Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2017/02732/И |
Дугаар | 001/ХТ2018/00972 |
Огноо | 2018-06-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00972
“Н” ХХК, Д.Ц, Т.Э, Т.Э
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00457 дугаар магадлалтай
“Н” ХХК, Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын нэхэмжлэлтэй
“Г” ХХК-д холбогдох
Орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын,
Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай “Н” ХХК-ийн тус тус нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Б.Бат-Энх, нэхэмжлэгч Д.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.Э-, Т.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Ц-, Т.Э-, Т.Э- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БГ1205029676 дугаартай ипотекийн гэрээ байгуулж Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү-2204003676 улсын бүртгэлийн дугаартай өөрийн амьдран суудаг орон сууцаа барьцаалсан. Д.Хүлгэн нь шоронд орж, эхнэр К.Байгалмаагаас салж сураггүй болж, зээлээ төлөхгүй байсан тул зээлийн үлдэгдлийн төлбөр болох 2 101 431 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлж зээлийг бүрэн хаасан. Хариуцагч “Г” ХХК нь ипотекийн гэрээний 4.2.1. барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү-2204003676 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг “Г” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК-тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлийн БД1205029679 дугаартай батлан даалтын гэрээнд заасан үүргийн дагуу зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлийн үндсэн төлбөрт 18 794 525.55 төгрөгийг тус банкинд төлсөн тул Иргэний хуулийн 465 дугаар зүйл, Батлан даалтын гэрээний 3.2.2 заалтын дагуу ипотекийн эрхийг манай компанид шилжүүлж өгөхийг “Г” ХХК-иас хүссэн боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ипотекийн эрхийг шилжүүлж өгөхийг “Г” ХХК-д даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-34 тоот хаягт байрлах Ү-2204003676 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Г” ХХК болон Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын хооронд байгуулагдсан ЗГ1205029679 тоот зээлийн гэрээнд барьцаалсан. “Н” ХХК нь зээлдэгч нарын зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрийн хөрөнгөөр хариуцахаар Батлан даалтын гэрээ байгуулсан.
Зээлийн үлдэгдэл төлбөр 18 794 525 55 төгрөгийг “Н” ХХК, хүүний төлбөр 2 101 431 төгрөгийг барьцаа хөрөнгийн өмчлөгч төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй бөгөөд барьцааг суллаж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6-34 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч –“Г” ХХК-д холбогдох ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгах тухай “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 450 төгрөгийг, нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 280 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц, Т.Э, Т.Э- нарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00457 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1, 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр БГ1205029679 дугаар ипотекийн гэрээний барьцааны эрхийг нэхэмжлэгч “Н” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “Г” ХХК-д даалгаж, орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “... хариуцагч “Г” ХХК-иас 280 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарт олгосугай” гэснийг “...хариуцагч “Г” ХХК-иас 251 920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэргэлэнгийн давж заалдах гомдлыг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 920 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00457 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Магадлалд “Нэхэмжлэгч Д.Ц-, Т.Э-, Т.Э- нар нь зээлийн үлдэгдэл төлбөр 2 101 431 төгрөгийг төлж зээлийг бүрэн хаасан гэж тайлбарлаж байгаа боловч батлан даагч “Н” ХХК нь зээлийн төлбөрт 18 794 525.55 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч Д.Ц нарыг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм” гэж дурдсаныг зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Бид нэхэмжлэлдээ хариуцагчаар “Г” ХХК-ийг татсан болохоос “Н” ХХК-ийг татаагүй. “Г” ХХК-тай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 1 өдрийн БГ1205029679 тоот Ипотекийн гэрээний 4.2.1-д “барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх” гэж заасан байдаг. Энэ заалтыг “Г” ХХК биелүүлээгүй.
Д.Хүлгэн, К.Байгалмаа нар нь “Г” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 24 500 000 төгрөгийг 120 сарын хугацаатай 1,35 хувийн хүүтэй авч захиран зарцуулсан байдаг бөгөөд Зээлийн барьцаанд нь гуравдагч этгээд болох Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын 6 байрны 34 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байсан юм.
Барьцаалуулагч бидэнд орон сууцны зээлийн төлбөрийн талаар “Г” ХХК ярьж хэлж мэдэгдэж байгаагүй ба 2017 оны 6 сард утасдаж зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 2 101 431 төгрөгийг төлөөд орон сууцны гэрчилгээгээ авч болно гэсэн тул уг төлбөрийг нь төлсөн.
“Г” ХХК-ийн шаардсан төлбөрийг төлөөд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах гэхэд 2011 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Ипотекийн гэрээний 3.1.1 дэх “Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй” гэх болон 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх “Барьцаагаар хангагдах шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэх тохиролцоогоо зөрчин өгөөгүй тул шүүхэд хандсан болно.
Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь, “энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй байна” гэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Г” ХХК-д холбогдох орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
Хоёр. Магадлалд “Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт “Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү уургийн талаарх үүрэг гүйцэтгүүлэгчийн бух эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгэгчийн бусад эрхийн хөндөхгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д зээлдэгч нарын өмнөөс зээлийн гэрээний төлбөрт бүрэн төлсөн байх тул барьцааны гэрээний шаардах эрхийг “Н” ХХК үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэн авах эрхтэй байна” гэсэнтэй санал нийлэхгүй гомдолтой байна. Учир нь:
Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын зээлд “Н” ХХК батлан даалтын гэрээ байгуулсан талаар барьцаалуулагч бидний зүгээс огт мэдээгүй. Батлан даалтын гэрээг зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хийснээс хойш 49 хоногийн дараа буюу 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийсэн болохыг сүүлд олж мэдсэн.
Батлан даагч “Н” ХХК нь Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын орон сууцны байшин барих байсан газар, хашааг 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж авсан нь иргэний хэрэгт авагдсан газрын гэрчилгээгээр тогтоогддог. Үүнээс “Н” ХХК нь “Г” ХХК-д төлсөн 18 794 525 төгрөгөөр газар хашааг нь авч хохироогүй нь батлагддаг.
Мөн “Г” ХХК орон сууц барих гэж байгаа газрынх нь гэрчилгээг барьцаалж аваагүй болон уг газрыг “Н” ХХК-д шилжүүлсэн үйлдэл нь тэдний хуйвалдаан байсан гэж үзэхэд хүргэж байна.
Гэтэл бид охиныхоо найз К.Байгалмаагийн 2 сарын дотор зээлээ төлөөд барьцаанаас суллаж өгнө гэсэн үгэнд нь итгэн түүнд туслах гэсэн сэтгэлээр нэг ч төгрөг авалгүй, 14 хүн амьдран суудаг бидний цорын ганц өмч болох орон сууцаа барьцаалснаас хохирч гудамжинд гарах болоод байна.
Батлан даагч “Н” ХХК-ийг бид хохироогоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтаар түүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд нь Б.Хүлгэн, К.Байгалмаа нар тул батлан даагч өөрийн зардлыг үндсэн үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны 210/МА2018/000457 дугаар магадлалыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Ц-, Т.Э-, Т.Э- нар нь “Г” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөр төлөгдсөн үндэслэлээр барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулахаар,
Нэхэмжлэгч “Н” ХХК нь Зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийн өмнөөс төлж барагдуулсан тул Ипотекийн эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж тайлбарлажээ.
2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Г” ХХК нь иргэн Д.Хүлгэн, К.Байгалмаа нартай ЗГ1205029679 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 24 500 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, орон сууцны зориулалтаар зээлдүүлсэн байх бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.Ц-, Т.Э-, Т.Э- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 6 дугаар байрны 345 тоот 30мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өмчлөгч нартай “Ипотекийн гэрээ” байгуулсан, 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Н” ХХК-тай “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулсан байна.
Зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөөгүйгээс зээл муу зээлийн ангилалд шилжсэн тул “Г” ХХК нь батлан даагч “Н” ХХК-иар үндсэн зээлийн үлдэгдэл 18 794 525 төгрөгийг төлүүлж, зээлийн хүүний үлдэгдэл 2 101 431,04 төгрөгийг Т.Энхчимэгийн данснаас төлсөн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Н” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Д.Ц- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3., 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.6.-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, нотлох баримт өөрөө цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй...” талаар тус тус зохицуулсан.
Зээлийн хөрөнгөөр байшин барих байсан зээлдэгч Д.Хүлгэн, К.Байгалмаа нарын өмчлөлийн газар, хашаа нь батлан даагч “Н” ХХК-ийн өмчлөлд 2013 онд шилжсэн байх тул үндэслэлийг тодруулах зорилгоор тус шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ заагаагүй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.
Энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02425 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00457 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД