Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 332

 

Н.Баянзул, Н.Гэрэлмаа нарт

 холбогдох эрүүгийн хэргийн

тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа,

шүүгдэгч Н.Баянзулын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 706 дугаар магадлалтай, 2014260005827 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Баянзулын гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Намжилын Баянзул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Намжилын Гэрэлмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Баянзулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Гэрэлмааг гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Гэрэлмаагийн гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянзулыг 11 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтуудын “Олхонуд овогт Намжилын Баянзул” гэснийг “Олхонууд овогт Намжилын Баянзул” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Баянзулын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Баянзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шинжээч эмчийн дүгнэлтийг авч хэлэлцэхгүйгээр миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон гэрч Л.Лхагва, Ц.Буянжаргал, П.Энхжаргал нарын мэдүүлгийг үндэслэн надад ял тулгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч М.Туяа “гараар цохиход ийм гэмтэл үүсэхгүй” гэж мэдүүлсэн атлаа 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт урьд өгсөн мэдүүлгээсээ буцаж “уг гэмтлийг гараар цохиход үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэж мэдүүлсэн. Үүнийг шүүх үндэслэн намайг 10 жил 6 сарын ялаар шийтгэснийг эс зөвшөөрч өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талийгаачийн цогцсонд дахин задлан шинжилгээ хийсэн эмч Г.Энхбаатар “...уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гараар цохиход ийм том хэмжээний гэмтэл үүсэхгүй” гэж мэдүүлэг өгсөн. Энэ хоёр шинжээч эмчийн зөрүүтэй мэдүүлгийг шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

Мөн гэрч П.Энхжаргал урьд удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “Баянзул манайхаас 21 цаг өнгөрч байхад явсан” гэж мэдүүлсэн атлаа 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “Баянзул манайхаас хэдэн цагт явсныг нь мэдэхгүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн. Үүнээс гадна Ц.Буянжаргал, П.Энхжаргал нар зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн байхад тэднийг нягталж шалгаагүй, энэ талаар байцаагчид хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй хүмүүсийг гэрчээр оролцуулсан.

Гэрч М.Туяа зориуд худал мэдүүлэг өгсөн эсэхийг дахин шалгахаас гадна 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний бие М.Туяагийнд хонож, өглөө нь түүний хүү Янууштай хамт Дамбадаржаагийн эцсийн буудалд байрлах Хаан банкны салбараас 130,000 төгрөг авч түүнд 50,000 төгрөг өгсөн болон 5 буудлын Хаан банкны салбараас 50,000 төгрөг авсан тухай хоёр баримтыг шалгах шаардлагатай. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 21-нд М.Туяагийнд байсан хүүхэн болон гэрч Д.Долгоржавыг шалгах хэрэгтэй.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.Баянзулын өмгөөлөгч Б.Энх-Амгалан хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: “...Миний хувьд шүүгдэгч Н.Баянзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгоогүй, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотлогдвол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж шүүгдэгч Н.Баянзулд ял оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Н.Баянзулын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Баянзул нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19-20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 115а тоот Ц.Буянжаргалын гэрийн гаднах үүдний пинд Р.Бямбасүрэнг Ц.Буянжаргалтай андууран толгойн тус газар нь цохиж, гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100 гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Н.Гэрэлмаа нь эрүүгийн 2014260005827 дугаартай хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хууль сануулан байцаалт авахад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Баянзулыг “... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03 цагаас 04 цагийн үед Н.Баянзул ах манай гэрт ирсэн. Ямар унаагаар ирсэн бэ гэхэд микро машинаар ирсэн гээд унтсан, тухайн үед Н.Баянзул ахаас архи үнэртэж байсан, маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг хүртэл унтаж байгаад сэрээд утсаар ярьсан...” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Н.Баянзулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, Н.Гэрэлмааг гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянзулд 11 жилийн хорих ялыг оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон бөгөөд шүүх Н.Гэрэлмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй тул шүүгдэгч Н.Баянзулын “гэрч Ц.Буянжаргал, П.Энхжаргал, М.Туяа, Д.Долгоржав нар худал мэдүүлэг өгсөн, Хаан банкнаас хоёр удаа мөнгө авч байсныг шалган...” тогтоох байдлаар Н.Баянзулын гэм бурууг үгүйсгэх тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Н.Баянзулын гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн шүүх хуралдаанд хэлсэн саналд хохирогчид учирсан гэмтлийг гараар цохиход үүсэхгүй тухай шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэг байсаар байхад шүүх эдгээр нотлох баримтад нийцэхгүй үйл баримтыг тогтоож хэргийн жинхэнэ байдлаас өөр дүгнэлт хийсэн тухай дурьдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын ясны үргэлжилсэн цуурал, хугарал гэмтлийг Н.Баянзул нь гараар цохиж учруулсан эсэх нь дүгнэлтэд ноцтой нөлөөлөхгүй гэж үзэж энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх үзсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяагийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн шүүгдэгч Н.Баянзулаас 500,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 706 дугаар магадлалд “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяагийн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Баянзулаас 8,048,680 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяад олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Баянзулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                    ШҮҮГЧ                                                     Ч.ХОСБАЯР