Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00966

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлалтай,     

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Б-өд холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, хариуцагч Ц.Б-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний дүү Б.Ганцэцэг өөрийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 1-4 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Ц.Б- болон түүний ээж С.Отгонбаяр нартай 2015 оны 09 сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулан түрээсийн нийт төлбөрийг 7,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тус байрыг 2015 оны 11 сарын 27-ны өдөр ээж М.Хоролсүрэн, дүү Б.Ганцэцэг нь надад бэлэглэсэн. Иргэний хуулийн 297.1 “Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээдэд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Түрээслэгч нар нь түрээсийн төлбөрийг удаа дараа нэхэмжлүүлж, шаардсаны дараа 2,500,000 төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө одоог хүртэл өгөлгүй зугтааж байна. Түрээслэгч нар нь 2016 оны 01 сарын 18-ны өдөр түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлнө гэж амлалт бичиж өгсөн боловч түүнийгээ одоог хүртэл биелүүлээгүй, утсаа авахгүй, авсан ч янз бүрийн шалтаг хэлэн түрээсийн төлбөрийг өгөлгүй маш их хүндрэл учруулж байна. Мөн тэд манай байрны цоожны голыг сольж биднийг байраа хүлээж авахад хүндрэл учруулсан бөгөөд одоог хүртэл сураг чимээгүй алга болсон. Иймд түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б-ийн шүүхэд гаргасан талбарт: Би уг орон сууцыг түрээслэж байгаагүй бөгөөд миний ээж С.Отгонбаяр түрээслэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 297 дугаар зүйлийн 297.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-өөс 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Б-өөс 94,950 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00282 тоот шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Ц.Б-өд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэх гаргажээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 24 дүгээр байрны 4 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2202057984 дугаартай, хоёр өрөө орон сууцыг иргэн Б.Ганцэцэг нь бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б-т шилжүүлж, нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Ийнхүү өөрчлөгдсөн явдал нь хариуцагчийг үүргээс чөлөөлөгдөх, хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 297 дугаар зүйлийн 297.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Ц.Б-өөс гэрээний үүргийг шаардах эрхтэй.” гэжээ. Анхан шатны шүүх иргэн Б.Б-ээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Түрээсийн төлбөр төлөөгүй гэх” агуулга бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэхдээ орон сууц эзэмшигч Б.Б-, С.Отгонбаярын хооронд хийгдсэн орон сууц хөлслөх гэрээ хавтаст хэрэгт байсаар байтал хууль буруу хэрэглэн бусдад шилжүүлсэн мэтээр тайлбарлан хэрэг хянан шийдвэрлсэн нь хууль нийцэхгүй байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Ц.Б-өд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг түрээслэж байгаагүй, ээж С.Отгонбаяр түрээслэж байсан, харицагч биш гэж маргажээ.

2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ганцэцэг болон Ц.Б- нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, Б.Ганцэцэг нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 1-4 тоот хаягт байрлах 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Б-өд 12 сарын хугацаатай, хөлслөгч сарын 600,000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр хөлслүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар орон сууц болон бусад эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн тухай талууд гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх Б.Ганцэцэг болон Ц.Б- нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний зүйл болох орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Б.Ганцэцэгийн өмчлөлөөс Б.Б-ийн өмчлөлд шилжсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын лавлагаагаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлслүүлэгч талын өмчлөгч солигдсоноор Б.Б- нь Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсийг шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.Б- нь эд хөрөнгийг хүлээж авсан хэдий ч өөрөө ашиглаагүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх байсан 7,200,000 /600 000төгрөг12сар/ төгрөгөөс төлсөн 2,200,000 төгрөгийг хасч үлдэх 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт алдаатай бичсэнийг магадлалаар залруулах боломжтой” гэж дүгнэсэн боловч  нэхэмжлэгчийг “Хас банкны ....салбар” гэж буруу бичсэнийг тодорхой заагаагүй байгааг дурдах нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00282 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Хариуцагч Ц.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 95,000 /ерэн таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН