Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2017/01280/И |
Дугаар | 001/ХТ2018/00244 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00244
Г.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2112 дугаар магадлалтай,
Г.Э-гийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Э-гийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгорын тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Э-гаас 114.700.000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205003900 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 30 байр, 10 тоот орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Төлбөр төлөгч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцаа 150.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа гаргасан боловч үнэлгээг үүгээр тогтоолгүй шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй, мөн шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь хууль зөрчсөн. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 30 байр, 10 тоотын 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 66.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаярын тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02655 дугаар шийдвэрээр Г.Э-гаас 114.700.000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Э-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байр, 30 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талууд үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилж, шинжээчийн 66.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний талаар буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар уг үнэлгээний 70 хувь болох 46.550.000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох талаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Г.Э-д мэдэгдсэн. Тус албанаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолыг мөн л төлбөр төлөгч Г.Э-д мэдэгдсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Цэцэгмаагийн тайлбарт: Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж зориудаар хугацаа авч шүүхэд хандаж байна гэж үзэж байна. Би үнэлгээчний үнийг зөвшөөрч байна. Би өөрөө зохих судалгааг хийсэн учир үнэлгээг зах зээлийн ханшид нийцсэн гэж үзэж байгаа. Осмо.mn сайт болон Зар сонин, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан дуудлага худалдаанд орж байгаа бусад орон сууцны үнэ ханшийг судалсны үндсэн дээр үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Г.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2112 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгорын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181\ШШ2017\01877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2112 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх эд хөрөнгө үнэлүүлэх тухай хүсэлтийг болон шинжээч томилсон тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, мөн шинжээчийг татгалзах болон үнийн санал гаргах эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд хариуцагчийн эдлэх эрхийг зөрчсөн хэт нэг талыг барьсан шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж байна. Иймээс барьцааны орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж нэхэмжлэгчийг хохироосон үнэлгээ гаргасан, хэдийгээр төлбөр төлөгч боловч үнэлгээнд ямар нэгэн гомдол санал гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 178 дугаар зүйлийн 178.1.6-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 181\ШШ2017\01877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 2112 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Цэцэгмаа нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Э-гаас 114.700.000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Г.Э- нь төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 02989 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003900 дугаарт Г.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 146/23 тоот актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/28 тоот актаар хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн ба орон сууцны зах зээлийн үнийг 66.500.000 төгрөгөөр тогтоосон тухай баримт хэрэгт авагджээ.
Шүүхийн шийдвэрээр Г.Э-гаас гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно гэж зохицуулсан байдаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 30 тоот, 2 өрөө орон сууцыг 66.500.000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан ажиллагааг явуулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх тул “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэн Г.Э-гийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2112 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д заасныг баримтлан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/Ш тоот үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Э-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН