Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00951

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар магадлалтай

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 153 726 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Чинзолбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн 6 дүүргийн 9 байршилд гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерт шалгаруулалт зохион явуулсан. Уг шалгаруулалтад нэхэмжлэгч компани оролцож 3 байршилд буюу Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон”, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” гэсэн байршлуудад ажлын гүйцэтгэгчээр шалгарч, 2016 оны 3 сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын №2016/15, №2016/17, №2016/19 дугаар гэрээнүүдийг тус тус байгуулсан. Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч нь нэр заасан байршилд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдгээр иргэдийн саналыг тусган, төслийн талбарын судалгааг хийж, барилгажилтын зураг төсөл, төлөвлөлтийг 45 хоногийн дотор боловсруулах үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл ажлыг гүйцэтгэх үеэр өмнөх иргэдийн хурлын тогтоолоор төлөвлөгдсөн зураг төсөл болоод иргэний хооронд санал зөрөлдөх асуудлууд үүсч, үүнийг хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдох тохиолдол үүсч байсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил” төслийн тухайд өмнөх Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурлын тогтоолоор төлөвлөгдсөнөөр сургууль, цэцэрлэгийн барилгын байршил нь 6 айлын хашаа бүхий талбайд төлөвлөгдсөн байсан. Үүнийг иргэдийн төлөөллийн оролцоотой уулзалт хуралдааныг зохион байгуулах, тэдэнд нэгдсэн мэдээлэл өгөх, ухуулан таниулах, санал солилцох зэрэг ажлыг тухайн төслийг ерөнхийлөн хэрэгжүүлэгч Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮ газар буюу төр өөрөө удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд бид дээрх уулзалт, хуралдаанаас гарсан аливаа санал, шийдлийг төлөвлөлтөд тусгах, холбогдох зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэж байсан. Олон айлаар явж гарын үсэг цуглуулж Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж байсан. Хэд хэдэн удаа хуралдсан. Зарим нэг ажлыг нэмж хийлгэхээр хойшлуулж байсан. Бас сонгууль болж хугацаа авсан. 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон”, Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” гэсэн байршлуудад хийсэн ажлаа хүлээн авч бай гэсэн боловч авахгүй байсан. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлыг хүлээн авлаа төсвийн тодотгол гарангуут хөлсийг өгнө гэсэн албан бичиг өгч байсан.

Ингээд 2016 оны 11 сард бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, 2016 оны 11 сарын 28-ны өдөр ажлаа хүлээлцэн акт үйлдсэн боловч захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх хугацаа дуусч, алданги тооцогдох нөхцөл бүрдсэн гэх тайлбарыг ирүүлж, гэрээний төлбөрийг төлөхдөө гэрээ тус бүрийн үнийн дүнгээс 30, 30 хувийг буюу №2016/15 тоот төслийн гэрээний үнэ болох 147 420 000 төгрөгөөс 44 226 000 төгрөг, №2016/17 тоот төслийн гэрээний үнэ болох 189 000 000 төгрөгөөс 56 700 000 төгрөг, №2016/19 тоот төслийн гэрээний үнэ болох 176 000 000 төгрөгөөс 52 800 000 төгрөг, нийт 153 726 000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган хассан байна. Иймд иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний хөлснөөс хууль бусаар суутгасан 153 726 000 төгрөгийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/15 дугаартай гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/19 дугаартай гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016/17 дугаартай гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тус тус байгуулсан.

“Н” ХХК нь тус байгууллагаас шаардаж буй мэргэжлийн дадлага туршлага, ажиллах хүчин болон техникийн эх үүсвэртэй бөгөөд гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу үйлчилгээ үзүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Захиалагч нь гэрээний дагуу Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын эхлэлийн тайлангийн төлбөр болох үнийн дүнгийн 30 хувийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын эхлэлийн тайлангийн төлбөр болох үнийн дүнгийн 30 хувийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон байдаг.

Гүйцэтгэгчээс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай албан бичгээр гэрээний хугацааг ажлын 10 хоногоор сунгаж өгөх тухай хүсэлт ирүүлсэн ба Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дарь-Эх хотхон” төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлыг мөн хүсэлт гаргаснаар гэрээний хугацааг 2016 оны 6 сарын 13-ны өдөр дуусгавар болохоор тус тус шийдвэрлэн эцсийн тайланг хүлээн авахаар болсон.

Гүйцэтгэгчээс ирүүлсэн тайлан шаардлага хангаагүй ба 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талбарын иргэдийг оролцуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга ахлан ажлын явцын талаарх хурал хийж, гүйцэтгэгчид 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ийнхүү гүйцэтгэгчээс эцсийн тайланг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 60, 61, 62 дугаартай албан бичгээр ирүүлснийг хүлээн авч 2016 оны 7 сарын 06-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын, газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/19 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн. Газар барилгажилтын зөвлөлийн хурлаас эцсийн тайланд зарим асуудлууд тусгагдаагүй гэж үзэн шаардлагатай өөрчлөлтийг тусган дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан.

Тус хурлаас гарсан шийдвэр болох тусгагдаагүй зарим асуудлуудыг гүйцэтгэгч барилгажилтын зураг төсөлд тусган 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн газар барилгажилтын зөвлөлийн ДТ16/20 дугаар хуралд оруулсан.

Хурлын гишүүдээс гарсан санал шүүмжлэлийн дагуу гүйцэтгэгчээр нэмэлт засваруудыг хийлгэн, ажлын даалгаврын дагуу макетыг боловсруулсны дараа эцсийн тайланг хүлээн авах шийдвэр гаргасан.

Үүнээс хойш нэмэлт засваруудыг хийж, гүйцэтгэгч нь эцсийн тайланг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгч, тус газар нь мөн өдөр 2016/251 дугаартай акт үйлдэн хүлээн авсан. Гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаар гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, гэрээний тусгай нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.6.1/д/-ийн 1-д заасны дагуу алданги тооцохоор болсон.

“Оргил” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 178 хоногийн алданги тооцож 131 203 800 төгрөгийг, “Шинэ шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 178 хоногийн алданги тооцож 93984 000 төгрөгийг, “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажилд 172 хоногийн алданги тооцож, 97 524 000 төгрөгийг суутгах тооцоо гарч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4-т заасныг баримтлан тайлан тус бүрийн гүйцэтгээгүй үнийн дүн буюу “Оргил” төслийн 88 452 000 төгрөгийн 50 хувь болох 44 226 000 төгрөгийг, “Шинэ шийдэл” төслийн 88 452 000 төгрөгийн 50 хувь болох 44 226 000 төгрөгийг, “Дарь-Эх хотхон” төслийн 113 400 000 төгрөгийн 50 хувь болох 56 700 000 төгрөгийг тус тус алдангид суутган авч 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.

Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын 13 дугаар зүйлд заасан онцгой нөхцөлд Төлөвлөлтийг иргэдийн боловсруулсан саналыг нарийвчлан судалж тусгасны эцэст иргэдийн төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны зарчим, тухайн төслийн талбарт хийгдсэн ажлуудтай зураг төслийг уялдуулах, ГХОСТ-тэй зөвшилцөх гэж заасан.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... иргэдийн хооронд санал зөрөлдөх асуудлууд үүссэн, үүнийг хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдсон нь алданги тооцох үндэслэл болохгүй ... гэж дурдсан нь дээрх заалтын дагуу үндэслэлгүй болохыг нотолж байна.

Иймд тус байгууллага нь гэрээнд заасан нөхцөл болон бусад хууль тогтоомжийн дагуу санхүүжилтийг олгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 153 726 000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 926 580 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 926 580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Н-т холбогдох 153 726 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн    болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

“Н” ХХК нь Н-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 153 726 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн шийдвэр байсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Магадлалын хяналтын хэсэгт: “...Талууд 2016 оны 11 сарын 28-ны өдөр 2016/15, 2016/17, 2016/19 дугаар гэрээг тус бүр дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний тусгай нөхцөлийн 6.4.(6) 2 ба 6.4.(6) 3-д заасныг үндэслэн 2016/15 дугаар гэрээний үнийн дүнгээс 44 226 000 төгрөгийг, 2016/178 дугаар гэрээний үнийн дүнгээс 56 700 000 төгрөгийг, 2016/19 дүгээр гэрээний үнийн дүнгээс 52 800 000 төгрөгийг тус тус суутгасан..., ...ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хэлэлцэж, алдангид нийт 153.726.000 төгрөгийг ажлын хөлснөөс суутгаж олгохоор хоёр талын эрх бүхий этгээд харилцан тохиролцсон...’’, “...анхан шатны шүүх энэхүү алданги суутгасан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буруу болжээ’’ гэж алдаатай дүгнэлт хийснээс үндэслэлгүй шийдвэр гарахад хүрчээ.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх үйл баримтын талаар “...гүйцэтгэгч ажлын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй 7 хоногт алданги тооцох, түүнээс хойш болсон тохиолдолд гэрээг цуцлах зохицуулалт тусгагджээ. Нэхэмжлэгчийн хувьд эхний 7 хоногт гэрээний хугацааг сунгуулсан байсан тул алданги тооцох үндэслэлгүйн гадна захиалагчийн зүгээс гэрээг цуцлаагүй, ажлын тайланг хүлээн авсан нь талууд харилцан ойлголцож ажлыг тайлан өгөх хугацааг сунган явж байсныг гэрчилж байна. Түүнчлэн гэрээнд гэрээг цуцлахгүй бол хэтэрсэн хугацаанд алданги тооцох эсэхийг заагаагүй байх ба хариуцагч нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс үндэслэлгүйгээр алданги суутган авсан байна” хэмээн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Үүний давж заалдах шатны шүүх анхаарахыг хүсээгүй нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна.

Түүнчлэн давж шатны шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүний шүүгчээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн актад гарын үсэг зурсан талаар тодруулж асуухад ийнхүү гарын үсэг зурж байгаа нь хүлээн зөвшөөрч байгаа буюу тохиролцож байгаа явдал бус харин ажлыг хүлээлгэн өгч буй, харин суутгалын тухайд зурсан эсэхээс үл хамаарч шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой, гагцхүү төлбөрөөсөө тодорхой хувийг нь ч болов авах гэсэн үйлдэл байсан тухай тайлбараа нэхэмжлэгч хэлсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хэрэгсээгүйн улмаас энэхүү алдаатай шийдвэр гарчээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний тусгай нөхцөлийн 6.4.(б) 2 ба 6.4.(б) 3-д заасныг үндэслэн Гэрээний үүргийн үнийн дүнгээс алданги суутгасан явдал нь алдаатай болсон. Учир нь: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн  дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж алдангийн талаар зохицуулсан байна. Үүнээс үзэхэд хуульд заасан алданги тооцох урьдчилсан нөхцөл нь үүрэг гүйцэтгэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор зохицуулжээ. Гэтэл хариуцагч байгууллагатай харилцаж ирсэн бичиг, уулзалт, хурлын тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар талууд харилцан ойлголцон гэрээний хугацааг сунгасан, нэмэлт ажлууд хийж гүйцэтгүүлсэн, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан хэдий ч төсөвт тодотгол хийх замаар үлдэгдэл хөлсний санхүүжилтийг хийхтэй холбоотойгоор ажлын үр дүнг хүлээн авсан актыг үйлдэхийг хойшлуулж байсан зэрэг бүхий л баримт бичиг, үйл баримтуудаар алданги хариуцах үндэслэл тогтоогдохгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд алдангийн зохицуулалт байгаа эсэх, байгаа бол алдангийг ямар зөрчилд хэрхэн тооцох талаарх зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй явдал нь мөн энэхүү алдаатай шийдвэрийг нөхцөлдүүлжээ.

Иймд, дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Н-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлснөөс үндэслэлгүй суутган авсан 153 726 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Н” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Нийслэлийн 6 дүүргийн 9 байршилд гэр хорооллын газар шинэчлэн зохин байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерт оролцож, Баянгол дүүргийн “Шинэ шийдэл”, Сонгинохайрхан дүүргийн “Оргил”, Баянзүрх дүүргийн “Дарь-Эх хотхон” байршлуудад ажлын гүйцэтгэгчээр шалгарч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай дээрх 3 байршилд Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажлын № 2016/15, №2016/17, №2016/19 дугаар бүхий гэрээнүүдийг байгуулсан байна.

Гэрээний дагуу ажлыг 2 сарын хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр талууд гэрээний хугацааг сунгахаар тохиролцож, улмаар удаа дараа сунгасны эцэст 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авахаар болж, гэрээг дүгнэсэн байна.

Талууд гэрээний биелэлт, тайлбарыг дүгнэж, “Гэрээ дүгнэсэн протокол” үйлдэж, гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гэрээний тусгай нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.6.1./д/-ийн 1-д зааснаар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бодож, нийт 153 726 000 төгрөгийг гүйцэтгэгчид олгох ажлын хөлснөөс суутгасан үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй талаар “Гэрээ дүгнэсэн протокол”-д үндэслэл бүхий дүгнэсэн байх боловч талууд гэрээний заалтыг зөв тайлбарлаагүй байна.

Гэрээний тусгай нөхцөлийн 2.6.1./д/-ийн 1-д “Зөвлөх нь эцсийн тайлангаа гэрээний хавсралт №2-т заасны дагуу ирүүлээгүй хугацаа хэтэрсэн 7 хүртэлх хоног тутамд захиалагч талд тухайн тайлангийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлнө” гэж, 2 дахь заалтад “Зөвлөх нь эцсийн тайлан өгөх хугацааг 8 хоног хэтэрсэн, эсхүл захиалагчийн бичгээр зөвшөөрсөн, сунгасан хугацаанд багтан мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгах үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд гэрээг цуцална” гэж, 3 дахь заалтад “Зөвлөхийн ирүүлсэн тайланг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дагуу хурлаас гарсан санал, шүүмжийг ажлын 7 хоногт багтаан зураг төсөлд тусгаагүй тохиолдолд гэрээ цуцална.” гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээний тайланг ирүүлэх хугацаагаа хэтрүүлсэн нь тогтоогдсон байх тул захиалагч алданги тооцсон нь буруу биш байна. Харин алдангийг эхний 7 хоногт тооцохоор гэрээгээр харилцан тохиролцсон байхад талууд тухайн тайлангийн үнийн дүнгийн 50%-иар алдангийг тооцсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д зааснаар гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Гэрээний хугацааг долоогоос илүү хугацаагаар хоцроосон тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцсон байх бөгөөд захиалагч гэрээг цуцлаагүй нь алдангийг нэмж тооцох үндэслэл болохгүй, гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Шинэ шийдэл” байршилд хамаарах  №2016/19 гэрээний тухайн тайлангийн үнэ 105 600 000 төгрөгийн алданги /105 600 000 х 0.5% х 7 хоног/ 3 696 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дарь-Эх хотхон” байршилд хамаарах №2016/17 гэрээний тухайн тайлангийн үнэ 113 400 000 төгрөгийн алданги /113 400 000 х 0.5% х 7 хоног/ 3 969 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Оргил” байршилд хамаарах тухайн тайлангийн үнэ 88 452 000 төгрөгийн алданги /88 452 000 х 0.5% х 7 хоног/ 3 095 820 төгрөг, нийт /3 696 000+3 969 000+3 095 820/ 10 760 820 төгрөгийг алдангид тооцохоор байх тул ажлын хөлснөөс /153 726 000-10 760 820/ 142 965 180 төгрөгийг илүү суутгасан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 142 965 180 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02459 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 142 965 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 760 820 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...хариуцагчаас 926 582 төгрөгийг...” гэснийг “...хариуцагчаас 872 776 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 926 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД