Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0011

 

Б.Тунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,  хариуцагч Д.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баянбилэг, П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Энхбаярт холбогдох

Хашаа, байшин албадан чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 5 дугаар сард Д.Энхбаяртай танилцаж үерхсэн бөгөөд бид Мөрөн сумын 9-04-20 тоотод байрлах 654,6 м2 газрыг мөн 6x7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 2012 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 17,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингэж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа би өөрөөсөө 10,000,000 төгрөгийг /5,000,000 төгрөгийг нь өөрөөсөө, 5,000,000 төгрөгийг нь Баярсайханаас зээлж/ гаргаж харин 7,000,000 төгрөгийг Д.Энхбаяр гаргаж худалдан авсан. Уг үл хөдлөх нь Ү-1723003133 улсын бүртгэлийн дугаартай 99.5 м2 усан сан байсан бөгөөд харин усан санг нь буулгаж нураасан тул би Хөвсгөл аймгийн улсын бүртгэлд хандаж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шинээр 000450040 дугаартай 48.З м2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байгаа болно. Бид тэр хашаа байшинд амьдраагүй Д.Энхбаяр нь өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Би хашаа байшин худалдан авахаас өмнө нь Д.Энхбаярт 2012 оны 5 дугаар сараас эхлэн 2012 оны 9 дүгээр сарыг хүртэлх 4 сарын хугацаанд 8,600,000 төгрөгийг өгсөн ба үүнийг манай ах Б.Дашдорж, Цэрэнбүтэд нар сайн мэднэ. Харин хашаа байшинг худалдан авснаас хойш би Д.Энхбаярт банкны зээл төлөхөд 1,150,000 төгрөг өгсөн, мөн улаан машин аваад зарах хүртэлх хугацаанд цувуулж Д.Энхбаярт өгсөн 2,000,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөг бэлнээр, 400,000 төгрөг мөн хөөрөгний 2,000,000 төгрөг нийтдээ 6,550,000 төгрөгийг өгсөн байгаа болно. Иймээс би тухайн үед хашаа байшин авахад Д.Энхбаяраас гаргасан 7,000,000 төгрөгийг би буцаагаад өөрт нь өгч байсан мөнгөөрөө төлөгдсөн гэж үзэж байгаа тул хашааны газрын 000442633 дугаартай гэрчилгээ болон хувийн сууцны зориулалттай 48.3 м2 үл хөдлөхийн /байшингийн/ гэрчилгээний хууль ёсны өмчлөгч Б.Тунгалаг би байгаа тул дундын өмчийн ногдох хувийг дээрх Д.Энхбаярт өгсөн мөнгөөр төлсөн учир Мөрөн сумын 9-04-20-д байрлах хашааны 654.6 м2 газар, 48.3 м2 хувийн сууцны зориулалттай байшинг Д.Энхбаяраас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Д.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-20 тоотод байрлах 654,6 м2 газрыг, 6х7 харьцаатай дүнзэн байшингийн хамт худалдан авсан гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авах үед усан сангийн зориулалттай хувийн сууц байсан. ... Алтанцэцэг, Нямаасамба нартай 2012 оны 11 дүгээр сард уулзан худалдан авахаар тохиролцон баталгаа болгон урьдчилгаа 5,000,000 төгрөгийг өгөөд ажил руугаа буцсан. Ингээд Замын-Үүдэд ажиллаж байхдаа үлдэгдэл мөнгөө цуглуулахаар өөрийн машиныг        9,000,000 төгрөгөөр худалдсан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Тунгалагаас зээлсэн юм. ... Нэхэмжлэгчийн дурдсан 7,000,000 төгрөгийг намайг гаргасан, үлдсэн       10,000,000 төгрөгийг Д.Тунгалаг өөрөө гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тунгалагын хэлсэн Баярсайхан гэгч Замын-Үүдэд ажиллаж амьдардаг хүн бөгөөд түүнийг би Тунгалагаас өмнө таньж мэднэ. Харин Тунгалаг Баярсайханаас 2012 онд 5,000,000 төгрөг зээлсэн гэж хэлсэн байна. Энэ нь бас л худал бөгөөд анх 2010 онд би өөрөө Баярсайханаас 5,000,000 төгрөгийг зээлсэн байсан. ... Мөн нэхэмжлэгчтэй энэ хаяг дээрээ хэзээ ч хамтран амьдарч байгаагүй бөгөөд би 2012 оноос хойш л өөрөө амьдарч, арчлан хамгаалж, гэрэл цахилгааны төлбөрийг төлөн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Мөн надад 2012 оны 5 дугаар сараас эхлэн 2012 оны 9 дүгээр сарыг хүртэл ердөө 4 сарын хугацаанд 8,600,000 төгрөгийг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Тунгалагийн миний дансаар цувж өгсөн мөнгө нь бүгд түүний надад Эрээн хотоос захисан барааны мөнгөнүүд байтал энэ талаараа надад хашаа байшингийн үнэ болгон өгсөн гэж мэдүүлсэн нь худал байна. ... Д.Тунгалаг нь анхнаасаа зөвхөн энэ хашаа байшинг өөрийн өмчлөлд шилжүүлэх л сонирхолтой байгаа нь түүний шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган өөрийн нэр дээр шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргуулан авсан байгаагаар харагдаж байна.... Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Тунгалагийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Энхбаярт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбаяраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн 2017 оны 01 сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Тухайн үед хашаа байшин худалдаж авахад Д.Энхбаяраас гаргасан 7,000,000 төгрөгийг би өөрт нь өгч байсан мөнгүүдээрээ төлөгдсөн гэж үзэж байгаа тул хашааны газрын 000442633 дугаартай гэрчилгээ болон хувийн сууцны зориулалттай 48.3 мкв үл хөдлөхийн гэрчилгээний хууль ёсны өмчлөгч Б.Тунгалаг би байх тул дундын өмчийн ногдох хувийг дээрх Д. Энхбаярт өгсөн мөнгөөр төлсөн учир Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-04-20 тоотод байрлах хашааны 654.6 мкв газар, 48.3 мкв хувийн сууцны зориулалттай байшинг Д.Энхбаяраас албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ. Гэтэл шүүгч Г.Даваахүү нь нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 110 зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.", Эд хөрөнгө түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 зүйлийн 4.2-т “үл хөдлөх өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад “дундын өмчлөлийн ногдох хувиа төлсөн учир” гэж тодорхой дурдсан байхад шүүгч маргааны зүйл нь Б.Тунгалаг, Д.Энхбаяр нарын дундын өмчлөл мөн эсэхийг, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан “ногдох хувиа Д.Энхбаярт төлсөн тул” гэдгийг тогтоогоогүй, тэр ч бүү хэл Улсын дээд шүүхийн 2016 оны 12 сарын 06 өдрийн 001/ХТ2016/01335 дугаартай тогтоолд “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Тунгалаг нь өөрийн өмчлөлийн бусдаас шаардсан эсхүл дундын өмчийн ногдох хувийг мөнгөөр төлсөн учир эд хөрөнгийг шаардсан эсэхийг тогтоох нь нотлох баримтыг үнэлэх, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм”  гэж заасан байхыг зөрчиж зөвхөн хэлцлийг Б.Тунгалагийн нэр дээр хийсэн, уг хэлцлээ бүртгэх байгууллагад бүртгэж баталгаажуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь шүүгч нэхэмжлэлийн шаардлагын утгыг бүрэн ойлгоогүй, Б.Тунгалаг нь шүүх хуралдаан дээр “Би нотариат дээр өөрийн биеэр байгаагүй миний иргэний үнэмлэхийг миний ах авч яваад бэлэглэлийн гэрээ хийсэн байсан” гэж хэлсээр байтал шүүгч өмчлөх эрх шилжсэн хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд ач холбогдол өгөөгүй зэрэг нь хэргийг зөвхөн нэг талыг харж шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд ИХШХШТХ-ийн 116 зүйлийн 116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч маргааны зүйлийг худалдан авахад Д.Энхбаяраас 7,000,000 төгрөг орсон гэх, хариуцагч Б.Тунгалагаас 5,000,000 төгрөг зээлж маргааны зүйлийг худалдан авсан гэж мэдүүлдэг бөгөөд хэн алин нь нэг нэгнээсээ мөнгө “зээлсэн” асуудал дээр маргадаггүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид түүний дансаар шилжүүлж байсан 5,000,000 төгрөгөө зээлдүүлж байсан гэж тайлбарладаг үүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хариуцагч Д.Энхбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “би Д.Тунгалагаас зээлсэн 5,000,000 төгрөгөө төлж байж хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэж байсан ч нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байсан” гэж тайлбарласнаас үзвэл Б.Тунгалаг нь маргааны зүйлийг зээлийн барьцаа болгон өөрийн нэр дээр шилжүүлж авсан байх магадлалтай байхыг шүүгч мөн хянан шалгаагүй. Хариуцагч Д.Энхбаяр нь уг хашаа байшинг худалдан авсан цагаас буюу 2013 оноос хойш арчлан хамгаалж амьдарч ирсэн бөгөөд өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад анх худалдан авсан үнээс 2 дахин илүү үнэтэй худалдан борлуулж Б.Тунгалагаас зээлсэн 5,000,000 төгрөгөө төлөх санал тавихад Б.Тунгалаг зөвшөөрөөгүйгээр барахгүй цагдаагийн байгууллагад хандан бичиг баримтаа албадан гаргуулан авснаас болж Д.Энхбаяр өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй болгосон байдаг.

Миний шүүхэд гаргасан 2017 оны 1 сарын 30-ны өдрийн А/0018 тоот “гэрч Амгаланбатыг шүүхэд байлцуулах, түүнээс Алтанцэцэгтэй худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсан эсэх талаарх нотлох баримтыг гаргуулах” хүсэлтийг шүүгч Амгаланбатын хаяг, утасыг тодорхой бичээгүй шалтгаанаар хангаагүй болно. Өмгөөлөгч би Л.Амгаланбатыг урьд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч хавтаст хэрэгт хаяг утасны дугаар нь тодорхой авагдсан байх тул хүсэлтдээ түүний хаяг, утасны дугаарыг дахин дурдаагүй болно. Өөрөөр хэлбэл, Л.Амгаланбатын гэрийн хаяг, утасны дугаар нь хэргийн материалд нэгэнт авагдсан байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хангаагүй гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй гаргасан гэж үзэж байгаа тул ИХШХШТХ-ийн 167 зүйлийн 167.1.4-т зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь хариуцагч Д.Энхбаяраас Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа, байшин албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Д.Энхбаяр нь Л.Амгаланбатаас би 17,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед Б.Тунгалагаас 5,000,000 төгрөг зээлж байсан. Уг хашаа байшингийн гэрээ, гэрчилгээ нь Б.Тунгалагын нэр дээр байгаа боловч жинхэнэ өмчлөгч нь би гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Тунгалаг мөн болох нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-1723003133  дугаарт бүртгэгдсэн 000450040 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба хариуцагч маргаж буй хашаа байшингийн  өмчлөгч болохоо нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь  өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа этгээдээс шаардан авах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагч Д.Энхбаяр Мөрөн сумын 9-4-20 тоотод байрлалтай хашаа, байшин худалдан авахад оруулсан мөнгөө буцаан шаардах эсхүл хамтран өмчлөгчөөр тогтоолгоход энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “...шийдвэрийг хүчингүй болгох тухай...” давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                        ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                 Т.ГАНБАТ