Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/04035/И |
Дугаар | 001/ХТ2018/00083 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2018/00083
Г.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дүгээр магадлалтай,
Г.С-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн гудамж 14/1 байрны 4 тоотын 252 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны өмчлөгч. Миний эцэг Д.Ганбат нь найз Д.Баатарзоригтойгоо хамтран Капитал банкнаас зээл авахаар тохиролцон миний үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн хүрээнд найз Д.Баатарзоригийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Харин Д.Баатарзориг нь Капитал банкинд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 315 сая төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар зээлж мөнгийг хуваан авсан. Ингэхдээ миний эцэг Д.Ганбат түүний найз Д.Баатарзориг нар доорх тохиролцоог хийж шүүхээр баталгаажуулсан юм. Тодруулбал, Капитал банкнаас хүлээн авсан зээлээс 185 сая төгрөгийг миний эцэг Д.Ганбат, 130 сая төгрөгийг түүний найз Д.Баатарзориг төлөх, банкны зээлийг талууд төлж дуусмагц Д.Баатарзоригийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Г.С- миний өмчлөлд буцаан шилжүүлэх талаар харилцан тохиролцож энэ тохиролцоогоо Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар эвлэрч баталгаажуулсан. Гэтэл Д.Баатарзориг болон миний эцэг Д.Ганбат нар нь Капитал банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 385 сая төгрөг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Капитал банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зөвхөн төлбөр төлөгч Д.Баатарзоригоос үнийн санал авч дуудлага худалдаанд оруулан улмаар 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа төлбөр авагч Капитал банкинд төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн төлбөр төлөгч Д.Баатарзориг нь өөрийн төлбөрийг миний хөрөнгөөр төлж барагдуулах хүсэл сонирхол бүхий учраас өнөөдрийн зах зээлийн ханшнаас маш доогуур буюу 600.000.000 төгрөгөөр дур мэдэн, үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн үнийн санал өгсөн байсан. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хэмээн үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн 122 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэгт өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж гарсан талаар танилцуулж нотлох баримтуудыг гарган өгсөн. Улмаар өөрийн зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох шаардлагатай талаар 2014 оны 2 сард мэдэгдсэн ч харамсалтай нь хүлээн аваагүй. Гэтэл Улсын дээд шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд" гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргаж болох талаар хуульчилсан байдаг. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэнд гомдолтой байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өмчлөгч миний эрх ашгийг тодорхойлсон жинхэнэ өмчлөгч гэдгийг төлбөр төлөгч Д.Баатарзориг зөвшөөрсөн шүүхийн хүчин төгөлдөр 1347 дугаар захирамжийг анхаарч үзээгүй учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.С- намайг тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн заалтыг үндэслэн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан тайлбарт: Тус алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 358.979.000 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Д.Баатарзоригийн "нэг хүний" өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 122/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 122/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Д.Баатарзориг нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 630.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал харилцан тохиролцож зөвшөөрсөн тул 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь хуулийн дагуу явагдсан бөгөөд худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч Д.Баатарзориг нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Капитал банкинд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкны өмчлөлд төлбөртөө тооцон өгөхөөр санал гаргасан бөгөөд төлбөр авагч Капитал банк 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/1664 тоот албан бичгээр төлбөрт тооцон авахыг зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгч Г.С- нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Г.С- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гуравдагч этгээд биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад хийж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны сөрөг нэхэмжлэлд: Үл хөдлөх эд хөрөнгийг Г.С- нь эзэмшиж, суллаж өгөхөөс зайлсхийсээр байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Г.С-ын зүгээс байнга гомдол, хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр удаа дараа саад учруулах үйлдэл гаргадаг байсан бөгөөд одоо ч гэсэн дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг суллан өгөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 тоот байрны 4 тоот хаягт байрлах 252 м.кв бүхий 8 өрөө амины орон сууцыг Г.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэнгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Г.С- гуравдагч этгээд учир эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг үүднээс шүүхэд хандаад яваад байгаа. Одоо уг байр Капитал банкинд шилжсэн. Шийдвэр гүйцэтгэх алба тэр байрнаас Г.С-ыг албадан гаргах эрхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Капитал банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгсийн тайлбарт: Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байгаа. Орон сууцыг санал болгох хурлаар Капитал банкны өмчлөлд шилжүүлээгүй. Төлбөр төлөгч Д.Баатарзориг нь өөрөө төлбөртөө тооцоод орон сууцыг Капитал банкинд санал болгосон учир Капитал банк үүнийг хүлээн авч өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байгаа. Энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан санал болгох хуралдаан хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч болон төлбөр авагч тал тохиролцоод эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн. Тийм учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 1347 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхийг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөх гэдэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь уг хэрэгт хамааралгүй тусдаа ажиллагаа гэж үзэж байгаа тул уг нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 4 тоот хаягт байрлах, 252 м.кв 8 өрөө, амины орон сууцыг нэхэмжлэгч Г.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 53 дугаар зүйлийн 53.2 ...” гэснийг “48 дугаар зүйлийн 48.7” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181\ШШ2017\01846 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2094 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлд: Г.С- Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн гудамж 14\1 байрны 4 тоот 252 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны өмчлөгч билээ. Түүний эцэг Д.Ганбат нь өөрийн найз Д.Баатарзоригтой хамтран Капитал банкнаас зээл авахаар тохиролцон дээрх үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн хүрээнд найз Ц.Баатарзоригийн өмчлөлд 2011 оны 12 сарын 28-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. П.Баатарзориг нь Капитал банкинд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 315.000.000 төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Капитал банкнаас авсан зээлээс 185 сая төгрөгийг Г.С-ын эцэг Д.Ганбат, 130 сая төгрөгийг түүний найз Д.Баатарзориг төлөх банкны зээлийг талууд төлж дуусмагц Г.С-од үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх талаар харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар гэрээг баталгаажуулсан. Гэтэл Д.Баатарзориг болон эцэг Д.Ганбат нар нь Капитал банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 шийдвэрээр Д.Баатарзоригоос 385.900.000 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Капитал банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зөвхөн төлбөр төлөгч Д.Баатарзоригоос үнийн санал авч дуудлага худалдаанд оруулан улмаар 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр санал болгох комиссын хурлаар төлбөр авагч Капитал банкны төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн төлбөр төлөгч Д.Баатарзориг нь өөрийн төлбөрийг миний хөрөнгөөр төлж барагдуулах хүсэл сонирхолтой өнөөдрийн зах зээлийн ханшаас доогуур үнэлэн үнийн санал өгсөн. Г.С- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хэмээн үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж гарсан талаар танилцуулж нотлох баримтуудыг гарган өгсөн. Мөн өөрийн эрх ашиг хөндсөн тухай 2014 оны 2 дугаар сард мэдэгдэж тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан ч миний хүсэлтийг хүлээн аваагүй. Гэтэл Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.5 бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагч бусад этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Түүнчлэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргах талаар хуульчилсан.
Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй. 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон авч төлбөр авагч банкинд шилжүүлсэнд гомдолтой байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өмчлөгчийн эрх ашгийг тодорхойлж жинхэнэ өмчлөгч гэдгийг төлбөр төлөгч Д.Баатарзориг зөвшөөрсөн шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг анхаарч үзээгүй учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.5 дах хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.С-ыг тус хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Чингэлтэй дүүргийн шүүхээс барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Г.С-ын өмчлөлд буцаан шилжүүлнэ гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан 1347 дугаар шүүгчийн захирамж гарсан. Гэтэл дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Баатарзориг Капитал банкинд төлөх 130 сая төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй атлаа миний өмчлөлийн орон сууцыг Капитал банкинд шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан нь хууль бус үйлдэл юм. Д.Баатарзориг нь 1795 дугаар шийдвэрийн өмнө гарсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжийг биелүүлэхээс зайлсхийж улмаар миний өмчлөлийн орон сууцыг төлбөртөө тооцуулах санаа зорилго агуулж Капитал банкны өмчлөлд шилжүүлсэн. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар нэхэмжлэгч ШШГЕГ болон НШГА-д тус тус гомдол гаргасан. Иймд ИХШХШТХуулийн 11 зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах мөн миний өмчлөлийн орон сууцны өмчлөл нь хууль бусаар Капитал банк руу шилжсэн тул орон сууцны өмчлөлийг бусдад дамжуулан шилжүүлэхгүй байхыг Капитал банкинд даалгах тухай нэхэмжлэлийг тус тус Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч шүүхээс миний нэхэмжлэлийг хангалгүй хуулийг буруу хэрэглэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 22 дугаар зүйлийг үнэлэлгүй мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т зааснаар хангаж шийдвэрлэх байтал хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон мөн миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар бусдад шилжүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.2-т заасныг үнэлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181\ШШ2017\01846 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2094 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Капитал банк” ХХК-д шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад хийж байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргахдаа нэхэмжлэгчийг хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч байрнаас албадан гаргах шаардлага гаргах эрхгүй, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж нэхэмжлэгч маргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Капитал банк” ХХК оролцохдоо нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэжээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 358.979.000 төгрөгийг гаргуулан “Капитал банк” ХХК-д олгохоор, Д.Баатарзориг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 байр, 4 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 266 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 81 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 1795 дугаар шийдвэрийн, 266 дугаар гүйцэтгэх хуудас болон 81 дүгээр тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байна.
Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 байр, 4 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэн, хураажээ.
Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, талууд уг ажиллагаанд гомдол гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр төлөгч Д.Баатарзоригоос барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэх санал гаргасныг төлбөр авагч “Капитал банк” ХХК зөвшөөрч, талуудын саналын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмчлөлийн хөрөнгө байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд намайг оролцуулаагүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар барьцааны зүйл нь миний өмчлөлийнх болох нь тогтоогдоно гэж тодорхойлсон боловч төлбөр төлөгч Д.Баатарзориг нь “Капитал банк” ХХК-тай 2012 оны 01 сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед дээрх хөрөнгө нь Д.Баатарзоригийн өмчлөлд байсан нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Д.Ганбат, Д.Баатарзориг нар Капитал банкнаас авсан зээлээ өөрсдийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц барьцааны зүйлийн өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С-од буцааж шилжүүлнэ гэж эвлэрснийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар баталсан боловч энэ захирамжийг үндэслэн Г.С-ыг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.
Учир нь дээрх захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч Г.С-ыг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш гэж үзэхээс гадна үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан байдаг.
Мөн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Г.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 6649 дүгээр шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 42-44 дүгээр тал/
Анхан шатны шүүх маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй холбоотой үйл баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Г.С-ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцвол зохих гуравдагч этгээд биш гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий юм.
Чингэлтэй дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалт нь гүйцэтгэх хуудаснаас зөрүүтэй бичигдсэн гэх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 16/23 тоот тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг буцаасан тухай баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн, харин нэхэмжлэгч нь дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр дахин шүүхэд хандаж гүйцэтгэх хуудсыг зөвтгөж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн гэх боловч хэрэгт авагдсан дахин шинээр олгогдсон гэх гүйцэтгэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д нийцжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь маргааны зүйл болж буй 4 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхгүй, өмчлөгч, эзэмшигч биш тул уг орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхгүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж Д.Баатарзоригийн өмчлөлийн 4 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтаас хураан авах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч тогтоох хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь учир дутагдалтай байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг, хоёр дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан боловч үндэслэл нь тодорхойгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны төрөлд нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Капитал банк” ХХК-д шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу юм. Учир нь нэхэмжлэгч Г.С- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч, эсхүл төлбөр авагч тал биш байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөс төлбөр авагчид шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргасан гуравдагч этгээд гэж үзнэ.
Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримталсан нь учир дутагдалтай буюу мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг хэрэглэх нь зөв болно.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь зөв боловч тогтоох хэсэгтээ энэ хуулийг хэрэглээгүй нь алдаатай болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., 89 дүгээр зүйлийн 89.1 дэх” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН