Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 302

 

Ш.Аманжол Д.Нурболат нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амгалансуурь,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар магадлалтай 201604000001 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч, хохирогч Д.Нурболатын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Жадик овогт Шаяхметын Аманжол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж  байгаагүй Ители овогт Даутханы Нурболат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалтад зааснаар шүүх хуралдаанаас хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нурболат нь цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нурболатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч Д.Нурболат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ш.Аманжолын үйлдсэн танхайрах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нурболат би эрүүл мэндээр хохирч, нүүрний төрөлхийн гоё сайхныг алдагдуулсан сорвитой, хамар, амьсгалын замын үйл ажиллагааны саатал хүндрэлтэй болж ноцтой гэмтэл авснаас хойш 4 сарын хугацаанд ажлаа хийх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 4 сарын орлогогүй үлдэж цалин орлогоороо хохирсон боловч танхайрах хэрэг үйлдсэн Ш.Аманжол нь Иргэний хуулийн 505.1, 229.3 дахь хэсэгт заасан үүргийн дагуу 4 сарын хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны хохирол, ОХУ-д очиж нүүрний сорвийг арилгах мэс засал хийлгэх эмчилгээний зардал зэргийг барагдуулж өгөхөөс татгалзаж, аймгийн прокурортой үгсэн хуйвалдаж, өөрийн үйлдсэн танхайрах гэмт хэргийг буруу зүйлчлүүлж улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлсэнд гомдолтой байна. Шүүх нь хяналтын прокурор хэргийг буруу зүйлчилсэн эсэхийг огт хянасангүй, хэрэгт авагдсан 20 төрлийн үндсэн баримтыг санаатай орхигдуулж нотлох баримтаар огт үнэлээгүй. Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг огт хянаж үзээгүй мөртлөө хяналтын прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 8.1 -ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож, түүнд хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэл болгон давж заалдах шүүхийн үндэслэлгүй магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсэж байна.

Ш.Аманжол нь шөнийн 2 цагт олон нийтийн газарт агсам тавьж К.Бахбергенийг 2 удаа зодож, 3 дахь удаа хохирогч Д.Нурболат намайг архины шилээр зодож, хамгийн сүүлд гэрч М.Серик гарыг архины шилээр 20 см зүсэж, олон нийтийн газарт 3 хүний биед нь гэмтэл учруулсан танхайрах ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй худлаа дүгнэсэн. Ш.Аманжол нь танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь архины шилийг хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоол,  гэрч Ш.Олжас, С.Алибек нарын мэдүүлэг, “Думан” баарны камерын бичлэг, Д.Нурболат миний нүүрэнд үүссэн шарх, өмсөж явсан цусан толботой хувцас, хамарт хийлсэн хагалгаа, оношлогооны дүгнэлт, 16 хүний цагдааг өгсөн өргөдөл, хохирогч Х.Бахбергений цагдаад гаргасан гомдол, мэдүүлэг, Х.Бахбергений нүүрний шархны зураг, шилээр гарын шууны дотор талыг 20 см зүсэж шархдуулсан хохирогч М.Серикийн өгсөн мэдүүлэг, түүний гарын шархны зураг. Ш.Аманжолын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөрдөн байцаагч А.Алданыш нь Ш.Аманжолд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож хэргийг прокурорт шилжүүлсэн боловч хэрэг гарснаас хойш 5 сарын дараа хохирогч миний эсрэг зохиомол хэрэг үүсгэн Ш.Аманжолын үйлдсэн танхайрах гэмт хэргийг нуун дарагдуулах хууль бус ажиллагаа явуулсан. Мөн цагдаагийн мөрдөн байцаагч С.Ерболат, гэрч Х.Хажыгали гэгч 2 этгээд түүний танхайрсан гэмт үйлдлийг дэмжин бүлэглэн зодоон үүсгэж “Думан” бааранд зочноор байсан олон нийтийг үл хүндэтгэн хүч хэрэглэж агсам тавьж, зассан ширээг эвдэж, хоол ундааг асгаж, аяга таваг, ширээ сандал, баарны шил хагалж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан. Ш.Аманжол нь хамгийн сүүлд өөрийн хамт ирсэн М.Сериктэй хэрэлдэж, түүний баруун гарын шууны дотор талын 20 см газрыг намайг зодсон архины шилээр зүсч шархдуулсан гэмт үйлдэл нь мөн Эрүүгийн хуулийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх танхайн хэрэг давтан үйлдсэнийг нотолж байна.

Ш.Аманжолын үйлдсэн танхайрах хэргийг буруу зүйлчлэх, түүнийг цагаатгах зорилгоор Д.Нурболат миний таслан зогсоохыг оролдсон идэвхтэй үйлдлийг М.Тлеуберди, Ш.Олжас, С.Алибек, А.Адилбек нарын хамт идэвхтэй эсэргүүцэж, танхайрсан этгээдийг гадагшаа хөөж гаргахаар оролдож түүнийг түлхэж цохисон үйлдлийг Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолын 1.6 заасны дагуу “таслан зогсоох” үйлдэл гэж зөв үнэлж, зөв зүйлчлэхийг хяналтын шатны шүүхээс хүсэж байна. Ш.Аманжолыг цагаатгах зорилготой түүний урьд 2 удаа танхайрсан үйлдлийг хохирогч Д.Нурболат би эсэргүүцсэн 5-10 секундийн үйлдлийг сонгож авч хэсэгчлэн харуулсан дүрс бичлэгийг нотлох баримтаар үнэлж, харин шүүгдэгч нь дүрс бичлэгийн тухайн хэсэгт тусгагдсан үйлдэл гарахаас өмнө болон дараа нь бүтэн 1 цагийн турш олон нийтийн газарт хүч хэрэглэн агсам тавьж хэрүүл зодоон үүсгэж, К.Бахбергенийг 2 удаа давтан зодож согтуурлын байдалд догшин авирлаж танхайрсныг нотлох хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон 10 секундийн үйлдэл гарснаас хойш 3 дахь удаа дахин танхайрч Д.Нурболат намайг зодоход зэвсгийн чанартай хэрэглэсэн архины шил, Ш.Аманжолын үйлдсэн танхайрах хэргийн эд мөрийн гол нотлох баримт түүний 3 дахь удаа танхайрах хэрэг үйлдэхэд зэвсгийн чанартай хэрэглэхээр өөрөө урьдчилан засаж тохируулан бэлтгэснийг нотлох баримт урьдчилан хагалж бэлтгэсэн архины шилийг Ш.Аманжол хэрэглэж байгаагүй мэтээр санаатай үгүйсгэсэн, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлтэд үндэслэгдсэн, хэрэгт авагдсан гол эд мөрийн баримтад үндэслэгдээгүй шийдвэрлэжээ.

Мөн Хохирогч Д.Нурболат би дахин шинжилгээ хийлгэх талаар прокурорт хүсэлт, гомдол гаргаагүй байхад шинжээчийн дүгнэлтийг дахин шинжилгээнд явуулах ажиллагааг аймгийн прокурорын газраас зориуд зохион байгуулж үүнийг далимдуулан хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг 50 хоногоор хойшлуулсан, хилийн хориг арга хэмжээ аваагүй, Хэргийг 2016 оны 03 дугаар сарын 05-наас 2016 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл Баян-Өлгий аймгийн прокурорын газарт 3 сар буюу 95 хоног байлгаж шүүхэд шилжүүлэх хуулийн хугацааг санаатай хойшлуулах ажиллагааг зохион байгуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг гарснаас хойш 5 сар өнгөрсний дараа согтуурлын байдалд танхайн хэрэг  үйлдсэн   гэмт   этгээд   Ш.Аманжолыг хохирогч болгох зорилгоор хохирогч   Д.Нурболат намайг 2016 оны 6 дугаар сарын  10-ны өдөр үндэслэх нотлох баримтгүй хэрэгт яллагдагчаар татаж, прокурорын зүгээс дарамт шахалт үзүүлсэн, хэрэг гарснаас хойш 160 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийн зүйлчлэлийг өөрчилж танхайрах хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг зориуд 6 сарын турш прокурорт байлгасны дараа шүүхэд шилжүүлсэн, хэрэг гарснаас хойш 150 хоног өнгөрсний дараа 2016.5.27-ны өдөр анх хэрэг гарахад Ш.Аманжолын хамт олон нийтийн газарт агсам тавьж хэрүүл зодоон хийхэд хамтран оролцогчоор оролцож байсан Х.Хажыгалигаар худлаа мэдүүлэг гаргуулж авч, уг худлаа мэдүүлгийг үндэслэн Д.Нурболат намайг ялагдагчаар татах тогтоол гаргаж зохиомол хэрэг үүсгэсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хууль зөрчиж гүйцэтгэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч Д.Нурболатын өмгөөлөгч Г.Амгалансуурь хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч Ш.Аманжолын анхны үйлдэл нь танхайн сэдэлтэй үйлдэл байхад хувийн шинжтэй үйлдэл гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгч, хохирогч Д.Нурболатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Тухайлбал: гэмт хэрэг гарсан байдал буюу шүүгдэгч Д.Аманжол, Д.Нурболат нарын үйлдэл болон маргаан зодоонд оролцсон байж болох бусад хүмүүсийн үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хүний нүүрийг засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан гэмтлийг тогтоохдоо тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээч эмчийн дүгнэлтэнд үндэслэн мөрдөн байцаах байгууллага болон шүүхийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийх ёстой байдаг.  Өөрөөр хэлбэл, нүүрийг засаршгүй эвдсэн шинж нь анагаахын шинжлэх ухаанд хамаарах ухагдахуун байдаг бол хүний нүүрний дүрсийг алдагдуулсан гэдэг нь хууль зүйн шинжлэх ухаанд хамаарах ойлголт тул  нүүрний эвдрэлийн байдал нь ердийн мэс заслын тусламжтайгаар арилах эсэхийг шинжээч эмч тогтоодог, харин уг эвдрэлийн байдал, шарх сорви нь хүнийг илтэд зэвүүцэм, муухай дүр төрхтэй болгосон эсэхийг мөрдөн байцаагч, прокурор болон шүүгч хууль зүйн хувьд үнэлгээ өгч тогтоодог.

Гэтэл хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд Д.Нурболатад учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг шууд шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх бөгөөд нүүрний дүрс алдагдуулсан эсэх талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлууд нь хэрэг хэлэлцэхэд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцааж, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж нотолсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч, хохирогч Д.Нурболатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар магадлал тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН