хүлээсэн боловч одоог хүртэл орон сууцны асуудлыг шийдэж өгөхгүй байгаа тул гэрээний үүрэгт бэлнээр төлсөн 40 000 000 төгрөг, автомашины үнэд тооцсон 25 000 000 төгрөг, нийт 65 000 000 төгрөгт алданги тооцож 97 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “...Худалдах-худалдан авах гэрээнд М.Мөнхцас гэж хүн гарын үсэг зурсан, М.Мөнхцас нь Б.Б-гий нөхөр байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сард нас барсан, түүнд Б.Б- итгэмжлэл олгоогүй, М.Мөнхцас итгэмжлэл аваагүй гэрээ хийсэн. Хэрэгт баримтаар авагдаагүй автомашины талаар яригдаж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Б.Б-тэй гэрээ байгуулаагүй, М.Мөнхцасын өв нээгдээгүй, шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 40 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Б.Б- өөрөө байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, тухайн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн бүртгэл дээр Б.Б- гарын үсгээ зурсан /хх-80/ байгаа нь Б.Б- өөрийгөө төлөөлж М.Мөнхцас гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Б- нь гэрээ байгуулахад хамт байсан тул хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үр дагаврыг тооцохдоо нотлох баримтаар тогтоогдсон, маргаагүй 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үндсэн төлбөрийн үлдэх хэсэг, болон алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс  хүлээн авсан эсэх талаар маргаагүй, зөвхөн 25 000 000 төгрөгт тооцсон автомашины талаар баримтгүй гэж маргаж байсан тул “...Б.Б- нь гэрээний харилцаанд оролцоогүй, мөнгийг хүлээж аваагүй байхад үндэслэлгүйгээр төлбөр гаргуулсан...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД