Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2198

 

М.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02642 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Б холбогдох

 

Гэрээнээс татгалзаж 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнхад нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 34 дүгээр байрны 52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авахаар Б.Б, М.М нартай харилцан тохиролцож урьдчилгаа 65 000 000 төгрөгийн төлбөрийг төлж 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч тал барилгыг ашиглалтад оруулахгүй хугацаа алдсан бөгөөд орон сууцны барилгыг 2015 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан байсан. М.М 2017 оны 01 дүгээр сард өвчний улмаас нас барсан бөгөөд Б.Б гадаадад байгаа гэх шалтгаанаар одоо хүртэл миний орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хохироосоор байна. Иймд алданги 32 500 000 төгрөг,  төлбөр 65 000 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5/01 дугаартай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг баталгаажуулж талууд гарын үсэг зурахдаа гүйцэтгэгч талыг буюу Б.Б төлөөлж М.М гарын үсэг зурсан. Мөн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 40 000 000 төгрөгийг хүлээлцсэн гэх баримтыг нотариатаар батлуулсан байдаг. Үүн дээр хүлээлгэж өгсөн Д.Г, хүлээж авсан М.М гээд гарын үсэг зурсан байгаа. Энэ гарын үсэг зурсан байдлаас үзэхэд хариуцагчаар оролцож байгаа Б.Б шууд хэлцэлд оролцогч мөн гэж үзэж нэхэмжлэгч Д.Г өмнө үүрэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна. М.М 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барснаар шаардах эрх, өв залгамжлалын асуудал яригдаад байгаа. Тэгэхээр 2017 оны 8 дүгээр сарын 29-ний өдөр хуульд зааснаар тухайн нас барагч нас барснаас хойш нэг жилийн хугацаанд өв нээгдэх асуудал яригдах болов уу гэж үзэж байгаа. Бямбасүрэн нь энэ асуудлыг шийдэх зорилгоор ямар нэг байдлаар Д.Г холбогдож эргүүлээд газар, орон сууц өгөх талаар ярьсан асуудал байдаг. Харамсалтай нь өв нээгдээгүй гэдэг утгаар Б.Б эрх хязгаарлагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Б 2012 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар барилга барихаар иргэдээс захиалга авч байхад нь би үзэж танилцаад 34 дүгээр байрны 52 тоот 52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдаж авахаар урьдчилгаа 40 000 000 төгрөгийг нөхөр М.М нь хүлээлгэн өгч, 25 000 000 төгрөгт нь охиныхоо машиныг өгсөн. Тухайн үед гэрээ байгуулаагүй. Сүүлд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5/01 дугаартай "Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-г бичгээр байгуулсан. Уг гэрээнд ажил гүйцэтгэгч Б.Б төлөөлж нөхөр М.М гарын үсэг зурсан.  М.М Б.Б нар гэр бүлийн харьцаатай эхнэр нөхөр байхад үүнд шүүх дүгнэлт өгсөнгүй. Хариуцагч Б.Б, түүний төлөөлөгч байр захиалсан, урьдчилгаа мөнгө авсан түүнийг төлөх тухай маргаагүй. Гагцхүү өв нээгдээгүй гэсэн үндэслэлэгзр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тайлбар өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж бодит байдлаас эрс зөрүүтэй, нэхэмжлэгч миний эрх ашгийг хэт хохироосон шийдвэр гаргаж байгаа нь шудрага биш байна. Гүйцэтгэгч Б, М гэрээнээс өөрсдөө сайн дураараа татгалзсан учраас миний урьдчилгаа болгож өгсөн 65 000 000 төгрөгийг буцааж өгөх ёстой. Гэрээний 6.2-т зааснаар алданги төлөхөөр заасан учраас 32 500 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн "...Б нь энэ асуудлыг шийдэх зорилгоор ямар нэг байдлаар Д.Г холбогдож эргүүлээд газар, орон сууц өгөх талаар ярьсан асуудал байдаг" гэснийг үл тоож, бодит байдалд нийцсэн болсон асуудлыг үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэх ур чадвар дутсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Б холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах агуулгатай байрны урьдчилгаанд төлсөн төлбөр 65 000 000 төгрөгийг буцаан гаргуулна, алданги тооцож нийт 97 500 000 төгрөг гаргуулна гэж  шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан М.М нас барсан, өв нээгдэх болоогүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж маргажээ.

 

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинэээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй байна. Анхан шатны шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан товлогджээ.

 

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу шүүх хуралдаан болсон өдөр талуудад хэргийн материал танилцуулж, хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзнэ. 

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                                 Ш.ОЮУНХАНД