Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 623

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Л.Соёлмаа, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Б.Сүхбаатар, Т.Оргил нарын нэхэмжлэлтэй, П.Ууганбаярт  холбогдох  “Гэм хор учруулсны хохирол 5764.600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Т.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 46 дугаар гудамж, 696-02 тоотод оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй,                               

                                 Нацаг овгийн Батсуурийн Сүхбаатар             

                                 регистрийн  дугаар: ЙЮ- 86032373

 

            Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1989 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 077 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг  

                                  Боржигон  овгийн  Пүрэвдоржийн Ууганбаяр            

                                  регистрийн  дугаар: МЯ- 89110413

 

           Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунзаяа

           Иргэдийн төлөөлөгч  Д.Сувдмаа  

           Гэрч Г.Бүжиймаа, Д.Пүрэвдорж

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул  нар  оролцов.                                        

                                                            

                                                           Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч: Б.Сүхбаатар, Т.Оргил нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр 5.764.600 төгрөг гаргуулах тухай.

          Нэхэмжлэлийн утга: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт жолооч П.Ууганбаяр нь “Тоёота Истима” маркын 12-43 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-д заасан ... тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2-т ... “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.Сүхбаатарын жолоодож явсан Т.Приус-20 маркын 45-97 УББ улсын дугаартай автомашиныг мөргөж миний машин замын хажуу руу орж онхолдсон /зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон.

 Зам тээврийн ослын улмаас Т.Оргилын эзэмшлийн Т.Приус-20 маркын автомашинд нийт 5.042.000 төгрөгийн хохирол учирсан. Б.Сүхбаатарын унаж явсан машин дотор сууж явсан О.Тогтохбаяр болон Б.Сүхбаатар надад хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан.

 Хариуцагч П.Ууганбаяр нь одоогоор эрүүл мэндийн болон автомашины эвдрэл хохирлын нэг ч төгрөгийн хохирлыг барагдуулаагүй.

            Иймд Б.Сүхбаатар нь КТГ толгойн компьютер оношлогооны 80.000 төгрөг, Баруунхараагаас-Улаанбаатар хүртэл Приус-20 маркын автомашиныг осолд орсны улмаас унаж ирэх боломжгүй учраас  тээвэрлэсэн зардал 300.000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээний үйлчилгээний “Лэндс” ХХК-ийн 160.000 төгрөг, Зүүнхараа дахь Цагдаагийн хэлтэс явж шүүхэд гаргах нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт авахаар явсан машины шатахууны зардал газ-65000 төгрөг, осол гарсны орой осол гарсан газраас Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн журмын хашаа руу ачиж тээвэрлэсэн зардал 105.000 төгрөг, шүүхэд гаргах бичиг баримт нотариатаар баталгаажуулсны зардал 12600 төгрөг нийт 5.764.600 төгрөгийг гаргуулж өгнө үү!. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн 107.183 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү!.  гэжээ.

 

             Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Т.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ... 2016 оны 12 дугаар сарын 08-нд Зүүнхараа орчихоод буцаад явж байсан. Миний урд нэг том оворын тээврийн хэрэгсэл явж байсан ба би тэр  том тэрэгний ард машины гялбаанаас нуугдах янзтай явж байсан чинь гэнэт өөдөөс тод цагаан гэрэл гялбаад машин гарч ирээд мөргөсөн. Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн болохоор зогсоох арга хэмжээ авч чадаагүй бөгөөд юу болсныг ч тухайн үед мэдээгүй. Одоо машины хохирол болох 5.764.000 төгрөг л нэхэмжилж байгаа. Үүнд машины засварын мөнгө болон нааш цааш явсан шатахууны зардал, миний томографикт харуулсан зардал, журмын хашаанд машин тээвэрлэн очсон зардал, ирсэн, очсон шатахуун зэрэг зардал ороод  багтсан байгаа.  

              Осол гарах үед маш их сандарсан байсан болохоор даатгалын талаар хэн хэн нь ярилцаагүй. Манайх нялх хүүхэдтэй болохоор осол аваарт орсон машин унаад яахав гэж эхнэр бид хоёр ярилцаад  машиныг засуулаагүй тэр чигт нь зарсан. Хариуцагчийн тухайд бол “осол гарах үед нэг цагаан машин зөрсөн, түүнээс болж осол гарсан л гээд” маргаад байгаагаас хохирлыг барагдуулах талаар ер анхаарал тавиагүй. Ер нь тэгээд хүн амьтан бэртэж, гэмтсэн бол яах байсан юм. Миний хувьд машины эвдрэл, шатахуун тос, ер тухайн үед гарсан зардлаа л нэхэмжилж байгаа... гэв.

 

          Хариуцагч:  П.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

        ... 2016 оны 12 дугаар сарын 08-нд Баянголын нутаг дээр аваар гарсан. Тухайн үед цагдаа дээр очиход би буруутан болсон.  Г.Оргилд 5.042.000 төгрөгийн хохирол, надад 4.013.000 төгрөгийн хохирол учирсан. Цагаан өнгөтэй Булган гэсэн дугаартай машинаас болж энэ осол аваар гарсан. Тухайн үед би бодохдоо Б.Сүхбаатартай 50:50 хувиар тохиролцож салчих болов уу? гэж бодсон. Тухайн үед надаас Б.Сүхбаатар 9.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Гэхдээ тэр  үедээ одоо нэхэмжилж байгаа 5.764.000 төгрөгийг нэхэмжилсэн бол би даатгалын мөнгөөрөө төлж барагдуулах бүрэн боломжтой байсан. Ер нь осол бол  Булган гэсэн дугаартай цагаан өнгийн жижиг тэрэгнээс болж гарсан гэж бодож байгаа. Би өөрийгөө буруугүй л гэж бодож байна.  Би тухайн үед Булган гэсэн дугаартай машиныг цагдаагийн газарт очиж шүүлгэх гэсэн боловч энэ тал дээр цагдаа нар ажиллаж өгөөгүй. Сүүлд нь “олдохгүй байна”  гээд намайг буруутаад байна...гэв.

 

Гэрч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 82 тоотод оршин суудаг, “Сэлэнгийн Долгио” чуулгад нягтлан бодогч ажилтай, Мужаан овгийн Гомбын Бүжиймаа  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

     ... Манай байгууллага чанга яригч авахаар болж машин хөлсөлж Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг явж байхад нэг том тэрэг явж байсан. Түүний араас хурц тод гэрэлтэй жижиг тэрэг гэнэт гараад ирсэн. Би бахираад жолооч маань баруун гар тийш дарахад нь хажуунаас нэг машин мөргөсөн байх. Би тухайн үед айгаад нүдээ аньчихсан байсан. Манай машины жолооч  жолоогоо баруун гар тийш дараагүй бол өөдөөс ирж байсан хурц гэрэлтэй машинтай мөргөлдөх байсан. Тэр машинтай мөргөлдөхгүйн тулд тийм үйлдэл хийсэн байх гэж бодож байна. Тухайн үед харанхуй байсан болохоор замын нөхцөд байдлыг сайн хараагүй, тэгээд ч зам цасгүй хар л харагдаж байсан,  сайн хараагүй... гэв.

 

   Гэрч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар хэсэг барилгын 25-8 тоотод оршин суудаг, “Сэлэнгийн Долгио” чуулгад гэрлийн техникч ажилтай Боржигон овогт Долгорын Пүрэвдорж  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

      ... Улаанбаатар хотоос 18 цагийн үед гарч яваад Баруунхараад явж байхад гүйцэд түрүүлсэн машинд зам тавьж өгөх гээд хурдаа хасаад явж байтал өөдөөс Приус маркын автомашин ирээд, мөргөөд манай жолооч баруун гар тийш дараад замын хажуу орох гэж байтал шарвасан...  Тухайн үед П.Ууганбаяр баруун гар тал руугаа дараагүй бол урд талаас гүйцэж түрүүлээд ирж байсан машинтай өөд өөдөөсөө мөргөлдөх байсан. Тэр үед урдаас ирж байгаа машиныг өнгөрөөгөөд явна гэж байсан болохоор хурдаа хасаад 70-80 километр цагийн хурдтай л явж байсан... гэв.

 

            Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Үндэслэх нь:

             

         Нэхэмжлэгч Б.Сүхбаатар, Т.Оргил нар нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар –Дарханы чиглэлийн төв асфалтан зам дээр П.Ууганбаяр нь  “Тоёота Истима” маркын машин жолоодож явах үедээ Б.Сүхбаатарын жолоодож явсан “Приус-20” маркын машиныг мөргөж  гэм хор учруулсны хохирол 5.764.600 төгрөгийг хариуцагч П.Ууганбаяраас гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан  байна.     

               Хариуцагч П.Ууганбаяр  нь  “...Ер нь осол бол  Булган гэсэн дугаартай цагаан өнгийн жижиг тэрэгнээс болж гарсан гэж бодож байгаа. Би өөрийгөө буруугүй л гэж бодож байна...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

               Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон  2017 оны 10 дугаар сарын 31-нд Цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй гаргасан 100 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр   “... 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой 19-20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Нарийн хөндий” гэх газарт Улаанбаатар –Дарханы чиглэлийн төв асфалтан зам дээр 138-139 дэх километрт  хариуцагч  П.Ууганбаяр нь  “Тоёота Истима” маркын 12-43 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “... Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Сүхбаатарын жолоодож явсан “Приус-20” маркын 45-97 УББ улсын дугаартай автомашиныг мөргөж, машин замын хажуу руу орж онхолдож, иргэн Б.Сүхбаатар, Т.Оргил нарын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан зам тээврийн осол гарсан байдлын тогтоосон үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Цагдаагийн газраас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 31-нд Цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй гаргасан 100 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар  нотлогдож байна.   

             Хариуцагч хэдийгээр “...Булган гэсэн дугаартай цагаан өнгийн жижиг тэрэгнээс болж гарсан гэж бодож байгаа. Би өөрийгөө буруугүй л гэж бодож байна...”   гэх  тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргаж байгаа боловч тухайн үед ямар тээврийн хэрэгсэл зөрсөн, тэр тээврийн хэрэгсэлийг буруутай үйлдэл байсан эсэх талаар өөрийн татгалзлаа нотлоогүй,  мөн шүүх хуралдаанд  хариуцагчийн өмгөөлөгч нь “... гарцаагүй байдал үүссэний улмаас П.Ууганбаяр нь осол гаргасан...”  гэж байгаа боловч дээрх  байдал нь тогтоогдоогүй байна..

            Нэхэмжлэгч нар нь  машины эвдрэлийг 5.042.000 төгрөг гэж үнэлсэн Хөрөнгө, Даатгалын үнэлгээний “ЛЭНДС” ХХК-ны “Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд тусгаснаар нэхэмжилж байгаа боловч Б.Сүхбаатар нь шүүх хуралдаанд “... осол аваарт орсон машин унаад яахав гэж эхнэр бид хоёр ярилцаад  машиныг засуулаагүй тэр чигт нь зарсан...” гэж мэдүүлж байгаа нь машины үнэлгээнээс будаг лак, сэвгэргэх, будах ажлын хөлс, тэнхлэг тохиргоо гэх мэт шууд бус зардлын үнэ 1.318.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.  

              Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Сүхбаатарын КТГ толгойн компьютер оношлогооны 80.000 төгрөг, машины эвдрэлийг бодит зардлаар тооцон 3.724.000 төгрөг,  “Лэндс” ХХК-ийн үнэлгээ тогтоосон үнэ 160.000 төгрөг, Зүүнхараа дахь Цагдаагийн хэлтэс явж шүүхэд гаргах нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт авахаар явсан машины шатахууны зардал Юни газаас 65000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн журмын хашаа руу ачиж тээвэрлэсэн зардал 105.000 төгрөг, Баруунхараагаас-Улаанбаатар хүртэл “Приус-20” маркын автомашиныг тээвэрлэсэн зардал 300.000 төгрөг, шүүхэд гаргах бичиг баримт нотариатаар баталгаажуулсны зардал 12600 төгрөг нийт 4.446.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, үлдэх 1.318.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

             Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оргилын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 107.183 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ууганбаяраас нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн 4.446.000 төгрөгөнд оногдох  улсын тэмдэгтийн хураамж 86.096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар  зүйлийн 511.1-д  зааснаар П.Ууганбаяраас  4.446.000  төгрөг гаргуулан Б.Сүхбаатар, Т.Оргил нарт олгож, үлдэх 1.318.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оргилын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 107.183 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамж 86.096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗУЛ

                    БҮРЭЛДЭХҮҮН  ШҮҮГЧИД                               Л.СОЁЛМАА

                                                                                               Д.МӨНХЦЭЦЭГ