Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1147

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          19                                   2020/ШЦТ/1147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Л.Галав,   

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2006 00000 1235 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Туул гарден" амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч иргэн О.Болорзул, М.Баянжаргал нарт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Болорзулын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний орой гэр бүлийн найзууд болох 6 хүний бүрэлдэхүүнтэй амралтанд ирсэн. Тэгээд хоноод өчигдөр өглөө ажилдаа яваад орой 17:00 цагийн үед эргэж ирээд хоносон. Бид нар 02-ны орой 23:00 цаг өнгөрч байхад унтацгаасан. Тэгээд өглөө сэрэхэд миний цүнхний урд талын цахилгаан тал онгорхой. Дотор нь байсан жижиг ээмэгний хайрцганд байсан ээмэгний өрөөсөн нь алга болсон байсан. Манай найз Баянжаргалын Самсунг Эс-8 плас маркийн гар утас нь алга болсон байсан. Амралтын гэр нь дотор талдаа нэг уяатай байсан. 995 сорьцтой алтан ээмэг. Хэдэн грамтайг нь сайн санахгүй байна. 3 жилийн өмнө Мөнгөн завьяагаас 2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өрөөсөн ээмгээ 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Би хүн орохыг мэдээгүй. Манай найз Болормаа хэлэхдээ шөнө нэг хүн ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би согтуу хүн байх гэж бодоод хөөж гаргасан гэж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Хохирогч М.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

            ... би 2020 оны 05 дугаар сарын 01-ний орой гэр бүлийн найзуудын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Туул гарден" амралтанд очиж гэр авч байрлаж амарсан. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө миний самсунг галакси Эс-8 плас загварын гар утас хулгайд алдагдсан болохыг өглөөний 06 цагийн үед мэдсэн. Ингээд цагдаад дуудлага өгч цагдаагийн бүрэлдэхүүн ирж ажиллаж миний гар утсыг олж хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

... Б.Агийн амарсан гэх амралтын газар нь БЗД-ийн 11-р хороо Туул гарден гэх нэртэй байх ба дээд хэсэгт нь гарсан гэх гэрийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд дотогш нэвтэрч эд зүйл авсан гэх гэр нь уг амралтын газрын ертөнцийн зүгээр баруун хойд талаасаа 2 дахь гэр байх ба уг гэрийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хулгайлсан гэх Самсунг Галакси Эс-8 плас гар утсыг өөрийн амарч байсан үүдэндээ 7 гэх дугаартай гэрийн зүүн хэсэгт байх модны ёроол руу шидсэн гэх ба уг мод нь гэрээс 11 метр зайд байрлах ба уг газрыг өөрөөр нь заалгаж, эд зүйлийг 85 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн гэрч Б.Агийн мэдүүлснээр шар өнгийн ээмэгийг өөрийн амарч байсан 7 дугаартай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш өвсөн дунд руу шидсэн гэх ба уг газрыг өөрөөр нь заалган гэрэл зургаар бэхжүүлэн авч Eureka Gold нэртэй металл илрүүлэгч ашиглаж үзлэгийг хийхэд уг гэрээс баруун урагш 8,29 мерт зайд өвсөн дунд байсныг илрүүлж 86 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. Ажиллагааны явцад өөр ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт илрээгүй гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 34-37/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 981 дугаартай:

999 сорьцтой шижир алтан ээмэг /2018 онд мөнгөн завъяагаас хосоор нь 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан/ 1 ширхэг нь 1.050.000 төгрөг, самсунг эс-8 плас загварын гар утас 250.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39/,

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой 19:00 цагийн үед өөрийн ажлын газрын менежер Хайдавванчиг ахыг ажлаас гарч байгаатай холбогдуулан ажлынхаа газрын 11 хүмүүсийн хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Туул гарден" амралтын газарт очсон. Тэгээд бид нар тэр амралтын газраас нэг гэр аваад уг гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Шөнө болоод хэсэг сууцгааж байгаад хүмүүс цуваад явцгаасан. Би бүх хүмүүсийг гаргаж өгсөн. Миний хувьд өөрийн найзыг амралтын газраас ирж аваарай гээд хэлчихсэн байсан. Би архи нилээн уусан болохоор согтсон байсан. Миний санаж байгаагаар би хамгийн сүүлд ажлын газрын 3 хүнийг гаргаж өгчхөөд буцаад амралтын гэр рүү явах замдаа манай гэрийн урд байсан гэр рүү ороод ширээн дээр байсан гар утас, өрөөсөн ээмгийг нь аваад ор руу дөхөх үед нэг эмэгтэй хүн намайг гэрээ андуурсан байна гэж хэлэхээр нь би өө тийм үү уучлаарай гэж хэлээд гарсан. Тэгээд би амралтын гэр рүүгээ орохын өмнө буруу зүйл хийж байгаагаа ухаараад гар утас болон ээмгийг буцааж оруулж өгөхөөс айгаад газарт шидэж хаясан. Ингээд би амралтын гэрт унтаж байгаад өглөө нь амралтын газарт үлдсэн байсан 2 ахын ар гэрээс хүн ирсэн болохоор гэр рүүгээ хүргүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-10/,

-хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 12-13/,

-Б.Агаас самсунг галакси эс-8 плас загварын гар утас 1 ширхэг, ягаан өнгийн шигтгээтэй 995 –н сорьцтой алтан ээмэг 1 ширхэгийг хураан авсан эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-16/,

-Б.Агаа хураан авсан  ягаан өнгийн шигтгээтэй 995 –н сорьцтой алтан ээмэг 1 ширхэгийг хохирогч О.Болорзулд, самсунг галакси эс-8 плас загварын гар утас 1 ширхэгийг хохирогч М.Баянжаргалд тус тус хүлээлгэн өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 17-18/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 58/,

-хохирогч М.Баянжаргал, О.Болорзул нарын “эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтүүд /хх 81-82/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71-78/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь амрагчдыг байрлуулах зориулалттай гэр байх бөгөөд энэ нь нэг субеъктийн эрх ашиг, орон зайг нөгөө субеъктийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм. 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны явцад камерын бичлэгт хийсэн үзлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

 Шүүгдэгч Б.А нь хохирогч нарын тусдаа амарч байсан гэрт нэвтэрч тус гэрт хохирогч нарыг унтаж байгааг мэдсэн дариу бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсч хийгдсэн санаатай үйлдэл юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди дэх бичлэгийг шүүх хуралдааны явцад үзэн шинжлэн судалхад шүүгдэгч Б.Аг согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж өөрийн үйлдлийг удирдах чадваргүй байсан гэж дүгнэх ямарч боломжгүй байна. Бичлэгт авагдсанаар тэрээр гэр дээр авирах, авирч гараад зөөлөн хэтэж явах, тооноор дотогш харж байгаа, гэрүүдийн дундуур явахдаа орчны байдлыг ажиглаж байгаа зэрэг нь өөрийн хийж байгаа үйлдлийг хянаж, мэдэж байгааг тод илэрхийлж байна. Нөгөөтэйгүүр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй.

Шүүгдэгч нь гэр андуурч орсон. Бусдын эд зүйлийг хулгайлах санаа зорилго байгаагүй гэх боловч ширээн дээр байсан гар утас, орны толгойд зүүлттэй байсан цүнхний цахилгааныг онгойлгож хайрцагнаас ээмэг авсан үйлдлийг андуурч хийсэн үйлдэл гэж үзэх боломжгүй юм.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Агийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг барагдуулж, эд зүйлийг буцаан өгсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хойшлуулашгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад алба хаагч нар олж хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлснээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хулгай хийсэн үйлдэлийн гэм бурууг хүлээн зөвшөөрнө. Харин үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд  нэвтэрч үйлдсэн гэж үйлдэлийг хүндэрүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ үндэслэлээр гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж мэтгэлцэж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг зааж, хүндэрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн байхыг хуульчилсан бол 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэргийн хүндэрүүлэх нөхцөл байдлыг хуульчлан тогтоосон байдаг бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход дээрх тус тусдаа ойлголтыг нэг утгатай гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж оролцсон байр суурийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж..., 1.3 дахь заалтад заасан “...хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсанд хамаатуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.

Иймд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бух овогт Баяндалайн Аг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аг хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ