Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2124

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02124

 

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох,

 

НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

НШГА-ны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Б нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2/20 тоот тогтоол үйлдэн уг тогтоолд “Э” ХХК-ийн төлбөрт хураагдсан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 байрны 04 тоот 3 өрөө байрыг 52 920 000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө байрыг 54 600 000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө байрыг мөн 54 600 000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө байрыг 47 040 000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө байрыг 47 040 000 төгрөгөөр, 9 тоот 1 өрөө байрыг 39 000 000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө байрыг 32 340 000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө байрыг 32 340 000 төгрөгөөр тус тус үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ.

Гэтэл НШГА-наас дээрх “Э” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа үүрэг гүйцэтгэгчээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчиж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1-д заасан ажиллагааг хийгээгүй, дур мэдэн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, тэр ч бүү хэл хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хүртэл төлбөр төлөгчид танилцуулаагүй, “Э” ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, дуудлага худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа хэрэг юм.

Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Б-гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот тогтоолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй байгаа нь тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, нэг хороолол, нэг байранд байгаа 3 өрөө орон сууцыг 52,920,000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 54 600 000 төгрөгөөр, эсхүл ижилхэн хоёр, хоёр өрөө орон сууцыг нэг нь 47 040 000 төгрөг, нэг нь 54 600 000 төгрөг гэх зэргээр үнэлж байгаа нь бодит үнэнд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуураар үнэлж байгаа тул төлбөр төлөгчийн зүгээс дээрх эд хөрөнгүүдийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас үнэлүүлсэн үнэ болон шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

НШГА-ны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Б нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2/10 тоот тогтоол үйлдэн, уг тогтоолд “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот Улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц 47 500 000 төгрөгөөр, мөн тус байрны 12 тоот Улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаартай 3 өрөө орон сууцуудыг 54 400 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлджээ.

Гэтэл НШГА-наас “Э” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд оруулаагүй, анхны дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгч “Э” ХХК-д мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан эрхийг эдлүүлээгүй, гэнэт 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнийг анхны дуудлага худалдаа явуулаагүй байж, 2 дахь дуудлага худалдааны үнийн дүнгээр 50 хувиар буруулан үнэлж байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд НШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Э” ХХК-аас 55 281 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 511 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д, мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194 909 461 төгрөгийг гаргуулж “Гангар инвест” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37 042 860 төгрөгийг гаргуулж “Тэгш плант” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9 238 950 төгрөгийг гаргуулж “Нийслэл аудит” ХХК-д, Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр 76 088 961 төгрөгийг гаргуулж “Поволжская пошипниковая корпорация” хаалттай хувьцаат компанид, мөн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81 250 000 төгрөгийг гаргуулж “Мөнхийн монгол ургац” ХХК-д, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 13 023 100 төгрөгийг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д, мөн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17 000 405 төгрөгийг гаргуулж Ч.Б, Г.Б нарт, мөн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15 002 695 төгрөгийг гаргуулж Д.Б-т, мөн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33 838 719 төгрөгийг гаргуулж “Петрожамп” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Эрэл ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11, 12 тоот орон сууцуудыг 2015 оны 04 дүгээр сарын 011-ний өдрийн 137/01, 137/02 дугаартай, мөн байрны 2, 9, 10 тоот орон сууцуудыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 137/01, 137/02, 137/03 дугаартай, мөн байрны 4, 17, 18, 21, 22 тоот орон сууцуудыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 137/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, мөн 11, 12 тоотыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 137/03 дугаартай, 2, 9, 10 тоотыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 137/04, 137/05, 137/06 дугаартай, 4, 17, 18, 21, 22 тоотыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 137/02 дугаартай хураах тогтоолоор тус тус хураан авсан байна.

Төлбөр төлөгч “Эрэл" ХХК-д үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн.

Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 11 тоот 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч “Э” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 9 тоот 1 өрөө орон сууцыг 57 000 000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 78 000 000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 78 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 дүгээр албан бичгийг төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д гардуулан өгсөн байна.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 4 тоот 3 өрөө орон сууцыг 75 600 000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 46 200 000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 67 200 000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 46 200 000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 67 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/4837 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулах талаар мэдэгдлийг гардуулан өгсөн.

Анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 02 дугаар 14-ний өдрийн 3/5831 дүгээр албан бичгийг хуулийн зөвлөх Д.Отгонбатад гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зарласан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

НШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолд заасан орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан НШГАнд холбогдуулан гаргасан НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Эрэл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэсэнээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байдаг.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт НШГА-аас үнэлсэн "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаагүй тул дээрх үнэлгээнүүд нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлййн шаардлагад Нийслийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Бямбасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

Дээрх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь НШГАнаас "Эрэл" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага  худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа үүрэг гүйцэтгэгчээс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчиж, дур мэдэн хөндлөнгийн   байгууллагаар үнэлгээ тогтоолгож, хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хүртэл төлбөр төлөгчид танилцууллаагүй, "Эрэл" ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, дуудлага худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаад мөн НШГАнаас хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлсэн гэх 2/20 тоот тогтоолд дурьдсан, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэгч эд  хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэг хороолол, нэг байранд байгаа 3 өрөө орон сууцыг 52 920 000

төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 54 600 000 төгрөгөөр. эсхүл ижилхэн хоёр, хоёр өрөө орон

сууцыг нэг нь 47 040 000 төгрөг, нэг нь 54 600 000 төгрөг гэх зэргээр үнэлж байгаа нь бодит үнэнд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байгаа тул төлбөр төлөгчийн зүгээс дээрх эд хөрөнгүүдийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас үнэлүүлсэн үнэ болон шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийж    чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлгээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч НШГА”нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Э” ХХК-иас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр 55 281 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 511 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194 909 461 төгрөгийг гаргуулж “Гангар инвест” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37 042 860 төгрөгийг гаргуулж “Тэгш плант” ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9 238 950 төгрөгийг гаргуулж “Нийслэл аудит” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81 250 000 төгрөгийг гаргуулж “Мөнхийн монгол ургац” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр 13 023 100 төгрөгийг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д, мөн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17 000 405 төгрөгийг гаргуулж Ч.Б, Г.Б нарт, мөн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15 002 695 төгрөгийг гаргуулж Д.Б-т, мөн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33 838 719 төгрөгийг гаргуулж “Петрожамп” ХХК-д, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр 76 088 961 төгрөгийг гаргуулж “Поволжская подшипниковая корпорация” хаалттай ХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичгүүдийг үндэслэн хариуцагч байгууллага 2015 оны 135, 15291099, 2016 оны 16290214, 16290348, 16290568, 16290602, 16290667, 16290715, 16290844, 16291014, 2017 оны 17290137 тоот тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар НШГА нь “Э” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 11 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй/ 2 өрөө орон сууц, 12 тоот /эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй/ 3 өрөө орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/01, 137/02 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 10, 16-ны өдрийн 137/02, 137/03 тоот тогтоолоор тус тус хураасан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэж, 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгийн 70 хувь болох 66 500 000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгийн 70 хувь болох 76 160 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцнуудыг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1585 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2016/01354 дүгээр тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

            Дээрх шийдвэрээр 11, 12 тоот орон сууцуудыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

            Иймд анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь буруу гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл буруу болжээ.

 

            Түүнчлэн анхны албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгчийг оролцуулах эрхийг эдлүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх үндэслэлүүдээр няцаагдаж байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэж, НШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10 тоот тогтоолоор дээрх 2 орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт нийцжээ.

 

            Хуульд заасан хэмжээгээр албадан дуудлага худалдааны үнэлгээг 50 хувиар бууруулсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм. Иймд 11, 12 тоот орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2/10 тоот тогтоол хуульд нийцсэн тул холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөн НШГА нь “Э” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 09 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030861 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 02 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030865 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 10 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030855 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 04 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, 17 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030868 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 18 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030869 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 21 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030857 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 22 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030858 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцуудыг 2016 оны 137/01, 137/02, 137/03, 137/04 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2016 оны 137/02, 137/04, 137/05, 137/06 тоот тогтоолуудаар хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

 

Хариуцагч НШГА 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/29507, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/23679, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/38131 тоот албан бичгээр төлбөр төлөгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д /I хавтас 126 дахь тал/ үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн /I хавтас 127, 135, 139 дэх тал/ боловч төлбөр төлөгч талаас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй бөгөөд хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн /I хавтас 138 дахь тал/ тул 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 137, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08, 09 тоот тогтоолуудаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 09 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030861 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнийг 57 000 000 төгрөгөөр, 02 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030865 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 10 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030855 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнийг тус тус 78 000 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 54 600 000 төгрөг, 39 900 000 төгрөгөөр тус тус тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулан өгсөн байна. /I хавтас 191-192 дахь тал/

 

Түүнчлэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 04 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, 17 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030868 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 18 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030869 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 21 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030857 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, 22 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030858 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцуудыг 75 600 000 төгрөг, 67 200 000 төгрөг, 46 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 3 өрөө орон сууцыг 52 920 000 төгрөг, 2 өрөө орон сууц тус бүрийг 47 040 000 төгрөг, 1 өрөө орон сууцы тус бүрийг 32 340 000 төгрөгөөр тогтоож, мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчид шуудангаар хүргүүлсэн /I хавтас 209-210 дахь тал/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Иймд үнийн санал аваагүй, хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон үнийн санлыг танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА