Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0212/З |
Дугаар | 221/МА2021/0661 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0661
“Б п р” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 733 дугаар шийдвэртэй, “Б п р” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарт холбогдох гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр:
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Б п р” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Т.Э нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байна” гэж заасантай нийцэхгүй байна.
Гомдол гаргагч нь “Чингис эко тур” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Белла виста 500-1002 тоот байранд компанийн гүйцэтгэх удирдлага Б амьдруулах зорилгоор түрээсэлсэн талаар маргаагүй болно.
Гомдол гаргагч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “ажиллагчдад олгосон, шагнал, урамшуулал, байр орон сууцны хөлс болон унаа хоол, түлшний үнийн хөнгөлөлт”-ийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасны дагуу энэхүү байр орон сууцны хөлсийг хасагдах зардлаар бүртгэсэн нь хуульд нийцсэн болно.
Харин шүүхээс “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.10 дахь хэсэгт тус тус заасан нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдахгүй зардал гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтгүйгээр, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт нь “түрээсийн төлбөр”-ийг татвар ногдох орлогоос хасах ёстой шүү гэдэг заалт юм. Үүнээс үзвэл шүүх 58.000.000 төгрөгийг түрээсийн төлбөр тул хасагдах зардал хамаарна гэх хуулийн заалтыг баримтлан хасагдахгүй зардал байна гэж хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ”-г хасахгүй гэж заасныг шүүх баримталж авто зогсоолыг гүйцэтгэх захирлын амьдрах зориулалтаар түрээсэлсэн байна гэж ямар ч баримтгүйгээр дүгнэлт хийж байгаа нь хэнийг ч баримтгүйгээр буруутгаж болохгүй, нотлох баримтад үндэслэх зарчимтай огт нийцэхгүй байна.
Мөн шүүх “ажилтанд олгосон байр орон сууцны хөлс”-ийг “шууд тус компанийн үндсэн үйл ажиллагааны зардалд хамаарахгүй тул” гэж ямар ч баримтгүй, ямар ч хууль хэрэглэлгүй хамаарна, хамаарахгүй гэж дүгнэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.
Шүүхээс “...хуулийн этгээдүүдээс хийсэн худалдан авалтаас хасахгүй худалдан авалтыг хүснэгтээр гаргасан байх бөгөөд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор ... нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгосон ... худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдахгүй зардал гэж үзсэн хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцжээ” гэж нотлох баримтыг буруу үнэлж, ямар ч хууль хэрэглэлгүй маргааныг шийдсэн нь хууль зөрчсөн.
Гомдол гаргагчаас тухай жилийн худалдан авалтад хамаарах хүснэгтийг зөрчлийг шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байдаг. Гэтэл байцаагч нар шууд тус хүснэгтийн нийт дүнгээр тооцож, торгууль ногдуулсан байдаг. Гомдол гаргагчаас уг хүснэгт нэмэгдсэн өртгийн албан татварт бүхэлдээ хамаарахгүй юмаа гэдгийг хүснэгтийн худалдан авалт бүрээр дэлгэрэнгүй тайлбарлаж, мэтгэлцсэн боловч шүүхээс уг баримтыг шууд нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хүснэгт гэж юунд үндэслэж, яаж, хэрхэн ойлгож, ямар хуулийн заалтыг хэрэглэж ийнхүү үзсэн талаар огт дурдалгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.
Шүүх “...гомдол гаргагч компани “Ю Л М” ХХК-д үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд “Б п р” ХХК Нийслэлийн биеийн тамир спортын газраар ямар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсэн нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх бөгөөд гомдол гаргагч дээрх зөрчилд холбогдох анхан шатны баримт бүрдүүлэх үүрэгтэй юм” гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, дутуу орхигдуулж, хэргийг баримтгүй мэтээр гомдол гаргагчийг илтэд буруутгасан байдалтайгаар Захиргааны шүүхийн нотлох зарчмаа хэрэгжүүлээгүйгээ зөвтгөж шийдсэн.
Хэрэв шүүхээс баримт байхгүй гэж үзэж байгаа тохиолдолд уг хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай үндэслэлээр буцсан байхад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл энэ талаарх нэг ч баримтыг цуглуулах ажиллагаа огт хийгээгүй, гомдол гаргагчээс шаардаагүй атлаа шууд гомдол гаргагчийг буруутгасан байна.
Дээрхээс тодруулбал шүүх хэргийн материалыг өмнө нь огт үзээгүй, шүүх хуралдаан дээр нотлох баримтыг шинжлэн судалсан ч ойлгоогүй гэж үзэх бодит эргэлзээг төрүүлж байна.
Байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг бүхэлд нь зөрчиж, зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдогчид хамаарах эрх үүрэгтэй холбоотой ажиллагааг огт хийлгүй, зөрчилд хамааралгүй этгээдээс мэдүүлэг авч, хуулиар тогтоосон хугацааг зөрчиж зөрчлийн шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.
Гэтэл шүүхээс “...татварын хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль байх тул хариуцагч нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй юм” гэж дүгнэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан зарчмыг илтэд үгүйсгэсэн. Байцаагч нарын хууль зөрчсөн үйлдлийг илтэд дэмжсэн арай ийм дур зоргын шийдвэр гаргаж болохгүй.
Шүүхээс “...гомдол гаргагч компани “Ю Л М” ХХК-д үйлчилгээ үзүүлэхээр гэрээг байгуулсан бөгөөд “Б п р” ХХК Нийслэлийн биеийн тамир спортын газраар ямар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсэн нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх бөгөөд гомдол гаргагч дээрх зөрчилд холбогдох анхан шатны баримт бүрдүүлэх үүрэгтэй юм” гэж шийдвэрийн 8 дахь хуудсанд дүгнэсэн атлаа шийдвэрийн 9 дэх хуудсанд буюу тогтоох хэсгийн өмнө үндэслэх хэсгээ дүгнэж “Иймд маргаан таслах зөвлөлийн тогтоолоор өөрчлөлт орсон 78,222,887.08 төгрөгийг зөрчлөөс Нийслэлийн биеийн тамир, спортын хороонд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1-т зааснаар хасч, ...нийт 4,564,162.25 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж хоорондоо илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн.
Шүүхийн уг дүгнэлтээс үзвэл гомдол гаргагчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь тогтоох хэсгийн үр дагаврыг үүсгэдэг тул шүүхээс яг ямар шийдвэр гаргаж байгаа нь өөрөө ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.
Татварын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөл хянаад байцаагч нарын алдаатай шийдвэр байна гэж үзээд зөрчлийн дүнг бууруулан 5,780,363.99 төгрөг болгосон. Гэтэл шүүхээс “Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор ...нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгосон ...худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдахгүй зардал гэж үзсэн хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцжээ.” Гэж дээр дурдсаны дагуу ямар ч баримтгүйгээр, хууль хэрэглэлгүй шийтгэлийн хуудасны дүнг бүхэлд нь хэвээр үлдээж гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг улам дордуулсан шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүх эрх мэдэл хэрэгждэг. Гэтэл эрх маань хөндөгдөөд, зөрчигдөөд байна гэж шүүхэд хандаж байхад шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүх дараах эрхэм зорилготой байна: 4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” гэж заасан зорилгыг уландаа гишгэж гомдол гаргагчийн эрхийг улам дордуулсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Тус маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр шийдсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар авагдсан хавтаст хэргийг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэхдээ шүүхийн туслах хавтаст хэргийг явуулалгүй түүнээс баримтыг дутуу хувилж явуулснаас давж заалдах шатны шүүх хуралдаан огт болоогүй, талууд мэтгэлцээгүй, нэмэлт тайлбар хэлүүлэхгүйгээр бүрэлдэхүүн хуралдааны дундаас завсарлаж, нотлох баримтуудыг бүрдүүлэх үндэслэлээр буцаасан.
Гомдол гаргагч компанийн зүгээс шүүхийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэн хэргээ давж заалдах журмаар шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ туйлын гомдолтой байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхийг буруутгалгүй, компанийн удирдлагуудад эвээр ойлгуулан, шүүхэд гомдол гаргаагүй шүүхийг хүндэтгэж, хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхэд анхаарсан.
Ингээд хэрэг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхэд ирээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралд ороход өмнөх алдааг дахин давтаж нотлох баримтаар авагдсан байсан хэргээс нотлох баримтыг дутуу хувилан хийж, үүнээс улбаатай шүүх “гомдол гаргагч дээрх зөрчилд холбогдох анхан шатны баримт бүрдүүлэх үүрэгтэй юм” гэж байгаа баримтыг байхгүй мэтээр гомдол гаргагчийг илтэд буруутгаж дүгнэсэн байгаад үнэхээр харамсалтай байна. Шүүхэд байгаа баримтаа өгөөд түүнийг нь шүүхийн ажилтны үйлдлээс болж шүүгч нар үзэж чадахгүй байгаад яагаад гомдол гаргагч буруутай болоод байгаа юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 733 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Гомдол гаргагч “Б п р” ХХК-иас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдуулан гаргажээ.
Хариуцагч улсын байцаагч Э.Н, Б.Б нараас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 дугаар шийтгэлийн хуудсаар[1] гомдол гаргагч компанийн 2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 78,558,961.60 төгрөгийн зөрчилд 4,244,414.60 төгрөгийн нөхөн татвар, 1,220,847.90 төгрөгийн торгууль, 527,744.20 төгрөгийн алданги, нийт 5,993,006.70 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
1.Шийтгэлийн хуудсын 1 дэх хэсэгт гомдол гаргагч компани 2016 онд “Н т” ХХК, “М и ф х” ХХК зэрэг компаниудаас 3,168,052.49 төгрөгийн бараа, үйлчилгээ, нийт 10,558,961.60 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж албан татварын хасалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасныг зөрчсөн үйлдэлд 1,055,896.20 төгрөгийн нөхөн татвар, 264,292.40 төгрөгийн торгууль, 140,339.20 төгрөгийн алданги ногдуулснаас 174,921.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор[2] 336,074,53 төгрөгийн зөрчилд оногдуулсан 2,688.60 төгрөгийн торгууль, 1,424.96 төгрөгийн алданги, нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгож, 78,222,887.07 төгрөгийн зөрчилд оногдуулсан 4,035,885.45 төгрөгийн нөхөн татвар, 1,218,159.30 төгрөгийн торгууль, 516,329.14 төгрөгийн алданги, нийт 5,780,363.39 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцох”-оор, 14.6.2-т ”хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж тус тус заасан.
Гомдол гаргагч компанийн “Н т” ХХК-иас сурталчилгааны арга хэмжээнд зориулан худалдан авсан нэг удаагийн аяга, салфетка зэргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-д заасан “ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараанд” хамаарахгүй харин мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараанд” хамаарахаар байгаа нь хэрэгт авагдсан хэд хэдэн удаагийн худалдан авалтаар их хэмжээний барааг худалдсан авсан төлбөрийн баримтуудаар[3] тогтоогдож байна.
Иймээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор дээр дурдсан зөрчилд шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгон шийдвэрлэж, уг төлбөрийн баримтуудад байгаа бусад барааг үйлчилгээний зориулалттай бус ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байтал энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэж шийдвэрлээгүй нь буруу бөгөөд үүнтэй холбоотой давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2.Шийтгэлийн хуудсын 2 дахь хэсэгт гомдол гаргагч компанийг 2016 онд “Ч э т” ХХК-иас орон сууцны зориулалтаар түрээсэлсэн 58,000,000 төгрөгийн зардал, Нийслэлийн Биеийн тамир спортын газарт Улаанбаатар марафон-2016 гүйлтийн арга хэмжээнд 10,000,000 төгрөгийн хандивын зардал, нийт 68,000,000 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэж, албан татвар ногдох орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.35, 16 дугаар зүйлийн 16.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3-д заасныг тус тус зөрчсөн үйлдэлд 68,000,000.00 төгрөгийн зөрчлийг тухайн оны тайлангийн алдагдал 36,114,816.50 төгрөгөөр бууруулж, үлдэх 31,882,153.50 төгрөгийн зөрчилд 3,188,518.40 төгрөгийн нөхөн татвар, 956,555.50 төгрөгийн торгууль, 387,405.00 төгрөгийн алданги нийт 4,532,487.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
2.1.Татварын хяналт шалгалтын явцад гомдол гаргагч компаниас гаргаж өгсөн Орон сууц түрээслэх гэрээнээс[4] үзэхэд “Ч э т” ХХК-иас орон сууцны зориулалтаар түрээсэлсэн түрээсийн төлбөр нь гомдол гаргагч “Б п р” ХХК-иас “ажиллагчдадаа зориулан олгож байгаа байр, орон сууцны хөлс, хөнгөлөлт” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үүний учир улсын байцаагч нараас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хасагдах зардлын жагсаалтад ороогүй үндэслэлээр гомдол гаргагч компанийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн албан татварын төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.
Харин гомдол гаргагч компанийн “...түрээсийн төлбөр нь “Б п р” ХХК болон гүйцэтгэх удирдлагын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.6-д ... заасан үүргийн дагуу компаниас гүйцэтгэх удирдлагад олгосон байр орон сууцны хөлс юм. Гомдол гаргагч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “ажиллагчдад олгосон ...байр орон сууцны хөлс...” гэж заасны дагуу энэхүү байр орон сууцны хөлсийг хасагдах зардлаар бүртгэсэн нь хуульд нийцсэн болно.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, татварын хяналт шалгалтын явцад гомдол гаргагч компаниас гаргаж өгөөгүй, хяналт шалгалтын явцад танилцуулагдаагүй Хөдөлмөрийн гэрээг үндэслэн давж заалдах шүүхээс маргаан бүхий орон сууцны түрээсийн төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан “ажиллагчдадаа зориулан олгож байгаа байр, орон сууцны хөлс, хөнгөлөлт”-д хамаарна гэж хариуцагч улсын байцаагч нарыг буруутгах, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг өөрчлөх үндэслэлгүй юм.
2.2.“Б п р” ХХК нь “Ю л М” ХХК-тай зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, “Б п р” ХХК”-иас үйлчилгээ авах зорилгоор “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу “Ю л М” ХХК-иас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн төлбөрийг тус “Ю л М” ХХК-ийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон-2016” гүйлтийн арга хэмжээний зардлыг ивээн тэтгэж тус 10,000,000 төгрөгийг Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороонд шилжүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны 2017 оны 1/216 албан бичиг[5], бэлэн мөнгөний баримтууд[6], марафон гүйлтийн энгэрийн тэмдэгт байршуулсан тэмдэглэгээ[7] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд гомдол гаргагч компаниас Нийслэлийн Биеийн тамир спортын газарт Улаанбаатар марафон-2016 гүйлтийн арга хэмжээнд гаргаж өгсөн 10,000,000 төгрөгийн зардлыг албан татвар ногдох орлогоосоо хасч тооцсоныг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасан “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж тус компанийг буруутгах үндэслэлгүй байна.
Гэтэл хариуцагч улсын байцаагч нараас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.35-д тодорхойлсон ангилалд ороогүй үндэслэлээр 10,000,000 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэж албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн албан татварын төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр гомдол гаргагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор[8] өөрчлөлт оруулсан 78,222,887.07 төгрөгийн зөрчлөөс 10,000,000 төгрөгөөр багасгаж, мөн 68,222,887.07 төгрөгийн зөрчлөөс тайлангийн үеийн алдагдал /шийтгэлийн хуудсанд заасны дагуу/ 36,114,816.57 төгрөгийг бууруулж, үлдэх 32,108,070.6 төгрөгийн зөрчилд 3,210,807.06 төгрөгийн нөхөн татвар, 963,242.12 төгрөгийн торгууль, 390,113.08 төгрөгийн алданги, нийт 4,564,162.26 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилж, давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 733 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Б.Б нараас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Б п р” ХХК-д оногдуулсан 78,558,961.60 төгрөгийн зөрчлийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор бууруулан өөрчилсөн 78,222,887.07 төгрөгийн зөрчлөөс 10,000,000 төгрөгөөр багасгаж, мөн 68,222,887.07 төгрөгийн зөрчлөөс тайлангийн үеийн алдагдал /шийтгэлийн хуудаст заасны дагуу/ 36,114,816.57 төгрөгийг бууруулж, үлдэх 32,108,070.6 төгрөгийн зөрчилд 3,210,807.06 төгрөгийн нөхөн татвар, 963,242.12 төгрөгийн торгууль, 390,113.08 төгрөгийн алданги, нийт 4,564,162.25 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1][1] Хэргийн 1-р хавтас 97 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 9-14 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 222-226 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 100-113 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 208 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 217, 218, 230 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 231 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 9-14 дэх тал