Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 566

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1012 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа, Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Б-н А-.

Б.А- нь 2020 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч иргэн О.Б- , М.Б- нарын эд зүйлийг авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-г 2 жил 4 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нар хамтран гаргасан гомдолдоо “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “...Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь амрагчдыг байрлуулах зориулалттай гэр байх бөгөөд энэ нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субьектийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм. ...Шүүгдэгч Б.А- нь хохирогч нарын тусдаа амарч байсан гэрт нэвтэрч тус гэрт хохирогч нарыг унтаж байгааг мэдсэн даруй бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэлт зоригийн дагуу хийгдсэн санаатай үйлдэл юм.” гэж дүгнэж Б.А-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэмт буруутайд тооцсон.

Давж заалдах шатны шүүх “...Б.А- нь 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, ...хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ. ...Б.А-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.” гэж тус тус дүгнэснийг өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч байгаа болно.

Нэвтрэх гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор орон байранд хууль бусаар нууц буюу илээр орохыг хэлнэ гэж онолын хувьд үздэг. Иймд хууль бус уу, үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Хэрэв хууль бус байсан бол хулгай хийх зорилго байхыг шаардана. Гэтэл хулгай хийх зорилгоор ороогүй. Улсын Дээд шүүхийн тайлбарт хулгай хийх зорилгоор орох нь хууль бус болно гэж заасан. Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг практикт хэрэглэх тухай 1991.04.19-ний өдрийн 13 дугаар тогтоолд “хууль бусаар нэвтрэх” гэдэгт хулгай хийх зорилгоор хөрөнгө байгаа орон байранд янз бүрийн аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж тодорхойлсон.

Хулгай нь санаатай гэмт хэрэг. Иймд шууд ба шууд бус санаатай байхаас гадна урьдчилан төлөвлөсөн буюу гэнэт үүссэн санаатай байж болно. Урьдчилан үүссэн санаа бол хулгай хийх санаа аль эрт үүссэн байхыг хэлнэ. Ийм санаа байгаагүй. Харин гэрт орсон хойно нь авах санаа үүссэн. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө олж авах гэмт хэрэгтэй субъектив тал нь адилхан гэж ойлгож болно. Дээр дурдсан Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар “...гэм буруутай этгээд эд хөрөнгийг урьдаас төлөвлөж тооцоолон идэвхтэй үйлдлээр олж аваагүй, эд хөрөнгийг авах санаа зорилго нь түүнийг олж авсны дараа үүсдэг шинжээрээ бусад гэмт хэргээс ялгагддаг” гэсэн үг. Иймд хууль бусаар буюу хулгай хийх зорилго нь эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөн Б.А-д ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой.

Уг нь анхан шатны шүүх өөр гэр рүү орохдоо бусдын эд зүйлийг хулгайлах зорилгогүй байсан талаар буюу санаа зорилгын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Мөн шүүхээс Б.А-гийн үйлдсэн гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Б.А- нь “**” гэх амралтын газарт ажлынхаа хамт олонтой амарч байсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл “**” гэх амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байсаар атал шүүх хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэмт буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл тухайн “**” гэх амралтын газарт амраагүй хүн тухайн амралтын газарт хууль бусаар нэвтэрч байгаа тохиолдол огтоос биш бөгөөд мөн амралтын газрын өөр гэр рүү хулгай хийх санаа зорилгоор орсон гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлуудад шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалд өөрчлөлт оруулж Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, Б.А-гийн үйлдсэн гэмт хэргийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. “**” амралтын газар 7 гэртэй, 4 камертай. Хулгайд эд зүйлээ алдсан гэх хүмүүсийн гэр камерын бичлэгт хамрагдах бүрэн боломжтой.

Хохирогч нарын гэрт Б.А- нэвтэрсэн талаарх ямар ч бичлэг хэрэгт авагдаагүй. Харин бие засах өрөө рүү орсон бичлэг, эзэнгүй гэр дээр гараад тооноор нь харж байгаа бичлэг хураагдсан байдаг. Хохирогч нар “гэр нь дотор талдаа уяатай юм байна лээ” гэж мэдүүлсэн. Уяаг тайлсан юм уу, тасалсан юм уу, эсвэл өглөө сэрэхэд хаалганы уяа хэвээр байсан уу гэдгийг тодруулаагүй. Б.А- “би 2 ахын унтаж байсан гэрийг андуурсан, хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь тоонон дээр нь гараад орилсон” гэж мэдүүлсэн байдаг. Энэ гэрт хүн байсан эсэх, ажлын газрын 2 хүн нь Б.А-г гэрээ олохгүй, андуураад, тооноор орилоод гэж ярьж байсан эсэхийг ч тодруулаагүй, зөвхөн эзэнгүй гэрийн тоонон дээр гарсан бичлэгийг үндэслэн түүнийг хулгай хийх зорилготой гэр дээр гарсан гэж төсөөлсөн, хохирогч нарын гэр рүү хэрхэн, яаж нэвтэрснийг нотлоогүй юм.

Хохирогч нар өрөөсөн ээмэг, гар утсаа хулгайд алдсан эсэх нь эргэлзээтэй, эд зүйлээ алдсан гэдгээ хэзээ яаж мэдсэн, цагдаад хэдийд хэрхэн хандсан нь тодорхойгүй байдаг. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсан дахь гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээс харахад Баттулга гэх хүн гомдол гаргасан байдаг. Гэтэл энэ хэрэгт Баттулга гэх хохирогч байхгүй. Баттулга гэх хүн ямар эд зүйлээ алдсан талаар мэдээлэл байдаггүй. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд 5 дугаар сарын 3-ны өдрийн 8 цаг 50 минутад хэргийн газрын үзлэг хийж, үзлэгээр “гутлын мөр илрүүлсэн, цүнхний зургийг гэрэл зургаар бэхжүүлэн авсан” гэсэн атлаа хэрэгт цүнхний зураг байхгүй байдаг. Хайрцагтай өрөөсөн ээмэгний зураг байдаг хэдий ч хохирогч О.Б-  тэр үед зүүж явсан эсэх, хайрцганд 2 ээмэг байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Үзлэгээр 2 ширхэг гутлын мөр бэхжүүлэн авсан гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ нь Б.А-гийн гутлын мөртэй таарч байгаа эсэхийг тогтоогоогүй. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд “5 дугаар сарын 3-ны өдөр гар утас, бөгж, гутлын улны мөр 2 ширхгийг хураан авсныг хүчинтэйд тооцуулахаар явуулав” гэсэн мөрдөгчийн санал, 12 дугаар хуудсан дахь 5 дугаар сарын 4-ний өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолд мөн адил бөгж гэж бичигдсэн байдаг.

Мөн хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд “бөгжийг хүлээлгэн өгөв” гээд хохирогч Болорзул гарын үсэг зурсан зэргээс өрөөсөн ээмэг, эсвэл бөгж алга болсон уу гэдэг нь тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд байгаа мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд уг ажиллагааг 16 цаг 40 минутанд эхлээд 21 цаг 10 минутад дууссан гэсэн байдаг. Гэтэл “5 дугаар сарын 3-ны өдрийн 21 цаг 55 минутад мэдүүлгийг дуусгав” гэж компьютер дээр бичээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст мэдүүлэг авсан тэмдэглэл бий. Үүнээс үзэхэд Б.А-гаас мэдүүлэг авсны дараа түүний мэдүүлгийг газар дээр нь шалгаагүй болох нь тодорхой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-гийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, өөрийнх нь сонгоогүй өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлгийг бичиж гарын үсэг зуруулах, зодож цохих, айлган сүрдүүлэх, хорино цагдана, ялыг чинь хүндрүүлнэ гэх мэтээр хэрэг хүлээлгэх зорилготой хууль бус ажиллагаа удаа дараа явуулсан. Хамгийн сүүлд ээжийнх нь сонгосон өмгөөлөгч Н.Одонтуяа Б.А-гийн давж заалдах гомдлоо бичиж шүүхэд хүргүүлсний дараа очиж уулзан түүнийг ятгаж, ял хөнгөрүүлэх талаар өөрийн гараар гомдол бичиж гарын үсэг зуруулсан байдаг. Б.А- давж заалдах шатны шүүхэд энэ байдлаа тайлбарлаж, өөрийн бичсэн гомдлыг дэмжиж байгаагаа хэлсэн боловч шүүх хуралдаанд Б.А-гийн уг гомдлыг уншиж сонсгоогүй.

Камерын бичлэг бүрэн бүтэн байсаар байтал зөвхөн эзэнгүй гэрийн тоонон дээр гарч байгаа бичлэгийг нотлох баримтаар хавсаргаж, шүүх хуралдаанд си ди бичлэг гэмтсэн гэх шалтгаанаар өмгөөлөгчид нь танилцуулаагүй, ажлын цаг дууссан хойно шүүх хуралдааныг эхлүүлсэн зэрэг хууль зөрчсөн ноцтой зөрчлүүдийг анхаарч үзээгүй, Б.А-гийн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, нотолбол зохих байдлуудыг бүрэн үндэстэй шалгаж тогтоогоогүй, зориудаар нөхцөл байдалд тааруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэт нэг талыг барьж хууль бусаар ажилласан байдал байхад прокурор, шүүх энэ байдалд дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Б.А-гийн хувьд бусдын гэрт хэрхэн нууцаар, хууль бусаар нэвтэрсэн болох нь тогтоогдоогүй, иргэн О.Б- , М.Баяржаргал нар өрөөсөн ээмэг, гар утсаа хулгайд алдсан уу, хаяж гээгдүүлсэн үү гэдэг нь тодорхой биш, хэрэв орон байранд хулгай хийх зорилготой хууль бусаар нэвтэрч орсон бол хайрцагтай байсан 2 ээмэгний 1-ийг, ширээн дээр байсан 2 гар утасны 1-ийг аваад гэрээс нь гарсны дараа газарт хаях ямар шаардлага байсан, Б.А-г хэргийн газар дээрээс өөр нэг мөрдөгч машиндаа суулган гэмтлийн эмнэлэг рүү авч явсны хойгуур металл эрэгч авчран ээмгийг олсон болгож, зургийг авч хэрэгт нотолгоо болгосон нь үндэстэй эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож. хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа хэлсэн саналдаа “Шүүхээс Б.А-гийн үйлдсэн гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан. Б.А- нь “**” амралтын газарт ажлын хамт олонтойгоо амарч байсан үйл баримт тогтоогдсон. “**” амралтын газарт амраагүй хүн тухайн амралтын газарт хууль бусаар нэвтэрсэн зүйл огт байхгүй. Амралтын газрын өөр гэр рүү хулгай хийх санаа зорилгоор орсон гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байна. Хэргийн зүйлчлэл хүндэрсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа учир хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд гомдлоо дэмжиж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч нарын хувьд тухайн амралтын газарт амрахаар мөнгөө төлж, гэр авч орсноор тэдгээр хүмүүсийн халдашгүй байдал бий болж байгаа. Гэтэл нэвтрэх эрхгүй этгээд гэрт орж эд зүйлийг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх асуудал яригдаж байгаагүй. Энэ талаар шалгуулсан, хуулийн байгууллагад хандсан асуудал байхгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа, Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.А-г 2020 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” амралтын газар, амрагчдад зориулсан гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын  эд зүйлийг хулгайлан авч, 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Б.А-г бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, тухайн хэрэг явдал болсон “**” амралтын газрын  хяналтын камерийн бичлэг болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөвийг өөр хооронд нь харьцуулан дүгнэлт хийгээгүй буюу гэмт хэргийг нотлоход яллах болон цагаатгах талын баримтуудыг цогц байдлаар үнэлж, дүгнээгүй зөвхөн Б.А-гийн гэрийн тоонон дээр гарсан камерийн бичлэгийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа, зорилго хэзээ үүссэн, үүнийгээ ямар арга, хэлбэрээр хэрэгжүүлсэн зэргийг шалгаж, тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тул нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Гэтэл зөвхөн яллах талын баримтуудыг түүвэрлэн авч хэрэгт хавсаргаж, уг хэрэгт хамааралтай бөгөөд хэрэгт холбогдсон хүний үйлдлийг цагаатгахад ач холбогдол бүхий зарим баримтад тайлбар, дүгнэлт, няцаалт хийгээгүй зэргээс дүгнэхэд мөрдөгч, прокурорын зүгээс дээрх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй, мөрдөн шалгах ажиллагааг дан ганц яллах талын баримтыг бэхжүүлэхэд чиглүүлсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Үүний зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж явагдсан, түүнчлэн нэр төр, алдар хүнд, бие махбодод нь хохирол учруулж, хүнлэг бусаар харьцсан гэх гомдол хүсэлтийг анхааран үзэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулбал зохино.    

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”, түүнд тулгуурлан эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.А-д холбогдох хэргийг прокурорт буцааж, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “...хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан “...хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу тул зөвтгөн залруулж, хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлын талаар дүгнэлт хийлгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1012 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.А-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН