Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 301

 

Жан Яа Дунг, Ван Сяао Цианг, Тиэн Гуо Фон,

Сун Сюэ Ганг, Зиа Ёоу Цүнь нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, Т.Мөнхдэлгэр,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 525 дугаар магадлалтай 201601000020 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ нар болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. БНХАУ-ын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Жан Яа Дунг /ZHANG YADONG/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Эд зүйл онц их хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалын ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,

2. БНХАУ-ын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Ван Сяао Цианг /WANG XIAO QIANG/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Эд зүйл онц их хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалын ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,

3. БНХАУ-ын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Тиэн Гуо Фон /TIAN GUOFENG/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Эд зүйл онц их хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалын ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,

4. БНХАУ-ын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Сун Сюэ Ганг /SONG XUEGANG/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Эд зүйл онц их хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалын ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,

5. БНХАУ-ын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Зиа Ёоу Цүнь /JIA YOUCHUN/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Эд зүйл онц их хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалын ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ховор ургамал зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг бүлэглэж, хязгаарласан /чоно, туулай, загас, Дэргэвэр жиргэрүү/ эд зүйлийг онц их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ховор ургамал болох Дэргэвэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж,   6 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрийн цагдан хоригдсон 153 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, 49.4.3 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч тус бүрээс 25.772.400 /хорин таван сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 128.862.000 /нэг зуун хорин найман сая, найман зуун жаран хоёр мянга/ төгрөгийг улсын орлого болгохоор, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар, тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын Манжуур Хуатай тээвэр ХХК-ийн эзэмшлийн “Мудан” маркийн Е38436, Е13333 дугаартай 2 ширхэг автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгслүүдийг буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч тус бүрээс 11.400.000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд: а. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтын 1211.90.90 код бүхий, 15.400.000 төгрөгийн үнэтэй, 308 килограмм ховор ургамал болох “Дэргэвэр Жиргэрүү” өвсний үндсийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн,

б. “Нийслэлийн прокурорын газраас ялтан Жан Яа Дунг, Ван Сяао Цианг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Зиа Ёоу Цүнь нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж,

шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн: 2 дахь заалтын “...Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарыг бүлэглэж, хязгаарласан /чоно, туулай, загас, Дэргэвэр жиргэрүү/ эд зүйлийг онц их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “...Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарыг бүлэглэж, хязгаарласан /чоно, туулай, загас/ эд зүйлийг их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нараас тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүрийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Сун Сюэ Ганг /Song Xuegang/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Тиэн Гуо Фон /Tian Guofen/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж,

4 дэх заалтын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүрийг 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй…” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг Жан Яа Дунг /Zhang Yadong/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Сун Сюэ Ганг /Song Xuegang/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Тиэн Гуо Фон /Tian Guofen/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/-ийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоосугай...” гэж,

5 дахь заалтын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарын эдлэх 6 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй…” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нарт тус бүр оногдуулсан 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Т.Урангэрэл, Т.Мөнхдэлгэр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Жан Яа Дунг, Ван Сяао Цианг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Зиа Ёоу Цүнь нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...намайг анх удаа шалгаж байцаахад хуульч байгаагүй, мөн орчуулагч аваагүй тул би их айсан байсан ба хэрэг бүртгэж шалгаж авсан ажилтан мэдүүлэг авч, хоёр дахь удаагийн мэдүүлэг дээр би байдлыг мэдээгүй байсан тул өмнөх мэдүүлгээ ашигласан. Мөн машинаас барааг гаргаж ирж шалгахад олсны өвсний үндэс бүгд хятадын иргэн LIU WEI HUA хаанаас юм бүү мэд хэзээ машинд хийснийг мэдээгүй, би загас, чоно агнаагүй, олс өвс ургамал ухаж түүгээгүй, эдгээр барааг бэлтгэхэд их хэмжээний хүн хүч болон цаг хугацаа шаардлагатай тул олс ургамлыг урт хугацаанд наранд хатааж дараа нь савласан байсан тул миний паспорт дээрх хугацаагаар эдгээр барааг бид бэлтгээгүйг баталж болно. Тиймээс эдгээр барааг бидний толгой дээр хариуцуулах шаардлагагүй гэж бодож байна. Бүх бараа LIU WEI HUA, Алтансүх гэх монгол иргэний бараа юм. Би бусдын өмнөөс хэрэг хүлээж, бас ял шийтгэл болон барааны өндөр төлбөрийг дааж чадахгүй. Иймд Дээд шүүх өргөдлийг шударгаар шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...1. Гэмт хэрэгт холбогдогч нар нь Монгол хэл, бичиг мэдэхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагааг хийхдээ заавал өмгөөлөгч оролцуулах байжээ. Гэтэл хэргийг шалгахдаа байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон гэх нэр бүхий өмгөөлөгч нартай сэжигтэн, яллагдагч нар нь зохих хууль, дүрэм, журмын дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг огт байгуулаагүй, өмгөөлөгч нарыг оролцуулсан нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалаагүй, мөн мөрдөн байцаалтын явцад эрх ашиг нь зөрчигдөж байгааг арилгуулах, хохирлыг бодитой гаргуулах талаар нэг ч санал, хүсэлт, гомдлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд гаргаж байгаагүй байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн явуулахдаа сэжигтэн, яллагдагчаар асуухдаа өмгөөлөгч, орчуулагч оролцуулаагүй, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй, ял өөрчлөн сонсгохдоо өмгөөлөгч орчуулагч авах эрхээр хангаагүй, байцаан шийтгэх ажиллагаатай гарсан тогтоол шийдвэртэй тухай бүрт нь танилцуулаагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байсан гэх нэр бүхий өмгөөлөгч нарын хэнийг ч сэжигтэн яллагдагч нар өөрсдөө сонгон авч байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулаагүй юм.

2. 1-р хавтаст хэргийн 32, 34, 36, 37 дугаар талд орчуулагч томилсон тогтоол байдаг бөгөөд томилогдсон орчуулагч нарын хэн нь ч мэргэжлийн хятад хэлний орчуулагч байсан гэдгийг нотлох бичгийн баримт хэрэгт огт байдаггүй ба зөвхөн Майцэцэг хятад хэлний орчуулагч гэсэн дипломын хуулбар /3хх-ийн 158 тал/ хэрэгт байх боловч Майцэцэг нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй, түүнийг орчуулагчаар томилсон тогтоол байдаггүй юм. Хэрэв сэжигтэн, яллагдагч нар өмгөөлөгч, орчуулагч авах эрхээ эдэлсэн бол хэргийн бодит байдал эргэлзээгүй, нэг мөр тогтоогдох байсан гэж дүгнэхэд хүргэж байна.

Тухайлбал, орчуулагч Цүй Хай Ким нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орчуулагч томилсон тогтоолоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон байх боловч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны гэрчийн мэдүүлэг өгсөн Ли Хуа Сэн, Гүй Ан Мин, мөн энэ өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцахад байлцсан гэж гарын нөхөж зурсан /1хх-ийн 37, 2хх-ийн 12-14, 37 тал/ байна. Мөрдөн байцаагч нь хэргийн оролцогч нарт байцаан шийтгэх ажиллагааны баримтуудыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчгүй, эсвэл мэргэжлийн бус орчуулагчтай оруулдаг байсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.3, 140 дүгээр зүйлийн 140.3, 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь заалтад заасныг зөрчсөн.

3. Хохирлын тооцоог эд зүйлсийн нэгж, тоо, жин, зөрүүтэй байхад буруу гаргаснаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зүйлчлэлийг хүндрүүлсэн. Хураагдсан ургамал, амьтны үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон, үнэлгээнд хууль зүйн дүгнэлт өгч учирсан хохирлыг тодорхойлох ёстой. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлтээр “Дэргэвэр жиргэрүү” ургамлын үндэсний зах зээлийн ханшийг 40.000 төгрөг /2хх-ийн 31 тал/ гэж тодорхойлсон байхад хэрэгт үндэсний үнэлгээг өгсөн үнийн дүнгээр буюу 50.000  төгрөгөөр бодож гаргасан учир дутагдалтай байна. Түүнчлэн хураагдсан ургамлын үндсийг 5 дахин үржүүлсэн үнэлгээгээр тогтоосон нь буруу юм. Мөн эд зүйлд хураан авсан тогтоолд дурдсан загаснуудыг ширхгээр тооцсон атлаа үнэлгээг нэг килограммын үнэ буюу 6.000 төгрөгөөр үржүүлж хохирлыг гаргасан байна. Хураасан амьтны үнэлгээг 2 дахин, харин ургамлын үндсийг 5 дахин өсгөж үржүүлэн нэхэмжлэх эх сурвалжийг тогтоосон эрх бүхий байгууллагын баримт хэрэгт авагдаагүй байхад амьтан, ургамал бүгдийг 2-5 дахин өсгөж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

4. Гэмт хэрэгт хамааралтай байж болох эд зүйлсийг хаанаас, хэзээ авч цуглуулаад байсныг тодруулах зорилгоор эх сурвалж нь тодорхой болсон бадам, Тунгаа, Лю нарыг эрэн сурвалжилж сэжигтнээр тооцон шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийг зөрчсөн.

5. Сэжигтнээр мэдүүлэг өгч байсан Алтансүхийн үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд, эд зүйлсийг хадгалж байсан Манжаа гэгчээс мэдүүлэг огт аваагүй, гражийг ямар зорилгоор, хэнд, ямар хугацаагаар түрээсэлж байсныг шалгаагүй зэрэгт гомдолтой байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь төгссөн гэмт хэрэг бус, харин эд юмсыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлтэй байгаа учраас ЭБШХуулийн 321 дүгээр зүйлийн 321.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх зүйл хэсэгт заасан, гэм санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

2. Энэ хэргийн хувьд яллагдагч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтыг Монгол улс, БНХАУ-ын хооронд хугацаагүй байгуулсан эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу цуглуулах үүргээ мөрдөн байцаах байгууллага хэрэгжүүлээгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйн дээр шүүгдэгч нарт ногдуулах хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлийг тодорхой болгоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан.

3. Шүүгдэгч Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон нар нь Манжуур Хуатай тээвэр ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг \3хх-5б дахь тал\, гэмт хэрэгт холбогдох үедээ уг компанийн тээврийн хэрэгслийг \3хх-69 дэх тал\ жолоодож, компанийн ажлаар явж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Бусад гурван ялтан нар мөн л энэ компанийн ажилчид. Гэтэл тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй. Ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон нар нь Манжуур Хуатай тээвэр ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулсан, энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар Манжуур Хуатай тээвэр ХХК-нийг татаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг үндэслэн амьдтын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөж, нийт 131.742.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11 дэх хэсэгт “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэжээ. Энэ хуульд зааснаас үзэхэд “байгаль орчинд учруулсан хохирол” гэдэгт амьтан болон ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн үйлдэл хамаарахгүйгээр хуульчилсан байх бөгөөд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ховор ургамал зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөвтгөж шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, ялтан нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн энэхүү хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчээр оролцсон нэр бүхий хүмүүсийн баримт бичгийн хуулбарыг хэрэгт цуглуулахдаа \Зхх-154 болон Зхх-157 дахь талууд\ хятад хэлнээс монгол хэл рүү эрх бүхий байгууллагаар орчуулуулж, бэхжүүлээгүйгээс болж тухайн баримт ямар зүйлийг нотолж байгаа нь ойлгомжгүй болж, нотлох чадвараа алдсан. Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна” гэсэн заалтыг зөрчөөд зогсохгүй, манай орны шүүхийн байгууллагын шүүх хуралдаан хятад хэлээр явагддаг болж байгаа мэт ойлголтыг төрүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, өмгөөлөгчийн гомдлыг хангаж өгөхийг хүсье” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...3 төрлийн 3800 ширхэг загас, 2 чоно, 4 туулай болон ховор төрлийн 2 ургамлыг улсын хилээр нэвтрэх үед хаанаас олж илрүүлсэн бэ гэдэгт эхлээд анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь дээрх эд зүйлсийг 2 автобусны доор тусгайлан бэлтгэсэн саванд нууж, хөөсөнцрөөр даруулсан байсан бөгөөд хилийн шалгагчид энгийн шалгалтаар олж илрүүлэх ямар ч боломжгүй бөгөөд заавал тусгай багажаар онгойлгож байж илрэх боломжтой байгаагаас харахад шүүгдэгч нар нь зориудаар нуун далдалсан гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Мөн шүүгдэгч нар дээрх эд зүйлсийг өөрсдөө ачиж нуун далдалсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх мэдүүлгээс харахад шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хэлж байгаа шиг юу ч мэдэлгүйгээр бусдын тушаалаар хил дамнуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байна. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд Хүрэлхүү гэдэг хүний гражийг өдрийн 30 мянган төгрөгөөр түрээсэлж байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 3 төрлийн загас болон амьтад нь ширхгийн үнээрээ байгаа бөгөөд 2 төрлийн ургамал нь килограммаараа байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ нар нь бүлэглэн ховор ургамлын үндэс болох 308 килограмм Дэргэвэр Жиргэрүү өвсний үндсийг зохих зөвшөөрөлгүй хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

Харин хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд ховор ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг дээрх зүйлд зааснаар зүйлчлэн, хариуцлага хүлээлгэхээр тогтоосны дагуу шүүгдэгч нарыг уг зүйл ангиар буруутган, ял шийтгэл оногдуулсан атлаа энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлээр давхардуулан зүйлчилж, ял шийтгэсэн анхан шатны шийдвэр хууль бус болжээ.

Учир нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудын нэг болох «non bis in idem» хэмээх зарчим болоод түүний үзэл санаа, агуулгыг тусгасан Нэгдсэн Үндэстний байгууллагын Иргэний болон Улс төрийн эрхийн пактын 14 дүгээр зүйлийн 7 заалт, мөн Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад заасны дагуу аливаа хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа ял шийтгэл хүлээлгэх ёстой байдаг.

Энэхүү үндэслэлд нийцүүлэн, БНХАУ-ын иргэн болох Жан Яа Дунг /Zhang Yadong/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ нар нь бүлэглэн, улсын хилээр гаргахыг хязгаарласан эд зүйлсийг онц их хэмжээгээр, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа, ховор ургамал болох “Дэргэвэр Жиргэрүү” өвсний үндсийг улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл ангид давхардуулан зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүгдэгч нарын амьтны гаралтай эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг тусад нь дүгнэн, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь зөв байна.

Түүнчлэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоохдоо, хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулан авч, бэхжүүлсэн эд зүйлсийн үнэлгээний баримтад тулгуурлан шууд хохирлын хэмжээг тодорхойлсон нь үндэслэл бүхий байна. Харин иргэний нэхэмжлэлд холбогдох өөр асуудал буюу тухайн гэмт хэргийн улмаас амьтан болон ургамалд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулахаар тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй, нөхөн төлбөрийг гаргуулах талаарх зарчмын зөрүүтэй хуулийн зохицуулалтыг нэг мөр тайлбарлаж, зөв хэрэглээгүй байна.

Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн ангиллыг тодорхойлж, уг зүйлийн 49.4 дэх зүйлд зааснаар “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, харин ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилжээ.

Энэхүү харилцааг нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиуд болох  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоох” гэж, харин Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “...Ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж зааснаас үзэхэд, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ хоёрдмол утгагүй, нэгэн ижил зохицуулагдсан, харин ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээний талаарх хуулийн зохицуулалт хоорондоо агуулгын зөрүүтэй хуульчлагдсан байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд хуулийн 49 дүгээр зүйлд өөрчлөлт ороогүй байгаа бол Байгалын ургамлын тухай хууль 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, харин уг хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх амьтан болон ургамалд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо эдгээр хуулиудыг бүгдийг дурдсан боловч, хуулийн хэм хэмжээ хоорондоо зөрүүтэй байгааг олж дүгнээгүй, Байгаль орчныг хамгаалах хуулийн заалтыг үндэслэн тогтоосон нь эрх зүйн хувьд алдаатай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн эрэмблэл, түүнийг хэрэглэх үндсэн зарчмын дагуу Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх ёстой бөгөөд эдгээр үндэслэлийн аль алиныг нь хангаж байгаа Байгалын ургамлын тухай хуулийн заалтын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоох, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нөгөөтэйгүүр, ховор ургамал болох “Дэргэвэр Жиргэрүү” өвсний үндсийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээр байгаль орчинд шууд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нөхөн төлбөрийн хэмжээг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяао Цианг нар нь бүлэглэн ховор ургамлын үндэс болох Дэргэвэр Жиргэрүү өвсний үндэс 308 килограммыг зохих зөвшөөрөлгүй хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, мөн бүлэглэж хязгаарласан амьтны гаралтай эд зүйлс болох саарал чоно 2 ширхэг, мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, ердийн цулбуурт загас 6 ширхэг, Бор туулай 4 ширхэгийг  хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхдээ Е38436, Е13333 дугаартай Мудан маркийн 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусыг зориуд бэлтгэж, эд зүйлсийг улсын хилээр гаргахад нууцлахад зориулсан нуувч болгон ашигласан болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2 ширхэг автобусыг хурааж улсын орлого болгох байтал түүний үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, Т.Мөнхдэлгэр нарын хяналтын шатны шүүхэд бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дахь заалтыг: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Жан Яа Дунг /Zhang Yadong/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ тус бүрээс 13.452.400 /арван гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 67.262.000 /жаран долоон сая хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг улсын орлого болгосугай” гэж, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 10 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн  тогтоолоор битүүмжилсэн Мудан маркийн Е38436, Е13333 дугаартай 2 ширхэг автобусыг хурааж, улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Жан Яа Дунг, Ван Сяао Цианг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Зиа Ёоу Цүнь нар болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Т.Мөнхдэлгэр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                            ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН