Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0668

 

 

 

 

 

 

“У и” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ийн давж заалдах гомдлоор “У и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар шийдвэрээр: “... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 52 дугаар зүйлийн 52.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлага хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан номлох баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч компани нь “О т” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Инженерчлэл, худалдан авалт, барилгын менежментийн дотоодод гүйцэтгэх үйлчилгээний гэрээг байгуулж, тус гэрээний дагуу гүний уурхайн барилга, байгууламж, дэд бүтцийн төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гагцхүү “О т” ХХК-ийн төсөл дээр ажилладаг бөгөөд өөр бусад этгээдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Тиймээс тус компанийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага нь төслийн үе шатуудтай шууд холбоотой, түүнээс бүрэн хамааралтай байдаг тул зарим ажилтнуудтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай болдог.

Хариуцагчийн шалгасан нэр бүхий ажилтнуудтай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх явцдаа бүх шатны иргэний хэргийн шүүхээс компанийн байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-д нийцсэн бөгөөд хугацаатай гэрээ байгуулах бодит шалтгаан байсан тухай дүгнэлт хийсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. Иймд компанийн ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хууль зөрчөөгүй талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байтал анхан шатны шүүхээс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэлийг тодруулахаар хэргийг буцааж шийдсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

Компани нь хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахаас өмнө бүх ажилтнуудад “байнгын бус ажлын байранд ажиллах санал”-ыг бичгээр хүргүүлдэг бөгөөд гагцхүү ажилтан зөвшөөрсөн тохиолдолд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Түүнчлэн, Компани хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон үндэслэлийг ажлын санал болон хөдөлмөрийн гэрээндээ тусгайлан зааж, хоёр талаас харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурж байгуулдаг. Тиймээс компанийн ажилтнууд өөрсдийн ажлын байрыг “О т” ХХК-ийн төслийн тодорхой үе шатанд шаардагдах түр ажлын байр болохыг сайтар ойлгож, ямар нэгэн дарамт шахалтаас ангид байж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хугацаатай гэрээг байгуулахдаа ажилтан, ажил олгогч нар нь харилцан тохиролцсон эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Тус компанид харилцан тохиролцохгүйгээр байгуулсан, гарын үсэг зураагүй ямар ч хөдөлмөрийн гэрээ байдаггүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт талууд хөдөлмөрийн гэрээнд тус хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирч болно гэж заасан. Тус заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “бусад нөхцөл” гэдэгт гол нөхцөлөөс бусад дараах нөхцөлийг оруулахаар заасан байна. Үүнд хөдөлмөрийн гэрээний хугацаа, ажил гүйцэтгэж эхлэх хугацаа, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, бүх төрлийн хөнгөлөлт, тэдгээрийг олгох нөхцөл, ажил, амралтын цаг, тэдгээрийн үргэлжлэх хугацаа гэм мэт заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаарх маргааныг гагцхүү шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан атал хариуцагчаас уг асуудлыг шалгасан нь харьяалал зөрчсөн, хууль бус гэж үзэж байна.

Түүнчлэн, аливаа хөдөлмөрийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль (2002)-д заасан иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл болохын хувьд талуудын гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх ёстой. Гэрээний талуудын харилцан тохиролцож, байгуулсан гэрээг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аль нэг талын бус гуравдагч этгээдийн гомдол дээр үндэслэн гэрээний нөхцөлийг өөрчлөн хугацаагүй гэрээ болгохыг шаардаж байгаа нь хуулийн дээрх зарчимтай үл нийцнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс компанийн гаргаж өгсөн дээрх номлох баримтуудыг бүрэн үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн аливаа тушаал, шийдвэр нь ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шууд эрх зүйн үр дагаварт хүргэдэг тул уг тушаал, шийдвэртэй холбоотой аливаа маргаан нь шүүхийн онцгой харьяаллын маргаанд хамаардаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-ыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/149 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-ын 60 дугаар зүйлд ажлаас халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

Гэтэл шүүхийн харьяаллын маргааныг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөдөлмөрийн тухай хууль болон өөрсдийн гаргасан тушаалыг зөрчиж шалгалт хийсэн байхад анхан шатны энэ талаар анхаарч үзээгүй.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн гомдолд үндэслэн компанид хяналт, шалгалт хийсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гомдолд огт дурдаагүй асуудлуудыг өөрийн үзэмжээр шалгаж албан шаардлага гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан асуудлаар хийхээр заасан. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү гомдол, мэдээлэлд тусгайлан дурдсан асуудлын хүрээнд явуулах хууль зүйн зохицуулалттай.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гомдолд дурдаагүй, маргаангүй, хамааралгүй асуудлаар хяналт, шалгалт хийгээд зогсохгүй, тэдгээрт дүгнэлт өгч албан шаардлага хүргүүлснийг хуульд нийцээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн болон шалгуулагч этгээдийн санал хүсэлт зэргийг тусгана” гэж заасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын тэмдэглэл огт үйлдээгүй байдаг.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ахлах С.Баяраагийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 тоот албан шаардлагыг хүчингүй болгож өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 106 дугаар зүйлийн 106.3.11, 106.4-д заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

            “У и” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

            Уг албан шаардлагаар “1 дүгээрт, ажилчидтай ... байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг, 2 дугаарт, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд нь хуулийн зүйл заалтыг бүрэн тусгаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтыг, 3 дугаарт, хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулж ажиллагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг, 4 дүгээрт аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаанд хийх дотоодын хяналтыг зохион байгуулж ажиллуулаагүй нь Засгийн газрын 311 дүгээр тогтоолын холбогдох заалтыг тус тус зөрчсөн”-ийг тогтоож, уг зөрчлийг тогтоосон хугацаанд арилгахыг шаарджээ.

Нэхэмжлэгч “У и” ХХК нь албан шаардлагаар тогтоосон  1 дүгээр зөрчлийн тухайд “... манай компани “О т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүнийн уурхайн төслийг хэрэгжүүлдэг, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй учраас тухайн төслийн хүрээнд тодорхой хугацаагаар ажилчидтай тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т нийцсэн, хууль зөрчөөгүй ...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх үүнтэй холбогдуулан “... хариуцагч нь 261 ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан шалтгаан нөхцөл, харилцан тохиролцсон эсэхийг бүгдийг үзээгүй, ... тус компани нь байнгын ажлын байранд ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэх, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсон эсэхийг тодруулах”-аар маргаан бүхий актыг дахин акт гартал түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт маргааны үйл баримтыг тогтооход шаардлагатай нэг жилийн хугацаатай байгуулсан 34 хөдөлмөрийн гэрээнүүдийн хуулбар, нэхэмжлэгчээс гаргасан байнгын болон хугацаатай гэрээний жагсаалт, нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй төслийн гэрээ, мөн тухайн хөдөлмөрийн гэрээний талаарх маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр, Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол болон бусад баримтууд авагдсан байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “У и” ХХК болон “О т” ХХК-ны хооронд байгуулсан гэрээнд /Нотлох баримтын 1 хавтас, 10 хуудас/ гүнийн уурхайн төсөл 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор заасан, уг төслийн хүрээнд зарим байнгын ажлын байранд ажиллах ажилчидтай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээнүүдийг /Нотлох баримтын 1 хавтас, 1-4 хуудас/ байгуулснаас үзэхэд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн албан шаардлагыг буруутгах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15“байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” ойлгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчдын ажлын байрыг “байнгын ажлын байр биш” гэж маргаагүй, харин төслийн ажил гүйцэтгэдэг тул хугацаатай гэрээ байгуулах шаардлага гардаг гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;...” гэж заасан.

Хуулийн 23.2 дахь хэсгийн агуулга, зорилго нь байнгын ажлын байранд ажилчид ажиллаж байгаа тохиолдолд зөвхөн “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоос зайлсхийсэн, ажил олгогч болон ажилтны хэн алиных нь эрх ашгийг хамгаалсан зохицуулалт гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хувьд гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилтан ажлаа орхиж явахад учрах эрсдэлээс, ажилтны хувьд мөн үндэслэлээр ажилгүй болж хөдөлмөрлөж цалин хөлс авах эрх, ашиг сонирхол нь зөрчигдөхөөс тус тус сэргийлсэн агуулгатай зохицуулалт юм.

Хуулийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нь хэдийгээр тодорхой хугацаатай төсөл хэрэгжүүлэгч мөн боловч тухайн төслийн хугацаанд ажил олгогч болж байгаагийн хувьд тодорхой шалтгаангүй тохиолдолд “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах, эсхүл төслийн хугацаагаар байгуулах үүрэгтэй байна. Учир нь “хугацаагүй” байгуулсан гэрээний эрх, үүрэг төслийн хугацаа дуусгавар болоход гүйцэтгэх ажил, үүрэг нь дуусгавар болсноор хөдөлмөрийн гэрээ мөн адил дуусгавар болох бөгөөд хөдөлмөрийн гэрээг төсөл хэрэгжих хугацаагаар байгуулсан тохиолдолд үр дагавар нь адил тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу “хугацаатай” буюу төсөл хэрэгжих хугацаанаас бага хугацаагаар байгуулах тохиолдолд ажилчидтай тохиролцсоны үндсэн дээр, хугацаатай байгуулах болсон үндэслэл, шаардлагаа гэрээнд тодорхой заах үүрэгтэй.  

Гэтэл хэрэгт авагдсан байнгын ажлын байранд нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээнүүдэд ямар шалтгаанаар төслийн хугацаанаас бага нэг жилийн хугацаатай байгуулах болсон үндэслэл шаардлага тодорхойгүй, ажилтан тус бүрийн ажил, үүрэг ямар хугацаанд дуусгавар болохыг заагаагүй, нийтлэг байдлаар байнгын ажлын байранд ажиллах ажилтнуудтай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх тул ажилтан тус бүртэй ажлын онцлогт нь тохируулж харилцан тохиролцон “хугацаатай” гэрээ байгуулсан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч ажил олгогч нь ийнхүү ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд төсөл хэрэгжүүлэх хугацаанаас бага нэг жилийн хугацаа зааж байгуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж,  цаашид сунгагдахгүй болсон[1] гэх үндэслэлээр төслийн хугацаа дуусахаас өмнө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээний бусад үүргээ биелүүлж байсан ажилтнуудын хувьд эрх, ашгийг зөрчигдөхөд хүргэх нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нийтлэг байдлаар тусгасныг Үйлдвэрчний эвлэлийн гомдлоор шалгаж, дээрх хууль зөрчсөнийг тогтоож, уг зөрчлийг арилгуулахаар албан шаардлага гаргасан улсын байцаагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч албан шаардлагад дурдсан бусад зөрчлийн тухайд “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөдөлмөрийн тухай хууль болон өөрсдийн гаргасан тушаалыг зөрчиж гомдолд дурдсан хүрээнээс хэтрүүлж, шалгалт хийн Маргаан таслах комисс байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд хуулийн заалт баримтлаагүй гэсэн нь хуульд нийцэхгүй” гэж гомдол гаргасан.

“У и” ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар албан бичгүүдээс үзвэл “У и” ХХК нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нийтлэг байдлаар хууль зөрчиж байгаа асуудлыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор”-ыг ойлгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д “Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага ... эрхлэн зохион байгуулна” гэж заасан.

Хариуцагч улсын байцаагч нь дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, “У и” ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон мэргэжлийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичгээр гаргасан гомдлын дагуу гарсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01/78 дугаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжид заасан хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасанд нийцжээ.

Дээрх гомдлуудад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг сунгахгүй ажилтнуудын эрх, ашиг хохирч байгаа талаар шалгуулахыг хүссэнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг байгуулах, нийтлэг байдлаар холбогдох хуулийн заалтыг мөрдөх, гэрээнээс үүдсэн маргааныг шийдвэрлэх процесс зэрэгтэй холбоотой Хөдөлмөрийн хуулийн заалтыг мөрдөж байгаа эсэхийг хянан шалгасныг гомдлын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээргүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна.

Тухайлбал Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулж ажилладаг талаар, мөн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 4.1. Дотоод хяналт шалгалтыг дараахь чиглэлээр  зохион байгуулна: ... 4.1.4-т хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага,  хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт;” гэж заасны дагуу дотоод хяналт шалгалтыг явуулдаг талаар баримт хэрэгт байхгүй, албан шаардлагын дараа Маргаан таслах комисс байгуулсан /2 хавтас, 221 хуудас/ зэргээс үзэхэд албан шаардлагыг зорилгодоо нийцээгүй гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01-06-092/43 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч “У и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУМАА

                               ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

[1] Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр дүгнэгдсэн.