Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0710

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.С /ҮД:1788/

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Б /ҮД:1767/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903006620323 дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, …. оны … дүгээр сарын …-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, Эко ... байрны ... тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Б овогт А-ийн А, (РД: ........).

2. Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин-жолооч мэргэжилтэй, “Си Эм Эм” ХХКомпанид засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Толгойт .... дугаар гудамж, .... тоотод оршин суух хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ....тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ын М, (РД: ............).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч А.А нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин “Тоёота Ланд круйзер” маркийн 0004 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Г.М-ий жолоодон явсан “Хюндай Соната 7” маркийн 9448 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.М, зорчигч С.Сарангэрэл нарын эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.М-ий эд хөрөнгөнд 5.490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан;

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруул ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 1.36 хувийн согтолттой үедээ “Хюндай Соната 7” маркийн 9448 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчин хурд хэтрүүлэн явсны улмаас А.А жолоочтой “Тоёота Ланд круйзер” маркийн 0004 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.С-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.А-ийн эд хөрөнгөнд 14.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд нөхөр М-ий хамт ...Соната 7 маркийн 9448 УБТ улсын дугаартай автомашинаар Баяннуур орохоор явсан. Зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замаар явж байтал “Аяны анд” нэртэй 24 цагаар ажилладаг хоолны газрын үүднээс Ланд круйзер маркийн автомашин хөдөлж байсан. Би хувьдаа тэр автомашиныг чигээрээ явж байна гэж ойлгосон. Тэгтэл тэр машин урсгал сөрөөд өөдөөс /миний сууж явсан/ ороод ирсэн. Би жолоочийн хажуу талд явж байсан тул буруу талаас тэр автомашины дугуй харагдсан. Манай нөхөр тоормос гишгэж байгаа дуу чимээ сонссон. Тэгтэл түс тас хийх дуу чимээ гараад мөргөлдсөн. ...Манай нөхөр 22 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр тал).

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 3-10 дугаар тал).

3. Шүүгдэгч Г.М нь 1.36 хувийн согтолттой гэсэн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дүгээр тал).

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан сиди, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр тал).

5. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А, Д нарын хамт Тоёота Ланд круйзер маркийн 0004УНГ улсын дугаартай автомашинтай Гүнт ороод автомашины задаргаа хийгээд буцаад 20 цагийн орчимд тэндээс хөдөлсөн. ...Тэгээд 03 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар “Монос”-ын эмийн үйлдвэрийн хойд замаар баруунаас зүүн тийшээ явж байтал жолооч “Сэрээрэй, энд зогсоод ундаа авъя” гэж хэлсэн. Тэгээд хартал замын хойд талд “Аяны анд” нэртэй түргэн хоолны газар байсан. Тэнд зогсоод ундаагаа аваад гурвуулаа уусан. Автомашинаа ертөнцийн зүгээр баруун тийш нь харуулж тавьсан байснаа ундаагаа аваад хөдөлсөн. Тэгээд ундаагаа ууж байтал жолооч “хүүе” гэж хэлээд зогсох шиг болсон. Тэгтэл түс тас хийсэн дуу чимээ гарсан. Би шокт орсон. Аваарын дэр задарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал).

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7225 дугаар дүгнэлт:

1. Г.Д-ийн биед сэрээний 11, 12-р нугалмын их биеийн урд гадаргуугийн шахагдсан хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53 дугаар хуудас).

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 880 дугаар дүгнэлт:

1. Г.Д-ийн биед сэрээний 10, 11, 12-р нугалам болон бүсэлхийн 1-р нугамлын их биеийн шахагдсан хугарал, нурууны цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх сэрээний 10, 11, 12-р нугалам болон бүсэлхийн 1-р нугамлын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ердийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар тал).

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7354 дүгээр дүгнэлт:

1. С.С-ийн биед баруун 1-4 дүгээр хавирга, баруун эгэмний хугарал, цээжний хөндийн баруун талд хий, цус хуралт, баруун уушигны бүрэн бус авчилт, баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн шуу ясны ил хугарал, баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61 дүгээр тал).

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7355 дугаар дүгнэлт:

1.  Г.М-ий биед бүдүүн гэдэсний чацархай, бүдүүн гэдэсний уруудах хэсэг махир гэдэсний няцрал, нарийн гэдэсний чацархайн цэгчилсэн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун тавхайн 5-р хурууны тавхайн шивнүүр, өсгий ясны хугарал, баруун тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63 дүгээр тал).

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7224 дугаар дүгнэлт:

1.  А.А-ийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66 дугаар тал).

            11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7223 дугаар дүгнэлт:

1.  Б.Б-ын биед духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68 дугаар тал).

12.  ”Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 261 дүгээр Автомашин техникийн үнэлгээ: “Тоёота Ланд круйзер-200 маркийн 0004 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.190.000 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан, машины эвдрэл, хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 76 дугаар хуудас).

13. “Хас үнэлгээ”ХХКомпанийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар Автомашин техникийн үнэлгээ: “Хюндай Соната-7 маркийн 9448УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.490.000 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан, машины эвдрэл, хохирлын үнэлгээ (хавтас хэргийн 87 дугаар хуудас).

14. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаар дүгнэлт: “Хюндай Соната 7 маркийн 9448 УБТ улсын дугаартай автомашины 62.0м ба 50.2м урттай хос мөрийн уртаар тухайн тээврийн хэрэгслийн бодит биш бага хурдыг тодорхойлох боломжтой, 100.1 км/цаг байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дугаар тал).

15. Шүүгдэгч А.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 162 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 161 дүгээр тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 164 дүгээр тал).

16. Шүүгдэгч Г.М-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 171 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 170 дугаар тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 172 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А, Г.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.А нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Тоёота Ланд круйзер-200 маркийн 0004 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Г.М-ий жолоодон явсан “Хюндай Соната 7” маркийн 9448 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх 3-10), хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан бичлэг бүхий сиди, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-14), Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаар “Ланд круйзер маркийн 0004 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг зөрчсөн үндэслэлтэй” гэсэн дүгнэлт (хх 92-93) зэрэг баримтаар,  

-Улмаар шүүгдэгч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчин шууд зам руу нэвтрэн орж, замаар шулуун чиглэлд чигээрээ явж байсан шүүгдэгч Г.М-ий жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарч, жолооч Г.М, зорчигч С.С нарын эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.М-ий эд хөрөнгөд 5.490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- хохирогч С.С-ийн мэдүүлэг (хх 17    -19), гэрч Б.Б-ын мэдүүлэг (хх-38), С.С-ийн биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7354 дүгээр дүгнэлт (хх-61), Г.М-ий биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7355 дугаар дүгнэлт (хх-63), “Хас үнэлгээ”ХХКомпанийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар Автомашин техникийн үнэлгээ: “Хюндай Соната-7 маркийн 9448УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.490.000 төгрөгийн хохирол учирсан” гэх тайлан, машины эвдрэл, хохирлын үнэлгээ (хх-87) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруул ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 1.36 хувийн согтолттой үедээ “Хюндай Соната-7” маркийн 94-48УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлсэн явсны улмаас А.А жолоочтой “Ланд круйзер-200” маркийн 00-04 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь:

-  Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 3-10 дугаар тал), Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаар дүгнэлт “Хюндай Соната-7 маркийн 94-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй. “Хюндай Соната-7” маркийн 9448 УБТ улсын дугаартай автомашины 62.0м ба 50.2м урттай хос мөрийн уртаар тухайн тээврийн хэрэгслийн бодит биш бага хурдыг тодорхойлох боломжгой, 100.1 км/цаг байна” гэх дүгнэлт (хх 92-93), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “ Г.М нь 1.36 хувийн согтолттой” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр тал), хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан сиди, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр тал) зэрэг баримтаар,

Улмаар шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.4 дахь заалтыг зөрчин 1.36 хувийн согтолттой үедээ хурд хэтрүүлсэн явсны улмаас А.А жолоочтой “Ланд круйзер-200” маркийн 00-04 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг осол гарч С.С-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Аийн эд хөрөнгөнд 14.190.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

- Хохирогч С.С-ийн мэдүүлэг (хх 17-19), Г.Д-ийн биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7225 дугаар дүгнэлт, мөн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 880 дугаар дүгнэлтүүд (хх-53, 57-58), С.С-ийн биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7354 дүгээр дүгнэлт (хх-61), ”Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 261 дүгээр Автомашин техникийн үнэлгээ “...Тоёота Ланд круйзер-200 маркийн 0004УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.190.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн тайлан, машины эвдрэл, хохирлын үнэлгээ (хх-76) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Г.М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болох бөгөөд түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдны хэмжээг тогтооход 100 км цагийн хурд тодорхойлогдож байгаагаас үзвэл тэрээр 60 км цаг болон түүнээс доош хурдтай явж байсан бол илүү богино зайд буюу хөдөлгөөн эхлүүлж буй тээврийн хэрэгслийг мөргөлгүй зогсох бүрэн боломжтой байжээ.

            Шүүгдэгч нарын үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэг талаас шүүгдэгч А.Аийн бусад оролцогчдод зам тавьж өгөөгүй буруутай үйлдэл, нөгөө талаас шүүгдэгч Г.Мий согтуугаар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явсан хэн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

            Нөгөөтэйгүүр, Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг. Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой юм.

Иймд шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад, шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар тэднийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.А, Г.М нараас хохирогч С.С, Г.Д нар харилцан тохиролцсон, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр тус тус ирүүлсэн /2хх18-19/, иргэний нэхэмжлэгч С.Батжаргал “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /1хх32/ байна.

Мөн шүүгдэгч Г.М-ээс А.А нь иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэж, шүүгдэгч А.А-ээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр  Г.М нь эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг харилцан тохиролцсон, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Г.Мийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тус бүрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.С дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.М-ий өмгөөлөгч Б.Б  дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.М-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдэл оролцоо, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх учиртай бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн, хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, “зан үйлээ засах” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А, Г.М нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1903006620323 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг хүртэл тав хоног цагдан хоригдсон, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.А-ийн 505811 дугаартай, шүүгдэгч Г.М-ий 740785 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б овогт Г-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,

- Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах тус тус албадлагын арга хэмжээг авахаар тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.А, Г.М нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Г.М нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч А.А-ийн 505811 дугаартай, шүүгдэгч Г.Мий 740785 дугаартай тус тус жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

8. Эрүүгийн 1903006620323 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг хүртэл тав хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноо хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР