Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2017/01877/И |
Дугаар | 001/ХТ2018/00379 |
Огноо | 2018-03-09 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2018/00379
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02069 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2347 дугаар магадлалтай,
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“А” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5.832.176 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2.500.000 төгрөг буцаан гаргуулах, гэрээний улмаас учирсан хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорийн эрүүгийн 201726010295 тоот хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн, "А” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-нд “Г” ХХК болон “А” ХХК-иуд нь “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно. Энэхүү гэрээний нийт дүн нь 7.344.000 төгрөг болно. Манай компани гэрээний дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б/41 дугаартай албан тоот 48 хуудас тайланг СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Энхболдод нэг хувь, “А” ХХК-д нэг хувь тус тус хүргүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 08-нд захирал В.Ёндонжамцад дахин хаяглан хүргүүлсэн билээ. Манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөгийг харилцах дансаар хүлээн авсан. Гэтэл “А” ХХК нь гэрээний 3.4-т “Үйлчлүүлэгч ажил үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг ажил үйлчилгээ дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгчийн нэхэмжлэхээр шилжүүлэх буюу бэлнээр төлнө”, “Төлбөрийг заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги төлнө” гэж заасныг зөрчин, одоог хүртэл үлдэгдэл төлбөр дээр алданги 988.176 төгрөг, нийт 5.832.176 төгрөгийг төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 4.844.000 төгрөг, хугацаа хожимдуулсны алданги 988.176 төгрөг, нийт 5.832.176 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюуны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд уг ажлыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн тогтоолын дагуу хяналт шалгалт хийсэн гэж байгаа. Тухайн үед манай хэргийн байцаагч байсан хүн “Г” ХХК-ийг сонгосон, та нар очиж уулзаад төлбөрөө тохиролц гэсэн. Ингээд очиж уулзаад хямд хийлгэх талаар ярилцахад манай компанийн үндсэн хөрөнгө болох 200 гаруй сая төгрөгийн 3 хувиар тооцно гээд 7 сая орчим төгрөг байхаар тохирч гэрээ хийсэн. Гэрээ шинжээч томилох тогтоол ирэх хүртэл хүчин төгөлдөр болохгүй гэж хэлсэн учраас манай талаас тухайн үед гарын үсэг зураагүй. Ингээд тогтоол гарсны дараа очиж уулзаад гэрээг шинэчлэх үү гэж асуухад энэ хэвээрээ байж байг гэж хэлсэн. Энэ хэрэг дээр өмгөөлөгч аваад л шинжээчийн зардлыг төр хариуцах ёстой гэдгийг мэдсэн. Ийм учраас манай тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба төлсөн мөнгөө буцааж авах шаардлагатай гэж үзэж байгаа гэжээ.
Хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюуны тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Егорийн эрүүгийн 201726010295 тоот 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн, “А” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-нд “Голден пэйж Аудит” ХХК болон “А” ХХК-иуд нь “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно” гэсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд “Байцаан шийтгэх ажиллгааны зардал” гэж заасан байх бөгөөд 99.1.1 дэх хэсэгт шинжээчийн зардал нь хамаарч байна мөн хуулийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 101.1, 101.2, 101.4, 101.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд эрүүгийн хэрэг дэх шинжээчийн зардлыг төр хариуцахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байтал тус хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч “Голден пэйж Аудит” ХХК-ийг санал болгон “А" ХХК-тай “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 7.344.000 төгрөгөөр байгуулсан нь Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, ноцтой төөрөгдөж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ” гэх нэршил бүхий гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан байдаг. Гэтэл “Голден пэйж Аудит” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хуулиар тогтоосон хэлбэрээр хүлээлгэн өгөлгүй шууд мөрдөн байцаагчид гарган өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр 6 сард гарган өгсөн боловч нэрийг сольж өгсөн дүгнэлт нь ашиглах боломжгүй биет байдлын доголдол бүхий үр дүн байсан. Энэхүү доголдол бүхий үр дүнгээс болж дахин санхүүгийн шинжээч томилж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17/59 дугаар бүхий “Аудитын ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-г “Релаенс секюритиз аудит” ХХК-тай “Автобус тав” ХХК нь байгуулж гэрээний нийт үнэ 2.000.000 төлөх байсан боловч “Голден пэйж Аудит” ХХК нь Сангийн яаманд зах зээлийн үнийн санал унагааж байна гэх мэтээр гомдол гаргаснаас болж 5.000.000 төгрөг болсон, уг төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэхүү төлбөр нь манай компанид учирсан хохирол юм. Өөрөөр хэлбэл “Голден пэйж Аудит” ХХК-ийн хийсэн ажлын доголдол бүхий дүгнэлтээс болж дахин тухайн ажлыг хийлгэх, 2 дүгнэлт нь зөрүүтэй болсны улмаас эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхэд ээдрээ төвөгтэй болох асуудлын эх үндэс болсон болно. Иймд Нэгд, “Голден пэйж Аудит”ХХК болон “А” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өгсөн 2.500.000 төгрөгийг буцаан авах,
Хоёрт, дээрх хэлцлийн улмаас хохирсон төлбөр болох “Релаенс секюритиз аудит” ХХК-д төлсөн 5.000.000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Энэ нягтлан бодогч Х.Бат-Оюун нь надаас гэрээ ирж аваад явсан. Захирал нь өвчтэй байгаа гэсэн учраас энэ гэрээг танилцаарай гэж хэлээд өгөөд явуулсан. Ингээд уг гэрээнд санал гомдолгүй гэж хэлээд захирал В.Ёндонжамц гарын үсэг зурсан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд төр хариуцна гэж яриад байгаа. Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллага нар хоорондоо гэрээ байгуулсан байхад төр хариуцах үндэслэл байхгүй. Гэрээ хариуцагч байгууллагын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан учраас төр хариуцахгүй. Аудитын тайланг манайд хаяглаж өгөөгүй тул гэрээг доголдолтой гэж үзээд байгаа. Аудитын тайлан хоёр гардаггүй. Захиалагчид зориулан нэг л тайлан гардаг. Тэр нь цагдаагийн байгуулагад зориулан гаргасан тайлан. Тэгээд ч би энэ тайланг захирал В.Ёндонжамцад өгсөн. Тийм учраас энэ гэрээний дагуу сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Ямар учраас манай байгууллагаас өөр аудитын компанийн зардлыг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ямар нэгэн үндэслэлгүй зүйл тайлбарлаж шүүхэд худал мэдүүлэг өгч байна. Би хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж байгаа. Гэтэл өөр хүний хийсэн ажлын төлбөрийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02069 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэгчээс 2.500.000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 5.821.176 төгрөгийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээс 5.000.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.265 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.454 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 125.150 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2347 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 4.844.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голден пэйж Аудит” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 988.176 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн 2.500.000 төгрөг гаргуулах, гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “нэхэмжлэгчээс 125.150 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгосугай” гэснийг “хариуцагч “А” ХХК-иас 92.454 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голден пэйж Аудит” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 2347 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын гомдол гаргаж байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйл “Байцаан шийтгэх ажиллгааны зардал” гэж заасан байх бөгөөд 99.1.1 дэх хэсэгт “шинжээчийн зардал нь хамаарч байна”, мөн хуулийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 101.1, 101.2, 101.4, 101.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Мөн 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээч гэж хэн байх, шинжээчийн зардлын талаар нэн дэлгэрэнгүй тусгаж өгсөн тухайлбал тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.29 дэх хэсэгт “шинжээч” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг” гэж заасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2 дахь хэсэгт ”шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” гэж тус тус заасан байна. Түүнчлэн шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж буй тохиолдолд шинжээч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байх үндсэн шаардлага тавигдах ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” 9.1-т “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заасан байна.
Хуулийн энэхүү заалтыг тодруулан авч үзвэл эрх бүхий этгээд болон мөрдөгч, прокурор нь тусгай мэдлэг бүхий энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг урьж шинжээчээр оруулах байтал Сонгинохайрхан дүүргийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Егор нь хариуцагч байгууллага болох “А” ХХК-ийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийг шинжээчээр томилж байгаа тул очиж уулзаж гэрээ байгуулахыг санал болгосон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон анхан, давж заалдах шатны шүүх дээр ярьж, хэлж байсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул түүгээр нотлогдоно. Дээрх 2002, 2015 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн холбогдох зүйл заалтаас үзэхэд эрүүгийн хэрэг дэх шинжээчийн зардлыг төр хариуцахаар хуульд тусгайлан заасан байтал тус хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч “Голден пэйж Аудит” ХХК-ийг санал болгон “А” ХХК-тай “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 7.344.000 төгрөгөөр байгуулуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий юм. “Хувийн сонирхол” гэдгийг шинжээч дүгнэлт гаргахад тухайн хэрэгт эдийн болон эдийн бус сонирхолтой байхыг ойлгох бол “бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа” гэдгийг шинжээч дүгнэлт гаргахад хэргийн оролцогчдын зүгээс нөлөөлж болох нөхцөл байдлыг ойлгох бөгөөд эндээс шинжээч болох “Г” ХХК нь “А” ХХК-тай дүгнэлт гаргах төлбөр авах асуудлаар тохиролцож гэрээний харилцаа үүссэн нь түүний эрхшээлд байгаа гэх нөхцлийг бий болгосон төдийгүй тухайн хэрэгт хувийн сонирхолтой гэж үзнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйл Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах, 16.1.3 ”шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Шинжээч нь албан тушаалын болон бусад талаар оролцогчийн эрхшээлд байгаа бол” гэж тус тус зааснаар хууль тогтоогчийн зүгээс шинжээчийн бие даасан байдлыг хадгалах, бусдын нөлөөнд үл орох хэрэв тийм тохиолдол гарах аваас шинжээчээр оролцохоос татгалзах зохицуулалт юм.
Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК нь татгалзах нь байтугай хариуцагч байгууллагатай гэрээний эрх зүйн харилцаанд орж үүрэг хүлээсэн, улмаар хэргийн бусад оролцогчтой хувийн харилцаанд орсон гэх үзэх үндэслэл байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө нарийн төвөгтөй талуудын эд хөрөнгө, эрх чөлөөт байдал хөндөгддөг ажиллагаа. Иймээс тухайн хэрэгт хувийн ямар нэг сонирхолгүй, хараат бус бие даасан этгээдийг шинжээчээр томилох асуудлыг нарийвчилсан дээрх хуулиудаар зохицуулсан байна. Иймдээ ч тухайн зардлыг төрөөс гаргаж дараа нь гэм буруутай этгээдээс гаргуулдаг хуулийн зохицуулалтай. Гэтэл энэ бүхнийг уландаа гишгэсэн хууль сахиулагч тухайлбал мөрдөн байцаагч, шинжээч нар иргэд, байгууллагын эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан өөрийн танил байгууллагыг шинжээчээр томилж түүгээрээ дамжуулан гэрээ байгуулуулан мөнгө авч байна. Энэхүү хууль практикийг таслан зогсоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь зөв бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү хууль бус хэлцлийг байх ёстой хууль ёсны мэтээр үнэлж байгаа нь учир дутагдалтай. Хэрэв хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийг өөрсдөө сайн дураар олж уулзан дүгнэлт гаргуулахаар тохирч гэрээ байгуулсан бол давж заалдах шатны шүүхийн дүгнэлт байж болох үндэслэлтэй юм. Гэтэл бодит байдал дээр шинжээчийн дүгнэлт гаргахын тулд гэрээ байгуулсан гэдгээ нэхэмжлэгч тал удаа дараалан хэлж энэ нь хэрэгт авагдсаныг давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй. Өнөөдөр иргэний эрх зүйн маргаанд ч шинжээчээр оролцож буй этгээдтэй хэргийн оролцогч нар гэрээ байгуулах асуудал огт байдаггүй бөгөөд уулзах шаардлага гарахад хэргийн зохигчдыг хамт байлцуулдаг жишиг байдаг гэдгийг та бүхэн анхааран үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “А” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 4,844,000 төгрөг, алдангид 988,176 төгрөг, нийт 5,832,176 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, дээрх хэлцлийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17/17 тоот “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний зорилгыг “...2014-2016 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах”-аар тодорхойлсон ч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэгт “А” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Д.Баттулга нь үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөнгө завшсан эсэхийг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргах зорилготой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол”-оор “Г” ХХК-ийн шинжээч С.Оюунгэрэлийг шинжээчээр томилж, 4 асуулт тавьсан ба энэхүү асуултад хариулах ажлыг гүйцэтгэх төлбөрийг хариуцагчтай тохиролцон, талууд гэрээ байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Г” ХХК гаргасан дүгнэлтээ Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.
Анхан шатны шүүх “Г” ХХК нь “А” ХХК-тай дүгнэлт гаргах, төлбөр авах асуудлаар тохиролцож талууд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн нь хариуцагчийн “эрхшээлд байгаа” гэх нөхцлийг бий болгосон, тухайн хэрэгт хувийн сонирхолтой гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тайлбарлан хэрэглэж, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хяналт, шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боловч үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.
“А” ХХК нь “Г” ХХК-тай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17/17 тоот “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г ажил гүйцэтгэх гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн боловч хэргийн үйл баримт, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүй байна. Гэрээний 3.1-д “...2017 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн ажлын 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ” гэж хугацааг, 2.8-д “Гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг дуусгаж, хяналт шалгалтын ажлын талаар үйлчлүүлэгч байгууллагын удирдлагад тайлан, зөвлөмжийн хамт хүргүүлнэ” гэсэн байх бөгөөд энэ гэрээнд ...гүйцэтгэгч нь ажлын үр дүнг ... цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгөх” талаар нөхцөл заагдаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343 дугаар зүйлийн 343.3-д “Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх”-өөр зохицуулалт байдаг.
Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж нь гүйцэтгэгч тал ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчийг “үр дүн” бий болгосных нь төлөө хөлс төлөх үүрэг хүлээдэг хоёр талын, хариу төлбөртэй хэлцэл юм.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17/17 тоот “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, харин цагдаагийн хэлтэст албан тоотоор хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагчаас ажлын хөлс шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол”-оор нэхэмжлэгч компанийн шинжээч С.Оюунгэрэлд 5 хоногийн дотор дүгнэлт гаргах”-ыг даалгасан тухай баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч компани нь 2017 оны 04 сарын 10-ны өдөр тайлан, дүгнэлт нийт 21 хуудас бүхий хавсралттай “Шинжээчийн тайлан хүргүүлэх тухай” албан бичгийг цагдаагийн хошууч Д.Энхболдод явуулсан тухай баримт хэрэгт авагдсан байна.
Шинжээчийн дүгнэлтэд “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилох” тогтоолыг үндэслэн “А” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд ... аудитын ажлыг хийж гүйцэтгэлээ” гэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлт нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр бус харин эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн байна. /хх-5-7,59-63, 111/
Иймээс нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “А” ХХК-иас шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлсийг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголдолтой байсны улмаас “Релаенс секюритиз аудит” ХХК-д төлсөн 5,000,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй буюу гүйцэтгэгч нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүргүүлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ бус харин эрх бүхий этгээдийн шийдвэр байсан тул “гэрээний зүйлийн доголдлын талаар” шаардлага гаргах эрх үүсээгүй гэж үзнэ.
Харин тухайн эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан хөлсийг шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой юм.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглээгүй, Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгов.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2347 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “А” ХХК-иас 5,832,176 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Г” ХХК-иас 2,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “А” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “А” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.454 /ерэн хоёр мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН