Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00847

 

Н.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн  шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/04077 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаар магадлалтай,

                                                                                                                       

Н.Д-ын нэхэмжлэлтэй,

С.А, Г.Г нарт холбогдох

Гэр бүлийн хэрэгцээний газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Ууганзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн С.А, Г.Г нар нь “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-иас зээл авч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00737 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч зарагдаагүй. Санал болгох хурлаар зээлдэгчид нь үл хөдлөх хөрөнгөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Н.Д- нь “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-иас холбогдох зөвшөөрлийг авч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг 86 дугаар гудамж, 2678 тоот хаягтай газрын өмчлөгч болсон. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш С.А, Г.Г нар нь гэр бүлийн гишүүдийн хамтаар өнөөдрийг хүртэл тус газар дээр байгаа бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд амьдарч, миний өмчлөлийн газрыг суллаж өгөлгүй амьдарсаар байна. Бидний удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн авалгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 дугаар гудамж 2678 тоот хаягтай 18655311600771 нэгж талбарын дугаартай 583 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.А, Г.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нар нь ББСБ-иас зээл авсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж зөвшөөрөл баталсан. Шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж гараад эд хөрөнгийг санал болгох хурлаар ороод байшинг ББСБ-д, газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Газрын гэрчилгээ гарснаас хойш тодорхой хугацаанд мөнгөө төлөөд эд хөрөнгөө авах талаар хүлээсэн боловч төлөөгүй, хөрөнгөө суллаж өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлд бичсэн газраас хариуцагчийг албадан нүүлгэж өгнө үү. Зээл авах үед газрын өмчлөгч нь Г.Г байсан. 11 өмчлөгч байдаг гэсэн боловч энэ талаар зээл авах үед мэдэгдээгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Ггийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан өмч бол миний нэр дээр байдаг. Манай гэр бүлийн 11 гишүүний өмч. Энд ганц миний бие амьдардаггүй болохоор бусад 10 гишүүний өмнөөс дангаараа хариулт өгөх боломжгүй. Уг өмч бий болж бүртгүүлэхэд миний бие насанд хүрээгүй байсан. Энэ нь нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Агийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг эзэмшдэггүй тул надаас юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Бас Н.Д-ын эрх ашгийг миний бие хэрхэн хөндөөд байгаагаа ойлгохгүй байна гэжээ.

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/04077 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г, С.А нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 гудамж, 2678 тоот хаягт байрлах, 583 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Г-2204023639 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/04077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 420 тоот магадлалыг эс зөвшөөрч байна. Иргэн С.А, Г.Г нар нь “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-аас зээл авч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул 2016.01.19-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдаа явуулсан боловч барьцаа хөрөнгө зарагдаагүй тул санал болгох хурлаар зээлдэгчид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Н.Д- нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг 86 дугаар гудамж, 78 тоот хаягтай газрын өмчлөгч болсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өмчлөх эрх Н.Д-ын нэр дээр шилжсэн боловч С.А, Г.Г нар нь тус газрыг чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд дээрх хүмүүс нь төлбөрийг төлж тухайн хөрөнгийг буцаан худалдаж авах хангалттай хугацаа байсан. Бид ч энэ боломжийг олгож урт хугацаанд хүлээсэн. Н.Д- нь өөрийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/04077 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан магадлал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэл нь ИХШХШТухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх тухай журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлж авах хүсэлт гаргасан болохоос биш тухайн хөрөнгийн талаар өмчлөлийн маргаан үүсгээгүй тул анхан шатны шүүх хэрэгт хамааралтай байдлаас нь дүгнэж хүсэлтийг шийдвэрлэснийг зөв гэж үзэж байна. Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлд дурьдсан өмч нь өөрийнх нь нэр дээр байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, ББСБ-аас зээл авсан, зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн зэрэг асуудалд няцаалт өгөөгүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хурлыг удаа дараа хойшлуулах, цаг хожих санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илт хайхрамжгүй оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 420 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/04077 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч С.А, Г.Г нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 дугаар гудамж, 2678 тоот хаягт байрлах, 583 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.А, Г.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, уг үл хөдлөх эд хөрөнгө нь надаас гадна манай гэр бүлийн 10 гишүүний дундын эд хөрөнгө гэж Г.Г, харин хариуцагч С.А нь газрыг би эзэмшдэггүй тул нэхэмжлэгчийн эрх, ашгийг хэрхэн хөндөж байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...С.А, Г.Г нар нь “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-иас зээл авсан ба 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, санал болгох хурлаар зээлдэгчид нь үл хөдлөх хөрөнгөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Н.Д- нь  холбогдох зөвшөөрлийг авч тус газрын өмчлөгч болсон” гэж шүүхэд газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар хувийг нэхэмжлэлдээ хавсаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь уг маргаж буй Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 86 дугаар гудамж, 2678 тоот хаягт байрлах, 583 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар миний өмчлөлийн эд хөрөнгө, мөн гэр бүлийн 11 гишүүний нэр дээр бүртгэлтэй байдаг газар ямар журмаар Н.Д-ын өмчлөлд шилжсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулж өгнө үү гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр Г.Ггийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн Н.Д-ын өмчлөлд шилжсэн нөхцөл байдал тодорхой бус байх тул Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оноос хойшхи шилжилт хөдөлгөөн хийсэн тухай баримтуудыг гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

Хэрэгт төлбөр төлөгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зөвшөөрөл олгосон, ямар журмаар нэхэмжлэгчид өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар нотлох баримт авагдаагүй байхад шүүх хариуцагчийн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх тухай журмыг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 26 дугаар зүйлийн 26.4-т нийцсэн гэж үзнэ.  

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж техникийн алдаа гаргасан тухай давж заалдах шатны шүүхээс  дурдсан нь зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 420 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 47,750 /дөчин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН