Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00950

 

Б.С-, Т.О- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, П.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаар шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалтай

Б.С-, Т.О- нарын нэхэмжлэлтэй

П.У-т холбогдох

Гэм хор учруулсны хохирол 5 764 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч П.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт жолооч П.У- нь Тоёота Истима маркийн 1243 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-д заасан ...тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2-т ...Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.С-ын жолоодож явсан Приус-20 маркийн 4597 УББ улсын дугаартай автомашиныг мөргөж /миний машин замын хажуу руу орж онхолдсон/, зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон. Зам тээврийн ослын улмаас Т.О-ын эзэмшлийн Приус-20 маркийн автомашинд нийт 5 042 000 төгрөгийн хохирол учирсан. Б.С-ын жолоодож явсан машин дотор сууж явсан О.Тогтохбаяр болон Б.С- надад хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан. Хариуцагч П.У- нь одоогоор эрүүл мэндийн болон автомашины эвдрэл хохирлын нэг ч төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. Иймд Б.С- нь КТГ толгойн компьютер оношлогооны 80 000 төгрөг, Баруунхараагаас Улаанбаатар хүртэл Приус-20 маркийн автомашиныг тээвэрлэсэн зардал 300 000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээний үйлчилгээний Лэндс ХХК-ийн 160 000 төгрөг, Зүүнхараа дахь Цагдаагийн хэлтэс явж шүүхэд гаргах нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт авахаар явсан машины шатахууны зардал газ 65 000 төгрөг, осол гарсны орой осол гарсан газраас Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн журмын хашаа руу ачиж тээвэрлэсэн зардал 105 000 төгрөг, шүүхэд гаргах бичиг баримт нотариатаар баталгаажуулсны зардал 12 600 төгрөг нийт 5 764 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 08-нд Баянголын нутагт аваар гарсан. Тухайн үед цагдаа дээр очиход би буруутан болсон. Т.О-д 5 042 000 төгрөгийн хохирол, надад 4 013 000 төгрөгийн хохирол учирсан. Цагаан өнгөтэй Булган гэсэн дугаартай машинаас болж энэ осол аваар гарсан. Тухайн үед би бодохдоо Б.С-тай 50, 50 хувиар тохиролцож салчих болов уу гэж бодсон. Тэр үед надаас Б.С- 9 000 000 төгрөг нэхэмжилсэн байсан. Гэхдээ тэр үедээ одоо нэхэмжилж байгаа 5 764 000 төгрөгийг нэхэмжилсэн бол би даатгалын мөнгөөрөө төлж барагдуулах бүрэн боломжтой байсан. Ер нь осол бол Булган гэсэн дугаартай цагаан өнгийн жижиг тэрэгнээс болж гарсан гэж бодож байгаа. Би өөрийгөө буруугүй л гэж бодож байна. Би тухайн үед Булган гэсэн дугаартай машиныг цагдаагийн газарт очиж шүүлгэх гэсэн боловч энэ тал дээр цагдаа нар ажиллаж өгөөгүй. Сүүлд нь олдохгүй байна гээд намайг буруутгаад байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 511.1-д зааснаар П.У-аас 4 446 000 төгрөг гаргуулан Б.С-, Т.О- нарт олгож, үлдэх 1 318 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 183 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.У-аас улсын тэмдэгтийн хураамж 86 096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалаар:  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 623 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн... 510 дугаар зүйлийн 511.1” гэснийг “510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 86.100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч П.У- миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 20 минутын орчимд /зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэнээр/ Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлийн 138-139 дүгээр км-т зам тээврийн осолд орсон. Миний хувьд Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлд 1243 СЭА улсын дугаартай Тоёота Стима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд эсрэг чиглэлд буюу Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан ачааны машины ард явсан суудлын машины жолооч боломжит хугацааг тооцоололгүй хэт ойртсон үед ачааны машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж жолооч миний бие машинаа мөргөлдүүлэхээс зайлсхийн тээврийн хэрэгслээ зайлуулах болон зогсоох үйлдэл хийж байх хооронд эсрэг урсгал руу орж Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 4597 УББ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсан.

Уг зам тээврийн ослын улмаас иргэн Б.С-, Т.О- нарын 4597 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 042 000 төгрөг, П.У- миний эзэмшлийн 1243 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 013 000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

П.У- миний бие нь өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй байхын тул машинаа зогсоох арга хэмжээг авсан хэдий ч асуудал миний тооцоолсноор болоогүй, эсрэг урсгал руу орж зам тээврийн осол болсон, энэ талаар тэнд байсан хүмүүс ч гэсэн гэрчлэн мэдүүлсэн байгаа. Хэрэв би машинаа зогсоох арга хэмжээ авахгүй өөрийн зорчих хэсэгтээ дүрмээ баримтлаад явж байсан бол өөдөөс гэнэт гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ямар их хэмжээний хохирол учрах боломжтой байсан гэдгийг эрхэм шүүгч та бүхэн тунгааж өгнө үү. Дан ганц эд хөрөнгийн хохирол амсаад ч зогсохгүй эрдэнэт хүний амь нас эрсдэх боломж нь бүрдсэн байсан юм.

Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч нарын амь нас, эрүүл мэндийг хариуцан тээвэрлэж яваагийн хувьд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авсан нь эргээд намайг буруутгах үндэслэл болж байгаад харамсаж байна.

Тухайн зам тээврийн ослын улмаас хариуцагч П.У- миний бие нь мөн адил эд хөрөнгийн хохирол амссан хохирогч иргэн юм. Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагаас уг зам тээврийн осол нь өөр этгээдийн гэм буруутай үйлдлээс болсон байх магадлалтай гэсэн ч тухайн этгээд олдох боломжгүй гэсэн байдлаар надад гэм хор арилгах үүргийг хүлээлгэж байгаа нь шударга хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учир миний бие гомдол бичиж сууна.

Цагдаагийн байгууллагын камерын бичлэгийн хадгалагдах хугацаа богино, цахим сан хөмрөгийн багтаамж хангалтгүйгээс болж замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцоод явж байсан иргэдэд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй этгээд олдоогүй гэж үзэж байна.

Иймд П.У- миний хийсэн үйлдлийг гарцаагүй байдлыг улмаас хийсэн үйлдэл гэж үзэж, гэм хорыг арилгах үүргээс чөлөөлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргээс бүрэн чөлөөлөгдөх боломжгүй гэж үзвэл төлөх хэмжээг зохих хэмжээгээр багасгаж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.С-, Т.О- нар нь П.У-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 5 764 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч осол гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19-20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газар хариуцагч П.У- нь Тоёото Истима маркийн 12-43 СЭА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2., 9.2. дахь заалтыг зөрчсөнөөс Б.С-ын жолоодож явсан Тоёота Приус маркийн 45-97 УББ дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг, үзлэгээр тогтоосон байдал, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №86 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Тус ослын улмаас нэхэмжлэгч Б.С-ын биед тархи доргилт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, түүний жолоодож явсан Т.О-ын эзэмшлийнх болох нь техникийн тодорхойлолтын хуулбараар, тус автомашинд 3 724 000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ийн Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тус тус нотлогдсон, харин хариуцагчийн тайлбарт дурдсан гарцаагүй байдал тохиолдсон гэх байдал тогтоогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийн болгоомжгүй, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж дүгнэн, нотлох баримтын хүрээнд эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шүүхийн шийдвэрт хуулийн заалтыг буруу бичсэн алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн засч, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан байх ба хариуцагч нь гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс бусдад гэм хор учирсан гэх тайлбараа нотлоогүй, гарцаагүй байдлын улмаас гэм хор учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.  

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч П.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч П.У-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 086 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД