Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00805

 

 

“Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 753 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12 545 665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа, хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ч.Ира, Б.Энхзаяа нартай зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа 128 хоногоор хэтэрсэн. Иймд хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 352 333 төгрөгийг нэхэхгүй. Үндсэн зээл 9 999 997 төгрөг, зээлийн хүү 2016 оны 07 дугаар сарын 28-наас нэхэмжлэл гаргах 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хүү 2 193 335 төгрөг, нийт 12 193 332 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ч.Ира шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 2 өрөө байраа барьцаалж, 10 000 000 төгрөг авсан. Үүний хүүнд 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарыг дуустал 7 493 333 төгрөг тушаасан. Үүнээс 3 сарын хүү 1 061 667 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 6 431 666 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэгдэл мөнгийг сар сард нь хувааж төлмөөр байна. Би сар бүр хүүг төлнө, гэрээг сунгаж өгөөч гэж гуйгаад, хүүгээ төлж байгаад 2016 оны 07 дугаар сараас хойш төлж чадаагүй нь үнэн гэжээ.  

Хариуцагч Б.Энхзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний ээж Ч.Ира “Гүн түншлэл ББСБ” ХХК-иас 10 000 000 төгрөгийг, сар бүр хүүгээ төлнө гээд авсан. Сүүлдээ хүүг хугацаанд нь төлөх чадваргүй болоод төлж чадаагүй. Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр  шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Чулууны Ира, Сүрэгчин овогт Борчулууны Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 796 715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396 617 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 203 697 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 753 дугаар магадлалаар Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Энхзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 697 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн 2 шаардлагыг тодорхой тусгасан байхад давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг орхигдуулсан гэж техникийн шинжтэй засаж болох алдаа байхад ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд дурдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдсан байхад давж заалдах шатны шүүх талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж, тус хуулийн 153 дугаар зүйлийн 153.3, 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсгүүдэд зааснаар барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шаардсан болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, талуудын мэтгэлцэх эрхийг хангаж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан шаардлагад нийцсэн байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ” нь хариуцагч Ч.Ира, Б.Энхзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт 12 545 665 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Гүн түншлэл ББСБ”-ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн нэг шаардлага болох “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцээгүй болохыг давж заалдах шатны шүүх магадлалд тусгажээ.

Магадлалд заасан үндэслэлээс гадна анхан шатны шүүх зээлийн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтыг дүгнэхдээ зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн зээлийн буцаан төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцно гэх хариуцагчийн гаргасан тайлбарт дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээ буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу болжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 753 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  203 697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА