Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1012

 

 

 

 

 

 

     2020         08           13                                           2020/ДШМ/1012

 

 

Б.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Мөнхтуяа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох эрүүгийн 2006000001235 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

......................, 19... оны ....... дүгээр сарын .......-ний өдөр .......... аймгийн ................... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Си Би Эч Кейр” ХХК-нд борлуулалтын албанд ажилладаг, ам бүл 7, хойд эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн .............................., Зүүн тасганы 7-96 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ганьтын 40А байрны 9 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............../;

Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, иргэн О.Болорзулын алтан ээмэг 1 ширхэг, М.Баянжаргалын “Самсунг галакси Эс-8” плас загварын гар утас 1 ширхэг зэргийг авч, нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........................г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Туул гарден” гэх гэх амралтанд ажлынхаа хамт олонтой амарсан. Шөнө нь бид нар явах байсан боловч ажлын 2 ах тасарчихаад менежер намайг найзыгаа иртэл түр хараад байж байгаарай гэж үлдээсэн. Энэ хооронд би найзыгаа хүлээж байгаад унтчихсан. Өглөө нь сэрээд утсаа хартал шөнө ирсэн найзаас минь 10 дуудлага ирсэн байсан. Тэгээд өглөө нь Мөнхтулга ахын эхнэр нь ирээд бид хоёрыг авч явж, намайг гэрт минь хүргэж өгсөн. Гэртээ унтаж байхад утас дуугарч “Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ярьж байна. Уулын зам дээр зам тээврийн осол хийсэн байна, ирж яаралтай уулзана уу” гэж дуудсан. Дуудсан ёсоор очиход байцаагч Энхбаяр гэх цагдаа “авсан утас, өрөөсөн ээмэг хоёроо гаргаад ир” гэсэн. “Юун утас, ээмэг” гэхэд “Туул гарден” гэр амралтын газраас чи хулгай хийсэн байна.” гэсэн. “Би хулгай хийгээгүй” гэж мэдүүлэхэд намайг шууд зодон “эцсийн удаа асууя” гэхэд би аваагүй гэдгээ хэлэхэд намайг элэгдэж, тохойдон, шанаадаж байгаад камерын бичлэг үзүүлсэн. “Камерын бичлэг дээр явж байгаа чи мөн үү” гэхээр нь би “мөн” гэхэд “тэгвэл чи тэр гэр рүү орж өрөөсөн ээмэг, гар утас хулгайлсан байна” гэж дахин зодсон. Би тэр гэр лүү ороогүй гэж мэдүүлэхэд за тэгвэл хэргийн газар очиж дүн шинжилгээ хийнэ гэж намайг авч яван “Туул гарден” амралтын газар очиж шинжилгээ хийхэд хулгайд алдсан гэх гар утас тэр гэрээс 20-оос 30 метрийн зайнаас Энхбаяр гэх байцаагч өөрөө олсон. Тэгээд буцааж тавиад “Амарзаяа ийшээ гараа заа” гэж хэлээд нэг цагдаа зураг дарсан. Мөн өрөөсөн ээмгийг металл илрүүлэгчээр олно гэж байцаагч Энхбаяр хохирогч нарын хамт үлдсэн. Гурван цагдаа нь өөр дуудлагаар гэмтлийн эмнэлэг рүү явахаар болоод намайг хамт дагуулж явсан. Гэмтлийн эмнэлэг дээр байж байхад металл илрүүлэгч ирчихлээ гэж буцаж очоод металл илрүүлэгчийг дөнгөж ажиллуулж эхэлмэгц Энхбаяр байцаагч металл илрүүлэгчээс зайтай газрын өвсөн дундаас “энд байна шүү дээ, юу харж байдаг юм бэ” гээд гараараа барин гаргаж ирээд буцааж өвсөн дунд тавиад намайг “ийшээ заа” гэж хэлээд зураг дарсан. Металл илрүүлэгчээр олоогүй гараараа олсон хэрнээ өөр нэг цагдаатай ярилцан “нэгэнт металл илрүүлэгч авчирсан юм чинь металл илрүүлэгчээр олсон гэж зураг даран хавтаст хэрэгтээ хавсаргавал яадаг юм” гэж хоорондоо ярилцан, металл илрүүлэгч ажиллуулж байсан хүнийг “ийшээ зогсож бай” гэж хэлсэн. Ээмэг дээр металл илрүүлэгч барьж байгаад зураг дарсан. Хохирогч нарыг дуудсан цагт хэлтэс дээр ирээрэй гээд явуулсан. Намайг харин хэлтэс рүүгээ авч явсан. ...Энэ өдрөөс хойш 5 сарын дундуур Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ярьж “та ирж мэдүүлэг өгнө үү” гэж дуудсан. Тэгээд очиход Энхбаяр байцаагч солигдож Саруултөгс гэх байцаагч “над дээр чиний хэрэг шилжиж ирсэн” гэж хэлээд хэргийн материалыг танилцуулсан. ...“ямар санаатай хулгай хийсэн юм бэ” гэж хэлэхэд нь би “яг үнэндээ байцаагчаа хулгай хийгээгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхэд “Амарзаяа ингээд үгүйсгээд байх юм бол ял чинь нэмэгдэж, хэрэг чинь хүндэрнэ шүү, ер нь чи өмгөөлөгч авах уу” гэхэд нь би “авъя” гэсэн. Байцаагч “миний таньдаг өмгөөлөгч байгаа, хэд хэдэн хэрэг дээр хамт ажиллаж байсан гайгүй өмгөөлөгч байгаа” гэхээр нь би авсан. Тэгээд миний хэргийн материалтай танилцаж байхад байцаагч Саруултөгс “Амарзаяа хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, үнэн зөвөөр мэдүүлгээ өгөхгүй байна” гэхэд өмгөөлөгч хэргийн материалыг уншиж дуусаад “за Амарзаяа чи хэрвээ үнэн зөвөөр мэдүүлэхгүй бол ял чинь нэмэгдэх юм байна” гэж хэлсэн. Тэгээд Саруултөгс байцаагчтай ярилцаж байгаад миний өмнөөс мэдүүлгийг бичсэн. Мэдүүлэг авч дууссаны дараа өмгөөлөгчтэйгээ уулзахад “чиний ялыг чинь 1 жил болгож өгч чадна” гэхэд нь би “үгүй ээ, хийгээгүй хэргийнхээ төлөө ял авмааргүй байна” гэж хэлсэн. ...Иймд уг хэргийг мөрдөн байцаах шат руу буцааж, үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр Ц.Алтанцэцэг гэх өмгөөлөгчийг авсан. Шүүгдэгч Б.А нь анх гаргаж байсан давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. “Ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлоо дэмжихгүй, хэргийг дахин шалгуулах давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Миний хувьд мөн гаргасан давж заалдах гомдлынхоо агуулгыг өөрчилж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд гэрч Амартүвшин, хохирогч Болорзул, Баянжаргал нарыг оролцуулах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Шүүгдэгч Б.А эд зүйлийг авсан уу гэдгийг таньж олуулахаар биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Хэрэгт сиди бичлэгийг хавсаргасан байсныг танилцах хүсэлт гаргасан боловч гэмтсэн байсан. Яагаад гэмтсэн талаар асуухад прокуророос анхан шатны шүүхэд хүлээлгэн өгсөн боловч шүүх дээр гэмтсэн байсан. Гэм буруугийн хуралд дахин хуулбарлаж гаргаж өгнө гэж прокурор хэлсэн. Ингээд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн туслахад сидитэй танилцъя гэсэн хүсэлт өгсөн боловч “шүүгч таныг шүүх хуралдаан дээр танилц гэсэн, наана нь танилцуулж болохгүй” гэж надад хэлсэн. Ингээд нотлох баримттай бүрэн танилцах боломж олгоогүй. Анхан шатны шүүх хурал 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутад эхэлсэн. Ажлын цаг 17 цаг 30 минутад дууссан байсан. Би ажлын цаг дууссан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл миний хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүх хуралдаан эхлээд ажлын цаг дууссан учир 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хийнэ хэмээн завсарлуулж алдаа гаргасан. Гэрч Амартүвшин, хохирогч Болорзул, Баянжаргал нарыг оролцуулах хүсэлтээ дэмжсэн боловч “нэгэнт урьдчилсан хэлэлцүүлэгт ийм хүсэлт гаргаагүй учир шинээр гэрч, хохирогч нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн авахгүй” гэж хэлээд оролцуулаагүй. Шүүгдэгч Б.А нь эхний мэдүүлэгтээ “би нилээд согтсон байсан учир болсон үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлсэн. Хоёр дахь мэдүүлэгтээ “авснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн. Амралтын газрын хулгай орсон гэх гэрийн үүдэнд камер байдаг. Гэтэл энэ бичлэгийг гаргаж аваагүй, ямар нэг ажиллагаа хийгээгүйг гайхаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Атай очиж уулзахад би өөрийн гараар бичсэн давж заалдах гомдлоо үнэн үгээр сэтгэлээсээ бичсэн. Харин бусдыг нь цагдаагийн байгууллагын дарамт шахалт, өмгөөлөгчийн зөвлөснөөр бичсэн. Би өөрийнх нь бичсэн давж заалдах гомдлыг уншиж танилцуулж өгнө үү гэж хүсэж байна. Б.А нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийтгэх тогтоолыг гардаж аваад 13 дахь хоног дээр давж заалдах гомдлоо бичсэн. 3 хоногийн дараа өмгөөлөгч Н.Одонтуяа ирээд ялаа хассан нь дээр гэхээр нь би гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн. Үүнийг өмгөөлөгч Н.Одонтуяа үгүйсгэхгүй байгаа гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 3 өөр өмгөөлөгч энэ хэрэгт оролцсон. Хулгайлсан гэж байгаа өрөөсөн ээмэг, гар утас нь хулгайд алдагдсан эсэх нь эргэлзээтэй. Хавтас хэргийн 6 дугаар хуудсанд гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Баттулга гэх хүн гомдол гаргасан. Гэтэл энэ хэрэгт Баттулга гэх хохирогч байхгүй. Баттулга гэх хүн юу алдсан талаар мэдээлэл байхгүй. Үнэхээр энэ хэрэгт гар утсаа яаж хулгайд алдсан, ээмэг юм уу, бөгж юм уу гэдэг нь тодорхойгүй. Хавтас хэргийн 7 дугаар хуудсанд 5 дугаар сарын 3-ны өдрийн 8 цаг 50 минутад хэргийн газрын үзлэг хийгээд “гутлын мөр илрүүлсэн, цүнхний зургийг гэрэл зургаар бэхжүүлэн авах” гэсэн хэрнээ хавтас хэрэгт цүнхний зураг байхгүй. Хайрцагтай өрөөсөн ээмэгний зураг байдаг хэдий ч зүүж явсан эсэх, хайрцаганд байсан эсэх нь тодорхойгүй. 2 ширхэг гутлын мөр бэхжүүлэн авсан хэдий ч Б.Агийн гутлын мөртэй таарч байгаа эсэхэд ямар нэг ажиллагаа хийгээгүй. Хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд “5 дугаар сарын 3-ны өдөр гар утас, бөгж, гутлын улны мөр 2 ширхэгийг хураан авсныг хүчинтэйд тооцуулахаар явуулав” гэсэн мөрдөгчийн санал байна. Хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд 5 дугаар сарын 4-ний өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолд мөн адил бөгж гэж бичигдсэн байсан. Мөн хавтас хэргийн 17 дугаар хуудсанд “бөгжийг хүлээлгэн өгөв” гээд хохирогч Болорзул гарын үсэг зурсан. Иймд өрөөсөн ээмэг юм уу, бөгж алга болсон эсэх нь тодорхойгүй. Хавтас хэргийн 34 дүгээр хуудсанд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд 16 цаг 40 минутад эхлээд 21 цаг 10 минутад дууссан. Гэтэл “5 дугаар сарын 3-ны өдрийн 21 цаг 55 минутад мэдүүлгийг дуусгав” гэж компьютер дээр бичээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст мэдүүлэг авсан байсан. Мэдүүлэг авсны дараа газар дээр нь шалгаагүй. Харин дараа нь мэдүүлэг авсан байсан. “Туул гарден” амралтын газар нь 7 гэртэй, 4 камертай. Хулгайд эд зүйл алдсан гэх гэр камерын бичлэгт хамрагдах бүрэн боломжтой. Гэтэл хулгайд эд зүйлээ алдсан гэх гэр рүү орсон бичлэг байхгүй. Жорлон луу орсон бичлэг, эзэнгүй гэр дээр гараад тооноор нь харж байгаа бичлэг байгаа. Б.А нь “би 2 ахын унтаж байсан гэрийг андуурсан. Хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь тоонон дээр нь гараад орилсон” гэж мэдүүлсэн. Гэтэл үүнийг хулгай хийх гээд гэр дээр гараад яваад байсан гэж үзсэн. Ийм нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа. Ажлын газрын хүмүүс нь бөөндөө байж байхад нь энэ 2 эмэгтэй өөрсдөө гэр андуураад орж ирсэн. Хэрэв хулгай хийх гэж орсон бол 2 утас ширээн дээр байж байхад аваад гарах боломжтой. Цүнхийг онгойлгоод хайрцаганд байсан нэг ширхэг ээмгийг авах шаардлага байхгүй, хайрцагтай нь аваад гарна. Б.Агийн найз нь амралтын газрын гадаа ирээд 10 удаа дуудлага хийсэн. Гэтэл Б.А мэдэлгүй унтаад өгсөн байсан. Хулгай хийж авсан бол модны хажууд хаяад унтаад өгөх ямар шаардлага байгаа юм бэ. Маргааш нь энэ хүүхэд унтаж байхад орж ирээд “миний гар утас алга” гэхэд “2 утасны 1 нь алга болдог ямар сонин юм бэ” гэж хэлж байсан. Камерын бичлэг бүрэн бүтэн байсаар байтал ганц тоонон дээр гарч байгаа бичлэгийг нотлох баримтаар үзүүлсэн. Хохирогч нар “гэр нь дотор талдаа уяатай юм байна лээ” гэж мэдүүлсэн. Тэгвэл тэр уяаг яаж тайлсан юм бэ. Мөрдөгч Б.Аг гэрээс нь дуудаж авч гараад машиндаа суулгаад яваад байсан. Металл хайгчаар бөгжийг олоогүй. Металл хайгчийг ажиллуулсан хүнийг гэрчээр асуумаар байна. Анхны мэдүүлэгтээ би согтуу байсан, санахгүй байна гэдгээ мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хууль бус явагдсан. Хохирогч нар алдсан эд зүйлийн талаар мэдээлэл дуудлага өгөөгүй. Зориудаар нөхцөл байдалд нь тааруулж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ нөхцөл байдлыг дахин шалгах шаардлагатай. Хохирогч нар өөрсдөө мэдэж байгаа болохоор шүүх хуралдаанд орохгүй гээд ирэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж, хууль бусаар явуулсан учир ял авах хэмжээнд очсон. Хүний үгэнд ороод би хийсэн гэж хэлсэн. Хууль ёсны дагуу шалгаж тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор П.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, иргэн О.Болорзул, М.Баянжаргал нарт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Хавтас хэргийн 34 дүгээр талд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдсан. Хулгайлсан эд зүйлээ хаясан газраа өөрөө заасан учир эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн. Ээмэг, бөгж гэх асуудал нь хохирогчийн өгсөн мэдүүлэгт “өрөөсөн ээмэг алдсан” гэж мэдүүлсэн. Мөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд 1 өрөөсөн ээмэг гэдгийг тодорхой бичсэн. Анхан шатны шүүхийн 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, иргэн О.Болорзулын алтан ээмэг 1 ширхэг, М.Баянжаргалын “Самсунг галакси Эс-8” плас загварын гар утас 1 ширхэг зэргийг авч, нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Болорзулын “...Бид нар 2-ны орой 23:00 цаг өнгөрч байхад унтацгаасан. Тэгээд өглөө сэрэхэд миний цүнхний урд талын цахилгаан тал онгорхой, дотор нь байсан жижиг ээмэгний хайрцганд байсан ээмэгний өрөөсөн нь алга болсон байсан. Манай найз Баянжаргалын “Самсунг Эс-8” плас маркийн гар утас нь алга болсон байсан. Амралтын гэр нь дотор талдаа нэг уяатай байсан. 995 сорьцтой алтан ээмэг. Хэдэн граммтайг нь сайн санахгүй байна. ...Манай найз Болормаа хэлэхдээ шөнө нэг хүн ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би согтуу хүн байх гэж бодоод хөөж гаргасан гэж байсан. ...” /хх 20-21/,

хохирогч М.Баянжаргалын “...2020 оны 5 дугаар сарын 1-ний орой гэр бүлийн найзуудын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Туул гарден” амралтанд очиж гэр авч байрлаж амарсан. 2020 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө миний “Самсунг галакси Эс-8” плас загварын гар утас хулгайд алдагдсан болохыг өглөөний 6 цагийн үед мэдсэн. ...” /хх 23-24/,

гэрч Д.Болортуяагийн “...шөнө унтаж байтал хөнжил татах шиг болохоор нь хартал утасныхаа гэрлийг тусаачихсан хүн явж байхаар нь би “чи гэр андуураад ороод ирчихсэн юм биш үү, одоо гар” гэж хэлэхэд юм хэлэхгүй шууд гараад явсан. ...цагаан өнгийн юүдэнгүй цамцтай, өндөр, туранхай эрэгтэй хүн байсан. ...” /хх 28/,

шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн “...Миний санаж байгаагаар би хамгийн сүүлд ажлын газрын 3 хүнийг гаргаж өгчихөөд буцаад амралтын гэр рүү явах замдаа манай гэрийн урд байсан гэр рүү ороод ширээн дээр байсан гар утас, өрөөсөн ээмгийг нь аваад ор руу дөхөх үед нэг эмэгтэй хүн намайг гэрээ андуурсан байна гэж хэлэхээр нь би өө тийм үү уучлаарай гэж хэлээд гарсан. Тэгээд би амралтын гэр рүүгээ орохын өмнө буруу зүйл хийж байгаагаа ухаараад гар утас болон ээмгийг буцааж оруулж өгөхөөс айгаад газарт хаясан. Ингээд би амралтын гэрт унтаж байгаад өглөө нь амралтын газарт үлдсэн байсан 2 ахын ар гэрээс хүн ирсэн болохоор гэр лүүгээ хүргүүлсэн. ...” /хх 55/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.Агийн амарсан гэх амралтын газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Туул гарден” гэх нэртэй байх ба дээд хэсэгт нь гарсан гэх гэрийг өөрөөр нь заалгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд дотогш нэвтэрч эд зүйл авсан гэх гэр нь уг амралтын газрын ертөнцийн зүгээр баруун хойд талаасаа 2 дахь гэр байх ба уг гэрийг өөрөөр нь заалгаж, гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хулгайлсан гэх “Самсунг галакси Эс-8” плас гар утсыг өөрийн амарч байсан үүдэндээ 7 гэх дугаартай гэрийн зүүн хэсэгт байх модны ёроол руу шидсэн гэх ба уг мод нь гэрээс 11 метр зайд байрлах ба уг газрыг өөрөөр нь заалгаж, эд зүйлийг 85 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн гэрч Б.Агийн мэдүүлснээр шар өнгийн ээмэгийг өөрийн амарч байсан 7 дугаартай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш өвсөн дунд шидсэн гэх ба уг газрыг өөрөөр нь заалган гэрэл зургаар бэхжүүлэн авч “Eureka Gold” нэртэй металл илрүүлэгч ашиглаж үзлэгийг хийхэд уг гэрээс баруун урагш 8.29 мерт зайд өвсөн дунд байсныг илрүүлж, 86 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. ...” /хх 34/ гэх тэмдэглэл,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14, 17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2359 дугаартай дүгнэлт /хх 44-45/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Аг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Агийн иргэн О.Болорзулын алтан ээмэг 1 ширхэг, М.Баянжаргалын “Самсунг галакси Эс-8” плас загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

             Шүүхээс Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар нь “...хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, хохирогч О.Болорзулын “...цүнхний урд талын цахилгаан тал онгорхой, дотор нь байсан жижиг ээмэгний хайрцганд байсан ээмэгний өрөөсөн нь алга болсон байсан. ...” /хх 20-21/ гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан “...ягаан өнгийн шигтгээтэй 995-ын сорьцтой шар өнгийн алтан ээмэг 1 ширхэг...” гэх тэмдэглэл /1хх 14/, гэрэл зураг /1хх 16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.Агийн мэдүүлснээр шар өнгийн ээмэгийг өөрийн амарч байсан 7 дугаартай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш... өвсөн дунд байсныг илрүүлж, 86 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. ...” /хх 34/ гэх тэмдэглэл зэргээр хохирогч О.Болорзулын ээмэг алдагдсан болох нь тогтоогдсон.

 Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “...Би анхан шатны шүүх хуралдаанд гэрч Амартүвшин, хохирогч Болорзул, Баянжаргал нарыг оролцуулах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Шүүгдэгч Б.А эд зүйлийг авсан уу гэдгийг таньж олуулахаар биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. ...” гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нараас хууль сануулан тайлбар мэдүүлэг авсан, хохирогч, гэрч нар нь болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийг хангалттай нотолж чадсан байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ