Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Н.О-, Ч.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч А.Ганзориг,

цагаатгагдсан этгээд Н.О-, түүний өмгөөлөгч А.Бадраа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Ч.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.О-, Ч.Т- нарт холбогдох 201625013327 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.О, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хххх байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо ххх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, хх дүүргийн хх дүгээр хороо, хх тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй,

 

Ч.Т, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хх дүүргийн хх дугаар хороо хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

1. Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б, 168 дугаар зүйлийн в-д зааснаар 8 жилийн хорих ялаар,

2. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 4 жил 6 сарын хорих ялаар,

3. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил 6 сарын ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 6 жилийн хорих ялаар,

4. Төв аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхийн 1979 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 6 жилийн хорих ялаар,

5. Дорноговь аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхийн 1979 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 5 жилийн хорих ялаар,

6. Найрамдлын районы ардын шүүхийн 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн а-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дорноговь аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 4 жил 11 сар 29 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

7. Найрамдлын районы ардын шүүхийн 1986 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн в-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

8. Найрамдлын районы ардын шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

9. Нийслэлийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, ;

 

Н.О- нь ххх 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуур толгойн задгайд дуудлагаар очоод цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцлээ гэх шалтгаанаар иргэн Ч.Т-ийн хөлийг өшиглөж хугалан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Ч.Т- нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 201625013327 дугаартай хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.О-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ч.Т-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруугүйд, Ч.Т-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-ийг 500,000 /таван зуун/ нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 /таван зуун/ нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял буюу 33 хоногийн ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ял 1 жил 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 cap 3 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Т-т 1 жил 1 cap 3 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд Н.О-т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ч.Т-т цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагч шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн аваад дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Хохирогч нь мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “гаднаас хоёр цагдаа орж ирээд та яаахаараа айлд зүгээр байдаггүй юм гэж хэлэхээр нь тэгвэл эрүүлжүүлчихээч гэж хэлсэн “чамайг эрүүлжүүлэх авч явж чадахгүй энд чинь эрүүл болгоно” гэж хэлээд цахилгаан бороохой гаргаж ирээд энд тэндээс цохиулаад би гэр дотор нь тойроод явж байхдаа яасан юм та нар намайг цахилгаан бороохойгоор цохиулах гэж байхаар эрүүлжүүлэх рүүгээ авч очоод хийчихээч би та нарыг эсэргүүцээгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн цахилгаан бороохойдож байсан цагдаа намайг цаашаа бай өвгөн минь гээд шууд баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн хөл эвгүй болж өвдөж янгинаад би доош хэвтсэн тэгсэн босооч явъя гээд татаж чангаахаар нь “та нар хөл хараачээ би босож алхаж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд л нэг мэдсэн насилк дээр хэвтсэн гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан... Би Цэцэгмаагийнд ороход зүгээр алхаад орсон. Тэгээд Цэцэгмаагийн гэрт цагдаа цахилгаан бороохойгоор цохиулаад байхаар нь бороохойноос зугтааж гэр дотор нь тойрч алхаж байсан. Цэцэгмаагийн гэрт орохоос өмнө хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй...хохирогчоор дахин байцаалтад ...Нямсүрэн нь цагдаагийн албан хаагчид холбогдуулсан хэргийн мэдүүлгээ өөрчилж өгөх юм бол таныг 10 хоногт гаргана. Та өөрөө цагдаагийн албан хаагчийг гүтгээд байгаа юм бишүү гэж аргагүй байдалд оруулж худал мэдүүлэг өгөх болсон. Үүнийг Нямсүрэн намайг цагдан хорьсон өдөр хэлсэн. Түүнээс биш би Отгонбаяртай уулзаж мөнгө төгрөг авч худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй...миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэж мэдүүлсэн байдаг.

Мөн шинжээч эмч Ч.Эрдэмболор нь мөрдөн байцаалтад “...Төмөрхуягийн биед учирсан тахилзуур ясны далд хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...яг тухайн хугалсан хөл дээрээ зогсож явах боломж байхгүй... хугарсан даруйдаа өвдөнө, хавдана, тухайн хөлөөрөө гишгэх хөдөлгөх үед хугарсан хэсгээрээ эмгэг хөдөлгөөн илэрч гишгэж болохгүй шинж тэмдэг илэрнэ...мөрдөн байцаалтад дахин өгсөн. ...Төмөрхуягийн биед учирсан баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, давхар яс хугарал гэмтэл нь гадны нэг удаагийн хүчин зүйл болох өшиглөлтөөс болж хугарах боломжтой...” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч болон шинжээчийн мэдүүлгүүдээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь шүүгдэгчийн “хохирогчийн хөл рүү өшиглөсөн” гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдож байна. Гэтэл шүүх өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгахдаа яллах нотлох баримтуудыг хэрхэн, яаж, үгүйсгэсэн талаараа дурдаагүй байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 /таван зуун/ нэгж буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 /таван зуун/ нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял ...гэж бичин алдаа гаргажээ. Мөн шүүх шүүгдэгч Ч.Т-т торгох ял оногдуулсан ба тухайн торгох ялыг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасныг удирдлага болгон хорих ялд шилжүүлсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Түүнчлэн шүүх шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримталсныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Т- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2017 оны 5 дугаар сарын 3-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 18-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өмнө шийтгүүлсэн хорих ялаас 1 жил 4 хоногийн хорих ялыг хасахгүйгээр шийдвэр гаргасан. Гэтэл надад холбогдох гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байгаа учир тус шүүх нийцүүлэн хэрэглэсэн хууль миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөлийг бий болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь миний шийтгүүлсэн гэмт хэрэг, үйлдэл маань хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай баталгаат агуулах саванд, орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэсэн хэлбэрээр шийтгүүлсэн. Мөн намайг олон удаа ял шийтгүүлж байсан гэж шүүгч өөрийнхөө үзэл бодлыг надад тулган хорих ялаас нийцүүлэн хасаагүй. Надтай адилхан олон удаагийн үйлдэлтэй хүний 2 жил 6 сарын ялаас шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэж 1 жил 4 сарын ялыг хассан байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд давтан, бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болсон. Надад шинэ Эрүүгийн хуулийг нийцүүлэн хэрэглэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн талаар маргах зүйл байхгүй. Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Н.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Н.О-ын өмгөөлөгч А.Бадраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт шүүгдэгч Ч.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж бичсэн. Мөн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох гэж техникийн алдаа гаргасан нь илэрхий байхад энэ алдаагаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Прокурорын эсэргүүцэлд шүүх өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэжээ. Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгахдаа яллах нотлох баримтуудыг хэрхэн, яаж үгүйсгэсэн талаараа дурдаагүй гэсэн байна. Гэрч Содбаяр, Цэцэгмаа, Нацагдорж нар Н.О-, Ч.Т-ийг өшиглөсөн талаар огт мэдүүлээгүй. Харин цахилгаан бороохой хэрэглэсэн талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын техникийн алдааг залруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Н.О-, Ч.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ч.Т- нь мөрдөн байцаалтанд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнө хэрэгт 2 удаа мэдүүлэг өгсөн ба эхний мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар /1-р хх-ийн 67-68 тал/, дараагийнхдаа баримт бичиж өгсөн үйл явдлын талаар /1-р хх-ийн 69 тал/ мэдүүлсэн ба 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд мөн дээрх 2 үйл явдлын талаар /1-р хх-ийн 185-187, 188 тал/ мэдүүлжээ. Гэтэл яллагдагчаар татах тогтоол /2-р хх-ийн 34 тал/, яллах дүгнэлтээр /2-р хх-ийн 86-92 тал/ Ч.Т-ийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн аль мэдүүлэг нь худал мэдүүлэх гэмт хэрэг болоод байгаа талаар дүгнэлт хийх боломжгүйгээр, ойлгомжгүй бичигдсэн байна.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр Ч.Т-ийг “...Ч.Т- нь цагдаагийн ажилтан Н.О-ыг өөрийн хөлийг хугалан хүндэвтэр хохирол учруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн хэргийг үйлдсэн...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариулага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.  

 

Хэрэгт байгаа Ч.Т-ийн:

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 5-ны хугацаанд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн Өвчний түүх дээр “...Баруун талд LAA-р 8, 9, 10-р хавирга зөрөө багатай хугаралтай...” /1-р хх-ийн 41 тал/ гэсэн байхад энэ гэмтлийн талаар 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 12041 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 15 тал/-д дүгнэлт хийгдээгүйгээс гадна уг гэмтлийн талаар хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй,

хөлний хугарлыг нь эмчилсэн эмч П.Аззаяа гэрчээр мэдүүлэхдээ “...зүүн шилбэний хоёрлосон бяцарсан зөрүүтэй хугарлын ...зүүн шилбэний ясны бяцарсан хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар хадах мэс засал хийгдсэн...” /1-р хх-ийн 81 тал/ гэсэн байхад энэхүү “бяцарсан хугарал” гэх хугарлын байдал нь  2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 12041 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 15 тал/-ээр тус дүгнэлтийг гаргасан шинжээчид шинжлэн судлагдсан эсэх нь тодорхойгүй, шинжээч дүгнэлтийн үндэслэл болгосон баримтын хэсэгт бичигдээгүй байна.

 

Мөн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуур толгойн задгайд дуудлагаар Н.О-ыг очиход болсон үйл явдлын газар байсан С.Цэцэгмаа /1-р хх-ийн 9, 72 тал/-д өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлгийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд /1-р хх-ийн 190 тал/ өгсөнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн үйл баримтын талаар аль мэдүүлэг нь үнэн болохыг тогтоох нь зүйтэй гэсэн 2017 оны 3 дугаар сарын 16-ны магадлалаар /хх-ийн 221 тал/ заасан байхад энэ талаар ажиллагааг хийгээгүй байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.О-, Ч.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад 500,000 нэгж гэж хуульд байхгүй хэмжээг бичсэн байх ба цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.О-, Ч.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ч.Т-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                                  Б.ЗОРИГ

 

                                                                                               Д.ОЧМАНДАХ