Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 69

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          нарийн бичгийн дарга В.Орхон,

            иргэдийн төлөөлөгч Ч.Банзрагч,

          улсын яллагч Т.Мижиддорж,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа,

            гэрч Л.Лхагва, Ц.Буянжаргал, П.Энхжаргал,

            шинжээч Г.Энхбаатар,

шүүгдэгч Н.Баянзул, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Н.Гэрэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,                                                                                

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонуд овогт Намжилийн Баянзул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намжилын Гэрэлмаа нарт холбогдох 2014260005827 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                                                                                                                         

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймаг Орхон сум 3 дугаар баг, бригадын төвд оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамж, 50 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонуд овогт Намжилын Баянзул /РД: ЦЗ63043010/,

 

2. Монгол улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эцэг, нөхөр, хүүхдийн хамт Булган аймаг, Орхон сум, 3 дугаар баг, 4-5-89 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Намжилын Гэрэлмаа /РП: ЦЗ70091002/.

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:                             

Шүүгдэгч Н.Баянзул нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19-өөс 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 115А тоот Ц.Буянжаргалын гэрийн гаднахтамбарт иргэн Р.Бямбасүрэнг Ц.Буянжаргалтай андууран толгойн тус газар нь цохиж гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн цусархаг няцхал бүхий хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Н.Гэрэлмаа нь Орхон аймаг, Баян-Өндөр сум 4-589 тоот өөрийн гэртээ эрүүгийн 2014260005827 дугаартай хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хууль сануулан байцаалт авахад Н.Баянзулыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 03-04 цагийн үед Баянзул ах манай гэрт имсэн. Би Баянзул ахаас ямар унаагаар ирсэн бэ гэж асуухад микрогоор ирсэн гэж гээд унтсан, тухайн үед Баянзул ахаас архи үнэртэж байсан, маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг хүртэл унтаж байгаад сэрээд утсаар ярьсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шинжээч эмч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

         

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа: ...Манай нөхөр Бямбасүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 9 цагийн үед Баасан ахын тааз будаж өгнө гээд гарсан. Тэгээд би 14 цагийн үед талийгаач руу залгахад Баасангийн байшинг будах гэж байна, оройтох байх гэсэн. Орой 20 цагийн үед утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би талийгаач руу 22 цагийн үед залгахад Энхжаргал гар утсыг нь аваад нэлээн согтуу Баянзул, танай нөхөр 2 манай гэрт ирээд миний тэтгэвэрт гарсан баярыг хийж байна гэхээр нь наана чинь хэн хэн байгаа юм бэ,  нөхөртэйгөө яръя гэсэн боловч яриулаагүй. Тухайн үед Баянзул, Буянжаргал нар байна, Буянжаргалыг согтоод унтаж байна гэсэн. Тэгэхээр нь би за, за та нар ууж идэхээ зохицуулаад унтаж амараарай гэж хэлсэн. Тэгээд би өөрөө унтсан. Маргааш өглөө нь 8 цагийн үед нөхрийнхөө утас руу залгахад утсаа авахгүй байсан. Гэтэл 11 цагийн үед Энхжаргал залгаад манай талийгаачийн бие муудаад байна гэж хэлсэн. Манай нөхөр ууж идэж байхдаа зодоон хийдэггүй байсан. Би Баянзултай уулзуулах дургүй байсан. Баянзул дандаа худлаа хэлдэг, тийм учраас тухайн өдөр Баянзултай уулзах гэж байгаагаа надад хэлээгүй байх. Би хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөр нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна... гэв.

Гэрч П.Энхжаргал: ...Баянзулыг манай гэрээс хэдэн цагт гарсан гэдгийг би мэдэхгүй байна. Тухайн өдөр Баянзул талийгаач хоёр манай гэрт ирэхдээ 2 шил архи авч ирсэн. Харин би дэлгүүрээс нэг шил архи аваад бид нар манай гэрт 3 шил архи уусан. Баянзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө надад нэг шил архи болон набор авч өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл надад архи авч өгөөгүй, набор авч өгсөн. Миний бие өвдөж байсан тул эрт унтсан. Тэгээд 01 цагийн үед сэрэхэд талийгаач манай үүдний амбаарт унтаж байхаар нь өргөж гэртээ оруулсан. Тухайн үед талийгаачийн биед ямар нэгэн шарх сорив байгаагүй... гэв.

Гэрч Ц.Буянжаргал: ...Тухайн хэрэг гарсан өдөр Баянзулыг манай гэрээс хэдэн цагт явсныг би мэдээгүй. Би согтоод 22 цагийн үед унтсан. Намайг унтах үед Баянзул талийгаач хоёр  суугаад үлдсэн. Баянзул талийгаач хоёр маргалдсан зүйл байхгүй. Харин Баянзул манай эхнэр Энхжаргалд набор авч өгснөөс болоод Баянзул бид хоёр маргалдсан... гэв.

 

Шинжээч Г.Энхбаатар: ...Шинжээч эмч Н.Туяагийн 2014.12.03-ны өдөр гаргасан №2169 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун зулай, чамархай ясны далд хугарал, тархины дух, баруун чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун духны няцрал гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан хүн хэдэн цагийн дараа нас барахыг тогтоох боломжгүй. Энэ гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй ба толгойн орой хэсэгт гэмтэл үүсэн байгаа тул унах үед үүсэхгүй. Тухайн гэмтлийг авсан тохиолдол хэдэн цагийн дотор нас барах боломжтойг нарийн тогтоох боломжгүй. Зарим тохиолдолд хоёр хоног амьдах тохиолдол байдаг... гэв.

 

          Шүүгдэгч Н.Гэрэлмаа: ...Намайг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад манай ах болох Н.Баянзул над руу залгаад хамт архи уусан хүн маань нас барчихсан байна, утас руу залгасан чинь цагдаа утсыг нь аваад тантай хамт архи уусан хүн нас барсан байна, та ирж байцаалт өг гэж хэлсэн гэсэн. Гэтэл ах Н.Баянзул өөрийгөө манай гэрт ирсэн байна, очиж байцаалт өгч чадахгүй гэж утсаар хэлсэн байсан. Тэгээд надад хэлэхдээ намайг цагдаа нар асуух юм бол танайд ирээд хоноод явсан гэж хэлээрэй гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би та цагдаа дээр очиж уулз гэж хэлсэн боловч цагдаа дээр очиж уулзахгүй, утсаа авахгүй байсан. Би аргаа бараад мессеж бичсэн. Би цагдаагийн газартай байнга холбоотой байсан. Тэгээд утас руу нь дахиад залгахад нэг эмэгтэй хүн авсан. Гэтэл манай ахыг эмнэлэгт бие нь муу байна гэж хэлсэн... гэв.

 

          Шүүгдэгч Н.Баянзул: ...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би хадам эгчийн гэрээс Баянхошууны хуучин эцэст байрлах Төрийн банкинд 12-оос 13 цагийн орчимд орсон. Тухайн үед талийгаач Р.Бямбасүрэнтэй уулзсан, бид хоёр тэндээсээ шууд Био комбинат руу буюу Буянжаргал, Энхжаргал нарын гэр лүү явсан. Бид хоёр нисэхэд ирээд нэг дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи аваад Энхжаргал, Буянжаргал нарын гэр лүү Нисэхийн буудлаас жижиг машинд суугаад 14-өөс 15 цагийн орчимд очсон. Гэтэл Энхжаргал манайд холоос ирсэн Баянзулдаа нэг шил архи авч өгнө гээд дэлгүүр гарсан. Би танай гэрийн ойролцоо Хаан банк байдаг уу гэхэд байгаа гэхээр нь хамт дэлгүүр гарсан. Би Хаан банкнаас 50,000 төгрөг авсан. Гэтэл Энхжаргал дэлгүүрээс ногоо, 0,75 литрийн Улаанбаатар архи аваад зогсож байсан. Би дэлгүүр орох замдаа талийгаачаас Энхжаргалыг ажлаа хийж байгаа юу гэж асуухад талийгаач Р.Бямбасүрэн Энхжаргалыг 2014 оны 4 дүгээр сард хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарсан гэж хэлсэн. Талийгаач Р.Бямбасүрэн Энхжаргалд нэг шил архи аваад өгчих гэхээр нь би дэлгүүрээс нэг шил архи, набортой авч өгсөн. Тэгээд Буянжаргалын гэрт очоод Энхжаргалын дэлгүүрээс авсан архийг уусан. Энхжаргал миний авч өгсөн архийг Баянзул нэг шил архи авч өгсөн гээд задалсан. Тэгэхэд Энхжаргалын нөхөр Буянжаргал яахаараа чамд архи авч өгдөг юм гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь маргаан хэцүүдэх тийшээ хандахаар нь талийгаачийг явах уу гэхэд талийгаач явахгүй, уусан архи хөлд орсон байна, явж чадахгүй гэхээр нь би Энхжаргалын гэрээс 20 цаг 30 минутын үед явсан. Би Буянжаргал, Энхжаргал нарын гэрээс гараад замаас машинд гараа өргөж суугаад хот руу номын сан хүртэл хүргүүлээд тэр жолоочид 10,000 төгрөг өгсөн. Би номын сангаас бас нэг жижиг тэргэнд суугаад Бэлх рүү буюу Туяагийн гэрт 22 цагийн үед очиж хоносон. Туяа болон түүний хүүхэд Анууш хоёр байсан, өөр хүн байгаагүй. Би Туяагийн гэрт очоод түүнд элдэв зүйл яриагүй, өөрийгөө Биогоос ирлээ л гэж хэлсэн. Тэгээд би авч очсон нэг шил архиа уугаад шууд л унтаад өгсөн. Маргааш өглөө нь Туяагийн хүү Ануушийн төрсөн өдөр гэхээр нь би мэдэж байгаа би Ануушд 50,000 төгрөг болон ширээ засах юм бэлдээд байж байя гэж хэлсэн. Ануушийг дагуулаад Москва хороолол руу явсан. Би Булган явах гэж байсан болохоор Москва хорооллоос цүнхээ авсан. Би Булган руу явах гэж байсан замдаа өчигдөр нөгөө хэд яасан юм бол гэж бодоод Буянжаргалын 88089056 гэсэн дугаар луу  өөрийнхөө 99507407 дугаараас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 орчим минутын үед залгасан. Тэгтэл утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би талийгаачийн 96678084 дугаар руу өөрийнхөө дугаараас залгатал нилээн дуудуулж байгаад утсыг Энхжаргал авсан. Энхжаргал надад хэлэхдээ талийгаачийг хөл гар нь татаад байна, одоо яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудаж үзүүл, эхнэрт нь хэл гэж хэлсэн. Тэгтэл угаасаа одоо түргэн ирэх байх гэж хэлсэн, мөн хэлэхдээ Энхжаргал намайг сая манайд цагдаа нар ирээд явсан, манайхаас 3 ширхэг архины шил аваад явсан, чи цагдаа нарт 3 шил архи уусан шүү гэж хэлээрэй гэж хэлсэн. Цагдаа нар чамайг асуугаад байна гэхээр нь яахаараа намайг асуудаг юм гэж хэлэхэд утас нь тасраад дахин залгатал холбогдох боломжгүй болсон. ...Би Хайлааст орох гээд явж байхад 7 буудлын хажууд Хаан банк байхаар нь тэндээс 12 цаг 50 минут гэхэд 50,000 төгрөг аваад Туяагийн гэр лүү явсан. Туяагийн гэр рүү орохдоо замаасаа нэг шил архи авсан ба архиа уугаад Туяагийн гэрт унтаад 15 цагийн үед сэрээд 88089059 гэсэн дугаар луу залгасан боловч дуудаад авахгүй байсан. Талийгаачийн утас руу залгахад нэг эрэгтэй хүн авсан. Тэр хүн өөрийгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн ажилтан байна, та Баянзул гэдэг хүн мөн үү гэсэн. Би мөн байна гэхэд намайг Бямбасүрэн гэдэг хүнийг таних уу гэхээр нь би манай найз гэж хэлсэн. Гэтэл нөгөө цагдаа Бямбасүрэн 11 цаг 30 минутанд эмнэлэг дээр ирээд нас барсан, та Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ирж чадах уу гэсэн. Би тухайн үед найзыгаа нас барсан гэдгийг сонсоод маш их балмагдсан, Эрдэнэтэд байна гэж хэлсэн. Гэтэл цагдаа маргааш хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би тухайн үед айсан байсан учир хэрвээ цагдаа нар намайг асуух юм бол намайг Эрдэнэт хотод буюу танай гэрт хоночихоод яваад өгсөн шүү гэж хэлээрээ гэж өөрийн төрсөн дүү болох Н.Гэрэлмаа руу залгаж хэлсэн. Тэгээд өөрийнхөө гар утсаа салгаад Туяагийн гэрт унтаад өгсөн. Тэгтэл Туяа найз хүүхэнтэйгээ гаднаас тоорт барьсан орж ирсэн. Анууш гаднаас орж ирэхээр нь би 10,000 төгрөг төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн. Туяа найзтайгаа пиво авч ирсэн байсан тул түүнийг бид гурав хувааж уугаад дуусгасан. Би дахин дэлгүүр гарч нэг шил архи авч ирээд бид гурав хувааж уугаад унтсан. ...Ануушд би ахдаа цай хийгээд өг гэж хэлээд ухаан алдсан гэсэн. Намайг 1 дүгээр эмнэлэгт хүргэсэн боловч хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг рүү шилжүүлсэн байсан. ...Намайг эмнэлэгт сэрэхэд эмнэлгийн гадаа Мандахнаран байцаагч ирсэн байсан. Өглөөний 7 цагт Туяа, Анууш бид гурав Мандахнаран байцаагчтай хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс орсон. Надаас байцаалт авсан. Би тухайн үед болсон зүйлийг хэлсэн. Гэтэл надад хууль уншиж танилцуулаад та Бямбасүрэнг алсан байна гэж хэлсэн. Би тухайн үед алаагүй гэхэд таныг Бямбасүрэнг зодож цохиж байхыг Долгоржав, Энхээ гээд гэрч нар харсан байна гэж хэлсэн. Надад хоёр цаг гаруй хугацаанд хэрэг тулгасан. Би сүүлдээ залхаад нэг удаа шанаа руу нь цохьсон гэж хэлсэн. Гэтэл мөрдөн байцаагч за за бүх зүйл болсон, намайг өмгөөлөгч ав гэснээ туршлагатай өмгөөлөгч авах уу гээд Эрдэнэчимэг өмгөөлөгчийг танилцуулсан. Алтангадас байцаагч Ерболат байцаагчид надад хэлсэн зүйлээ хэлээд гэр рүүгээ яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь Алтангадас байцаагчид хэлсэн зүйлийг Ерболат байцаагчид бүгдийг хэлсэн. Эрдэнэчимэг өмгөөлөгч надтай уулзахдаа таны хэргийн зүйлчлэл өөрчлөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болгох гэж байгаа гэсэн. Гэтэл 12 дугаар сард дахин уулзаад таны хэргийг 91 дүгээр зүйлийн 91.2.2 болгосон гэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Би хэрэг үйлдээгүй мөрдөн байцаагч нар надад хэрэг тулгасан. Тухайн үед Энхжаргал, Буянжаргал нарыг яагаад цагдан хорихгүй байгаа юм гэж Мандахнаран байцаагчаас асуухад хорьсон гэж хэлж байсан байж би өөр байцаагчаас асуухад Энхжаргал, Буянжаргал нарыг 72 цаг суулгаад гаргасан гэж хэлж байсан. Тиймээс Мандахнаран мөрдөн байцаалтын ажиллагаа маш туршлагагүй явуулсан. Би хорих 0461 дүгээр ангид хоригдож байхад манай ангийн найз ажилладаг байсныг мэдээд уулзсан. Гэтэл манай ангийн найз надад Отгонбаяр өмгөөлөгчтэй танилцуулж миний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа, тухайн хэрэг дээр байнга прокурор нь солигдоод байгаад маш их гайхаж байна... гэв.

          Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Талийгаач 2014-11-20-ны өдөр 09 цагийн үед Баасан /88985011/ гэдэг хүнтэй уулзана гээд гарсан. ...Би талийгаач руу 22 цагийн үед залгахад Энхжаргал гэдэг хүүхэн гар утсыг нь аваад Баянзул, танай нөхөр хоёр манай гэрт  ирээд манай нөхөр тасраад уначихсан, бид нар архи уугаад сууж байна гэсэн. Тэгээд бас би нөхөртэйгээ өчигдөр муудалцаад миний хоёр нүдийг таглартал цохьчихсон, тэгээд талийгаачийг миний толгойг барьж өгөөд гайгүй болчихлоо гэж хэлсэн. Түүнээс хойш 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 07 цагийн үед талийгаач руу залгахад утсаа авахгүй байсан. Дараа нь 11 цаг 56 минутад 88089056 дугаарын утаснаас Энхжаргал над руу залгаад талийгаачийг уртаар амьсгаа аваад сонин болчихлоо, бүлээн ус уулгахаар буцаж гаргаад байна гэж байсан. Яаралтай дусал залгачих гэсэн бид нар тариа тарьж чадахгүй, эмнэлэг одоо ирж байгаа гэсэн, би Баасан ахыг аваад байгаа айл руу нь явж байхад талийгаачийг өнгөрчилөө гэж нэг хүн утсаар хэлсэн.

...Би Баянзулын гар утсыг мэдэхгүй, ...мөн өмнөх өдөр нь хэлэхдээ Буянжаргал тасраад уначихсан байна, Баянзул одоо явах гэж байна гэж хэлсэн. Буянжаргал Энхжаргалын нөхөр юм. Мөн өөрийгөө талийгаачийн хамт 0,75 л хэмжээтэй архи уугаад үлдэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачтай ярья гэхэд Энхжаргал надад ярихгүй гэж байна гэж надад хариулсан. Тэгэхээр нь за тэгвэл орой болсон байна, наадахаа явна гэвэл битгий явуулаарай гэж хэлсэн. Тэгтэл Энхжаргал надад за би явуулахгүй ээ, одоо бид хоёр ингээд амарна гэж хэлсэн.

...Миний нөхөр, талийгаач Р.Бямбасүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч даруу төлөв ааштай, миний мэдэхээр Н.Баянзултай маргаан хийж байгаагүй. Талийгаачийн оршуулгын зардал гэж нийт 8.002.880 төгрөг болсон, талийгаач нас барахынхаа өмнө 5.217.000 төгрөгийн зээлтэй байсан, нас барсан учир дээрх мөнгийг төлж чадаагүй. Одоо тус зээлийн 4.929.766 төгрөгийг төлөөгүй байгаа. Хэрвээ талийгаач амьд сэрүүн байсан бол дээрх мөнгийг төлөх байсан. Би ажил хийх чадваргүй, тархины хавантай учир тус зээлийг төлөх чадваргүй учир тус мөнгийг нэхэмжилнэ. Мөн өмгөөлөгчийн хөлс гэж 500.000 төгрөг төлсөн байгаа, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд нэг ч төгрөг аваагүй. Талийгаач 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ гарч явахдаа цоо эрүүл гарч явсан ба тухайн үед тархи толгойндоо ямар ч гэмтэл шарх аваагүй байсан. Би талийгаачтай 25 жил амьдарсан юм. Дээрх хугацаанд миний нөхөр тархиндаа огт гэмтэл шарх авч байгаагүй.

...Амь хохирогчийг оршуулсан газраас нь гаргаж дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх саналыг зөвшөөрч, эмч нарын хамт очиж шилжилгээ хийлгүүлсэн. Шинжээчийн 443 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, дахин шинжилгээ хийлгэхэд 329,400 төгрөгийн зардал гарсан. Мөн машинд 40,000 төгрөгөөр шатахуун хийсэн...  /1-р хх-ийн 65-70, 71-73, 2-р хх-ийн 197/ гэсэн,

 

- Гэрч Э.Балжинням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би өчигдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13-14 цагийн үед гэртээ буюу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатын задгайд ирсэн, ирснээсээ хойш гадагшаа гараагүй. Манай гэрийн ойролцоо ертөнцийн зүгээр хойд талд Буяа гэх хүн амьдардаг. Ер нь манай хажуу айл болох Буяа-гийн гэрээс ямар нэгэн чимээ сонсогдож байгаагүй... /1-р хх-ийн 90-91/ гэсэн,

 

- Гэрч Д.Долгоржавын мөрдөн байцаалтад өгсөн: ...Дүү Буянжаргалынд цагаан сарын дараа ирээд энд амьдарч байгаа. ...Буянжаргалын гэрт ороход гэрт  нь Буянжаргал, эхнэртэйгээ, бас Буянжаргалын найз Бямбасүрэн, бас нэг танихгүй эрэгтэй хүн дөрвүүлээ ширээ тойрч суугаад 0,75 литрын Улаанбаатар нэртэй архи ууж байсан. Тэгээд би дахиж орж ирээгүй гэртээ унтаж байхад шөнө 24-01 цагийн үед байх манай дүү Буянжаргал орж ирээд би энд унтья гээд гэрийн баруун талд матрасан дээр унтсан. Үүнээс 1 цагийн дараа манай дүүгийн эхнэр Энхжаргал гаднаас намайг дуудсан, би очтол Буянжаргалын найз Бямбасүрэн нь гадаа үүдний амбаарын баруун талд газарт хэвтэж байсан, дэргэд нь Энхжаргал гарыг нь барьчихсан өргөж даахгүй болтой зогсож байсан. Бид хоёр Бямбасүрэнг хоёр суганаас нь өргөөд гэрт оруулаад буйдан дээр хэвтүүлчихээд би гэртээ орж унтсан.

...Би хогийн цэгээс 14 цаг өнгөрөөгөөд буцаж ирээд дүүгийндээ ороход Буянжаргал, Энхжаргал 2 сандарсан байдалтай байсан ба намайг тамхинд яваад ир гэхээр нь тамхи авчирч өгчихөөд буцаад хогийн цэг рүү явсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад буцаж ирээд Буянжаргалын гэрт ороход миний найз яагаад манайд өөд болчихвоо гээд уйлахаар нь л би Бямбасүрэнг нас барсан юм байна гэж мэдсэн.

...2014 оны 11 дүгээр сарын 19-ний орой буюу уржигдар орой л Буянжаргал, Энхжаргал нар хашгиралдаад маргалдаад байх шиг байсан. Өчигдөр орой маргалдсан зодолдсон зүйл байхгүй.

...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэхдээ би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Ц.Буянжаргалыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-ний хооронд манай гэрт орж ирж унтсан гэж буруу мэдүүлэг өгсөн байсан. Өөрөөр хэлбэл андуурсан байсан. Талийгаач болон Баянзул нарыг ирэхээс өмнө Ц.Буянжаргал, Энхжаргал нар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хоорондоо маргалдаж нэг нэгэнтэйгээ зодолдсон. Харин юунаас болсныг нь санахгүй байна. Тэгээд тэр шөнө Буянжаргал манай гэрт намайг унтаж байхад 01 цагийн орчимд манай гэрт согтуу орж ирээд би энд унтъя гэхээр нь тэгээ тэг гэхэд гэрийн баруун талд жижиг матрасан дээр унтсан. Буянжаргалын нүүр ам нь шалбарсан байсан. Би ингэж л буруу мэдүүлсэн байсан. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-ний хооронд манай гэрт Буянжаргал орж ирж хоноогүй. Тэр өдөр эхнэртэйгээ маргалдаж зодолдсон. Нүүр ам нь шалбарсан байхыг бодвол дахиж эхнэртэйгээ маргалдахгүй гэсэндээ манайд орж ирж унтсан байх… /1-р хх-ийн 97-99, 2-р хх-ийн 127-128, 3-р хх-ийн 29, 4-р хх-ийн 19/ гэсэн,

- Гэрч Ц.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11-12 цагийн хооронд миний 89192627 дугаарын утсанд манай ажлын газрын Бямбасүрэнгийн 96678084 дугаараас нэг өвгөн залгаж энэ утасны хүний бие нь муу байна, энэ хүний эхнэрийн дугаарыг мэдэх үү гэж асуухаар нь би наад хүн чинь яасан юм бэ гэхэд нууцгүй хэлье, өчигдөр орой ганц хоёр юм уусан юм гэхээр нь би одоо мэдэхгүй байна, өөр хүнээс асуугаад өгье гээд ээжийн утсаар ажлын газрын Баасан гэж хүний утас руу залгаж та авгайд нь хэлээдэх Бямбасүрэнгийн бие муу байна гэнэ гэж хэлж байсан юм... /1-р хх-ийн 100-101/ гэсэн,

 

- Гэрч Г.Очбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11-12 цагийн орчимд би хүүгээ сургуулиас нь авах гээд хүлээгээд байж байхад над руу миний ээж утсаар залгаж Буянжаргал ахын чинь гэрт хүн ирсэн юм байна, тэгээд нэг хүнийх нь бие нь муудаад байна гэнэ ээ, наана чинь эмч байна уу, байвал дагуулаад ирэх үү гэж асуусан. Тэгэхээр нь би 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж хүний бие өвдөөд байгаа юм байна гэтэл өрхийн эмч нар манай хорооны хүн биш юм байна, үзэхгүй, түргэн дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрхийн эмнэлгээс гараад хүүхдээ сургуулиас нь авчихаад явж байтал Буянжаргал гэрийнхээ гадаа зогсож байсан ба намайг дуудахаар нь би машинтайгаа очиход эмнэлэг яваад өгөөч гэсэн, би түүнд өрхийн эмнэлгийн эмч нар чинь ирэхгүй гэж байна гэж түүнд хэлсэн... /1-р хх-ийн 102-103/ гэсэн,

 

- Гэрч П.Гүндэгмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11-12 цагийн орчимд манай гэрээс доошоо урд хэсэгт амьдардаг Буяндэлгэр гэх хүн надтай манай үүдэнд тааралдсан. Тэгээд би түүнтэй мэндлэнгээ хөгшөөн нүүрээ яачихаа вэ гэж асуутал өчигдөр орой манай гэрт 2 найз ирсэн юм. Тэгээд бид нар шоудсан юм гэж хариулсан ба мөн хэлэхдээ нөгөө хоёрынх нь нэгнийх нь бие муудаад болдоггүй ээ, эмнэлгийн бараа харуулах юмсан, эмнэлэг дуудах арга байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би түүнд миний хүү Очбаатар машинаа унаад хүүхдээ сургуулиас нь авах гээд явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүдээ Буянжаргал ахын чинь гэрт ирсэн хүний бие нь муудаад байна гэнэ ээ, чи наанаасаа эмч олоод ирэх арга байна уу гэж хэлсэн. Тэгээд миний хүү 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж эмч байгаа эсэхийг асууж болсон хэргийн талаар хэлэхэд манай хорооны хүн биш юм чинь бид үйлчлэхгүй, та нар түргэн тусламж дууд гээд ирээгүй... /1-р хх-ийн 104-105/ гэсэн,

 

- Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манай дэлгүүрт 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагаас хойшхи хугацаанд Буянжаргал гэх хүний эхнэр болох 40-50 орчим насны эмэгтэй, нүүрэндээ бараан өнгийн маск зүүсэн нүүр нь нилээн хавдаж, хөхөрчихсөн орж ирсэн. Тухайн үед өмнө нь харагдаж байгаагүй шар царайтай намхан нуруутай 40-50 орчим насны туранхай, яс томтой хүнтэй хоёулаа орж ирсэн. Одоо миний санаж байгаагаар 0,75 литрийн хэмжээтэй 1 шил, 1 жижиг савтай ундаа авчихаад л гараад явсан... /1-р хх-ийн 109-110/ гэсэн,

 

- Гэрч П.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Бямбасүрэн, Баянзул хоёр халамцуу 0,75 граммын 2 шил архитай ирсэн, тэгээд манай нөхөр бид дөрөв тэр хоёр шил архийг хувааж уусан. Тэгээд Бямбасүрэн, Баянзул бид гурав Био руу орж 0,75 граммын 1 шил архи аваад гэрт ирээд дөрвүүлээ талыг нь уугаад тал нь үлдсэн. Баянзул ойролцоогоор 21 цагийн үед явсан. Тэгээд манай нөхөр Буянжаргал Бямбасүрэн бид гурав ойролцоогоор 23 цагийн үед унтсан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 01-02 цагийн үед би бие засах гээд гартал Бямбасүрэн манай үүдний амбаарт хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би манай урд хашааны айл Долгоржавынд орж Долгоржавыг гэрээс нь авч гараад Бямбасүрэнг үүдний амбаараас өргөж гэрт оруулаад орон дээр унтуулсан. Тэгэхэд ширээн дээр бид нарын ууж байгаад үлдээсэн 0,750 граммын тал шил архи харагдаж байсан. Тэгээд би 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед босоход Бямбасүрэнгийн орны өмнө 0,75 граммын архины хоосон шил байсан. Ширээн дээр үлдээсэн тал архи байхгүй байсан, тэгэхээр нь би дотроо үлдээсэн тал шил архийг шөнө Бямбасүрэн босоод уугаад дуусгасан байна гэж бодсон. Гахай тахиагаа хооллож байгаад 10 цагийн үед гэртээ орж ирэхэд талийгаач унтаж байсан. Нилээн жигтэй амьсгалаад байсан. Сэрээх гэтэл сэрэхгүй байсан, толгой нь халуунтай байхаар нь хүйтэн жин тавиад хөл нь хүйтэн байхаар нь шилэнд ус хийгээд хөлөн дээр нь тавьсан. 103 руу залгаж түргэн дуудсан чинь 93083590 гэсэн Био-гийн өрхийн эмнэлгийн дугаарыг өгсөн. Уг дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би эхнэр Алтантуяа руу нь залгаад Бямбасүрэн чичрээд сонин амьсгалаад байна гэхэд Алтантуяа уг нь тэгдэггүй даралт нь жаахан унадаг, аналгин тариагаар хийчих гэхээр би тариа хийж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд өрхийн эмнэлгийн эмч ирж үзээд даралт нь 0 болсон байна гэж хэлсэн. Тэгээд ирсэн эмч тариа хийх гэсэн чинь тариа нь орохгүй байсан. Тэгээд Бямбасүрэн нас барсан. Талийгаач нь манай гэрээс гараагүй.

...01 цагийн орчим босоход гэрэл асаалттай байсан, тэгээд гэр доторх зүйлсийг харахад манай нөхөр миний араар унтсан, амь хохирогч, Баянзул нар байхгүй байсан, гарч бие засах гээд гарахад таамбарын өрөөнд гадагш гардаг хаалганы харалдаа чиг уруу толгой харсан, хөл нь пийшэн руу харсан байдалтай талийгаач унтаж байгаа байдалтай байсан. ...Бид хоёрыг сугадаад өргөөд явахад хохирогч өөрөө хөл дээрээ гишгээд явсан, гэхдээ нилээд согтуу байх шиг байсан. Гэрт оруулаад цонхны дэргэд байдаг буйдан дээр хэвтүүлсэн. Баянзул байхгүй байсан... /1-р хх-ийн 113-115, 4-р хх-ийн 20-21/ гэсэн,

 

- Гэрч Ц.Буянжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Миний найз Бямбасүрэн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед найз Баянзултай хамт 0,75 граммын 2 шил архи авчраад манай эхнэр Энхжаргал бид дөрөв хувааж уусан. Тэгээд Энхжаргал Баянзул хоёр дэлгүүр явж 1 шил архи авчирч уусан гэж өглөө надад хэлсэн. Би орой 22 цагт согтоод унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед босоход Бямбасүрэн орон дээр унтаж байсан. Энхжаргал Бямбасүрэнг орон дээр уртаар амьсгалаад байна гэж надад хэлсэн. Тэгээд гэр орныхоо эд зүйлийг янзалж цэвэрлэж байгаад амьсгаадаад байхаар нь 10 цаг өнгөрч байхад түргэн дуудахад өрхийн эмнэлгийн эмч нар 12 цагийн үед ирж үзээд Бямбасүрэнг амьсгал хураасан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бид нар хоорондоо маргалдаж зодоон болсон зүйл байхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 18-нд эхнэр Энхжаргалтай согтуу маргалдаж ноцолдоод Энхжаргал миний нүүрийг олон удаа самардаад ийм шарх үүссэн. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагаас эхлэн талийгаач Бямбасүрэн уртаар амьсгалаад байсан. Тэгээд түргэн 103 руу залгатал өрхийн эмнэлэг рүү залга гээд 93083590 гэсэн дугаар өгсөн. Тэгээд манай эхнэр өрхийн эмнэлэг рүү ярьж өрхийн эмнэлгийн эмч 12 цагийн үед ирж үзээд Бямбасүрэнг нас барсан байна гэсэн. Баянзул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны орой хэдэн цагт явсныг нь би мэдэхгүй. Би орой 22 цаг өнгөрч байхад унтаад өглөө нь сэрээд эхнэрээсээ асуухад өчигдөр орой Баянзул явсан гэж хэлсэн.

...Баянзул талийгаачтай маргалдаагүй, бид нарыг дуу дуулж байхад Баянзул талийгаачийг дуу дуулсангүй, гөлийгөөд суугаад байх юм гэж хэлсэн, өөр зүйл яриагүй. Бид дөрвүүлээ архи уусан, нэг нь Баянзул, шөнө хэлээгүй алга болсон, Бямбасүрэн үүдний тамбараас ухаангүй олдсон.

...Би талийгаачийг хаана хэвтэж байсныг хараагүй, манай эхнэр Энхжаргал тодорхой ярх байх, харин гэрт цонхны дэргэд байсан орон дээр өглөө хэвтэж байсан...  /1-р хх-ийн 116-118, 4-р хх-ийн 15-17, 18/ гэсэн,

 

- Гэрч Л.Лхагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Орой нь над руу дахин залгаад найз Бямбасүрэнтэй цуг Буяа гэх айл руу очиж архи ууцгаасан юм. Тэгээд би түрүүлээд гараад явчихсан юмаа, харин маргааш өглөө нь би Бямбасүрэнгийн утас руу залгаад авахгүй байсан. Удалгүй нас барчихсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хэлэхдээ чи тэгвэл яагаад гэнэт түрүүлээд гараад явчихдаг юм бэ, яагаад гэв гэнэтхэн гэр рүүгээ орох болсон юм бэ та нар хоорондоо зодоон цохион хийсэн юм уу, хийсэн бол эртхэн цагдаа дээр оч гэж хэлсэн. Тэгээд намайг та нар хоорондоо маргалдсан уу гэж асуутал Буяа гэх хүн янз янзын ааш гаргаад авгайтайгаа муудалцаад хүн хүн рүү дайраад шогтоод байсан юм аа, тэгэхээр нь би гараад явчихсан гэж надад хэлсэн.

...Би нөхөр Баянзултай  2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзсан, тэгээд би нөхөр Баянзулыг чи яасан юм  бэ, болсон асуудлыг үнэн зөвөөр хэл гэж хэлсэн. Тэгтэл Баянзул хэлэхдээ Буянжаргалын гэрт 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүний эхнэр Энхжаргал болон талийгаач Бямбасүрэн нарын хамт архи уугаад сууж байтал Буянжаргал гэнэт эхнэр рүүгээ дайрч уурлаад эхнэртэйгээ маргалдаад байхаар нь Буянжаргалыг болиоч гэж хэлэхэд Буянжаргал над руу дайраад байсан гэж хэлсэн. Тэгээд үүнээс болж Баянзулын дургүй хүрсэн гэсэн. Тэгээд манай нөхөр Буянжаргалыг болиоч гэхэд болихгүй өөр рүү нь дайраад байхаар нь дургүй нь хүрээд байшингаас гараад тамхи татаад зогсож байсан гэсэн ба араас нь нэг хүн гараад ирэхээр нь Буянжаргалыг гараад ирлээ гэж бодоод түүнийг нэг сайн хашраагаад цохиод авъя гэж бодоод толгой руу нь гараараа 2 удаа цохьчихсон гэж хэлсэн. Тэгтэл тэр цохиулсан хүн Буянжаргал биш талийгаач Бямбасүрэн байсан гэж хэлсэн, цохиулсныхаа дараа талийгаач Бямбасүрэн Баянзултай барьцалдаж авсан гэсэн. Араас нь Буянжаргал, Энхжаргал 2 гарч ирээд салгасан гэж нөхөр Баянзул хэлсэн. Тэгээд бүгдээрээ буцаж орж хоорондоо эвлэрцгээж дахиж нэг шил архи уусан ба би тэр архийг нь дуусахаас нь өмнө тэндээс гараад явчихсан гэж хэлсэн. Надад энэнээс өөр зүйл хэлээгүй. Буянжаргал Энхжаргал 2 ямар нэгэн байдлаар талийгаач Бямбасүрэнг цохиж зодсон, зодоон болсон түүнтэй маргалдсан талаар надад юм огт хэлээгүй... /1-р хх-ийн 126-128, 129-130/ гэсэн,

 

- Гэрч М.Туяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв эсэх талаар эргэлзэж байна. Одоо бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлнэ. Би 2014 оны 11 дүгээр сарын 20, 21-нд болсон асуудлыг талаар сайн санаж байна. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Баянзул манайд ирээгүй, хоноогүй юм. Харин 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой 19 цаг өнгөрсөн байхад над руу хоёр удаа утсаар яриад архи ууж байна гэсэн. Би 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө ажилдаа 07 цаг өнгөрөөгөөд гараад явсан. 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Н.Баянзул манайд хоноогүй. Би яагаад сайн санаж байна вэ гэхээр миний хүүгийн төрсөн өдөр 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу тав дахь өдөр байсан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч ...байхад Н.Баянзул 99507407 дугаарын утсаар яриад би Эрдэнэт хотод байна, чи хаана байна?, одоо ингээд Улаанбаатар хот руу гарлаа. Чи гэртээ байна уу, би яваад очьё гэж хэлэхэд нь би ажилтай байна гэж хэлээд утсаа тасалсан. 13 цаг өнгөрч байхад Н.Баянзул өөрийнхөө утаснаас залгаад би танайд ирсэн байна. Хүүг чинь дагуулаад банк орж байна гэж хэлсэн. ...Хүүгийнхээ төрсөн өдөр гээд идэх юм, ундаа аваад 20 цаг өнгөрөөд ирэхэд Н.Баянзул 0,5 литрийн 1 шил архи ганцаараа уугаад сууж байсан. Нилээд халамцуу байсан, надад би Био-д байдаг найзындаа Бямбасүрэнгийн хамт очиж архи уусан, гэрийн эзэн эхнэртэйгээ намайг хардаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би гараад хүрээд ирлээ гэж байсан. Утас нь дуугарахад огт авахгүй, аваад ярихдаа Эрдэнэтэд байна гэж хэлээд таслаад байсан. ...Түүний нүүр болон ил харагдах газар ямар нэгэн шарх байгаагүй, тэгээд архиа ганцаараа ууж байснаа уйлаад миний найз Бямбасүрэн нас барчихлаа гэж үү гээд байсан. Юу болсон талаар асуухад би Бямбасүрэнгийн хамт Био-д багын найзындаа очиж архи уусан чинь Бямбасүрэн нас барчихсан байна гэж хэлээд тамхи татаад уйлаад байсан. ....Н.Баянзул манайд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажилдаа явсан хойгуур манайд ирсэн. Тэдний ар гэр болон өмгөөлөгч нар нь та 2014 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед ирсэн гээд хэлчих гэхээр нь би үнэнээр нь 21-нд ирсэн гэж хэлнэ гэхэд намайг хэдүүлээ тохирчихье гэж хэлээд ятгаад гуйгаад байсан. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлж байна... /4-р хх-ийн 13-14/ гэсэн,

 

- Гэрч Э.Батчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 12 цагт манай эмнэлэгт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 115А тоотод хүний бие муудсан, татсан гэсэн дуудлага хажуу айлынх нь хүн ирж өгсөн. Тэгээд 12 цаг 05 минутад эмнэлгийн машинтай эмч миний бие сувилагчийнхаа хамт очсон. Очоод Бямбасүрэн гэх хүний биед үзлэг хийхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсож байсан. Гэрт нь эрэгтэй хүн байхаар нь хэзээнээс ийм болсон гэж асуухад өглөөнөөс ийм байдалтай байна гэж хэлсэн. Тэр хүнийг орон дээр хэвтүүлсэн байсан. Тэгээд би 88253839 дугаартай өөрийнхөө утсаар 102 руу дуудлага өгсөн бил үү, тэр хүмүүсээр дуудлага өгүүлсэн бил үү сайн санахгүй байна. Тэгээд цагдаа иртэл тэнд байгаад ирэхээр нь нас барсан бичиг хийж өгөөд явсан. Манай өрхийн эрүүл мэндийн төвөөр дуудлагаар үйлчлүүлэгчдийн бүртгэлд №225-т 12 цаг 00 минутад дуудлага ирсэн тухай тэмдэглэгдсэн байна. Тэгээд 5 минутын дотор дуудлаганд очсон байна. Үүнээс өмнө дуудлага ирж өгсөн талаар мэдэхгүй, хэрвээ дуудлага өгсөн бол ойлгомжтой бус байдлаар ирсэн байх... /2-р хх-ийн 200-202/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №2169 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доор цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба, 3.1.3-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Уг гэмтэл нь нас барахаас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна.

5. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1,4 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

8. Р.Бямбасүрэн нь ABO системээр А II бүлгийн цустай байна.

9. Талийгаач нь гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас нас баржээ... /1-р хх-ийн 144-145/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10597 тоот дүгнэлтэд:

...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд болон хөнжил дээр цус илрээгүй... /1-р хх-ийн 148/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10561 тоот дүгнэлтэд:

...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн байшингийн гадна хаалганы дотор хэсэгт байх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.

2. Байшингийн 2 давхрын шатны хэсгийн В үсгээр тэмдэглэн харуулсан хэсгээ  авсан цус мэт улаан хүрэн өнгийн арчдас , байшингийн 2 давхарын шатны хэсгийн 9 гэж дугаарлан харуулсан хэсгээс авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн арчдас дээр цус илрээгүй... /1-р хх-ийн 160/ гэсэн,

- Шүүх сэтгэц гэм судлалын №15 тоот дүгнэлтэд:

...1. Н.Баянзул нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Н.Баянзул хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдолтой байсан байна. Н.Баянзул нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

3. Н.Баянзул нь одоо оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

4. Н.Баянзул нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Н.Баянзулд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... /1-р хх-ийн 170/ гэсэн дүгнэлтүүд,

- Шинжээч Н.Туяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Р.Бямбасүрэнгийн цогцосны гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай зулай хэсгийг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлийн улмаас талийгаач нас барсан. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гараар цохиход дээрх гэмтлүүд үүсгэгдэхгүй. Иймд талийгаачийг хатуу мохоо зүйлээр буюу мод чулуу, төмөр, архины шил юм уу тийм хатуу зүйлээр цохиж амь насыг нь хохироосон байна.

Талийгаачид учирсан гэх гэмтлүүд нь нэг гэмтлүүд бөгөөд учрах үед амь насанд хүрэх гэмтэл юм. Ийм төрлийн гэмтэл авсан хүн биеийн онцлогоос шалтгаалж ямар хугацааны дараа нас барах нь харилцан адилгүй байдаг. Гэхдээ учрах үедээ амь насанд хүрэх аюултай гэмтэл шууд нас барах тохиолдол байдаг. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь түүнийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл бөгөөд үүсгэгдсэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6-8 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь шинээр үүсгэгдсэн гэмтэл байсан бөгөөд түүний биед өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Талийгаачийн тархинд өөр ил харагдах гэмтэлгүй байсан ба юмаар цохигдсон байж болох ором, мөр үүсээгүй байсан. Дээрх үүсгэгдсэн гэмтлүүд нь толгойн орой хэсэг буюу зулайн хэсэгт цохих үед үүсгэгдсэн гэмтлүүд байх ба өөрийн биеийн жингээр унах үед  үүсгэгдэх боломжгүй. Тархинд үүссэн цусан хураа нь багаас их рүү аажмаар нэмэгдэж тархийг дарж амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, тодорхой нэг ухамсарт үйлдэл, хөдөлгөөн, яриа хийх боломжтой.

...Шинжилгээ хийхэд авсан зургийг 1 хувь угааж өгдөг байсан. Тухайн үед авсан хавсралт зургуудыг бөөгнүүлж байгаад архивладаг, уг задлан шинжилгээний зураг архивлагдан хадгалагдсан байна. 13 ширхэг зураг байна... /1-р хх-ийн 174-175, 203-205, 4-р хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг,

- Н.Гэрэлмаагийн 99349938, Н.Баянзулын 99507407, 99959075 дугаарын утасны биллийг шалгасан тухай баримтууд /2-р хх-ийн 1-8/,

- Гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 9-11/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 34/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяагаас гаргасан хүсэлт, хохирлын баримтууд /2-р хх-ийн 40-41, 43-99/,

- 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 108-118/,

- Өрхийн эрүүл мэндийн төвөөр дуудлагаар үйлчлүүлэгчдийн бүртгэл /2-р хх-ийн 223-225/,

- Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 35-50/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №443 тоот дүгнэлтэд: 

...Дүгнэлт: 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШХ-н шинжээч эмч Н.Туяагийн 2014.12.03-ны өдөр гаргасан№2169 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Баруун зулай, чамархай ясны далд хугарал, тархины дух, баруун чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун духны няцрал гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.

3. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлийг авсан хүн хэдэн цагийн дараа нас барахыг тогтоох боломжгүй... /4-р хх-ийн 51-53, 54-57/ гэсэн дүгнэлт,

 

- Шинжээч Г.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Хэргийн материалтай танилцаж, талийгаачийн шарилыг дахин шинжилж, шүүх эмнэлгийн давтан магадлан шинжилгээг явуулж дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлийн баруун чамархай зулайн хэсэгт хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарсан гэх айлд ирэхээс өмнө уг гэмтлийг аваагүй, хэргийн материалд авагдсан мэдээллээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас эхлэн талийгаач Р.Бямбасүрэн болон уг айлд байсан хүмүүс архи уусан талаар дурдагдсанаас үзэхэд уг цаг хугацаанаас хойш гэмтэл үүсгэгдсэн гэж үзэж болно. Уг гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийж явах боломжгүй. Хүний биеийн өөрийн онцлог байдлаас шалтгаалан гэмтэл авсан хүн хэдэн ч цаг комын байдалтай байж болно. Тухайн үед яаралтай задлан шинжилгээнд /цогцос хөрөөгүй/ орсон учраас хэдэн цагт гэмтэл авсан гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай. Яагаад гэвэл тархины зөөлөн бүрхүүл доор их хэмжээний цус харвалт няцралт үүссэн байсан ч гараар цохиход ийм том хэмжээний хугарал үүсэх боломжгүй, цогцост хийсэн гадна үзлэгээр толгойн баруун чамархайн хэсэгт 18.5х12 см овоосон хавдартай, цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгойн хуйхны дотор гадаргуунд баруун зулай чамархайн хэсэг нилэнхүйдээ улаан хүрэн цус хуралттай цогцосыг оршуулсан газраас нь гаргаж дахин шинжилгээ хийхэд зулайн ясанд 18.5 см баруун чамархайн ясанд 13 см хугаралттай байна. Эндээс үзэхэд толгойн хуйхны цус хуралт том талбайтай гавалын ясны хугарал нь их хэмжээтэй шугаман хугарал байгаа тул дээрх гавал тархины гэмтэл нь том хавтгай гадаргуутай зүйлийн үйлчлэлээр толгойн орой хэсэгт хүч үйлчилснээс үүссэн байна. Гавал тархины хугарал нь гавалын орой хэсэг голын заадас буюу суман заадаснаас баруун тийш 3 см зайнд баруун зулай ясанд 18.5 см урт шугаман хугарал үүссэн. Уг хугарал нь урагш духны хэсэг буюу цохны хэсэгт хүрч төгссөн. Арагш баруун зулай ясны ар доод хэсэгт хүрч төгссөн байна. Мөн уг хугаралтай зэрэгцээд баруун чамархайн ясанд 13 см урт хугаралтай байсан ба хугаралууд нь зулайн ар хэсэгт 3 см урт хугаралын шугамаар баруун зулай ясны хугаралтай нийлсэн байсан. Баруун чамархайн хугарал нь урагшаа суурь ясны их далавч хэсэг руу 3 см урт цууралттай том төгссөн байна. Гавал ясны хугарал эхэлж буй хэсэгт буюу баруун зулайн хэсэгт хугарлын шугам орсон байх ба төгсөж буй хэсэгт нарийсаж цууралт болж төгссөн байна. Бага буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохигдох үед тухайн цохьсон эд зүйлсийн хэлбэр хэмжээтэй ойролцоо хугарал гэмтлүүд, цөмөрсөн хугарал ихэвчлэн үүсдэг. Талийгаачийн хувьд хуйхны цус хуралт гавал ясны хугарлын хэмжээ талбай том байгаа тул хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр үүсэх боломжгүй. Мөн гараар цохих үед ийм том хэмжээтэй гэмтэл үүсэхгүй... /4-р хх-ийн 60-62/ гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Н.Баянзулын хувийн байдалтай холбоотой баримтууд /4-р хх-ийн 83-87/ болон түүний амбулаторийн карт зэрэг болно.

 

- Шүүгдэгч  Н.Гэрэлмаа мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Намайг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал миний ах болох Н.Баянзул над руу залгаад хамт архи уусан хүн маань нас барчихсан байна, утас руу залгасан чинь цагдаа утсыг нь аваад тантай хамт архи уусан хүн нас барсан байна, та ирж байцаалт өг гэж хэлсэн гэсэн. Гэтэл ах Н.Баянзул өөрийгөө манай гэрт ирчихсэн байна, очиж байцаалт өгч чадахгүй гэж утсаар хэлсэн байсан. Тэгээд надад хэлэхдээ намайг цагдаа нар асуух юм бол танайд ирээд хоноод явсан гэж хэлээрэй гэж надаас гуйсны дагуу би цагдаа нарт гэрчээр байцаалт өгөхдөө худал мэдүүлсэн, үнэндээ бол манайд ирээгүй. Мөн Н.Баянзулын эхнэр Л.Лхагва нь бас намайг тэгж худлаа хэлээрэй гэж гуйсан учир би цагдаа нарт надад хууль үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж байцаалт авч байхад нь би зориуд худал мэдүүлсэн. Гэхдээ би Н.Баянзулын утас нь холбоотой байх болгонд дандаа та очиж байцаалтаа заавал өг гэж хэлсэн. Гэтэл очиж байцаалтаа өгөхгүй худлаа хэлээд, надаар хүртэл худал хэлүүлж, өөрөө гадуур зугтаагаад яваад байсан. Улаанбаатар хотод Н.Баянзул ахын найз Туяа гэх эмэгтэй Н.Баянзулыг гэртээ байлгаж, архи уулгуулж архины шоконд ортол нь гэртээ байлгаж хүндрэхээр нь эмнэлэг дуудаж хүргэж өгсөн байсан. Туяа Н.Баянзулыг эмнэлэгт хүргэгдэхээр нь над руу залгаад Н.Баянзулыг Сонгинохайрхан дүүрэг дэх эрүүл мэндийн нэгдэлд хүргэгдэн ирсэн гэхээр нь би цагдаагийн байцаагч руу ярьж Н.Баянзулын хаана байгаа газрыг нь зааж өгсөн юм. Надаас Н.Баянзул, түүний эхнэр нар дээрх байдлаар худал мэдүүлэг өгчих гэж гуйгаагүй бол би цагдаа нарт огт худал мэдүүлэг өгөхгүй байсан. Миний ах Н.Баянзул нь зан аашийн хувьд хэвийн хүн ч гэсэн архи их уудаг хүн... /1-р хх-ийн 224-225, 3-р хх-ийн 35/ гэсэн,

- Шүүгдэгч Н.Баянзул мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх хугацаанд Москва хороололд хадам эгч болох Цэвээнхүүгийн гэрт хэсэг амьдарч байсан, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би талийгаач Р.Бямбасүрэнтэй Баянхошууны хуучин эцэст 12-13 цагийн орчимд уулзсан. Тухайн үед талийгаач Р.Бямбасүрэн нь эрүүл байсан, мөн биеийн байдал урьдын адил зүгээр байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд Био руу буюу Буянжаргал, Энхжаргал нарын гэр рүү явсан.

...Тэгээд Энхжаргал, Буянжаргал нарыг хартал тэр хоёрын нүүр нь битүү хавдчихсан, хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгээд Энхжаргал талийгаач бид хоёрт цай хийж өгсөн, дараа нь бид дөрөв талийгаач бид хоёрын авч очсон 0.75 литрын хэмжээтэй архийг ууцгаасан, архиа уугаад байж байтал Энхжаргалын ах нь гэх Энхээ гэх хүн орж ирээд бид нарын ууж байсан архинаас нэг татчихаад гарсан, дараа нь Энхжаргал, Буянжаргал нарын хашааны малыг малладаг гэх нэг гэзэгтэй залуу орж ирээд мөн нэг татчихаад гараад явсан. Эдгээр хүмүүсээс өөр ямар нэгэн байдлаар нэмэгдэж орж ирсэн хүн байхгүй. Тэгээд бид дөрөв 17 цагийн эхний нэг шил архийг ууж дуусгасан. Тэгтэл Буянжаргалын эхнэр Энхжаргал за хоёр найздаа одоо бид хоёр нэг шил архи авч өгнө өө гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр рүү явахаар болсон, дэлгүүр рүү би Энхжаргал, талийгаач Р.Бямбасүрэнгийн хамт явсан. Дэлгүүр рүү явах замдаа би талийгаач Р.Бямбасүрэнгээс асуухдаа энэ Энхжаргал ажлаа хийж байгаа юм уу гэж асуухад талийгаач наадах чинь тэтгэвэртэй гарчихсан гэж хэлсэн. Тэгээд бид гурав Биогийн эцсийн буудлын ойролцоох дэлгүүрийн үүдэнд ирсэн, би тэр хоёрыг дэлгүүрийн үүдэнд үлдээгээд ойролцоох Хаан банк руу орж данснаасаа 50.000 төгрөг аваад Энхжаргал талийгаач хоёр руу очсон. Тэгээд бид гурав дэлгүүр орж би Энхжаргалд тэтгэвэрт гарсан гээд 0.750 литрын хэмжээтэй нэг шил архи, нэг набор авч тэр дэлгүүр дотроо Энхжаргалд өгсөн. Харин Энхжаргал дэлгүүрээс өөрийнхөө мөнгөөр 0.5 литрын хэмжээтэй архи авсан. Талийгаач Р.Бямбасүрэн дэлгүүрээс юм худалдаж аваагүй, дэлгүүрээс гараад бид гурав жижиг тэргэнд суугаад Энхжаргал, Буянжаргал нарын гэрийн гадаа ирсэн. Тухайн үед одоо миний санаж байгаагаар 18 цаг өнгөрч байсан. Тэгээд гэрт нь ороод авсан архиа ууцгаасан, уугаад байж байхад Энхжаргалын нөхөр Буянжаргал гэнэт л эхнэртээ уурлаад чи пизда минь гэх зэрэг үг хэллэг хэлж ер нь л нилээн уурлаад л байсан, эхнэр Энхжаргалаа талийгаач Р.Бямбасүрэнтэй хардаад уурлаад сүүлдээ над руу хүртэл уурлаж чи муу пизда минь чамаас болж л манай гэрт дандаа хэрүүл болдог, чи одоо манайхаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд удахгүй зайллаа гэж хэлсэн. Тэгээд би ширээнээс босоод гадуур хувцсаа өмсөлгүй тамхи татахаар ганцаараа гарсан. Гадаа гараад тамхи татаад зогсож байхдаа цонхоор нь харахад гэрээс Буянжаргал гадуур хувцсаа өмсөөд яг гарах гэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би бодохдоо энэ муу түрүүнээс хойш намайг хөөж туугаад байсан, нэг хашраачихъя гэж бодоод байшингынх нь таамбарных нь гадна талд хаалгынх нь хажууд хүн харагдахгүй хэсэгт зогсож байтал таамбарын хаалга нээгдсэн, тэгээд нэг эрэгтэй хүн гарч ирсэн, тэгэхээр нь би эхлээд шанаан тус газар нь нударгаараа нэг удаа цохьсон. Тэгээд хартал талийгаач Р.Бямбасүрэн байсан, талийгаач Р.Бямбасүрэн чи яаж байнаа аа, пизда минь гээд намайг заамдаад авчихсан. Тэгэхээр нь би түүний толгойны хойд хэсэгт нударгаараа нэг удаа цохьсон. Тэгтэл байшингаас Буянжаргал гарч ирээд хоёр пизда яаж байна аа гэж хэлээд бид хоёрыг салгасан. Салгаснаас хойш дахиж ямар нэгэн маргаан, зодоон огт болоогүй. Тухайн үед цаг ойролцоогоор 19 цаг 40 орчим минут болж байсан. Тэгээд бид гурав байшин руу буцаж ороод үлдсэн архиа бид дөрөв хувааж ууцсан. Тэр үед Буянжаргал над руу муухай хараад байхаар нь би тэднийхээс хувцсаа өмсөөд гараад явсан, тухайн үед цаг 20 цаг болж байсан. Би явахаасаа өмнө талийгаач Р.Бямбасүрэнг явах уу гэхэд явахгүй гэсэн. Мөн бид нар бүгдээрээ нилээн согтуу байсан, талийгаач бол илүү их согтолтой, Энхжаргал бид нараас арай гайгүй согтолттой, Буянжаргал бас нилээн согтуу байсан. Би Буянжаргал, Энхжаргал нарын гэрээс гараад замаас машинд гараа өргөөд сууж би хот руу явж Номын сан хүртэл хүргүүлээд тэр жолоочид 1.000 төгрөг өгсөн. Би номын сангаас бас нэг жижиг тэргэнд суугаад Бэлх рүү буюу 2010 онд хотод ажиллаж байхдаа танилцсан Туяа гэх эмэгтэйн гэрт нь тэр өдрийн 22 цаг ямар ч байсан өнгөрч байхад очсон. Очтол Туяа хүүхэд болох Ануушийн хамт хоёулаа байсан, би Туяагийн гэрт очоод түүнд элдэв зүйл яриагүй өөрийгөө Биогоос ирлээ л гэж хэлсэн. Тэгээд очоод удалгуй байж байгаад шууд л унтаад өгсөн. Би Туяагийн гэрт очоод элдэв зүйл огт болоогүй шууд л унтаад өгсөн.

... Маргааш өглөө нь би Туяагийн гэрээс гараад Москва хороолол руу явсан тэнд очоод би Булган явах гэж байсан болохоор цүнхээ авсан. Тэгээд би Булган руу явах гэж байсан замдаа би өчигдөр нөгөө хэд яасан юм болдоо гэж бодоод би Буянжаргалын 88089056 гэсэн дугаар руу би өөрийнхөө 99507407 дугаараас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 орчим минутын үед залгасан. Тэгтэл утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би талийгаачийн 96678084 дугаар руу өөрийнхөө дугаараас залгатал нилээн дуудуулж байгаад утсыг Энхжаргал авсан. Тэгээд Энхжаргал надад хэлэхдээ талийгаачийг хөл гар нь татаад байна, одоо яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудуулж үзүүл, эхнэрт нь хэл гэж хэлсэн. Тэгтэл угаасаа одоо түргэн ирэх байх гэж хэлсэн, мөн Энхжаргал намайг сая манайд цагдаа нар ирээд манайхаас 3 ширхэг архины шил аваад явсан, чи цагдаа нарт 3 шил архи уусан шүү гэж хэлээрэй гэж хэлсэн. Би тухайн үед айсан байсан учир хэрвээ цагдаа нар намайг асуух юм бол намайг Эрдэнэт хотод буюу танай гэрт хоночихоод яваад өгсөн шүү гэж хэлээрээ гэж дүү Н.Гэрэлмаа руу залгаж хэлсэн юм.

...Намайг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талийгаачийн хамт Буянжаргал, Энхжаргал нарын хамт гэрт байхад Буянжаргал, Энхжаргал хоёроос талийгаачийг цохиж зодсон асуудал байхгүй. Надад талийгаач Р.Бямбасүрэнг цохьё гэсэн санаа байгаагүй. Би тэгтлээ чанга цохиогүй. ...Намайг 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Биокомбинатаас Бэлхэд очиж хоносоныг гэрчлэх Туяа гэрчийг олж байцааж хуралд оролцуулмаар байна.  ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өглөө Туяа ажилдаа явсан. Би хүүхэдтэй нь хамт үлдсэн... /1-р хх-ийн 232-235, 4-р хх-ийн 77-79/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-5, 6-8, 9-13/,

- Тодорхойлолт 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 12 цаг 05 минутад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгино 115а дуудлагаар, Бямбасүрэн 53 настай, Үзлэгээр: Буйдан дээр толгой хойш харуулан хэвтүүлсэн хүрэн эрээн хөнжлөөр хучсан, толгойд алчуур тавьсан байдалтай баруун жавьжнаас шүлс гоожсон, амьсгал зогссон байдалтай байсан. Тодорхойлолт эмч Э.Батчимэг /1-р хх-ийн 14/,

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-18/,

- Хэргийн газраас хурааж авсан лонхонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-26/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-29, 30, 31-33, 34-38, 39-41/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: ...Н.Баянзулын 99507407 дугаартай Нокиа-3310 маркийн гар утсанд 99349938 дугаараас: - 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 18 минутад Та ямар сонин юм бэ, хамт уусан үнэнээ хэлээд оч л доо, бид нарыг яагаад цагдаа ирэх хүртэл хэмжээнд хүргэж байгаа юм бэ, үнэнээ хэл л дээ, төрийн цагдаа үнэнийг чинь олно шүү дээ, бүү ай, зөвхөн танд ч, цагдаад ч хүндрэл учрахгүй, цагдаа нар байрлал тогтооно гэж байна, баривчлагдаж байхаар өөрөө оч л доо, одоо ч байгаа, хурдан очъё гэсэн утга бүхий цахим захидал,

та айгаад байгаа бол утсаар үнэнээ хэлээд очъё, ер нь үнэнээ хэлбэл танд хэрэгтэй шүү, зугтвал хэрэг чинь хүндэрнэ, утсаа аваад уучлалт гуйгаад очъё... /1-р хх-ийн 42-44, 44-47, 48-49, 50-57/ гэсэн цахим захидал зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Н.Баянзул нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 115А тоот Ц.Буянжаргалын гэрийн гаднах таамбарт /амбаарт/ иргэн Р.Бямбасүрэнг Ц.Буянжаргалтай андууран толгойн тус газар нь цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ...Энхжаргалын нөхөр Буянжаргал гэнэт л эхнэртээ уурлаад пизда минь гэх үг хэллэг хэлж ер нь л нилээн уурлаад л байсан, эхнэр Энхжаргалаа талийгаач Р.Бямбасүрэнтэй хардаад уурлаад сүүлдээ над руу хүртэл уурлаж чи муу пизда чамаас болж л манай гэрт дандаа хэрүүл болдог, чи одоо манайхаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд удахгүй зайллаа гэж хэлсэн. Тэгээд би ширээнээс босоод гадуур хувцсаа өмсөлгүй тамхи татахаар ганцаараа гарсан. Гадаа гараад тамхи татаад зогсож байхдаа цонхоор нь харахад гэрээс Буянжаргал гадуур хувцсаа өмсөөд яг гарах гэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би бодохдоо энэ муу түрүүнээс хойш намайг хөөж туугаад байсан, нэг хашраачихъя гэж бодоод байшингынх нь таамбарных нь гадна талд хаалганы хажууд хүн харагдахгүй хэсэгт зогсож байтал таамбарын хаалга нээгдсэн, тэгээд нэг эрэгтэй хүн гарч ирсэн, тэгэхээр нь би эхлээд шанаан тус газар нь нударгаараа нэг удаа цохьсон. Тэгээд хартал талийгаач Р.Бямбасүрэн байсан, талийгаач Р.Бямбасүрэн чи яаж байнаа аа, пизда минь гээд намайг заамдаад авчихсан. Тэгэхээр нь би түүний толгойны хойд хэсэгт нударгаараа нэг удаа цохьсон... гэсэн,

Шүүгдэгч Н.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Намайг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байхад ах Н.Баянзул над руу залгаад хамт архи уусан хүн маань нас барчихсан байна, утас руу залгасан чинь цагдаа утсыг нь аваад тантай хамт архи уусан хүн нас барсан байна, та ирж байцаалт өг гэж хэлсэн гэсэн. Гэтэл ах Н.Баянзул өөрийгөө манай гэрт ирчихсэн байна, очиж байцаалт өгч чадахгүй гэж утсаар хэлсэн байсан. Тэгээд надад хэлэхдээ намайг цагдаа нар асуух юм бол танайд ирээд хоноод явсан гэж хэлээрэй гэж надаас гуйсны дагуу би цагдаа нарт гэрчээр байцаалт өгөхдөө худал мэдүүлсэн, үнэндээ бол манайд ирээгүй... гэсэн,

Гэрч Л.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......Би нөхөр Баянзултай  2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзсан, тэгээд би нөхөр Баянзулыг чи яасан юм  бэ, болсон асуудлыг үнэн зөвөөр хэл гэж хэлсэн. Тэгтэл Баянзул хэлэхдээ Буянжаргалын гэрт 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүний эхнэр Энхжаргал болон талийгаач Бямбасүрэн нарын хамт архи уугаад сууж байтал Буянжаргал гэнэт эхнэр рүүгээ дайрч уурлаад эхнэртэйгээ маргалдаад байхаар нь Буянжаргалыг болиоч гэж хэлэхэд Буянжаргал над руу дайраад байсан гэж хэлсэн. Тэгээд үүнээс болж Баянзулын дургүй хүрсэн гэсэн. Тэгээд манай нөхөр Буянжаргалыг болиоч гэхэд болихгүй өөр рүү нь дайраад байхаар нь дургүй нь хүрээд байшингаас гараад тамхи татаад зогсож байсан гэсэн ба араас нь нэг хүн гараад ирэхээр нь Буянжаргалыг гараад ирлээ гэж бодоод түүнийг нэг сайн хашраагаад цохиод авъя гэж бодоод толгой руу нь гараараа 2 удаа цохьчихсон гэж хэлсэн. Тэгтэл тэр цохиулсан хүн Буянжаргал биш талийгаач Бямбасүрэн байсан гэж хэлсэн, цохиулсныхаа дараа талийгаач Бямбасүрэн Баянзултай барьцалдаж авсан гэсэн... гэсэн мэдүүлгүүд,

- 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл:

 ...Н.Баянзулын 99507407 дугаартай Нокиа-3310 маркийн гар утсанд 99349938 дугаараас: - 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 22 цаг 18 минутад Та ямар сонин юм бэ, хамт архи уусан үнэнээ хэлээд оч л доо, бид нарыг яагаад цагдаа ирэх хүртэл хэмжээнд хүргэж байгаа юм бэ, үнэнээ хэл л дээ, төрийн цагдаа үнэнийг чинь олно шүү дээ бүү ай, зөвхөн танд ч цагдаад ч хүндрэл учрахгүй, цагдаа нар байрлал тогтооно гэж байна, баривчлагдаж байхаар өөрөө оч л доо одоо ч байгаа хурдан очъё гэсэн утга бүхий мессеж, та айгаад байгаа бол утсаар үнэнээ хэлээд оч, ер нь үнэнээ хэлбэл танд хэрэгтэй шүү, зугтвал хэрэг чинь хүндэрнэ утсаа аваад уучлалт гуйгаад оч гэсэн цахим захидал,

Гэрч М.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Н.Баянзул манайд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажилдаа явсан хойгуур манайд ирсэн. Тэдний ар гэр болон өмгөөлөгч нар нь та 2014 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед ирсэн гээд хэлчих гэхээр нь би үнэнээр нь 21-нд ирсэн гэж хэлнэ гэхэд намайг хэдүүлээ тохирчихье гэж хэлээд ятгаад гуйгаад байсан. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлж байна... гэсэн,

Гэрч Д.Долгоржавын мөрдөн байцаалтад өгсөн ...Тэгээд би босож Энхжаргалтай хамт гарч тэдний байшинд очтол байшингийн үүдний таамбар дотор талийгаач толгой нь одоо миний санаж байгаагаар үүд рүү чиглэсэн байдалтай, хажуу тийшээ харчихсан ганцаараа хэвтэж байсан. Талийгаачийн ойр орчимд юу юу байсныг би санахгүй байна. Тэгээд би Энхжаргалын хамт талийгаачийг хоёр талаас нь сугадаж өргөөд байшин руу оруулж гэрийнх нь голд байдаг буйдан орон дээр хэвтүүлсэн. Тухайн үед талийгаач амьд байсан, хариу үйлдэл бараг үзүүлээгүй, намайг лав өөрийг нь өргөөд босгож байхад гараараа намайг нэг түлхсэн. Энэ үед Баянзул бол байхгүй байсан. Түүнийг хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Байшинд ямар нэгэн зодоон маргаан болсон шинж тэмдэг надад ажиглагдаагүй. Би талийгаачийг орон дээр хэвтүүлчихээд л гараад явсан. Талийгаачийн хэвтэж байсан газар цус байгаагүй...  гэсэн,

Гэрч П.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 01-02 цагийн үед би бие засах гээд гартал Бямбасүрэн үүдний амбаарт хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд манай урд хашааны айл Долгоржавынд ороод Долгоржавыг гэрээс нь авч гараад Бямбасүрэнг үүдний амбаараас өргөж гэрт оруулаад орон дээр унтуулсан.

...Маргааш 11 цагийн үед  өрхийн эмч ирж үзээд даралт нь 0 болсон байна гэж хэлсэн. Ирсэн эмч тариа хийх гэсэн чинь тариа нь орохгүй байсан. Тэгээд Бямбасүрэн нас барсан... гэсэн,

Гэрч Ц.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би орой 22 цагт согтоод унтаад өгсөн. Баянзул хэзээ явсныг мэдэхгүй, өглөө 08 цагийн үед босоход Бямбасүрэн орон дээр унтаж байсан. Энхжаргал Бямбасүрэнг орон дээр уртаар амьсгалаад гэж надад хэлсэн. Тэгээд гэр орныхоо эд зүйлийг янзалж цэвэрлэж байгаад амьсгаадаад байхаар нь 10 цаг өнгөрч байхад түргэн дуудаад өрхийн эмнэлгийн эмч нар 12 цагийн үед ирж үзээд Бямбасүрэнг амьсгал хураасан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бид нар хоорондоо маргалдаж зодоон болсон зүйл байхгүй... гэсэн,

Шинжээч Н.Туяагийн өгсөн: ...Уг гэмтэл нь толгой орой хэсэгт цохих, цохигдох үед үүсгэгдэнэ. Унахад үүсэхгүй. Тархинд бол тийм гэмтэл учирч болно ясанд бол өөрийн биеийн жингээр юм мөргөхөд үүсэхгүй. Хүний тархины яс өөрөө зузаан. Уг гэмтлийг авсан хүн үйлдэл хөдөлгөөн хийнэ. Уг гэмтлийг аваад талийгаач амьд явах хүртэл хугацааг Монгол улсад одоогоор тогтоох боломж байхгүй. Энэ гэмтлийг аваад тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийж болно. Үүнд хоол хийх, хүнтэй ярих, явах, ус уух зэргийг хийнэ. Тархинд цусан хураа нь багаас эхлээд аажмаар томроод тархиа дарах хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж болно. Улмаар амьсгалыг түгжиж амьсгал зогсох хүртэл амьд байх боломжтой. Тархины цусан хураа хэр хурдан үүсэх нөхцөл хугацаа янз бүр байдаг. Талийгаачийн гавлын яс нь 0.3 см зузаан байсан, энэ бол нимгэн. Ийм нимгэн ястай хүнийг ямар нэг зулайн хэсгээр мөргөхөд зулайн яс хугарах боловч тархинд ийм хэмжээний гэмтэл учрахгүй. Цохигдсон үед үүснэ. Хэдэн удаагийн үйлдлээр үүссэн бэ гэдгийг тогтоох боломжгүй. Гараар цохиход энэ гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. 6-8 цаг гэдэг нь тархины цусан хураа үүссэн хугацааг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, үүссэн байгаа цусан хураа тэрний шинж байдлаас шалтгаалаад 6-8 цаг гэж хэлсэн. Тэгэхдээ энэ нь 2, 2 цагийн хэлбэлзэлтэй байгаа. Яг тэдэн цагт үүссэн гэж хэлэх боломжгүй... гэсэн,

Шинжээч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарсан гэх айлд ирэхээс өмнө уг гэмтлийг аваагүй, хэргийн материалд авагдсан мэдээллээр 2014-11-20-ны өдрийн 17 цагаас эхлэн талийгаач Р.Бямбасүрэн болон уг айлд байсан хүмүүс архи уусан талаар дурдагдсанаас үзэхэд уг цаг хугацаанаас хойш гэмтэл үсгэгдсэн гэж үзэж болно. Уг гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийж явах боломжгүй. Хүний биеийн өөрийн онцлог байдлаас шалтгаалан гэмтэл авсан хүн хэдэн ч цаг комын байдалтай байж болно. Тухайн үед яаралтай задлан шинжилгээнд /цогцос хөрөөгүй/ орсон учраас хэдэн цагт гэмтэл авсан гэдгийг нарийн тогтоох боломжгүй... гэсэн мэдүүлгүүд,

 

Талийгаач Р.Бямбасүрэнгийн биед задлан шинжилгээ хийсэн акт №2169 тоот, №443 тоот дүгнэлтүүд, хувцас, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Н.Гэрэлмаагийн 99349938 дугаарын утаснаас Н.Баянзулын 99507407 дугаарын утас руу явуулсан з цахим захидал, Н.Гэрэлмаагийн 99349938, Н.Баянзулын 99507407, 99959075 дугаарын утасны жагсаалтыг шалгасан тухай баримтууд, гар утасны жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн тухайд Ц.Буянжаргал нь шүүгдэгч Н.Баянзулд ...чи яахаараа манай эхнэрт архи, набор авч өгдөг юм... гэж хардаж, уурласныг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь үгүйсгээгүй бөгөөд энэ байдалд дургүйцсэн Н.Баянзул гэрийн гадаа зогсож байхад амь хохирогч Р.Бямбасүрэнг гэрээс гарч ирэхэд түүнийг Ц.Буянжаргалыг гарч ирлээ гэж андууран түүний толгой, шанаанд цохиж гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доор цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал бүхийн гэмтэл учруулснаас Р.Бямбасүрэнгийн амь нас хохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Баянзулын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амь хохирогч Р.Бямбасүрэнгийн толгойн тус газар цохисон байдал, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.Баянзул нь шүүхийн хэлэлцүүлэгт: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ зохиож ярьсан, Алтангадас гэдэг мөрдөн байцаагч надад худал хэлж мэдүүлэг авсан гэж мэдүүлэх ба шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй бөгөөд ингэж мэдүүлснийг нь буруутгахгүйн дээр түүнд холбогдох хэрэгт Ш.Ербол, Э.Мандахнаран гэх мөрдөн байцаагч нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, улмаар Н.Баянзулыг сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдолтой боловч мэдүүлэг өгөх чадвартай, өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадвартай гэж дүгнэсэн Шүүх сэтгэц гэм судлалын №15 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баянзулаас мөрдөн байцаагч гуйж ятгахад яагаад худал мэдүүлэг өгсөн талаар асуухад хариулж чадахгүй байсан зэргээр няцаагдаж байна.

 

Мөн шүүгдэгч Н.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 228-229, 232-235/ нь хэрэгт байгаа бусад нотлох баримтууд болох гэрч Л.Лхагва, М.Туяа, П.Энхжаргал, Ц.Буянжаргал нарын мэдүүлэг, гар утас болон утасны жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар тогтоогдож байна.

 

Шинжээч Н.Туяа, Г.Энхбаатар нарын удаа дараагийн мэдүүлэг, байцаалтад ...талийгаачийг хатуу мохоо зүйлээр буюу мод, чулуу, төмөр, архины шил ч юм уу, тийм хатуу зүйлээр цохиж амь насыг нь хохироосон... гэснийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт зааснаар үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2169, №443 тоот дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Баянзулын өмгөөлөгч нар шүүгдэгчийн мэдүүлэг, түүний үйлдэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэснийг шүүх дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Гэрэлмаа нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч  Н.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15-16 цагийн хооронд ах Баянзул ярьсан. Ах нь балраад явж байна гэхээр нь яасан бэ гэхэд Био комбинат дээр найзуудтайгаа архи уусан, тэгсэн Бямбасүрэн нас барсан байна гэсэн. Тэгэхээр нь би та гар хүрсэн үү гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр нь хэдэн цагт яаж явсан бэ гэхэд ах нь орой гараад явсан. Чи намайг гэртээ байгаа гэж хэлээрэй гэсэн. Дараа нь би ахдаа одоо цагдаа дээр оч, хаана явж байна вэ гэж хэлэхээр Баянзул ах нэг бол утсаа авахгүй, нэг бол утсаа таслаад байсан. Тэгээд байж байтал 21-ний өдрийн орой 2 цагдаа ирсэн. Ах чинь танайд хоносон уу гэхэд манай ах гар хүрээгүй гэсэн болохоор манайд ирж хоносон гэж хэлсэн. Баянзул ахын эхнэр Лхагваа ч гэсэн ингэж хэлээрэй гээд байсан. Би одоо бол ингэж хэлсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Баянзулын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дүү Гэрэлмаад 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ахыгаа Эрдэнэтэд байгаа, өнөө орой вагоноор гарна гэж хэлээрэй гэсэн. Тэгсэн манай дүү бас худал мэдүүлэг өгсөн гээд хэрэгт орсон байна гэсэн мэдүүлэг,

Н.Гэрэлмаагийн 99349938, Н.Баянзулын 99507407, 99959075 дугаарын утасны жагсаалтыг шалгасан тухай баримтууд /2-р хх-ийн 1-8/, гар утасны жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 9-11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Баянзулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял оногдуулах,

Шүүдэгч Н.Гэрэлмааг гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг нь 2014 оын 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн, шүүгдэгч Н.Гэрэлмаа нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Баянзул, Н.Гэрэлмаа нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тэдний ял шалгах хуудас /1-р хх-ийн 248, 3-р хх-ийн 106/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Баянзулд ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баянзулаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирлоо нэхэмжилнэ гэсэн ба оршуулгын зардалд 8.002.880 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, мөн Хаан банкны барьцаат зээлийн гэрээний 4.929.766 төгрөг, 2016 оны 443 тоот шинжээчийн дүгнэлт гарахад зарцуулсан 329.400 төгрөг, шатахууны хөлс 40.000 төгрөг, нийтдээ  14.302.046 төгрөг нэхэмжилсэн болно.

Хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбогдох баримтуудаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа нь оршуулгын зардалд 8.002.880 төгрөг нэхэмжилснээс /2-р хавтасны 37-98/, давхардсан, худалдан авагчийн нэр болон ямар байгууллагаас авсан нь тодорхойгүй /2-р хх-ийн 88-95/, нотлох баримтын шаардлага хангаагүй 323.600 төгрөгийн баримтуудыг хангахгүй орхиж, нийт 7.679.280 төгрөг, 2016 оны 443 тоот шинжээчийн дүгнэлт гарахад зарцуулсан 329.400 төгрөг, шатахууны хөлс 40.000 төгрөг,

Гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан /2-р хх-ийн 43, 245/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг төлсөн, үлдэх 500.000 төгрөгийг төлөөгүй гэж мэдүүлэх тул Н.Баянзулаас өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг, нийтдээ 8.548.680 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяад олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяа оршуулгын зардалтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Амь хохирогч Р.Бямбасүрэн, Л.Алтантуяа нар нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хаан банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж /2-р хх-ийн 96/ 3.800.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авч үндсэн зээл болон хүүг хугацаанд нь төлөөгүйгээс хуримтлал үүсч 4.929.766 төгрөг болсон гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, улмаар уг гэрээний үнийн дүн болон хүү болох 4.929.766 төгрөгийг шүүгдэгч Н.Баянзулаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хэрэгт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх... эрхтэй гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баянзулын эхнэр Л.Лхагва гэрчээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Н.Баянзулын энэ хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийтдээ 660 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонуд овогт Намжилын Баянзулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Н.Гэрэлмааг гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэрэлмаагийн үйлдсэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Олхонуд овогт Намжилын Баянзулыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Баянзулд оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баянзулын цагдан хоригдсон 660 /зургаан зуун жар/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянзулаас нийт 8.548.680 /найман сая таван зуун дөчин найман мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гэрэлмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

- шүүгдэгч Н.Баянзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Баянзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр, Н.Гэрэлмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЖИГҮҮР     

                         

                      ШҮҮГЧИД                                       Б.БАТБОЛОР

 

                                                                              Х.ОДБАЯР