Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1880

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр            Дугаар 181/ШШ2017/01880          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Эрэл” ХХК /РД:2027194/-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,       

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Бямбасүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 2/20 тоот тогтоол үйлдэн уг тогтоолд .... “Эрэл” ХХК-ийн төлбөрт хураагдсан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 байрны 04 тоот 3 өрөө байрыг 52,920,000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө байрыг 54,600,000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө байрыг мөн 54,600,000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө байрыг 47,040,000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө байрыг 47,040,000 төгрөгөөр, 9 тоот 1 өрөө байрыг 39,000,000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө байрыг 32,340,000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө байрыг 32,340,000 төгрөгөөр тус тус үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх “Эрэл” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа үүрэг гүйцэтгэгчээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчиж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1-д заасан ажиллагааг хийгээгүй, дур мэдэн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, тэр ч бүү хэл хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хүртэл төлбөр төлөгчид танилцуулаагүй, “Эрэл” ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, дуудлага худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа хэрэг юм.

Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Бямбасүрэнгийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот тогтоолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй байгаа нь тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, нэг хороолол, нэг байранд байгаа 3 өрөө орон сууцыг 52,920,000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 54,600,000 төгрөгөөр, эсхүл ижилхэн хоёр, хоёр өрөө орон сууцыг нэг нь 47,040,000 төгрөг, нэг нь 54,600,000 төгрөг гэх зэргээр үнэлж байгаа нь бодит үнэнд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуураар үнэлж байгаа тул төлбөр төлөгчийн зүгээс дээрх эд хөрөнгүүдийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас үнэлүүлсэн үнэ болон шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Бямбасүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 2/10 тоот тогтоол үйлдэн, уг тогтоолд... “Эрэл” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот Улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц 47,500,000 төгрөгөөр, мөн тус байрны 12 тоот Улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаартай 3 өрөө орон сууцуудыг 54,400,000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Эрэл” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд оруулаагүй, анхны дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан эрхийг эдлүүлээгүй, гэнэт 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнийг анхны дуудлага худалдаа явуулаагүй байж, 2 дахь дуудлага худалдааны үнийн дүнгээр 50 хувиар буруулан үнэлж байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХК-аас 55,281,350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25,511,992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д, мөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194,909,461 төгрөгийг гаргуулж “Гангар инвест” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37,042,860 төгрөгийг гаргуулж “Тэгш плант” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9,238,950 төгрөгийг гаргуулж “Нийслэл аудит” ХХК-д, Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр 76,088,961 төгрөгийг гаргуулж Поволжская пошипниковая корпорация хаалттай хувьцаат компанид, мөн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81,250,000 төгрөгийг гаргуулж “Мөнхийн монгол ургац” ХХК-д, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 13,023,100 төгрөгийг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д, мөн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17,000,405 төгрөгийг гаргуулж Ч.Батбаяр, Г.Баттөр нарт, мөн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15,002,695 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт, мөн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33,838,719 төгрөгийг гаргуулж “Петрожамп” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11, 12 тоот орон сууцуудыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 137/01, 137/02 дугаартай, мөн байрны 2, 9, 10 тоот орон сууцуудыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 137/01, 137/02, 137/03 дугаартай, мөн байрны 4, 17, 18, 21, 22 тоот орон сууцуудыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 137/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, мөн 11, 12 тоотыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 137/03 дугаартай, 2, 9, 10 тоотыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 137/04, 137/05, 137/06 дугаартай, 4, 17, 18, 21, 22 тоотыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 137/02 дугаартай хураах тогтоолоор тус тус хураан авсан байна.

Төлбөр төлөгч “Эрэл" ХХК-д үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн.

Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 11 тоот 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 108,800,000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 9 тоот 1 өрөө орон сууцыг 57,000,000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 дүгээр албан бичгийг төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад гардуулан өгсөн байна. Мөн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 4 тоот 3 өрөө орон сууцыг 75,600,000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 46,200,000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 67,200,000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 46,200,000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 67,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 3/4837 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр оруулах талаар мэдэгдлийг гардуулан өгсөн.

Анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 2 дугаар 14-ний өдрийн 3/5831 дүгээр албан бичгийг хуулийн зөвлөх Д.Отгонбатад гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолд заасан орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Эрэл” ХХК-аас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр 55,281,350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25,511,992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194,909,461 төгрөгийг гаргуулж “Гангар инвест” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37,042,860 төгрөгийг гаргуулж “Тэгш плант” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9,238,950 төгрөгийг гаргуулж “Нийслэл аудит” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81,250,000 төгрөгийг гаргуулж “Мөнхийн монгол ургац” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 13,023,100 төгрөгийг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17,000,405 төгрөгийг гаргуулж Ч.Батбаяр, Г.Баттөр нарт, мөн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15,002,695 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт, мөн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33,838,719 төгрөгийг гаргуулж “Петрожамп” ХХК-д, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр 76,088,961 төгрөгийг гаргуулж “Поволжская подшипниковая корпорация” хаалттай ХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Эдгээр шийдвэрүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 617, 618, 3405 тоот, 2016 оны 1102, 1291, 39, 502 тоот, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 17, 179, 460, 1628 тоот гүйцэтгэх хуудас тус тус бичигдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 135, 15291099 тоот, 2016 оны 16290214, 16290348, 16290568, 16290602, 16290667, 16290715, 16290844, 16291014 тоот, 2017 оны 17290137 тоот тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа явагдаж байна.

 

1.Ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Эрэл” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 11 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 12 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний 137/01, 137/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 10, 16-ны 137/02, 137/03 тоот тогтоолоор хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэж, 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгийн 70% болох 66,500,000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцыг 108,800,000 төгрөгийн 70% болох 76,160,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцнуудыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1585 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2016/01354 дүгээр тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.

 

Ийнхүү шүүх “Эрэл” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар түдгэлзсэн байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолоор дээрх 2 орон сууцыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

2. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Эрэл” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 09 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030861 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 02 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030865 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 10 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030855 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 04 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, 17 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030868 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 18 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030869 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 21 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030857 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 22 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030858 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцуудыг 2016 оны 137/01, 137/02, 137/03, 137/04 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2016 оны 137/02, 137/04, 137/05, 137/06 тоот тогтоолуудаар хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 137, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 08 тоот тогтоолуудаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн ба тогтоогдсон үнэлгээний 70%-аар тооцож санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд дээрх орон сууцуудыг оруулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 02/20 тоот тогтоол гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дээрх 8 ширхэг орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаанд гомдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй байхад 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэлээр 02/10 тоот тогтоолыг, төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагаа хийгээгүй, хуульд заасны дагуу өөрөө эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулаагүй байж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцээгүй үндэслэлээр 02/20 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Эрэл” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 11 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 12 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тогтоосон үнэлгээний 70%-иар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, Үндэсний шуудан сонины 12, 13 дугаарт бичигдсэн дээрх хөрөнгөд үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй болох нь мөн өдрийн албадан дуудлага худалдааны протоколоор тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т анхны албадан дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол 2 дахь албадан дуудлага худалдааг явуулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолоор дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулаагүй атлаа 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул уг тогтоолын дагуу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс түдгэлзүүлэхээс өмнө 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2/20 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Тухайн тогтоолоор 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн өмчлөлийн 8 ширхэг орон сууцыг битүүмжилж, хураасны дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба:

- 2, 9, 10 тоотын орон сууцнуудын үнийн талаарх саналаа 2016 оны 7 дугаар сарын 08-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгчийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 3/29507 тоот мэдэгдлээр, 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор санал ирүүлэхийг дахин 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3/23679 тоот мэдэгдлээр “Эрэл” ХХК-д мэдэгдэж, мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад мөн гардуулан өгсөн,

-4, 17, 18, 21, 22 тоотын орон сууцнуудын үнийн талаарх саналаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгчийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор санал ирүүлэхийг дахин 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3/38131 тоот мэдэгдлээр “Эрэл” ХХК-д мэдэгдсэн байна.

 

Гэвч төлбөр төлөгч үнийн санал гаргаагүй, төлбөр төлөгч, төлбөр авагчийн хэн аль нь шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 137 тоот тогтоолоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 8 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцжээ.

 

Албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талууд тохиролцож, эсхүл хөндлөнгийн шинжээч тогтоохыг хуулийн дээрх заалтуудаар зохицуулсан тул шүүх нэхэмжлэгчийн гомдлоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу өөрөө үнэлгээ тогтоох ёстой гэж шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

“Эрэл” ХХК нь 9 тоотын 1 өрөө орон сууцыг 57,000,000 төгрөгөөр, 2 тоотын 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр, 10 тоотын 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн, 4 тоотын 3 өрөө орон сууцыг 75,600,000 төгрөгөөр, 17 тоотын 1 өрөө орон сууцыг 46,200,000 төгрөгөөр, 18 тоотын 2 өрөө орон сууцыг 67,200,000 төгрөгөөр, 21 тоотын 1 өрөө орон сууцыг 46,200,000 төгрөгөөр, 22 тоотын 2 өрөө орон сууцыг 67,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан журмын дагуу гаргаагүй тул шүүх эдгээр үнэлгээг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд үнийн санал авах ажиллагаа хийгээгүй, шийдвэр гүйцэтгэгч өөрөө үнэлгээ тогтоох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эцэст нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд анхны албадан дуудлага худалдаа явуулах огноог 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэж буруу бичсэн нь тухайн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА