Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.У, Ч.И нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Э.Уы өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Ч.И, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Уы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.У, Ч.И нарт холбогдох 201625010220 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................ овогт ................ийн ................, 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан.

2. ................ овогт ................ын ................, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 6 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан.

Э.У нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Ч.Итай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эийг үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Х.Эийг зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоотод хохирогч Ч.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Иыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ч.И нь ялтай байх хугацаандаа согтуугаар, яллагдагч Э.Утай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Уд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ч.Иад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос ................ийн ................ы гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, ................ын ................ын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

................ овогт ................йн ................, ................ овогт ................ын ................ нарыг бүлэглэн зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг   алдагдуулсан гэмт хэргийг, ................гийн ................ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрэгсүрэнгийн Ундрахсайханы 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ................гийн ................ 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар ................ын ................г 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Уы Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж биеэр эдлээгүй үлдсэн ял болох 2 жил 9 сар, 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил, 9 сар, 11 хоногийн ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Уд оногдуулсан 4 жил, 9 сар, 11 хоногын ялыг, Ч.Иад оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг хаалттай хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Уы цагдан хоригдсон 608 хоногийг, Ч.Иын цагдан хоригдсон 608 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Ч.Иад оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг ял эдэлсэнд тооцож нэн даруй суллаж,

Энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, халбага 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Шүүгдэгч Э.Уд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Иад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний тэнсэн харгалзах 2 жил, 9 сар, 11 хоногийн ял нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах боломжтой байсан. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллагдсан. Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах хүндрүүлэх нөхцөл байдал алга болсон байтал 15 жилийн 5-ны нэг болох 3 жилийн ял хуулийн тэгшитгэлээр хасагдаж тэнсэн харгалзах ял үгүй болох атал анхан шатны шүүх, байцаагч, прокурор авч хэлэлцээгүй. Миний эрх зүйн байдлыг дордуулж дахин яллаж байгаад гомдолтой байгаа тул дээрх байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Уг хэрэгт хохирогч тал гомдолгүй, миний бие өөрийн гэм бурууг ухамсарлан хэргээ үнэн зөвөөр хүлээсэн болно.” гэжээ.

Шүүгдэгч Э.Уы өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би давж заалдах гомдол гаргаагүй, шүүгдэгч Э.У давж заалдах гомдол гаргасан. Энэ хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчлэгдэж байгаад мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, дараа нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэгдсэн. Шинэ Эрүүгийн хуульд танхай гэдэг зүйлийг бодлогоор өөрчилсөн гэж ойлгож байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эд хөрөнгийн эрхийг зөрчсөн, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэж заасан байгаа. Сургалтаар орсноор миний ойлгосноор 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үйл явдал гэж ойлгож байна. Ахуйн хүрээний өөрсдийн хашаан дотроо ах дүү хүмүүс маргалдсан асуудал юм. Түүнээс айлын гэрт юм уу албан байгууллагад маргалдсан зүйл биш учир зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн практикт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлээр оруулж ирж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчлэгдэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял шийтгэлгүй болох байсан атал эдлээгүй үлдсэн байсан ялыг нэмж нэгтгэсэн. Нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлээр эрх зүйн байдлыг нь дордуулж бүтнээр нь нэмж нэгтгэсэн. Хэрэв тэгэх байсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэж болох байсан. Нийтийн хэв журмыг зөрчиж гэдэг нь томоохон хэмжээний олон хүнийг хамарсан жагсаал цуглаан хийхийг ойлгож байгаа. Айлын гэрт болсон зодоон ингэж зүйлчлэгдэхгүй, хөнгөн гэмтэл учруулсан гэдгээрээ зүйлчлэгдэж ял шийтгэлээ эдлэх ёстой байсан. Ял тэгшитгэлээс шүүхийн шийтгэл тогтоол буруу бичигдэж прокурор эсэргүүцэл бичиж байх хугацаанд ял шийтгэлээс хоцорсон. Энэ хооронд хохирсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр ял шийтгэл эдэлж байсан хүмүүсээс 3 жил хасагдсан байдаг. Өөрөө хэлбэл хуулийн байгууллагын буруугаас болж хохирсон. Урд нь гэмт хэрэг үйлдсэн ч ял шийтгэлээ эдэлж гарч ирээд эхнэр хүүхэдтэй болсон. Шүүгдэгч Э.У нь давж заалдах гомдолдоо тодорхой зүйлүүдийг бичсэн байсан. Зүйлчлэл буруу гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Иын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдлын тухайд тайлбар байхгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Э.У, Ч.И нар нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эийг үл ялих зүйлээр шалтаглаж Э.У нь түүний зүүн бугалган тус газарт нь хутгалж, Ч.И нь түүний зүүн нүдний доор нь халбагаар хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн өдрөө Э.У нь хохирогч Ч.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Х.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгтэл Уньбат хашаанаас зугтаагаад гарах гэж байхад нэг намхан бор царайтай залуу нь манай найзын араас нэг юмаар хатгаад байсан. Тэгтэл манай найз Уньбат хашаанаас гараад зугтаачихсан юм. Би сандраад хаалгаа хаасан чинь гаднаас нэг хүн хаалга татаад онгойгохоор нь би хаалгаа дэлгээд харсан чинь намхан залуу нь баруун гартаа халбага барьчихсан зогсож байхаар нь би тэр залууг хаалгаараа цааш нь түлхсэн чинь нөгөө залуу намайг татаад газарт унагаасан чинь манай гэрийн хаалганы хажууд өндөр шивээстэй залуу нь хутга барьчихсан зогсож байсан. Тэгтэл нөгөө шивээстэй залуу нь намайг газарт хэвтэж байхад миний дээрээс ирээд хутга барьсан баруун гараараа далайж байгаад миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би тэр шивээстэй залууг жийж унагаагаад боссон чинь нөгөө шивээстэй хутгатай залууг дүү нь гээд байсан /Мөөгий/ залуу нь дээр нь дарж хэвтсэн. Би ч газраас босч ирээд байж байтал нөгөө жижиг залуу нь намайг барьж авчихаад нэг хатуу зүйлээр миний зүүн нүдний доор зүсэх шиг болсон. Тэгэхээр нь би доошоо тонгойсон чинь нөгөө жижиг биетэй залуу нь намайг үсдэж аваад байшин мөргүүлсэн. Тэгэхээр нь би манараад байж байтал манай хоёр эмэгтэй найз гүйж ирээд намайг салгахаар нь би хойшоо Жавзанхорол ахынх руу гүйсэн. Тэгээд Жавзанхорол ахынх руу гүйгээд орсон чинь манай Алтанцөгц ах Жавзанхорол ахын гэрт нь сууж байсан. Би ч Жавзанхорол ахыг дагуулаад гэр рүүгээ орсон чинь нөгөө хоёр залуу нийлчихсэн нэг мөсөн гүйцээгээд бүгдэнгийн алаад хаячихая гээд жижиг залуу нь дайраад хүрээд ирсэн чинь манай ах түүнийг цааш нь түлхсэн чинь нөгөө шивээстэй залуугийн дүү Мөөгий нь нөгөө жижиг залууг цааш нь түлхэж гаргачихаад манай хаалгыг тэгнээд зогссон. Тэгтэл нөгөө хоёр залуу бид нар руу дайраад нэг мөсөн гүйцээгээд хаячихая гээд орилоод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нар хүрч ирээд миний нүд рүү хатгасан халбагыг олоод хутгыг олоогүй. Маргааш өдөр нь цагдаа нар ирээд урд талын айлын хашаанаас хутгыг нь олсон... Би тухайн үед бараг эрүүл байсан болсон явдлыг бүгдийг нь санаж байна... Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Тэгэхдээ тэр хоёр залуу болж буй үйл явдлыг мэдэж байсан. Өөрсдийн хийж байгаа үйлдлээ мэдэж байсан. ...Намайг тэр шивээстэй залуу нь баруун гараараа далайж байгаад хутгалсан юм. Би маш сайн санаж байна. Харин нөгөө жижиг биетэй залуу нь миний зүүн нүдний доод талд халбагаар хатгаж гэмтээсэн. ...Би одоо гомдолтой байна. Өөртөө учирсан хохиролоо барагдуулж авмаар байна. ...Миний биед учирсан гэмтлийг дээрх гурван залуу л учруулсан.” гэх мэдүүлэг /хх1, х43-46/,

гэрч Ж.Алтанцөгцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид хэдийг архи уугаад сууж байхад Ундрахсайхан ахын хуурай дүү нь алчихая гээд шургаад байхад нь эхнэр нь сонсоод тэр залууг “яв” гэж хэлээд гаргах гээд дийлээгүй гэсэн. Нэг мэдэхэд Улаанаа буюу Ундрахсайхан ах хоолой багалзуурдчихсан байхад эхнэр Лхагвасайхан ахыг цамцнаас нь татсан чинь тавихгүй зүтгээд байхаар нь хоолойг базаад татах үед нь би мултарч гарахад эхнэр намайг зугтаарай аллаа гэж хэлэхээр нь гэрээсээ гараад зугтаж, ах Ичинхорлоогийнд очиж болсон явдлыг хэлээд намайг Ундрахсайхан ах найзтайгаа алах гээд байна гэж хэлсэн. Удалгүй араас дүү Эрдэнэбилэг орж ирээд намайг хутгалчихлаа гээд орж ирэхээр нь юу болсныг асуухад зүүн гар буюу бугалга орчмоос цус гарсан, зүүн нүдний доод зовхи нь зүсэгдэж цус гарсан байсан ба Эрдэнэбилэг ярихдаа манай найз Чайкаг хутгалаад алчихлаа гэхээр нь ахыгаа дагуулаад гэртээ ирэхэд Улаанаа ах, түүний дүү Энхсайхан, хамт байсан хуурай дүү нар байхгүй болохоор нь хашааны хаалгаар гартал Улаанаа ах гудамжинд овгор шороон дээр сууж байгаад босож ирээд гүицээчихье гэхээр нь буцаж зугтаагаад дүү Эрдэнэбилэгийн байшин руу ороод дотроос нь цоожилсон чинь цагдаа нар ирээд тэр хэдийг аваад явсан. ...тэгээд бие засчихаад төрөл садангийн дүү болох Х.Эийн гэрт нь очсон чинь Х.Эийн найз Уньбат нь хаалгаа тайлж байсан. Тэгээд би тэр Уньбат гэдэг хүүхэдтэй уулзаад өөрийнхөө архи уучихсан байгаа талаар яриад байж байсан чинь тэр Уньбат гэдэг залуу намайг за за та согтчихсон байна, манай найзууд ирчихсэн байгаа болохоор та ороод амарчих гээд намайг гэр рүү оруулж өгсөн. Уньбат бид хоёр манай гэрт ороход тэр Улаанаа гэдэг ах буюу Ундрахсайхан ах тэр хуурай дүү гэх Идэрбат гэдэг залуутайгаа маргалдаад зодолдох гээд байж байсан. Учир нь би тухайн үед архиндаа нэлээд согтсон байсан...,би тухайн үед буюу хэрэг маргаан болохын өмнө нь хамаатны дүү Эрдэнэбилэгийн гэрт нь ороход тэдний гэрт үл таних хоёр эмэгтэй, мөн дүүгийн найз Чайка буюу Уньбат нар байсан.” гэх мэдүүлэг /хх1, х56, х247-248/,

гэрч Э.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэгтэл Х.Эийн гэрийнх нь хаалыг нэг хүн балбаад эхэлсэн ба Уньбат очоод хаалгыг нь онгойлгочихоод цаашаа гараад явчих шиг болсон. Тэгтэл араас нь Эрдэнэбилэг гарахаар нь би Эрдэнэбилэгийн араас гарах гэсэн чинь Эрдэнэбилэг “чи байж бай гэрээс битгий гараарай” гэхээр нь би “за” гээд сууж байсан өрөөндөө очоод байж байтал Эрдэнэбилэгийн байшингийн гадаа хүмүүс “болиочээ, хутга аваад шидчихлээ, хутгаараа намайг зоочихлоо” гэж орилолдоод байсан. Тэгж байтал гаднаас Эрдэнэбилэгийн нүд болон зүүн гарын булчингаас нь цус гарчихсан ороод ирсэн ба араас төд удалгүй Эрдэнэбилэгийн ах нь гээд нэг хүн ороод ирсэн. Тэгтэл ахынх нь араас намхан 20-25 орчим настай, гартаа халбага барьсан залуу нөгөөх нь 30 гаран настай өндөр гартаа хутга барьсан хоёр согтуу залуу орж ирсэн ба өндөр залуу нь гартаа хутга барьчихаад Эрдэнэбилэг рүү дайраад “нэг мөсөн гүйцээгээд өгье” гэсэн чинь Эрдэнэбилэгийн ах тэр залууг цааш нь түлхсэн. Тэгээд Эрдэнэбилэгийн гэрийнх нь гадаа цагдаагийн машин ирээд дохиогоо дуугаргасан чинь өндөр ах нь гараад зугтаасан ба араас нь нөгөө намхан залуу нь гарч зугтаах гэж байгаад Эрдэнэбилэгийн ахад баригдаж үлдсэн.” гэх мэдүүлэг /хх1, х72-74/,

гэрч Д.Жавзанхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 17-ны орой гэртээ унтаж байсан чинь шөнийн 02-03 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг хүн татаад ороод ирэхээр нь би цочоод босч ирээд харсан чинь манай дүү Алтанцөгц нь хөл, цээж нүцгэн гүйгээд ороод ирсэн. Тэгэхэээр нь би юу болсон бэ гэж асуусан чинь “дүү нь хүнд алуулах гэж байна” гэхээр нь би “хаана ямар хүмүүс ирчихээд байгаа юм бэ” гэтэл “манай гэрт гурван залуу орж ирээд алах шахлаа” гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд Алтанцөгцийн гэр рүү нь явах гэж байсан чинь манай дүү Эрдэнэбилэг бас цус болчихсон гүйгээд ороод ирсэн. Эрдэнэбилэг манайд орж ирээд “Хороо ахаа дүү нь хутгалуулчихлаа” гэхээр нь би шууд цагдаа дуудаад Х.Эийн гэр рүү очтол Эрдэнэбилэг ямарч байсан гэр рүүгээ орсон. Би ч үүдний амбаарт цагдаа хүлээгээд зогсож байсан чинь төд удалгүй цагдаа нар ирээд хоёр залууг бариад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х75-76/,

гэрч Б.Уньбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би буцаад Эрдэнэбилэгийн гэрт ороод байж байсан чинь төд удалгүй дахиад цонх хаалга балбаад байхаар нь би хаалга онгойлгосон чинь Алтанцөгц ахын эхнэр нь зогсож байсан ба “болохоо байлаа шүү” гэхээр нь би ороод харсан чинь Алтанцөгцийн гэрт нь нэг өндөр биетэй залуу /Ундрахсайхан/ нь арай жижиг биетэй залууг /Идэрбат/ цохих гээд зогсож байсан. Тэгэхээр нь би гараад Эрдэнэбилэгийн гэрт нь очоод байж байсан дахиад Эрдэнэбилэгийн хаалгыг нь балбаад байхаар нь би босч очоод хаалгыг нь тайлсан чинь нөгөө өндөр биетэй залуу жижиг биетэй залуу хоёр зогсож байсан. Тэгтэл тэр жижиг биетэй залуу нь намайг татаж гаргаад миний нуруун тус газарт нэг хатуу юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь би цохиулчихаад эргээд харсан чинь өндөр биетэй залуу нь баруун гартаа бор иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би айсандаа болоод Эрдэнэбилэгийн хашаанаас нь гараад явж байхад Эрдэнэбилэгийн ах Алтанцөгц ах нь хашаанаас цээж нүцгэн, хөл нүцгэн гүйгээд гарч байсан. Тэгээд би хэсэг байж байгаад юу болж байгаа бол гэж бодоод Эрдэнэбилэгийн хашаа руу нь орсон чинь Ундрахсайханы дүү нь гээд байсан залуу нь Ундрахсайханы гарт байсан хутгыг авах гээд оролдоод байхаар нь би гүйж очоод хутгыг нь авах гэсэн чинь Ундрахсайханы дүү нь намайг “чи цаашаа зайл” гэсэн. Би цагдаа нартай хамт Эрдэнэбилэгийн гэр рүү ороход нөгөө хоёр залуу нэг мөсөн гүйцээгээд хаячихья гээд зогсож байсан. ...Тухайн өдөр найз Х.Эийн гэрт нь байхдаа найз охин Бямбасүрэн болон түүний найз Ука, Эрдэнэбилэг нарын хамт байж байсан. Тухайн үед бид дөрвөөс өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би Я.Болд гэгч залууг танихгүй, надад тийм нэртэй найз байхгүй. Манай найз Х.Эийн найз бид нарыг сайн танина. Бид нарын дунд Болд нэртэй найз байдаггүй.” гэх мэдүүлэг /хх1, х78-80, х143-145/,

гэрч Б.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би түүнд за за гээд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн боргио пиво авч өгсөн. Ингээд бид хоёр авсан архиа уугаад байж байхад Ундрахсайхан нь байн байн нэг хүнтэй утсаар яриад байсан ба тухайн утсаар ярьж байгаа хүнээ “хүрээд ир” гээд байсан. Тэгтэл төд удалгүй нэг намхан биетэй залуу ороод ирсэн ба тухайн залуу нь нилээн согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэр залуу орж ирээд Ундрахсайхан ахын хажууд суугаад бид нарыг юм ярингуут л та нар манай ахыг битгий ингээд бай гээд л шивнэлдээд байсан. ...тэгж байгаад тэд хоорондоо “алчих уу, алчихая л даа” гээд л бид нар хоол идэх гээд шивнэлдээд байсан. ...тэгж байгаад тэр бид хоёр шоронд 6 жил хамт сайхан байсан. ...би энэ ахдаа хайртай гэж гэж ярьж байгаад гэнэт юунаас болсон нь мэдэгдэлгүй тэр хоёр хоорондоо манай гэрт зодолдоод эхэлсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ ээлжлэн цохиж байтал Э.Уы дүү Энхсайхан нь тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр хоёр гэрийн хоёр талд сууж байгаад Ундрахсайхан нь гэнэт манай нөхөр рүү дайраад эхэлсэн ба манай нөхрийг зуурчихаад тавихгүй байхаар нь би очоод түүнийг нөхрөөсөө салгаж аваад би нөхрөө зугтаарай гэсэн чинь манай нөхөр гараад гүйсэн. Тэгтэл нөгөө Ундрахсайхан бас тэр Идэрбат гэдэг 2 залуу манай нөхрийн араас ална гээд гараад гүйсэн, би тухайн үед шууд цагдаа дуудчихаад гэрээсээ гараад харсан чинь Ундрахсайхан, Идэрбат хоёр урд талын байшинд амьдардаг Эрдэнэбилэг гэдэг залууг очоод хутгалчихсан байсан. Тэгээд л төд удалгүй цагдаа нар ирсэн. ...Тухайн орой тэр хэрүүл маргаан болохын өмнө харж байхад Х.Эийн гэрээс танихгүй хоёр эмэгтэй болон манай дүү Эрдэнэбилэгийн найз Чайка буюу Уньбат л орж гараад байсан. Миний харж байснаар тэдний гэрт тэр дөрөв л байсан. ...Би тэр хоёрыг ямар шалтгааны улмаас болж зодолдсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан манай гэрт байхдаа хоорондоо зодолдоод эхэлсэн ба гэрээс гараад ч гэсэн хоорондоо зодолдоод байсан. ...тэр хоёр хоорондоо л маргалдаад зодолдоод байсан.” гэх мэдүүлэг /хх2, х1-2, х124/,

гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг унтаж байтал Ундрахсайхан утсаар ярьж байгаад нэг залуутай ярьж байгаад тасалсан. Тэгээд утсаа тасалчихаад одоо манай хуурай дүү ирнэ. Тэр дүү маань хүнд зодуулчихлаа гэхээр нь би энд дуудчихлаа гэж байсан. Тэд удалгүй нэг 20-25 орчим насны бор намхан залуу архи уучихсан согтуу орж ирээд Э.Уы хажууд суусан. Э.У тэр залуугаас “чи хэнд зодуулчихсан юм бэ” гэсэн чинь тэр залуу “ахаа би нэрийг нь санахгүй байна, тэрэнд зодуулчихлаа, тэр таныг ална гэж байна лээ, таныг дийлдэг гэж байна лээ, Ундрахсайхан ахаа хувцасаа өмсчихөө хоёулаа явъя” гэж ярьж байсан, ...тэгтэл нөгөө жижиг бор залуу нь Ундрахсайханы мөрөөр нь давуулж гараараа тэвэрчихээд Э.Уы чихэнд “ахаа таныг алах гээд байна шүү дээ” гээд байн байн шивнээд Э.Уы уурыг нь хүргээд байсан. Тэгэхээр нь би босч ирээд тэр залууд хандаж “чи согтуу хүнд хандаж юу яриад байгаа юм бэ, чи одоо яв” гэсэн чинь Э.У тэр залуугаа өмөөрөөд яах юм бэ харанхуй шөнө болсон байхад явуулж яах юм гээд байсан. Тэгтэл нөгөө залуу нь орон дээр байсан Э.Уы куртикийг нь авч өмсүүлэх гээд байсан чинь Э.У нөгөө залуудаа уурлаж босч ирээд “чи муу яасан ядаргаатай юм, яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө залуу нь “ахаа таныг алах гээд байгаа юм” гэсэн чинь Э.У нөгөө дүүгээ барьж авч байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл цаанаас Алтанцөгц нөгөө хоёрыг салгах гээд очсон чинь Ундрахсайхан Алтанцөгцийг барьж аваад Алтанцөгцийн цамцнаас нь зуураад боохоор нь Лхагважаргал бид хоёр Алтанцөгц, Ундрахсайхан хоёрыг салгасан юм. Ах чинь хүн аллаа шүү дээ гэсэн чинь Энхсайхан араас нь гарсан. ...Лхагважаргал бид хоёр гэртээ байж байсан чинь Ундрахсайханы дүү гээд байсан залуу нь буцаж гэрт орж ирээд надаас аниа хутга байна уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг загнаад гаргасан чинь нөгөө жижиг залуу гарчихаад дахин гэрт орж ирээд дахиад надаас “хутга байна уу, танай хутга чинь хаана байдаг юм бэ” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг хөөж гаргасан чинь нөгөө залуу гараад явсан ба араас нь Лхагважаргал гараад явсан ба төд удалгүй Лхагвасүрэн Ундрахсайхан ах хүн хутгалчихлаа гээд орилоод ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх2, х126-129/,

гэрч А.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг ороход тухайн айлд Эрдэнэбилэг гэх нэг залуу мөн Чайка гэх хочтой Уньбат гэх залуу хоёулаа байж байсан. Ингээд бид дөрөв танилцаад тэр Х.Э гэдэг залуугийн нь гэрт Уньбат найз Х.Эийн хамт дэлгүүр рүү гараад пиво, ундаа архи авчирсан юм. Ингээд бид нар тэр авчирсан архи пиво уугаад дөнгөж байж байтал гаднаас нэг согтуу ах орж ирээд Х.Э, Уньбат хоёрыг дагуулаад гарсан ба тэр хоёр төд удалгүй буцаж орж ирээд Бямбасүрэн бид хоёрт манай хажуу талын айлд хэсэг хүмүүс архи ууж байгаад хоорондоо маргалдаад байх шиг байна. Тэгэхдээ одоо гайгүй байхаа гээд бид нар үргэлжлүүлээд тоглоомоо тоглож эхэлсэн. Ингээд байж байтал гаднаас нэг хүн хаалга балбаад байсан чинь Уньбат босоод хаалга тайлтал Уньбатын урдаас өндөр нам хоёр залуу “та нар ямар том дуутай юм бэ, гараад ир” гээд орж ирсэн ба тэр хоёр залуугийн өндөр ах нь гартаа хутга барьчихсан байсан. Тэр хоёр ах орж ирээд Уньбат, Эрдэнэбилэг хоёрыг заамдаад дагуулаад гарсан. Х.Э гарахдаа “та хоёр цаанаа байж бай хаалгаа цоожлоорой” гээд хэлэхээр нь бид хоёр хаалгаа цоожлоод байж байсан чинь төд удалгүй дахин хаалга балбаад байхаар нь Бямбасүрэн хаалга тайлсан чинь нөгөө Х.Э гэдэг залуу зүүн нүднийхээ доор болон зүүн гарандаа хутгалуулчихсан,   цус  гарчихсан  орж ирсэн  ба  “цагдаа дуудаарай” гэж байсан. Тухайн үед Уньбат байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх2, х135-136/,

гэрч У.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ээлжийн ажилтай буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сүлд-117” чиглэлд цагдаагийн ахмад Х.Оюунболдын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 02 цаг 30 цагийн үед “Сүлд-117”-с Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Хулстайн Баянбүрд хүнсний дэлгүүрийн гадна хэдэн хүмүүс орж ирээд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд ахмад Х.Оюунболд бид хоёр дуудлага нь дээр нь очиж шалгахад Хулстайн Баянбүрд дэлгүүрийн хажуу талын буюу баруун талын хашаанд амьдардаг Х.Э гэгч залуу нь хашааныхаа хаалганы гадаа гараад ирчихсэн нэг хүн миний гарыг маань хутгалчихлаа, тэр хүн одоо гэрт байна гэсний дагуу уг айлд орж шалгахад дуудлага өгөгч Х.Э гэгч нь намхан нуруутай согтуу залуу руу заагаад “энэ залуу миний нүдэн доор нэг юмаар зүсчихсэн, бас нэг өндөр залуу байгаа энд алга байна. тэр өндөр залуу нь миний гар руу хутгалчихсан гараад зугтчихсан байна” гэж байсан. Ингээд миний бие тэр намхан залууг нь ахмад Х.Оюунболдын хамт саатуулан автомашинд суулгаад миний бие тэр намхан залууг нь автомашиндаа харж үлдэхэд ахмад Х.Оюунболд нь буцаж яваад өндөр залууг нь хайн уг хашааны ойр орчим эрэн сурвалжлан хашаан дотор нуугдсан байхад нь олж саатуулан авчирсан. Тэгтэл нөгөө Х.Э гэдэг залуу шууд ирээд “өө наад залуу чинь миний гар руу хутгалсан залуу яг мөн байна, наад залуу чинь хутгаа нэг газар руу шидчихсэн шүү” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх2, х4-5/,

гэрч Х.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Хулстайн баянбүрд хүнсний дэлгүүрийн урд хэдэн хүмүүс орж ирээд агсраад байна гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 6-912 тоотод оршин суух өөрийгөө Эрдэнэбилэг гэх залуу нь хашааныхаа үүдэнд гараад ирчихсэн “нэг хүн миний гарын булчинд болон зүүн нүдний доор маань хутгалчихсан, бас нэг өндөр залуу байгаа тэр нь энд алга байна, тэр өндөр залуу нь миний гар руу хутгалчихсан, хар иштэй хутга байх шиг байсан” гэж байсан. Ингээд тэр намхан залууг нь саатуулан автомашинд суулгаад өндөр залууг нь хайж хашааны уг хашааны ойр орчим эрэн сурвалжилан ажиллахад уг дуудлага өгсөн айлын хашаанд байх монгол гэрийн ард хашаа түшүүлээд тавьчихсан машины хуучин хаалганы ард ороод нуугдчихсан сууж байхаар нь тэр залууд хууль ёсны шаардлага тавьж босгож ирээд шалгах явцад уг дуудлага өгсөн Х.Э гэдэг залуу нь шууд хүрч ирээд “өө наад залуу чинь миний гар руу хутгалсан залуу яг мөн байна, наад залуу чинь хутгаа нэг газар шидчихсэн шүү” гэж байсан. Ингээд би уг залууг саатуулан шалгаад автомашинд суулгахад уг Ундрахсайхан гэдэг залуу нь “би одоо шоронгоос гараад удаагүй байгаа, дахиж шоронд ормооргүй байна” гээд орилоод байсан. Би уг хоёр залууг саатуулчихаад иргэн Х.Эийг хутгалсан гэх хутгыг нь хашаан дотор болон хашааны гадуур хайж үзэхэд олдоогүй ба Эрдэнэбилэгийн нүдний доор зүссэн гэх халбагыг нь олж авсан.” гэх мэдүүлэг /хх2, х6-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Эийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганы гадна доод хэсгийн зүсэгдсэн шарх, дагзны баруун ар хэсгийн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 1351 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х83/,

“...Ч.Иын биед баруун шуу, баруун, зүүн сарвууны эрхий хуруунд сорви, духанд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрхи гэмтэл нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 3008 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х88/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Э.У гаргасан “...Миний эрх зүйн байдлыг дордуулж дахин яллаж байгаад гомдолтой байгаа тул дээрх байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Э.У, Ч.И нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч Э.У, Ч.И нарын үйлдсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргийн зүйлчлэлийг ял шийтгэлийг нь хөнгөрүүлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр, Э.Уы үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсөн нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Э.Уы үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Э.У, Ч.И нарын гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан,

   Э.Ундрахсахйан нь урьд хорих ял шийтгүүлж ялаа эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх талаар зохицуулсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Уы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Уы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧИД                                                      Н.БАТСАЙХАН

                                                                                               

Ц.ОЧ