Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 98

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: С.Ба,

Шүүгдэгч: Т.Га,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэ овгийн Төын Гат холбогдох 1928002890172 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ......-ны өдөр Ө. аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ............ настай, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Тэ овгийн Төын Га, регистрийн дугаар ...................;

Шүүгдэгч Т.Гат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 1-58 тоотод гэртээ эхнэр С.Баг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Гаийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Га шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 16-нд найзтайгаа архи уусан нь үнэн. 1 шил архи уучихаад эхнэрийнхээ нуруу руу нь түлхчихээд гарсан.

Хохирогч С.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 14-нд байсан байх. Шинэ хашаандаа нүүж ирээд гэрээ цэгцэлж байхад манай нөхөр архи уучихаад унтаж босч ирэхлээр нь гэрээ янзал гэж хэлсэн чинь уурлаад нуруу руу цохьчихоод гараад явсан. Би уурандаа цагдаа дуудсан. 

Хохирогч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Гатой гэр бүл болоод 4 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхэд маань 6 сартай, манайх Гурвансайханы 1-58 тоот хашаанд нүүж буугаад удаагүй хэдхэн хонож байгаа болохоор гадуур гэр орны ажил их байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр Га гадаа хашаа янзалж байсан. Тэгж байхад нь найз нь гэх хүн ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд Га гэрт орж ирээд унтаж байгаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгэхээр нь би гадуур хамаг юм чинь задгай байхад ажлаа хийхгүй архи уулаа гэж хэлсэн чинь уурлаад үглээд намайг загнаад байхаар нь би бас хэрэлдэж хэдэн үг хэлсэн чинь миний нуруу руу гараараа цохиж авсан. Тэгээд гадагшаа гараад явчихаар нь миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн. Га миний зүүн далны хавьд гараараа нударч цохьсон, өөрөөр зодож цохиогүй. Тухайн үед гэрт манай нялх хүүхэд бид 3 байсан. Өөр хүн байгаагүй...2018 оны 04 дүгээр сард байх Га бид хоёр бас үл ойлголцлоос болж миний биед хөнгөн гэмтэл учруулж тэр хэрэгтээ шүүхээс ял авч байсан. Түүнээс өөрөөр гар хүрч байгаагүй...Миний зүүн далны хөхөрсөн гэмтэл нь Гаийн цохисноос болсон байх. Харин баруун бугалга, сарвууны цус хуралт нь би өмнөх өдөр нь гэрийн тавилга зөөж байгаад юманд цохьчихсон болохоор Гат хамаагүй гэмтлүүд байгаа...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-14-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 689 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Багийн биед зүүн дал, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Шинжээч эмч С.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Багийн биед учирсан зүүн далны дээд хэсгийн цус хуралт нь нэг удаагийн, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь мөн тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн далны дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч Т.Гаийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал манай найз ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд манай найз хот руу явах ажилтай гээд явсан. Би гэртээ орж жаахан унтаж байгаад сэрсэн чинь эхнэр ажил хийсэнгүй гээд уурлаад намайг элдвээр хэлээд байхаар нь ам муруйж муудалцаж маргалдаж байгаад эхнэрийнхээ нуруу руу гараараа хальт нэг удаа цохьсон. Тэгээд гадаа гараад хашаандаа юм хийж байтал цагдаа нар ирээд та гэртээ агсам тавьсан байна гээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Зүүн далны хөхөрсөн гэмтэл нь миний гараараа цохьсоноос болсон байх, баруун гарын гэмтлүүд нь 11 дүгээр сарын 14-ний өдөр Ба өөрөө гэрийн тавилга зөөж байхад юманд цохьчихлоо гэж байсан. Дараа нь харахад баруун гарынх нь ар хэсэгт жаахан хөхөрчихсөн байсан. Би гаранд нь огт гар хүрээгүй. /хх-ийн 24-25-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 06-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1525 дугаартай тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-р хуудас/

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт /хх-ийн 80-р хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 28-33-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Га согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 1-58 тоот гэртээ эхнэр С.Баг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Энэхүү гэмт хэрэг 2019 оны 11-р сарын 16-ны өдөр гарсан ба 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэх үг нэмэгдсэн ба тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хувьд өөрчлөлт ороогүй юм.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэр гаргах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх ойлголтод хамаарахгүй гэж үзсэн болно.

Хохирогч С.Багийн: ...Миний зүүн далны хөхөрсөн гэмтэл нь Гаийн цохисноос болсон байх. Харин баруун бугалга, сарвууны цус хуралт нь би өмнөх өдөр нь гэрийн тавилга зөөж байгаад юманд цохьчихсон болохоор Гат хамаагүй гэмтлүүд байгаа.../хх-14-15-р хуудас/ гэх мэдүүлэг

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн: Багийн биед учирсан зүүн далны дээд хэсгийн цус хуралт нь нэг удаагийн, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь мөн тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн далны дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 20-р хуудас/ гэх мэдүүлэг 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 689 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Багийн биед зүүн дал, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр хохирогчийн баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учраагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож, энэхүү гэмтэл нь гэмтлийн зэрэгт орохгүй болох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Т.Га нь эхнэр С.Багийн зүүн дал руу нь цохиж бие махбодод халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Т.Гаийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч С.Багийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” /хх-ийн 14-15-р хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Гаийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Улсын яллагч шүүгдэгч Т.Гат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгуулийн ялын хувьд хуульд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Гаийн хувьд өвчтэй, бөөрний архаг үрэвсэл, элэгний өвчин, үүнээс шалтгаалсан цэврүү тууралтууд байдаг. Биеэ ил гаргаад явах боломжгүй, байнгын битүү хувцастай явдаг. Уг цэврүү нь байнга загатнаа үүсгэж байдаг. Үүнээс болж тодорхой хэмжээнд ажил хөдөлмөр хийхэд нь ч нөлөөлж байдаг. Хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга болон эмч нарын гаргасан дүгнэлтийг анхаарч үзнэ үү. Тийм учраас улсын яллагчийн хэлж буй 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. Тухайн торгуулийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Энэ хэргийг шийдвэрлэхэд хохирогчийн санал гомдол чухал. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн гомдол санал байхгүй, хэвийн амьдарч байгаа, нөхөр маань надаас уучлалт гуйсан, өнөөдрийн байдлаар Гаоос нэхэмжлэх зүйл байхгүй гэж илэрхийлж байгааг анхааран үзнэ үү гэх саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Т.Га нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Га нь 2018 онд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд урьд ял шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан үндэслэл болохгүй хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 20 настай эхнэр С.Баг зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулж байгаа үйлдэл дахин давтагдан гарч байгаа, 1 жилийн дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь түүний хувийн байдлыг илтгэн харуулж байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах санал гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан тул шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчид оногдуулах торгох шийтгэлийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч нь шат шатны шүүхэд хандан гаргасан гомдолдоо: “эдийн засгийн хувьд торгох шийтгэлийг биелүүлэх боломжтой, алт мөнгөний дархан хийдэг учир гэр бүлийн эдийн засагт бэрхшээл учрахгүй, торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх гомдлуудыг гаргадаг ба түүний гомдлоос дүгнэхэд торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.   

Шүүгдэгч Т.Га нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэ овгийн Төын Гаийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гат 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Га нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Га нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА