Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 42

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01591/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Боржигин овогтой Г-ийн О-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Очирзангийнхан овогтой Н-гийн Л-д холбогдох

            “мөнгөн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Хариуцагч Л-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Н.Л-, түүнтий өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О-аас:

Н.Л- надаас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөгийг зээлж гарын үсэг зурж баримт үйлдсэн. Зээлдүүлсэн 5.000.000 төгрөгөө удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Бидний гарын үсэг зуралцсан  баримт нь эх хувиараа байгаа тул нотариатаар гэрчлүүлээд байх шаардлагагүй. 5.000.000 төгрөгийг Н.Л-аас гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Л-аас:

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Г.О- манай ажил дээр ирж 5.000.000 төгрөгийг авчирч өгсөн. Тэр 5.000.000 төгрөгөнд салоны бүх тавилгыг хийхээр тохирсон би 5.000.000 төгрөг зээлсэн гэдэг бичиг хийж өгөөгүй... Би ажлын хөлсөө л авсан гэж тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас:

Н.Л- нь Г.О-ын гэрт нь 43 нэр төрлийн модон эдлэл хийж өгсөн. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гэж үзээд байгаа баримтан дээр хариуцагч би гарын үсэг зураагүй гэдэг. Техник техниологи хөгжсөн ийм үед хүний гарын үсгийг хуурамчаар тавих янз бүрийн арга байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг нотариатаар батлуулаагүй бол нотлох баримт гэж үнэлэхгүй гэж заасан байдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Л-аас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хас банк төрийн сан 100190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 95.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 47.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Л- давж заалдсан гомдолдоо:

            Г.О-ын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт гэх зүйл нь миний бичиг биш бөгөөд тус баримтыг хэзээ хаана үйлдсэн нь тодорхойгүй, баталгаагүй зүйлийг шалгаж тогтоогоогүй байж надаар төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Г.О-ын эхнэр Ж.Алтанцэцэгийн миний эсрэг өгсөн мэдүүлэгийг хууль зөрчсөн үйлдэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримт хуурамч эсэх дээр талууд маргаантай байхад шүүх шинжээч томилолгүйгээр хэргийг үзэмжээрээ шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О- Н.Л-д холбогдуулан зээлийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь зээл биш ажлын хөлсөө авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Л-аас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Н.Л- нь Г.О-ын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт гэх зүйл нь миний бичиг биш бөгөөд тус баримтыг хэзээ хаана үйлдсэн нь тодорхойгүй, баталгаагүй зүйлийг шалгаж тогтоогоогүй, шүүх шинжээч томилоогүй гэж гомдол гаргасан юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж хэргийг судалбал нэхэмжлэгчээс 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч 5.000.000 төгрөгийг зээлж авлаа гэсэн бичгийн эх баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 24 дүгээр хуудас/

Энэ нь талуудын хооронд хэлцэл хийгдэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч Н.Л- 5.000.000 төгрөгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч Г.О- зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 Нотлох баримт хуурамч эсэх талаар хариуцагч тал Иргэний хэраэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх энэ талаар шийдвэрлэх боломжгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д шүүх  санаачлагаараа шинжээч томилох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлзэхдээ татгалзсан үндэслэлийн талаар шүүхэд нотлох үүргээ хуульд заасны дагуу биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлж, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчаас мөнгөн зээлийн төлбөр 5.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлжгч Г.О-т олгох байтал хариуцагчид өөрт нь олгохоор шийдвэрлэснийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Н.Л-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Н.Л-д олгосугай” гэснийг “Г.О-т олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ 

                                                   ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА                                 

                                                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ