Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Ч.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,        

                                                                                                                                                                            

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 1298 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 170501342 дугаартай Ч.Л-д холбогдох хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч.Л, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, хх аймгийн хх сумын  хх  дүгээр баг, хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй боловч хх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Ч.Л- нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-1 худалдааны захын 7 дугаартай зоорины гадаа Т.Т-ыг өшиглөж зодон бөөрний өөхөн эд, хальсан дахь цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ч.Л-г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Уг хавтаст хэргийн 30, 46, 48, 51, 73 дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг уншиж судлах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-д заасан Шүүх...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож байна. Иймд Ч.Л-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаан хүргүүлж хавтаст хэргийн 30, 46, 48, 51, 73 дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлүүдэд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ч.Л-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Л- нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-1 худалдааны захын 7 дугаартай зоорины гадаа Т.Тамирыг өшиглөж зодон бөөрний өөхөн эд, хальсан дахь цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1298 дугаар шүүгчийн захирамжаар “уг хавтаст хэргийн 30, 46, 48, 51, 73 дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бүдэг, уншиж судлах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож байна. Иймд дээрх хуудаснуудад авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлүүдэд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй” гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр тогтоосон байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд захирамжиндаа мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүгчийн захирамжид “нотлох баримтыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлэх”-ийг шаардсан нь ойлгомжгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1298 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ч.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааны талаар заасан ба мөн бүлгийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “ ...хэргийг прокурорт буцаах...” шийдвэрийн үндэслэлийг 33.3 дугаар зүйлд заасан ба “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.

 

Иймд Ч.Л-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд захирамжиндаа мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна...” гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1298 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлийг ханган Ч.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ