| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 188/2017/0507/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 48
У.Бөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Ууганцэцэг,
шүүгдэгч У.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Б, Б.Г,
нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Бийн гаргасан давж заалдах гомдлоор У.Бөд холбогдох 1708005350017 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт У.Б, 1978 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй, “Тээрно” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, ......................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................................../,
У.Б нь 2008 оноос эхлэн өөрийн төрсөн хүү Б.Тийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, мөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-14 тоотод хүү Б.Тийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн Д.Н-ийг 2016 оноос эхлэн байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: У.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас У.Бөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, У.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар У.Бөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иш хэсгээрээ хугарсан 1 ширхэг шалны модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар У.Бөөс 128.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Б.Тт олгуулж, Б.Т нь шүүгдэгчийн үйлдлээс болж эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, У.Бийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 466 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг тус тус эсэргүүцэж байна. Тухайлбал, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг, байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэснийг, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүйг тус тус эсэргүүцэж байна. 2013 оноос өмнө хохирогч Б.Тийн эх Д.Н нь гомдол гаргаж, 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний шүүхээс 1 жилийн хугацаатай миний эцэг байх эрхийг хассан. Иймд тогтоолын эрүүгийн хариуцлагад тооцох хэсэгт Б.Тийн мэдүүлгийн 2013 оноос өмнө дурдсан хэсэг, Д.Н-ийн мэдүүлгийн 2013 оноос өмнө дурдсан хэсэг, гэрч Ш.О-ийн мэдүүлэг, эрсдлийн үнэлгээ /хх-115-128/, багийн хурлын тэмдэглэл гэх зэрэг баримтууд нь бүгд 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн иргэний шийдвэртэй холбоотой хавтаст хэргийн материалууд билээ. Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр үүнийг тайлбарласан боловч шүүгч Г.Алтанцэцэгт хэргээ хүлээхгүй байна гэсэн буруу ойлголт төрүүлсэн гэж ойлгож байна. 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр буруугаа хүлээж, шийтгэлээ авсан. Энэ өдрөөс эхлэн гадуур байр хөлслөн амьдарч, 1 жилийн дараа Д.Н дахин орон сууцны өмчлөгчөөс миний нэрийг хасуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ Д.Н нь 2013 оноос өмнөх хүүхэд зодсон гэх шалтгаануудаа яг адил дурдсан байдаг. Би 2013 оны шийтгэлээс хойш Б.Тт гар хүрч байгаагүй. Тийм нөхцөл харилцаа үүсч байгаагүй. Б.Т ч мэдүүлэгтээ зодохоо больсон гэж бичсэн байдаг. Иймээс байнга зодсон гэх өмнөх хэргийн шийтгэлд нь ял давхардуулан өгсөн эсэхийг хянан шалгаж өгнө үү. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би юу болсноо дэлгэрэнгүй үнэнийг ярьж, буруугаа хүлээн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа шүүх хуралдаан дээр болон мэдүүлэгтээ илэрхийлж байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад тохирохыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү. Мөн Б.Тийн хохиролд ээж Д.Н-ийн хүсэлтээр 3 удаа шилжүүлэхээр нийт 416.000 төгрөг, хүүхдүүдийн сургалтын төлбөр хэлбэрээр өгснийг нэр зааж хохирол төлөөгүй гэсэн тул Б.Тт 2017 оны 11 дүгээр сард банкаар 200.000 төгрөг бэлэн төлсөн. Ингээд би цаашид Д.Н-тэй хувийн харилцаагүй тусдаа амьдрах бөгөөд Б.Т 18 нас хүрсэн бие даах чадвартай бөгөөд 2 бага хүүхэддээ эцэг нь байж, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, үргэлж хэрэгтэй хүн байх чин хүсэлтэй байна. Учир нь Б.Т оюутан, 1 жилийн сургалтын төлбөр 2.000.000 төгрөг, Б.Э , Б.Н нарын 1 жилийн сургалтын төлбөр 3.600.000 төгрөг, Д.Н нь орон сууцны зээлтэй, цэцэрлэгийн багш 600.000 төгрөгийн цалинтай тул эдийн засгийн хүндрэлд орохоос гадна 2 бага хүүхэд ялангуяа охин Б.Н 7 настай, аавыгаа санан бэтгэрч сэтгэл санааны хувьд зовлонд унах болоод байгаа тул би өөрийн ажлаа алдахгүй хийж тэдний амьдралд туслах хэрэгтэй байгааг харгалзан үзэж миний гомдлыг хүлээн авч, 2 жилийн хорих ялыг өөр төрлийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч У.Бийн өмгөөлөгч Б.Г , Д.Б нар тус шүүх хуралдаанд хамтран гаргасан тайбартаа: “... У.Б нь Б.Тийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт анхан шатны шүүхээс хохирол төлөгдөөгүй, гэм буруугийн хувьд маргаантай гэдэг үндэслэлээр 2 жилийн хорих ял оногдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны нөхцөл байдлаас харахад У.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруудаа гэмшиж хохиролд 200.000 төгрөг төлсөн баримт байгаа. Үүнээс харахад У.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлаж тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгнө үү. У.Бийн хувийн байдлаас дурдвал хими цэвэрлэгээний компани ажиллуулдаг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. У.Бийн эхнэр цэцэрлэгийн багш хийдэг, орлого муутай, хоёр бага насны хүүхэдтэй тул У.Бийн хүүхдүүддээ эдийн засгийн хувьд тусалж дэмжих үүргээ биелүүлэх нөхцлийг нь харгалзан үзэж хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэн хянан харгалзах ялаар сольж өгнө үү ...” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.Бөд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. У.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд шийтгэх тогтоолын 2, 3, 4 дүгээр заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд урд 2013 онд авагдсан иргэний хэргээс хуулбарласан нотлох баримтуудад үндэслэж анхан шатны шүүх дүгнэлт гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан миний мэдүүлгийг шүүгч буруу ойлгосон мэтээр давж заалдах гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагчийн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг цуглуулах чиг үүргийн хүрээнд 2013, 2014 онд иргэний хэрэг шийдвэрлэгдэж байсан талаарх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч У.Бийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн хүүхэд Б.Тийг байнга зодсон, харгис хэрцгий, догшин авирласан гэмт хэргийг хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, насанд хүрсэн хойноо хохирогчоор өгсөн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад У.Б нь улсын яллагчийн “учруулсан гэмтлийг өөрөө учруулсан” гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу гэдэг асуултад “гэмтлүүдийг бүгдийг нь учруулаагүй, Б.Т миний өөдөөс зодолдож зарим гэмтлийг авсан, хохирогч юм мөргөсөн, газар савж унасан“ гэх зэргээр мэдүүлсэн. Энэ нь шүүгдэгч тухайн үед өөрийн эрхийн хүрээнд өгсөн мэдүүлэг хэдий ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруудаа маргаж байна гэж үзэх үндэслэл болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудын тухайд, урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. 2013 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй, зодохоо больсон гэж хохирогч мэдүүлсэн мэтээр гомдолдоо дурдсан. 2017 оны 4 дүгээр сард хүүхдийн талх идсэн гэж маргалдаж цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан гэдэг асуудлаар энэ хүний мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа. Байнгын шинжтэй гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүүхдийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэж хуулийн дагуу гарсан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
У.Б нь 2008 оноос эхлэн өөрийн төрсөн хүү Б.Тийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, мөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-14 тоотод хүү Б.Тийг зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Тийн “... 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 141 тоот гэрт аав У.Б дүүтэй уулзана гээд ирсэн. Тэгээд шөнийн 04 цагийн үед аав ээж рүү дайраад хүүхэд халуураад байна, гарч халууны эм олж ир гээд загнаад гэрээс гаргаад явуулчихаар нь би сэрээд аавд хандан ээжийг өмөөрөөд “өөрөө эмэндээ яв” гэж хэлэхэд “хүүхэд халуураад байна” гэж хэлээд, миний нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд газар унагаад, дээр гарч суугаад гараараа цохиод байсан. Би яг хаана хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Намайг гар утсаа авах гэтэл булааж аваад, шалны модоор гар, хөл рүү цохиход шалны мод хугарсан. Тэгээд би гэрээс гараад явах гэтэл хаалга цоожлоод “одоо цусаа угаа” гэхээр нь би “угаахгүй” гээд цусаа гоожуулаад сууж байтал дахин нүүр лүү гараараа цохиж, банны өрөө рүү дагуулж ороод нүүр угаалгасан. Тэгээд би нүүрээ угаагаад зогсож байхад “дүү чинь халуураад байхад чи ойлгож байна уу” гээд дахин зодохоор нь би тэсэхээ болиод өөдөөс нь гараараа нүүр лүү нь цохисон чинь намайг цохилоо гээд банны өрөөнд унагаагаад дээрээс гараараа цохисон. Тухайн үед би ухаан санаа самуураад яг хаана, хэдэн удаа цохиж, зодсоныг санахгүй байна. Миний дээрээс гараараа маш олон удаа цохисон. Тэгээд аав банны өрөөнөөс гараад явахаар нь би нүүрээ угаагаад зогсож байхад буцаж орж ирээд “чи цагдаагаа дуудахгүй юм уу, цагдаад гомдолгүй гээд хэлчиж чаддаггүй биз дээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд сууж байтал ээж хаалга цохиход аав хаалга онгойлгож өгсөн. Ээж орж ирээд намайг хараад цагдаад дуудлага өгсөн...” /хх-10-12/,
“... Намайг анх 2006 оны намар 9, 10 сард, 1 дүгээр ангид 7 настай байхад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13-144 тоотод байх гэрт хүрдээ цээжилсэнгүй гэж суран бүсээр биеийн энд тэндгүй ороолгож зодсон. Тухайн үед гэрчлэх хүн байгаагүй ба дараа нь ээж маань мэдсэн. Тэр үед эмнэлэгт үзүүлээгүй өнгөрсөн.
Дараа нь 2008 онд намайг 9 настай байхад дүү Эрхэсийг төрсний дараа сарыг нь санахгүй байна, дүү уйллаа, хүүхдийн даавуу угаасангүй гэх шалтгаанаар гараараа миний нүүр, толгой, цээж, нуруу, хөл хэсэгт зодож байсан. Дээрх шалтгаанаар намайг байнга зоддог байсан. Энэ талаар манай ээж Н, нагац эгч А, түүний охин С нар мэднэ. Манай дүүг 9 сар хүртэл нь намайг зоддог байсан. Тухайн үед би эмнэлэгт үзүүлж байгаагүй.
2008 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13-144 тоотод шалтгааныг нь санахгүй байна. Намайг хоол идэж байхад гэнэт миний нүүр лүү мөлжиж байсан сүүжний ясаа шидээд, миний зүүн нүдийг оноод зовхиноос цусархаг шингэн зүйл гарч байсан. Тэгээд хамар луу гараараа 1 удаа цохиод хамар хавдаж байсан. Тухайн үед манай ээж хамт байсан. Тэгэхэд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж байсан.
2008 онд сарыг нь санахгүй байна, намайг унтаж байтал шөнө сэрээгээд наанаа босоод зогс, босоогоороо зогсоод хоно гээд зогсоогоор хонуулж байсан.
Дараа нь 2009 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13-144 тоотод байх гэрт толины урд намайг зогсож байхад шалтгааныг нь санахгүй байна, толь руу юм шидэхэд толь хагарч хагархай нь миний зүүн хөлийн өсгийг зүсэж байсан. Тухайн үед ээж хажууд байсан. Эмнэлэгт үзүүлээгүй.
2010 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бага дүү Н төрсөн ба 3 сарын дараа Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-141 тоотод ирж амьдарсан ба тухайн үед хүүхдийн даавуу угаасангүй гэх шалтгаанаар бас л гараараа биеийн бүх хэсэгт цохиж, зоддог байсан. Манай дүүг 1 нас хүртэл нь 7 хоногт 5-аас доошгүй удаа зодож үргэлжилдэг байсан. Энэ талаар манай ээж Н мэднэ. Гэртээ зодохдоо хаалгаа түгжиж байгаад зоддог байсан учраас манай ээж л мэднэ.
2014 оны өвөл 1 сард манай ээжийн найз өөрийн 2 хүүхдээ харуулдаг байсан. Тэгэхэд аав согтуу орж ирээд ээжийг гараараа их удаан зодож, хутга бариад дайрч байсан ба манай ээж гэрт байдаг хоёр хүүхдийг цагдаад дуудлага өгчих гэхэд дуудаж өгөөгүй. Тэгээд би өвөл цастай байхад улавчтай, дан хувцастай гарч гүйхэд аав араас хөөгөөд би зугтааж 20 дугаар байрны 4 дүгээр орцонд 2 давхарт байж байхад жижүүр гэх настайвтар эгч утсаараа яриулж, би цагдаа дуудаж байсан. Тэгээд шүүхээр орж аав маань эцэг байх эрхээ алдсанаас хойш надад гар хүрэх нь багассан.
2017 оны 4 дүгээр сард гэрт байхад намайг хүүхдийн талх идсэн чинь талх идлээ гээд миний баруун гарыг арагш өчиж, шалан дээр чирээд, хувцас урахаар нь цагдаа дуудсан. Тэр үед ээж байсан ба цагдаа дуудаад аавыг бариулсан. Манай аав тухайн үед эрүүл байсан. Тэгээд цагдаагийн хэлтэст ирээд аавыг торгоод, ээжид зөвлөгөө өгөөд явуулсан.
Тэгээд саяхан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр аав гэрт намайг зодсон...” /хх-13-14/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.Н-ийн “... 2017 оны 7 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай салсан нөхөр У.Б гэрт ирчихсэн байсан. Тэгээд орой 23 цагийн үед би жижиг өрөөнд хүү Э-ийн хамт унтаад, том хүү том өрөөнд ганцаараа унтаад, манай бага охин Н аавтайгаа урд өрөөнд унтсан. Тэгтэл шөнө 03 цагийн үед У.Б намайг дуудаад “хүүхэд халуураад байна, халууны эм, халууны шил байна уу” гэхээр нь наагуураа үз гэж хэлэхэд тэр хавиар хайгаад байх шиг байсан. Би их ядарсан байсан тул угаалгын машины дээд талын тавиур дээр эмний хайрцаг байгаа гэж хэлээд эргэж хэвтсэн чинь нам унтчихсан байсан. Тэгсэн чинь шөнө 04 цагийн үед миний хөнжлийг авч шидээд “пизда минь босооч, хүүхэд чинь халуураад байгаа юм биш үү, халууны эм алга, одоо чи гараад халууны эм олоод ир” гэхээр нь би одоо эмийн сан хаалттай шүү дээ, хаанаас авах юм бэ гэхэд “пизда минь Улаанбаатар хотын аль онгорхой байгаа эмийн сангаас яг одоо олоод ир” гэсэн. Намайг орноос босч ирэхэд хурдал гэж байна шүү гээд ор луу түлхсэн. Тэгээд би 32-н байрны хажуу талын 24 цагийн эмийн сангаас халууны эм аваад гэртээ ирсэн. Эмийн сан дээр байхдаа нөхөр болон хүү Б.Т рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эргээд гэртээ очтол давхар хаалганы дотор талын модон хаалга цоожтой байхаар нь тогшиход У.Б хаалга онгойлгосон чинь түүний ард талд хүү Б.Тийн нүүр нь хавдаж, хөхөрсөн зогсож байхаар нь би гэртээ оролгүй, эмээ өгөлгүй гарч гүйгээд 102 луу залгаж цагдаа дуудсан. Араас У.Б эм аваад ирээч гээд орилоод байсан. Тэгээд эргээд ортол У.Б урд өрөөрүү орсон байхаар нь хүү Б.Тийг дагуулж гараад гадаа хүлээж байгаад цагдаа ирэхээр нь ороход У.Б юу ч болоогүй юм шиг охиныхоо дэргэд сууж байсан. Цагдаа юу болоод байна гэхэд, У.Б “хүүхэд халуураад” гэсэн. Та энэ хүнийг яагаад зодож байгаа юм бэ гэхэд наадах чинь урдаас томроод гэж хэлсэн.
Анх 2002 онд Б.Тийг 3 настай байхад нь У.Б Герман улсаас ирээд хоол идсэнгүй гэж суран бүсээр нуруу луу нь ороолгож зодож байсан. Ер нь манай хүүг 14 нас хүртэл нь байнгын гараараа зодож, суран бүсээр ороолгож, хөл рүү нь байнгын өшиглөж зоддог байсан ба манай хүү хөхөрч хавдсан нүүр, нүдтэй хичээлдээ явдаг байсан. Намайг хүүгээ өмөөрөхөд уурлаж зоддог байсан ба би ч бас хөхөрсөн царайтай ажилдаа их явдаг байсан. Биднийг зодсоныхоо дараа уучлалт бараг гуйхгүй, ийм ч юм хийх үү гээд гэмээ цайруулахаар оролдоод байдаг байсан. Би бага байхад нь аав чинь чамайг сайн хүн болгох гэж л зодож байгаа байх гэж хэлдэг байсан ч хүү маань том болоод өөр бодолтой хүн болж өссөн. Мөн 2006 оны намар 1 дүгээр ангид байхад нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13-144 тоотод амьдарч байхад нь тооны хүрд, зүйр үг цээжилсэнгүй гэж суран бүсээр энд тэндгүй нь ороолгож зодож байсан. Тэгээд намайг хүүгээ өмөөрсөн чинь зүүн гараараа миний хамар луу цохиод хамар муруйж гэмтээд 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд эмчлүүлж байсан. Дараа нь 2008 онд хүү Эрхэсийг төрсний дараа, манай том хүү Б.Тийг 9 настай байхад нь чи хүүхдийн даавуу угаасангүй, гэр цэвэрлээгүй, ээждээ тусалсангүй, хичээл номоо хийсэн үү, гадаа гарсан бол ална шүү, энэ гэрийн бүх хүний хувцсыг угааж, хатаагч дээр тавиагүй байна гэх шалтгаанаар байнга зодож, байнгын дарамттай байлгадаг байсан. Орой хаалга тогшихоор нь би хүүгийнхээ хамт айж их сонин байдалтай болдог байсан. Яах ч аргагүй ажил хийж гэр орноо тэжээдэг байсан болохоор дуугүй л байдаг байсан. Мөн 2008 онд гэрт хүү маань хоол идэж байхад нь би өөрийн эх нэгтэй эгч Алтанцэцэгийн гэрт байлгадаг юм билүү гэж бодоод хүү маань ч байх дуртай болохоор нь нөхрийн хамтаар хүү Эрхэсийг аваад зуслан руу яваад Б.Тийг эгчийн гэр лүү явуулъя гэж ярилцсан. Тэгтэл нөхөр “чи яахаараа гэр бүлтэйгээ байхыг хүсдэггүй хүүхэд вэ, муу новш чинь, даварчихсан байна шүү дээ” гээд идэж байсан сүүжний ясаа шидсэн чинь зүүн нүдийг нь оносон. Тэгтэл нүднээс нь цусархаг зүйл гарч байсан. 2009 оны зун манай нөхөр гадаа тоглолоо муу пизда, муу гөлчгий тархитай пизда минь гээд зодох гэж Б.Тийг хөөгөөд коридор байх толины хажууд очиход нь юм шидэхэд толь хагараад хөлийн шагай, өсгийн орчим нь зүсэгдэж байсан. Тэр үед манай хоёр хүүхэд тараг уугаад хордлогонд ороод зуслангаас орж ирсэн ба тухайн үед хоол хийгээд идүүлэх гэтэл Б.Т идэж чадахгүй байхад нь шахсаар байгаад идүүлсэн чинь идээд бөөлжсөн юм. Тэгтэл нөхөр чи наад бөөлжисөө долоогоод ид гэж дарамталж зодоод, бөөлжисийг нь долоолгоод тэрийг нь цэвэрлүүлсэн. Дараа нь 2010 онд охин Номин төрсөн ба бас л хувцас, хүүхдийн даавуу угаасангүй гэж зодож, цохидог байсан. 2014 оны 1 дүгээр сард нөхөр маань гэр бүлийн жижиг хэрүүлээс болоод намайг зодохоор нь эрүүлжүүлэхийн цагдаагийн утсыг урьд нь авсан байсан учир тэр цагдаагийн утас руу “У.Б манай нөхөр намайг зодоод алах гээд байна” гэж мессеж бичсэнийг харчихаад миний биеийн энд тэндгүй зодоод, ална гээд хутга аваад далайж байхад манай хүү Б.Т гарч гүйгээд цагдаа дуудсан. Цагдаа ирж баривчлаад, нөхөр уучлал гуйгаад байхаар нь гомдолгүй гээд торгуулийн арга хэмжээ аваад салсан. 2017 оны 4 дүгээр сард У.Б нь хүүхдүүдээ гар утас, компьютер үзүүлээд шөнийн 03 цаг хүртэл болгодог болохоор Б.Т “миний дүү нар битгий гар утас үзээд бай” гээд гал тогоонд байсан талхнаас 1 зүсэм талх л идсэн чинь “чи хүүхдийн талх идчихлээ” гээд баруун гарыг нь өчиж одоохон талх аваад ир, мөнгө олоод талх аваад ир гэж хэлээд дээрэлхсэн. Би цалин буугаагүй байна, чи одоохондоо талх авчихаач гэж гуйсан чинь гахай, нохойгоор дуудаж, хүү Б.Тийн хоёр гарыг нь өчиж газарт унагаасан ба дахин хүүхдийн юм идэх юм бол ална шүү гэсэн. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” /хх-15-16/, /хх-96-97/,
Гэрч Б.Б-ны “... уг айл 141 тоотод 4-5 жил орчим амьдарч байгаа. Анх ирэхдээ шөнийн цагаар хэрүүл маргаан хийгээд байдаг байсан. Тэгээд 4 жилийн өмнө байх цагдаа, шүүх гээд яваад байсан. Ер нь аав нь том хүүгээ зодоод байх шиг байдаг. Миний бодлоор том хүү нь дагавар хүүхэд нь юм шиг санагдсан. Одоогоос 1 сарын өмнө манай гэрт эхнэр нь орж ирээд аав нь том хүүгээ шар хадны эмнэлэгт хэвтүүлнэ гээд байна. Цагдаа дуудна, ээжид нь хэлнэ гэж байсан. Би нөхрийг нь согтуудаа агсам тавьдаг юм болов уу гэж боддог...” /хх-18/,
Гэрч Ш.О-ийн “... Б.Т нь 2011 оноос 2017 оны хооронд миний дааж авсан 12а бүлгийг төгссөн. Б.Т нь 2013 оны хавар нүд нь хөхөрсөн, хөхрөлт нь хацраа дагаж үүссэн, хавдартай явж байхаар би яасан талаар нь асуухад хүүхэдтэй зодолдож, муудалцаад зодуулсан гэж хэлэхээр нь тухайн үед ээжтэй нь холбоотой байсан болохоор залгаж асуухад тиймээ хүүхдэд зодуулсан гэж хэлсэн гэсэн. Б.Т нь ангийнхаа хүүхдүүд болон багш нарын дунд нэр хүнд сайтай, хичээл номондоо сайн хүүхэд байгаа юм. 2014 оны намар, хаврын аль нэгэнд 9 дүгээр ангид байхад нь ээж Наранцэцэгээс нь асуусан чинь аавтайгаа таарамжгүй харилцаатай байгаа юм гэдэг байсан. Тухайн үед хичээлдээ хоцорч ирнэ, хичээл тасална, хичээлдээ ирэхдээ уравгар, баргар царайтай ирдэг болсон. Тэгээд ээжтэй нь байнгын харилцаатай байсан. Дараа нь Б.Тийн аав гэх хүн ирээд “танаас хүүгийнхээ талаар асуух зүйл байна гээд Б.Т намайг эсэргүүцээд, ээжийгээ өмөөрөөд их муудалцах юм гэсэн. Намайг эхнэртэйгээ нэг өрөөнд унтах гэхээр унтуулахгүй эсэргүүцэл үзүүлээд байна” гэж хэлэхээр нь би “сэтгэл зүйчид гэр бүлээрээ ханд” гэж зөвлөсөн. Дараа нь Наранцэцэг над руу залгаад сэтгэл зүйчид хандахыг зөвлөсөн юм уу гэхээр нь тийм гэж хэлж байсан. Уг нь Б.Т өөрийн сэтгэл зүйн байдлаа шууд гаргадаг, нүүрний хувирлаар нь мэдэгддэг байсан болохоор нь уравгар ирэхээр нь ээж рүү залгаж асуухад аавтайгаа маргалдсан гэж хэлж байсан. Тэгээд 2016-2017 онд Б.Т миний мэдэхээр харшил, толгой өвдсөн гэх шалтгаанаар 2 удаа эмнэлэгт хэвтэж байсан. Нилээн олон цаг өвчтэй гээд хичээлдээ ирдэггүй байсан. Б.Т нь их сэргэлэн, хичээл номондоо сайн хүүхэд байсан боловч сүүлдээ нүүрний гал нь буурч нурмайсан харагдах болсон. Надтай хорооны нийгмийн ажилтан нь нэг ирж уулзаж байсан, тэгэхэд эцэг эх нь салах гэж байгаа гэж ярьж байсан...” /хх-99-100/,
У.Бийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ, хүүхдийнхээ өрөөнд 7 настай охин Номингийн хамт хэвтэж байсан ба тухайн үед охин маань халуунтай байсан. Тэгээд 00 цагийн үед эхнэртээ охин халуураад байна гэж хэлтэл “хохь чинь, чи хүүхдээ гадуур авч яваад өвчин тусгачихлаа гээд байсан. Тэгээд шөнийн 03 цаг 40 минутын үед охин халуураад зүгээр болохгүй байхаар нь гэртээ халууны эм хайгаад олоогүй. Тэр үед манай эхнэр нөгөө өрөөнд хүү Эрхэсийн хамт унтаж байсан. Би эхнэрээ халууны эм олоод ир гээд загнасан чинь “чамаас болж байгаа юм” гээд гэрээс гараад явсан. Тэгээд эхнэрийг гэрээс гараад явсны дараа том хүү Б.Т өрөөнөөсөө У.Бөө новшоо, чи муу, ээжийг эмэндээ гаргадаг юу вэ, лалараа хөөе” гээд чанга дуугаар бахирч орилоод, үхэж байсан пизда гээд уртаар орилоод байхаар нь чи санаа зовоод байгаа бол өөрөө гар, чимээгүй дуугүй бай гэсэн чинь өрөөндөө юм цохиод байгаа бололтой дуу гараад байсан. Би хүүг орилоод байхаар нь өрөөнд нь ороод чимээгүй бол, боль гэсэн чинь шууд өөдөөс дайрахаар нь би зөрүүлээд гараараа баруун хацар луу нь 1 удаа алгадсан. Тэгээд намайг цохих гэхээр нь баруун гарыг нь барьж аваад өчиж ард нь гаргаад, доош дарж суулгаад, газар хэвтүүлсэн чинь баруун гараа мултлахаар нь би зүүн талаар нь хэвтүүлээд, баруун гарыг нь хоолойгоор нь шахаж баруун талд нь гарч дарсан. Тэгтэл босч ирээд пизда, чамайг алнаа тавь гээд байхаар нь би уурлаад баруун гараараа хацар луу нь алгадсан чинь нүүр, хамар хэсгийг нь дайруулаад цохисон. Тэгтэл хамраас нь цус гараад байхаар нь би дээрээс нь босоод наад цусаа угаа гэж хэлсэн чинь босч ирээд цусаа гараараа арчиж үзээд чи муу миний цусыг гаргадаг хэн бэ гээд над руу дахин дайраад миний зүүн мөр, толгой, цээж рүү гараараа цохиж, баруун гуя руу тийрч өшиглөсөн. Тухайн үед нэг их гэмтэл учраагүй. Би хүүгээ хүлээд тавьчихъя гэж бодоод бүс хайсан чинь олдоогүй. Харин том өрөөнд шалны мод байхаар нь айлгах санаатай зүүн гуя руу нь цохитол шалны мод хугараад унасан. Тэгтэл яая гэж орилоод доголоод, хамраас нь цус гарч байхад улам нийж цус гойжуулаад байхаар нь угаалгын өрөө лүү оруулах гэхэд орохгүй байхаар нь хүчээр түлхэж оруулсан. Угаалгын өрөөнд оруулах гэж байхад коридорт намайг 2-3 удаа цохисон. Тэгээд би хүүг угаалгын өрөөнд оруулчихаад, хугарсан шалны модыг тагт руу гаргаж тавиад, гал тогооны өрөөнд хутга мэс ил байна уу гэж харсан. Тэгтэл хүү угаалгын өрөөнд орчихсон усаа гоожуулаад оо пиздаа гээд гараараа нүдээд байсан. Тэгэхээр нь угаалгын өрөөний хаалгыг нээхэд өөдөөс гэдэс рүү хөлөөрөө тийрсэн. Тэгээд дахин тийрэх гэхээр нь би хөлнөөс нь барьж аваад биеээрээ цааш түлхсэн чинь тийрэх эрчиндээ ванн руу уначихсан. Би дээрээс нь очоод дараад одоо боль гэсэн чинь дуугүй байхаар нь би татаж босгож ирээд “чи одоо намайг зод, харъя” гэхэд дуугүй зогсоод байхаар нь “чиний уур гарсан биз дээ” гэхэд тийм гэхээр нь “эцгийнхээ өөдөөс дахин ингэж гар хүрээрэй” гээд баруун гараараа хажуу талаас нь баруун хацар луу нь нэг удаа алгадсан...” /хх-29-30/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Тийн биед зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, 1 шүдний хугарал, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, эрүү, цээж, нуруу, баруун бугалга, баруун шилбэ, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9162 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-4/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх-80-82/, компьютер томографийн оношилгоо /хх-104/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-115-128/, хохирлын баримт /хх-147-154/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
У.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас У.Бөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “хохирогч Д.Н-ийг байнга зодож байсан нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн У.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч У.Б нь “... хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг, байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэснийг, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг тус тус эсэргүүцэж байх тул надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөр төрлийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгч У.Бийн өмгөөлөгч нарын “... У.Бөд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд тус тус гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд У.Б нь өөрийн төрсөн хүү Б.Тийг байнга зодож, түүнд харгис хэрцгий хандаж, сэтгэл зүйн хувьд дарамтанд байлгадаг байсан, түүний биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсоноос гадна өөрийн энэ үйлдлийг буюу гэм буруугаа хүлээдэггүй, гэм буруу дээр маргаж байгаа тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч У.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч У.Б нь өсвөр насны хохирогч Б.Тт хохирол 200.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шатанд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч У.Б нь хохиролд 200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Д.ОЮУНЧУЛУУН