Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00128

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

     2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2124 дүгээр магадлалтай,   

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, А.Кадирбек, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2/20 тоот тогтоол үйлдэн уг тогтоолд “Э” ХХК-ийн төлбөрт хураагдсан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 байрны 04 тоот 3 өрөө байрыг 52.920.000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө байрыг 54.600.000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө байрыг мөн 54.600.000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө байрыг 47.040.000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө байрыг 47.040.000 төгрөгөөр, 9 тоот 1 өрөө байрыг 39.000.000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө байрыг 32.340.000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө байрыг 32.340.000 төгрөгөөр тус тус үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх “Э” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа үүрэг гүйцэтгэгчээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчиж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1-д заасан ажиллагааг хийгээгүй, дур мэдэн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, тэр ч бүү хэл хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хүртэл төлбөр төлөгчид танилцуулаагүй, “Э” ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа хэрэг юм. Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот тогтоолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хороолол, нэг байранд байгаа 3 өрөө орон сууцыг 52.920.000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 54.600.000 төгрөгөөр, эсхүл ижилхэн хоёр, хоёр өрөө орон сууцыг нэг нь 47.040.000 төгрөг, нэг нь 54.600.000 төгрөг гэх зэргээр үнэлж байгаа нь бодит үнэнд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байгаа тул төлбөр төлөгчийн зүгээс дээрх эд хөрөнгүүдийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас үнэлүүлсэн үнэ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2/10 тоот тогтоол үйлдэн, уг тогтоолд “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот Улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц 47.500.000 төгрөгөөр, мөн тус байрны 12 тоот Улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаартай 3 өрөө орон сууцуудыг 54.400.000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Э” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд оруулаагүй, анхны дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгч “Э” ХХК-д мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан эрхийг эдлүүлээгүй, гэнэт 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнийг анхны дуудлага худалдаа явуулаагүй байж, 2 дахь дуудлага худалдааны үнийн дүнгээр 50 хувиар буруулан үнэлж байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Э” ХХК-иас 55.281.350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25.511.992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д, мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194.909.461 төгрөгийг гаргуулж “Гангар инвест” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37.042.860 төгрөгийг гаргуулж “Тэгш плант” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9.238.950 төгрөгийг гаргуулж “Нийслэл аудит” ХХК-д, Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр 76.088.961 төгрөгийг гаргуулж “Поволжская пошипниковая корпорация” хаалттай хувьцаат компанид, мөн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81.250.000 төгрөгийг гаргуулж “Мөнхийн монгол ургац” ХХК-д, мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 13.023.100 төгрөгийг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д, мөн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17.000.405 төгрөгийг гаргуулж Ч.Батбаяр, Г.Баттөр нарт, мөн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15.002.695 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт, мөн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33.838.719 төгрөгийг гаргуулж “Петрожамп” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Э” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11, 12 тоот орон сууцуудыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/01, 137/02 дугаартай, мөн байрны 2, 9, 10 тоот орон сууцуудыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 137/01, 137/02, 137/03 дугаартай, мөн байрны 4, 17, 18, 21, 22 тоот орон сууцуудыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 137/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, мөн 11, 12 тоотыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 137/03 дугаартай, 2, 9, 10 тоотыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 137/04, 137/05, 137/06 дугаартай, 4, 17, 18, 21, 22 тоотыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 137/02 дугаартай хураах тогтоолоор тус тус хураан авсан байна. Төлбөр төлөгч “Э" ХХК-д үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 11 тоот 2 өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 108.800.000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч “Э” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 9 тоот 1 өрөө орон сууцыг 57.000.000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 78.000.000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 78.000.000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 дүгээр албан бичгийг төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад гардуулан өгсөн байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 4 тоот 3 өрөө орон сууцыг 75.600.000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 46.200.000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 67.200.000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 46.200.000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 67.200.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/4837 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулах талаар мэдэгдлийг гардуулан өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 02 дугаар 14-ний өдрийн 3/5831 дүгээр албан бичгийг хуулийн зөвлөх Д.Отгонбатад гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолд заасан орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2124 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/01880 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2124 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс магадлал үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ “ШШГТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гаргаагүй тул дээрх үнэлгээнүүд нь үндэслэлтэй гэж дүгнэн, ШШГТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “...шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгтээ “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэлд дурдагдаж буй 11,12 тоот орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт нийцсэн, хуульд заасан хэмжээгээр албадан дуудлага худалдааны үнэлгээг 50 хувиар бууруулсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн үнэлгээтэй холбоотой гаргаж буй нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийсэн тул үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй буюу төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх ёстой байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн нэг байранд байгаа ижил хоёр өрөө байрыг хэт зөрүүтэй үнэлсэн,үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгчийн саналыг аваагүй гэж эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид болон шүүхэд тус тус гаргасан байтал шүүхээс эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх буруу хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөж, анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь буруу гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг болон анхны дуудлага худалдаанд төлбөр төлөгчийг оролцуулах эрхийг эдлүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хангалттай үндэслэлүүдээр няцаагаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анхан шатны шүүхэд эд хөрөнгөтэй холбоотой гомдлоо гаргасаар байтал энэхүү гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байж, нэхэмжлэгчийг үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаагүй гэж үзэн, түүгээр ч барахгүй, ийнхүү гомдлоо гаргаагүйгээс дээрх үнэлгээнүүд нь үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн байхад энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/01880 шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2124 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.     

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Э” ХХК-иас  55.281.350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25.511.992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194.909.461 төгрөгийг гаргуулж “Гангар инвест” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37.042.860 төгрөгийг гаргуулж “Тэгш плант” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9.238.950 төгрөгийг гаргуулж “Нийслэл аудит” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81.250.000 төгрөгийг гаргуулж “Мөнхийн монгол ургац” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 13.023.100 төгрөгийг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17.000.405 төгрөгийг гаргуулж Ч.Батбаяр, Г.Баттөр нарт, мөн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15.002.695 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт, мөн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33.838.719 төгрөгийг гаргуулж “Петрожамп” ХХК-д, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр 76.088.961 төгрөгийг гаргуулж “Поволжская подшипниковая корпорация” хаалттай ХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичгүүдийг үндэслэн хариуцагч байгууллага 2015 оны 135, 15291099, 2016 оны 16290214, 16290348, 16290568, 16290602, 16290667, 16290715, 16290844, 16291014, 2017 оны 17290137 тоот тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 11 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй/ 2 өрөө орон сууц, 12 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй/ 3 өрөө орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/01, 137/02 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 10, 16-ны өдрийн 137/02, 137/03 тоот тогтоолоор тус тус хураасан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэж, 2 өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгийн 70 хувь болох 66.500.000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцыг 108.800.000 төгрөгийн 70 хувь болох 76.160.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцнуудыг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1585 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2016/01354 дүгээр тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шийдвэрээр 11, 12 тоот орон сууцуудыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь буруу гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шат  ны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолоор дээрх 2 орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт нийцсэн тул анхны албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгчийг оролцуулах эрхийг эдлүүлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Хуульд заасан хэмжээгээр албадан дуудлага худалдааны үнэлгээг 50 хувиар бууруулсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй тул 11, 12 тоот орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2/10 тоот тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 1-3 өрөө бүхий 8 орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 137/01, 137/02, 137/03, 137/04 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2016 оны 137/02, 137/04, 137/05, 137/06 тоот тогтоолуудаар хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/29507, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/23679, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/38131 тоот албан бичгээр төлбөр төлөгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад  үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр төлөгч талаас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй бөгөөд хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн тул 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 137, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08, 09 тоот тогтоолуудаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий юм.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 09 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030861 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнийг 57.000.000 төгрөгөөр, 02 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030865 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 10 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030855 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнийг тус тус 78.000.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 54.600.000 төгрөг, 39.900.000 төгрөгөөр тус тус тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулан өгсөн байна.

Түүнчлэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны орон сууцуудыг  75.600.000 төгрөг, 67.200.000 төгрөг, 46.200.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 3 өрөө орон сууцыг 52.920.000 төгрөг, 2 өрөө орон сууц тус бүрийг 47.040.000 төгрөг, 1 өрөө орон сууц тус бүрийг 32.340.000 төгрөгөөр тогтоож, мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчид шуудангаар хүргүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2124 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН