Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Ч.Төмөрхуяг,

шинжээч эмч Ч.Эрдэмболор,

гэрч С.Цэцэгмаа, Э.Содбаяр,

шүүгдэгч Н.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотон овогт Насанхүүгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625013327 дугаартай, 105/2017/0035/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаа жолооч, цагдаагийн ахлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монел 43 гудамж, 35 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 4б-03 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хотон овогт Насанхүүгийн Отгонбаяр, /РД:ТК89080111/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуур толгойн задгайд дуудлагаар очоод цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцлээ гэх шалтгаанаар иргэн Ч.Төмөрхуягийн хөлийг өшиглөж хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ахлах дэслэгч Содбаярын хамт үүрэг гүйцэтгэж явсан. Гэтэл Сүлд-10-аас согтуу хүн агсам тавиад амраахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн Цэцэгмаа гэдэг орилж чарласан байдалтай, агсам тавьсан хүн байхгүй, Төмөрхуяг газар суусан байдалтай, Нацаг гэх хүн орон дээр буруу хараад хэвтэж байсан. Юу болсон тухай Цэцэгмаагаас асуухад, Төмөрхуяг хулгайн эд зүйл авчраад намайг зар, надтай унт, нэг бол хүчиндэнэ, эсвэл манай найз Нацагтай суу гээд байгаа тул энэ хүнийг аваад яв гэсэн. Тэгээд би Төмөрхуягийг авч явах гээд газар хэвтсэн, босгох гэж гараас нь татахад босохгүй намайг хэл амаар доромжилсон. Би цахилгаан бороохой гаргаж ирээд хий дугаргасан. Цахилгаан бороохойгоор хий дугаргахад тачигнасан дуу гардаг, хүний биед хүргэхээр дуу гардаггүй. Хохирогч тачигнасан чимээ гарахаар намайг цахилгаан бороохойгоор цохисон гэж байх шиг байна. Хохирогчийг баруун талаараа хэвтсэн байхад би зүүн гуянд нь цахилгаан бороохойгоор нэг цохиулсан. Үүнээс хойш хохирогч, чи намайг зодчихлоо, миний хөлийг хугалчихлаа гээд байсан. Тэгээд хөлийг нь үзэхэд хөл нь хугарсан байдалтай харагдсан. Би 103 дуудаж, хохирогчийг 103-ын эмчид хүлээлгэн өгч, хохирогчийн хүүтэй холбогдож болсон явдлыг хэлсэн. Согтуу байсан Нацаг гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч явсан гэв.

Хохирогч Ч.Төмөрхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр айлд очоод нилээд их архи уусан, зарим зүйлийг сайн санахгүй байна. Бороохойдуулснаа мэдэж байна. Тэр айлд хөлтэйгөө орсон. Нэг мэдсэн түргэн ирээд хөл нь хугарсан байна гээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. Би эмнэлэгт очоод бага зэрэг ухаан орсон. Юу болсон тухай сайн санахгүй байна. Шүүгдэгч үнэн ярьж байна, хүнийг худлаа гүтгэмээргүй байна. Би тэр айлд босоо байснаа мэдэж байгаа. Сүүлд босч чадахгүй болоод хэвтэж байсан. Би өдөр архи уусан байсан. Дараа нь дахин Цэцэгмаагийнд архи уусан байсан. Гэрч Нацаг архи уугаад тасарсан байсан. Цэцэгмаа бас согтсон байсан гэв.

Гэрч С.Цэцэгмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Төмөрхуяг руу утсаар ярихад Жуковын хөшөөний хажууд байдаг саравчинд баахан хөгшин хүмүүстэй хамт нилээд согтуу байж байсан. Тэгээд намайг хариад их хоол хийгээд байж бай, би араас чинь удахгүй очно гэсэн. Төмөрхуяг анх манайд ирэхдээ л догонцож явж байсан. Төмөрхуяг үгэнд орохгүй янз бүрийн юм яриад байхаар нь Нацагийн хажуугаар ороод хэвтчих гээд бие засах гээд гарсан. Ороод ирсэн чинь Төмөрхуяг миний оронд ороод хэвтсэн байсан. Тэгээд би чамтай унтана гээд байсан. Тэгснээ чи надтай суу, эсвэл Нацагтай суу яахаа хэл, чамайг хүчиндсэн ч яадгийн гээд байхаар нь би айгаад цагдаа дуудсан. Манайх төмөр хөлтэй хүнд ширээтэй, газар архи асгарсан байсан. Төмөрхуяг архин дээр гишгэж хальтирч унасан. Цагдаа ирээд Төмөрхуягийг бос гэхэд босохгүй байсан. Отгонбаяр Төмөрхуягийн хөлийг хугалахаар зүйл болоогүй. Төмөрхуягийн хөл өмнө нь өвдсөн байсан” гэв.

Гэрч Э.Содбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ахлагч Отгонбаярын хамт үүрэг гүйцэтгэж явж байгаад дуудлагын дагуу гэрт очиход хөх дээл өмссөн нилээд айсан эмэгтэй наад хүмүүсээ аваад яв гэсэн. Гэрийн баруун талын орон дээр нэг хүн буруу хараад хэвтсэн байдалтай, доод талд нь нэг хүн суусан байдалтай байсан. Би Отгонбаярыг наад хүнээ босгоод аваад явъя гэсэн. Тэгээд уг хүнийг босгох гээд мөрнөөс нь татахад буцаад хэвтээд өгсөн. Би дахин босго гэхэд сууж байсан хүн босохгүй байхаар нь цахилгаан бороохой нэг удаа хий дугарсан. Дараа нь хэвтэж байсан хүний гуянд нь нэг удаа цохиулсан. Тэр хэвтэж байсан хүн бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тэгснээ хохирогч та нар намайг зодоод байна гэсэн. Тэгээд хөл хугарчихлаа гэхээр нь үзэхэд хөл нь хугарсан байдалтай байсан. Би шууд 103 дуудаж тэр хүнийг өгч явуулсан. Тэгээд Нацагийг эрүүлжүүлэхээр авч явсан. Хохирогчийн хүүхэд Магсар гэдэг хүнд энэ тухай мэдэгдсэн гэв.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг гэмтэл нь тухайн хүн унасан ч бай, цохиулсан ч бай нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авсан хүн уг хөл дээрээ тулж босох, хөл дээрээ явах чадваргүй байна. Гэмтэл авснаас хойш хөл хавдаж өвдөнө. Их хэмжээний архи уусан хүнд өвдөлт бага мэдрэгдэж болно. Уг хүний наснаас харахад ясны сийрэгжилт явагдаж байгаа тул яс хэврэг байгаа гэв.

Шүүгдэгч Н.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрхуяг газар хэвтсэн байдалтай байхад нь би очоод зүүн мөрөн дээрээс нь өргөөд суулгасан. Хажуу талаараа унахаар нь дахин зүүн мөрөн дээрээс нь өргөж суулгахад дахиад л хажуу талаараа уначихаар нь би зүүн гуян дээр нь нэг удаа цахилгаан бороохойгоор  цохиулсан. Бөгсөн дээр нь хоёр удаа цохиулсан чинь Төмөрхуяг би босож чадахгүй байна гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Төмөрхуягт хандаж та босоо гэж хэлэхэд миний хөл хугарчихаад байна гэсэн. Аль хөл чинь юм гэж асуугаад баруун хөлийнх нь өмдний шуумгийг татаж үзэхэд өвдөгний доод хэсгээр хугарсан байхаар нь өөрийнхөө дугаараас 103 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 96-101 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Төмөрхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цэцэгмаагийн гэрт орсон хойно цагдаа ирээд намайг цахилгаан бороохойдож хөл рүү өшиглөсөн үед хугараад тэр үед ихээр өвдөж босох гэсэн чинь чадахгүй санжигнасан байсан...” гэх мэдүүлэг. /хх 65-69 дүгээр хуудас/,

Гэрч С.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрхуягийг цагдаа явъя гэтэл Төмөрхуяг орон дээр суучихсан босохгүй байхад нь нэг цагдаа нь очоод цахилгаан бороохой дуугаргаж энд тэнд нь цохиулж байсан. Энэ үед нь би хүн орж ирсэн болохоор аяга тавгаа янзлаад ширээ тойроод явж байсан. Гэнэтхэн Төмөрхуяг доош суучихсан хөлөө жийгээд босохгүй хэвтээд ёолоод байсан. Удалгүй түргэний эмч орж ирээд хөл нь хугарчихсан байна гээд насилк дээр хэвтүүлээд өргөөд явсан...” гэх мэдүүлэг. /хх 71-73 дугаар хуудас/,

Гэрч М.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цэцэгээгийн гэрт ороход би нилээн согтсон байсан учир баруун талын орон дээр нь тасраад унтсан байсан. Унтаж байхад цахилгаан бороохойгоор намайг цохиулж, бос гэхээр нь сэрэхэд цагдаа ирчихсэн намайг машинд суу, гар гээд эрүүлжүүлэхэд хонуулсан...” гэх мэдүүлэг. /хх 74-75 дугаар хуудас/,

Гэрч Э.Содбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг ороход гэрт байсан хөх дээлтэй эмэгтэй халамцуухан энэ нэг согтуу хүнийг аваад яваа надтай суухгүй бол намайг хүчиндэнэ шүү гэж хэл амаар доромжлоод айлгаад байна гэж хэлсэн. Баруун талын орон дээр нэг эрэгтэй хүн буруу хараад хэвтэж байсан, орны доод талд нь бас нэг согтуу эрэгтэй хүн хөлөө жийсэн сууж байсан. Тэгээд би хөх дээлтэй эгчээс аль хүнийг нь авч явах юм гэхэд согтуу сууж байсан хүнийг нь авч яв гэж заахаар нь Отгонбаярт наад хүнээ босго гэж хэлчихээд дуудлага өгсөн хөх дээлтэй эгчээс юу болсон талаар тодруулж асууж байсан. Тэгээд манай жолооч нөгөө хүнийг хөе бос гээд мөрнөөс нь өргөж босохгүй, цахилгаан бороохойгоор цохиулж байсан. Тэр үеэр энэ хүн миний хөл хугарчихлаа чи зодоод байгаа юм биш үү гэж хэлж байсан. Би очоод өвдөөд байна гэх хөлнийх нь өмдний шуумгийг нь дээшлүүлэхэд хөл нь хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 76-78 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд орж байх замдаа би цагдаагаас яасан юу болсон талаар асуухад цагдаа надад агсан согтуу тавиад байна гэсэн дуудлагаар ирсэн хөл нь хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Үзлэг хийхэд баруун хөлийн шилбэний дунд гуравны нэгээр хугарсан хугаралтай хэсгээр бага зэргийн хавдсан, амин үзүүлэлтүүд хэвийн амнаас нь архи үнэртэж байсан. Үзлэг хийх явцад цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд байсан...” гэх мэдүүлэг. /хх 79-80 дугаар хуудас/,

Гэрч П.Аззаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өвчтөний түүхийг үзэхэд Төмөрхуяг нь анх хүргэгдэн ирэхдээ зүүн шилбэний хоёрлосон бяцарсан зөрүүтэй хугарлын гэмтэл ирсэн байна. Тэгээд би уг хүнийг 24-ний өдөр үзэхэд шилбэ нь хаван ихтэй, ясны хавирах чимээтэй эмгэг хөдөлгөөнтэй зовиур ихтэй байсан байна. 2016 оны 08 сарын 30-ны өдөр хагалгаанд орж баруун шаант ясны бяцарсан хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар хадах мэс засал хийгдсэн байна. Хугарсан үедээ өвдөлт мэдрэгдээд хөл нь санжигнаад гишгэж явах боломжгүй юм...” гэх мэдүүлэг. /хх 81 дүгээр хуудас/,

Гэрч О.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрхуяг хөлөндөө гэмтэл бэртэл авсан гэхээр зүйл надад мэдэгдээгүй тэр өдөр Төмөрхуягтай уулзахад надад хөлөндөө ямар нэг гэмтэл бэртэл авлаа гэж хэлж байгаагүй. Алхаж явахдаа ч зүгээр алхаад явж байсан. Тэгээд би маргааш нь уул руу самранд явах гэж байхад Төмөрхуяг над руу утсаар залгаад найз нь хөл хугарчихсан байна тэгээд мэс засал хийж хадах юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх 82-84 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹12041 дүгнэлтэд:

            1. Төмөрхуягийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 13 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Төмөрхуягийн биед учирсан тахилзуур ясны далд хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Яг тухайн хугарсан хөл дээрээ зогсож явах боломж байхгүй. Хугарсан даруйдаа өвдөнө, хавдана, тухайн хөлөөрөө гишгэх хөдөлгөх үед хугарсан хэсгээрээ эмгэг хөдөлгөөн илэрч гишгэж болохгүй шинж тэмдэг илэрнэ…” гэх мэдүүлэг. /хх 91 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хх 37-44 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар авч хадгалах тухай тогтоол /хх 63-64 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 103 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 104 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 105-116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Отгонбаярт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуур толгойн задгайд дуудлагаар очоод цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцлээ гэх шалтгаанаар иргэн Ч.Төмөрхуягийн хөлийг өшиглөж хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хохирогч Ч.Төмөрхуягийн биед баруун шаант тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 12041 дугаар дүгнэлтээр нотлогдож байгаа боловч уг гэмтлийг Н.Отгонбаяр учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Төмөрхуяг нь “хүнийг худал гүтгэмээргүй байна, би тэр өдөр архи их уусан, дараа нь Цэцэгмаагийнд архи нэмж уусан. Яагаад хөлөө хугалснаа мэдэхгүй байна. Би өмнө нь 10 сар цагдан хоригдож байгаад гарч ирээд удаагүй байсан, яс сийрэгжсэн л байсан байх” гэх мэдүүлэг, гэрч С.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Төмөрхуяг руу утсаар ярихад Жуковын хөшөөний хажууд байдаг саравчинд нилээд согтуу байж байсан. Тэгээд намайг хариад хоол хийгээд байж бай, би араас чинь удахгүй очно гэсэн. Төмөрхуяг архи асгарсан газар хальтирч унаад тэр газраа л хэвтэж байсан, босоогүй. Цагдаа ирээд Төмөрхуягийг бос гэхэд босохгүй байсан. Отгонбаяр Төмөрхуягийн хөлийг хугалахаар зүйл болоогүй. Төмөрхуягийн хөл өмнө нь өвдсөн байсан” гэх мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэмболорын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Уг гэмтэл нь унасан ч бай, цохиулсан ч бай нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авсан хүн уг хөл дээрээ тулж босох, хөл дээрээ явах чадваргүй байна. Гэмтэл авснаас хойш хөл хавдаж өвдөнө. Их хэмжээний архи уусан хүнд өвдөлт бага мэдрэгдэж болно. Уг хүний наснаас харахад ясны сийрэгжилт явагдаж байгаа тул яс хэврэг байгаа. Хөлний ул дээр хүндийн жин төвлөрсөн байхад эргэж унахад ч гэмтэл үүсч болно” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Н.Отгонбаярын үйлдлийн улмаас хохирогч Ч.Төмөрхуягийн биед гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй байна. Хохирогч Ч.Төмөрхуяг нь их хэмжээний согтолттой байсан, хөлөө яаж хугалснаа мэдэхгүй байна гэж мэдүүлж байгаа, тухайн үед байсан гэрч С.Цэцэгмаагийн болон Э.Содбаяр нарын мэдүүлгүүдээр Н.Отгонбаяр нь Ч.Төмөрхуягийн хөлийг хугалсан гэдгийг няцаадаг, мөн гэрч М.Нацагдорж нь “Цэцэгмаагийн гэрт ороход би нилээн согтсон байсан учир баруун талын орон дээр нь тасраад унтсан байсан” гэх мэдүүлгээр Н.Отгонбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь нотлогдсонгүй.

Хохирогч Ч.Төмөрхуяг нь Н.Отгонбаяраас хохирол төлбөрт мөнгө, эд зүйл аваагүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Отгонбаярт холбогдох бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Н.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.