Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 23 дугаар байрны 77 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Ира

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 23 дугаар байрны 77 тоотод оршин суух, Сүрэгчин овогт Борчулууны Энхзаяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.545.665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа, хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гүн түншлэл ББСБ” ХХК, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ч.Ира, Б.Энхзаяа нартай зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө, орон сууцыг тавьсан.

          Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа 128 хоногоор хэтэрсэн тул үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт 12.545.665 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 215.681 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

       Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар 2014 оны 8 дугаар сард, 3 сарын хугацаатай, манайхаас 10.000.000 төгрөгийн зээлийг сар бүр хугацаанд нь хүүг төлнө гэж авсан. Зээлийн хугацаа дуусахад зээлдэгч Ч.Ира утсаар ярьж, үндсэн мөнгөө өгч чадахгүй тул гэрээг сунгаж, сарын хүүг төлөөд явмаар байна гэсний дагуу бид сар болгон хүүг авч байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сараас эхлээд хүү болон үндсэн зээлээ төлөөгүй. Утас руу нь утасдахаар утсаа авдаггүй.

            Иймээс хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 352.333 төгрөгийг нэхэхгүй. Үндсэн зээл 9.999.997 төгрөг, зээлийн хүү 2016 оны 7 дугаар сарын 28-наас нэхэмжлэл гаргах 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хүү 2.193.335 төгрөг, нийт 12.193.332 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэв.

            Хариуцагч Ч.Ира шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 2 өрөө байраа барьцаалж, 10.000.000 төгрөг авсан. Үүний хүүнд 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал 7.493.333 төгрөг тушаасан. Үүнээс 3 сарын хүү 1.061.667 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 6.431.666 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл мөнгийг сар сард нь хувааж төлмөөр байна. Би сар бүр хүүг төлнө, гэрээг сунгаж өгөөч гэж гуйгаад, хүүгээ төлж байгаад 2016 оны 7 дугаар сараас хойш төлж чадаагүй нь үнэн гэв.

            Хариуцагч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ч.Ира “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 10.000.000 төгрөгийг, сар бүр хүүгээ төлнө гээд авсан. Сүүлдээ хүүг хугацаанд нь төлөх чадваргүй болоод төлж чадаагүй. Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК,  хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.545.665 төгрөгийг гаргуулж, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүнд төлсөн 7.493.333 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж тооцуулна гэж маргаж байна.

           Хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нар “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 0125 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийсэн зээл болон барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

        Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэлээ.

        Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

        Хэдийгээр зээлдэгч 10.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлж авсан боловч талуудын хооронд байгуулсан, “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “ Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр гэрээний 2.1.2 дахь хэсэгт заасан хувийн хүүг төлнө” мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Ч.Ира “зээлийн хүүг сунгах саналыг би тавиад сар бүр хүүг төлж, мөнгө шилжүүлсэн” гэх тайлбарыг гаргасан бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 27-ноос 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд нийт 7.493.333 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодож байх тул зээлийн хүүг төлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж, нэмэгдүүлсэн хүү 352.333 төгрөгнөөсөө татгалзсан болно.

        Иймээс хариуцагч нараас үндсэн зээл 9.999.997 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 28-наас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 154 хоногийн зээлийн хүү:                   

              10.000.000 төгрөг /үндсэн зээл/ х 3.5%= 350.000 төгрөг /нэг сарын хүү/

              350.000 /нэг сарын хүү/ : 30 /хоног/= 11667 төгрөг / нэг өдрийн хүү/

              11667 /нэг өдрийн хүү/х 154 /хоног/=1.796.718 төгрөг /зээлийн хүү/

              9.999.997 /үндсэн зээл/+ 1.796.718 /зээлийн хүү/= 11.796.715 төгрөг

         Үүнээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9.999.997 төгрөг /үндсэн зээл/+2.193.335 төгрөг /зээлийн хүү/= нийт 12.193.332 төгрөгнөөс-11.796.715 төгрөг=396.617 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “ шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “ үүрэг гүйцэтгэгчийн  шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

         Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 11.796.715 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 203.697 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Чулууны Ира, Сүрэгчин овогт Борчулууны Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11.796.715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396.617 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 203.697 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА