Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 28

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч “С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд “Б-” ХХКомпани нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” үндсэн шаардлагатай

Бие даасан шаардлага “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын                      21-ний өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн              Ц.Оюунгэрэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  

                                                                       Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Ч.Анхбаяр

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Т.Дарьсүрэн

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч                                       Ө.Эрдэнэ-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- “С-” ХХК-нь анх 2014 оны нийтийн орон сууцны зориулалтаар 2 газарт төсөл сонгон шалгаруулалтаар орж ялагчаар шалгарч, Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 173 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг төсөл сонгон шалгаруулалтаар олгох тухай” захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  9 дүгээр багт 2 газар  эзэмшиж, “А” корпус буюу эхний барилгыг 2015 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгч, “Б” корпусын газар буюу Дархан сумын  9 дүгээр баг 4/3 дугаар байрны баруун урд талд, “Од” буудлын зүүн урд талд нийтийн орон сууцны зориулалтаар кадастрын зурагт орсон газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Захирамжийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр А/2196 дугаартай гэрээ байгуулан 080100776 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авч 500 м.кв газрыг эзэмшиж, уг газарт газрын байршлын кадастрын зураг, Барилга, хот байгуулалтын  яамны зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, 60-н айлын орон сууцны барилгын зураг төсөл, Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй “С-” ХХК-ийн 10 давхар “Б” орон сууцны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт зэрэг холбогдох газруудтай хийсэн төслийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг барилгын зураг, төслийн ажлыг хийлгэсэн.

             Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/181 дугаартай захирамжаар “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/491 дүгээр захирамжаар “С-”ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтаар авсан Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны урд нийтийн орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

            Тус компаний хувьд газраа төсөл сонгон шалгаруулалтынх нь дагуу гэрээ байгуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрлөө авч тодруулах хуудсаа батлуулан хууль, дүрмийн дагуу ажиллаж байсан. Гэтэл 2018 оны барилгын улирлын ажил эхэлж байгаа тул барилгаа эхлүүлэхээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад “Б-” ХХК-д газар эзэмших эрхийн гэрээ хийж, гэрчилгээ олгосон, танай газар “Б-” ХХК-ийн газартай давхцаж байгаа танайд гэрчилгээ олгох боломжгүй байна”  гэж хариу өгсөн өдөр “Б-” ХХК-ийн нэр дээр Засаг даргын захирамж байгааг мэдсэн бөгөөд хэзээ ямар захирамж гарсныг асуухад хэлж өгөөгүй. Засаг дарга А.Энхболдын А/227 дугаартай захирамж нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай захирамж”-

 

ийн Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аймгийн газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

            Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тайлбар хийхэд “Б-” ХХК-д анх газар олгохдоо гаргасан Засаг даргын 2016 оны А/227 дугаартай захирамж нь ойлгомжгүй, холбогдох хуулийн заалт нь ямар ч хамааралгүй захирамж нь хуульд нийцээгүй, хүчингүй болгох Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг үндэслэсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор нийтийн орон сууцны зориулалтаар ямар нэг газар төлөвлөөгүй байна. Энэ нь Дархан сумын Засаг даргын саналыг аваагүй, төлөвлөгөөнд тусгаагүй газарт, зориулалт бусаар газар эзэмшүүлсэн байна.

            Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33,4-т заасныг зөрчиж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж заасны дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай“ захирамж хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, Л.Алтанчимэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2014 оны 02 дугаар тогтоолоор 2014 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан байдаг. Тус төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар газар эзэмших төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж, 03, 05 дугаартай хоёр нэгж талбарт “С-” ХХК оролцож ялагчаар тодорч, аймгийн Засаг даргын 2014 оны 173 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “ энэ хуулийн 33.1.1-д зааснаар бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу төсөл сонгон шалгаруулалт явагдсан байна.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.06.22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар “Б-” ХХК-д газар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй, захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг үндэслэн гаргасан захирамж гаргасан байна.

            Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан байдаг. Тус төлөвлөгөөнд Дархан сумын 9 дүгээр багт амины орон сууц, үйлчилгээ, авто үйлчилгээний зориулалтаар 367478м.кв газрыг олгохоор төлөвлөсөн ба нийтийн орон сууцны зориулалтаар газар төлөвлөөгүй байна. Энэ нь сумын Засаг даргын саналыг аваагүй, төлөвлөгөөнд тусаагүй газарт, зориулалт, бусаар газар эзэмшүүлснийг нотолж байна.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-т аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлыг зааж өгсөн байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 захирамжаар “С-” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Тус захирамж нь хууль бус шийдвэр болохыг бодит нөхцөл байдалд тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар газрыг дахин эзэмшүүлсэн байна.  “С-” ХХК нь Дархан-Уул аймагт 7 нэгж талбар газар эзэмшдэг бөгөөд 2015 онд ГХБХБГ-тай газрын төлбөрийн тооцоо нийлж 2015/218 тоот акт үйлдэхэд 2016.05.05-ны өдөр 410762 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлж байсан байна.

            Газар ашиглалтын тухайд “С-” ХХК нь Дархан сумын 9-р багт баригдах А,Б блок орон сууцнуудын ерөнхий төлөвлөгөө, барилгын иж бүрэн зураг төслийг 2014.07.28-ны өдөр Барилгын хөгжлийн төвд хянуулж барилга байгууламжийн зураг төслийн магадлал / эксперт/ хийлгэсэн байна. “С-” ХХК нь барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвд хянуулж 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр магадлал хийлгэсэн байна. Дээрх 2 дүгнэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлж А блок буюу 10 давхар, 55-н айлын орон сууц барьж, 2015 оны 01 дүгээр 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан байна. Үүнээс үзэхэд газрыг нийтийн орон сууцны зориулалтаар ашиглахын тулд барилга байгууламжийн норм, норматив, чанар аюулгүй байдлыг хангасан нь газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг хангаж, барилга барихын тулд тавигдах шаардлагуудыг биелүүлсэн гэж үзсэн.

            Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016.10.07-ны өдрийн А/70 дугаар тушаалаар “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх ажлын хэсэг” байгуулагдсан байдаг. Уг ажлын хэсэг нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, газар өмчлөх болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн бусад газрын харилцааны талаар өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэж, аймаг, сумын Засаг даргын захирамжийн  төсөл явуулдаг. 2016.12.02-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар “ С-” ХХК-ийн 2016.12.02-ны өдрийн 02/154 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хянан шийдвэрлэж газар эзэмшүүлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж үзээд захирамжийн төслийг Аймгийн Засаг даргад хүргүүлж, “С-” ХХК-д аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491  дүгээр газар эзэмшүүлэх захирамж гарсан болно.

            Тус захирамж гарахаас өмнө 2016.11.29-ний А/441 дүгээр захирамжаар “Б-” ХХК-ий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг ба Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийгээгүй процессын алдаа гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2017.03.06-ны өдрийн А/81 дүгээр “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжаар аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 2016 оны А/441 дэх захирамжийн “Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар  “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь “Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

            Бие даасан шаардлагын тухайд 2016 оны А/491 дүгээр захирамж гаргахаас өмнө  2016 оны А/441 дүгээр захирамжаар “Б-” ХХК-ий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг ба Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны Ерөнхий хуулийн дагуу сонсгох ажиллагааг хийгээгүй процессын алдаа гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/491 дүгээр захирамжаар “С-” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хангах боломжгүй болно гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяраас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:- “С-” ХХК-д болон “Б-” ХХК-д  газар эзэмшүүлсэн шийдвэрийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг нар дэлгэрэнгүй ярьлаа. “С-” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтаар ялагч болсон тул гэрээ, гэрчилгээ олгогдсон байсан. Дархан-Уул аймгийн Засаг дарга Энхболд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байсан. Энэ тухай Газрын албанаас  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 282 тоот албан бичгээр мэгдэгдсэн.”С-” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу хурлаар хэлэлцэж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/491 дүгээр захирамжаар  газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар “ С-” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан “Б-” ХХК-д газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн байдаг.

            Иймд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай “С-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

            Гуравдагч этгээд “Б-” ХХК-аас шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б-” ХХК нь тус шүүхэд “С-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 2016 оны 12 сарын 21-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/491 тоот захирамжаар авсан гэж дурджээ.

            Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тус газрын өмнөх эзэмшигч “Б-” ХХК-ийн газар эзэмших 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийг  2016 оны 11 сарын 29-ны өдрийн А/441 тоот захирамжаар хүчингүй болгосны дараа уг газарт 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д олгожээ. “Б-” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 29-ны өдрийн А/441 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 22 тоот  захирамж гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “ Илт  хууль  бус захиргааны акт  гарсан

цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар 2016 оны 11 сарын 29-ны өдрийн А/441 тоот захирамж гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул тус актын эрх зүйн үр дагавар болон “С-” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамж мөн адил эрх зүйн үйлчлэлгүй болно.

            Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 22-ны А/227 тоот захирамжийн “Б-” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дугаар зүйлийн 94.1.3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

            “С-” ХХК нь хуульд заасан дээрх хугацаанд дээд шатны байгууллагад гомдол эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

 

            Гуравдагч этгээд “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгээс гаргасан бие даасан шаардлагадаа:-  “Б-” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2016 оны 11 сарын 29-ны А/441 тоот захирамжаар хүчингүй болгосныг тус компани үл хүлээн зөвшөөрч 2016 оны 12 сарын 12- ны өдөр нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2016 оны 12 сарын 19-ны “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 325 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Дархан-Уул аймгийн Засаг дарга  Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаас 3 хоногийн дараа буюу 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д маргаж буй газрыг олгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасныг зөрчжээ.

            “Б-” ХХК-ийн Дархан-Уул аймгийн засаг даргын 2016 оны 11 сарын 29-ны А/441 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 22 тоот захирамж гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул  “Б-”  ХХК- ийн газар  эзэмших  эрх  тодорхой  хугацаагаар  хүчингүй  болж

байгаагүй гэсэн үг. Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 03 сарын 06-ны А/81 тоот захирамжаар 2016 оны 11 сарын 29-ны А/441 тоот захирамжийн “Б-” ХХК-д холбогдох хэсгийн мөн хүчингүй болгосон. Гэсэн атлаа тус газрыг маргаантай байх хугацаанд буюу 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д олгосон захирамжаа хүчингүй болгож хууль зүйн алдаагаа засаагүй байна.

            Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч “С-” ХХК-аас гаргасан нэхэмжлэл нь  Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасан 30 хоногийг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэх тайлбарын тухайд:

 

Нэхэмжлэгч “С-” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 02/44 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасныг Засаг дарга Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт  шилжүүлж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 398 тоот албан бичгээр хариу хүргүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу дээд шатны байгууллагад хандаад хариуг эс зөвшөөрч 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацаа хэтрээгүй гэж үзлээ.

Гуравдагч этгээд “Б-” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Харин аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийг “С-” ХХК шүүхэд гаргаж, шийдвэрлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд засан үйл баримтын талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж... байгаа” гэж үзэх боломжгүй юм.

 

           2. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Энэ хэргийн гуравдагч этгээд “Б-” ХХК нь  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны баруун урд 500 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших болсон нь Аж ахуйн нэгж байгуулллагын газар эзэмших эрхийн 000317716 тоот гэрчилгээ, хуулийн этгээдтэй 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ болон хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжийг аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар “Б-” ХХК-д холбогдох  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгож шийдвэрлэснээр “Б-” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын  12-ны өдөр шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус  болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснөөр, шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар “Б-” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/441 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлснээр аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамжаар “Б-” ХХК-ийн газар эзэмших эрх сэргээгдсэн болох нь тус шүүхийн 2017 оны 22 дугаар шүүгчийн захирамж, Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 тоот захирамж, газар эзэмших эрх сэргээдсэн тухай мэдэгдсэн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 462 тоот албан бичиг, газрын кадастрын мэдээллийн сангийн программд “Б-” ХХК нь бүртгэлтэй байгаа тухай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 799 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

“С-” ХХК нь аймгийн Засаг даргын 2016 оны А/491 дүгээр захирамжаар маргаан бүхий газарт газар эзэмших эрхтэй гэх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээ эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ аваагүй, газар эзэмшигч гэж үзэх боломжгүй, 2016 оны А/491 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасныг зөрчиж хариуцагч шийдвэр гаргасан болох нь  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна

Иймд “Б-” ХХК-ийн газар эзэмших эрхийг хариуцагч аймгийн Засаг дарга тус шүүхийн хүчин төгөлдөр 2017 оны 22 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар сэргээсэн байна.  Дээрх захирамжийн талаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул Засаг даргын 2016 оны 06  дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3.Гуравдагч этгээдийн бие даасан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “С-” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтаар 2 нэгж талбар газарт шалгарч, 2 жилийн хугацаатайгаар нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмширх эрхийн гэрчилгээг авч, маргаан бүхий газарт газар эзэмших гэрээг байгуулсан болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000301189 тоот гэрчилгээ, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч “С-” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгосон байх ба дээрх захирамжийн талаар нэхэмжлэгч байгууллага маргаан үүсгээгүй, гомдол гаргаагүй байна.

Гэрээнээс үзэхэд “С-” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дууссан ба шүүхээс баримт бичигт үзлэг хийхэд  газар  эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/154 тоот албан бичгээр гаргасныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны өргөдөл, гомдлын дэвтрийн 438 дугаарт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэж авснаас үзэхэд “С-” ХХК нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах…”гэж заасныг зөрчиж хүсэлтээ ирүүлсэн нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээд “Б-” ХХК нь  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамжийг эс зөвшөөрч шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх  2016 оны 12 дугаар сарын 19-нд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх бөгөөд тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/491 дүгээр захирамжаар “С-” ХХК-д маргаан бүхий газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д  заасныг зөрчиж маргаан бүхий захиргааны акт гаргасан нь гуравдагч этгээд “Б-” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/491 дүгээр захирамжийн “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэлийн “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “С-” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй болон дээрх эзэмшил газарт маргаан үүсч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/491 дүгээр захирамжийг шүүхээс хүчингүй болгож байх тул хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунгэрэлээс гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунгэрэлээс гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Б-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”  шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Б-”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгээс гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 21-ны өдөр А/491 тоот захирамжаар “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  бие даасан шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “С-” ХХК болон гуравдагч этгээд “Б-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд “Б-” ХХК-д олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                                                                                                                                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА