Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 035

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,
орчуулагч А.Еркегүл,
улсын яллагч: Х.Өрен,
гэрч: Х.Хажыгали, Б.Жанкелди,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Я.Сьезд, Х.Зулхаш,
шүүгдэгч: Ш.Аманжол, Д.Нурболат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ш.Аманжол, Д.Нурболат нарт холбогдох эрүүгийн 201604000001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Шүүгдэгч Ш.Аманжол: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овог Жадик, эцгийн нэр Шаяхмет, нэр Аманжол РД:БЮ91011130.
Шүүгдэгч Д.Нурболат: Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн, яс үндэс казах, 1989 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Казахстан улсын Алмата хот, узын агаш жастар гудамж 21-01 тоотод байнга оршин суух хаягтай, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овог Ители, эцгийн нэр Даутхан, нэр Нурболат РД:БЮ89030814.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Аманжол нь 2015 оны 12 дугаар сарын 30-аас 31-ийг шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, цохих үед тэднийг салгаж Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцсэн Д.Нурболаттай харилцан зодолдож Д.Нурболатын нүүрэн тус газрыг архины шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, 
Шүүгдэгч Д.Нурболат нь 2015 оны 12 дугаар сарын 30-аас 31-ийг шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд Ш.Аманжол нь К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, цохих үед Д.Нурболат тэднийг салгаж Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцэн Ш.Аманжолтой харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ш.Аманжол шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би найзуудтайгаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд  шилжих шөнө залуучуудын шинэ жилд оролцсон. Шинэ жил дуусах дөхөх үед 94889999 дугаарыг дуудлага худалдаанд оруулсан.  Би дээрх дугаарыг 1600000 төгрөгөөр авахаар төлөвлөсөн ба тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийнхөө гар утсыг барьцаанд үлдээхийг хүссэн. Би iphone 6 маркийн 64 мегабайтын багтаамжтай утас гэдгийг танилцуулж Харшыгад өгөөд тайзнаас буух үед миний хойноос Бахберген тайзанд гарч ирсэн. Бахберген тэрээр “өнөөдрийн дуудлага худалдаа шударга явагдаагүй, бэлэн мөнгөөр авахгүй юм бол Ш.Аманжолд байгаа гар утас надад ч гэсэн байна. Түүний утас 64 мегабайтын багтаамжтай бол миний утас 128 мегабайтын багтаамжтай гэж” хүмүүсийн өмнө намайг доромжилсон. Би дээрх үйлдлийг намайг олны өмнө доромжилж байна, бэлэн мөнгөөр авах боломжгүй бол би бэлэн мөнгөөр авах боломжтой гэж хэлж байна гэж ойлгосон. Хэсэг хугацааны дараа шинэ жил тарсан. Би найзуудтайгаа гадуур явж байсан. Би өөрийн машиныг Данеско баарны хажууд орхисон байсан. Хажыгали согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тул түүний машинаар найзуудтайгаа явж байсан. Найзууд маань миний найз болох Серикийн төрсөн ах Тилеуберди нь шагнал авсан байсан ба баяр хүргээд гарна гэж Думан барны гадна очсон. Тухайн үед тэдэнтэй хамт Бахберген Думан бааранд байсныг би мэдсэн. Намайг найзууд маань хамт явах уу гэхээр нь би машинаас буугаад хамт явсан. Өмнө нь Бахберген олны өмнө  намайг ямар учраас доромжлоод байсныг асуух гээд, хариугаа авах гээд очсон. Тухайн үед хаалга тайлж өгөөгүй. Серик, Хажыгали бид гурав хойноо хаалгатай гэж бодоод хойд талаар нь очоод эргэж иртэл бусад найзууд  маань Думан баар луу орсон байсан. Бид хэсэг хүлээгээд хаалгыг эвдсэн. Еркебулан гэдэг хүн хаалгыг тайлсан.  Би баарны танхим руу ороход том гэрлүүд нь унтраастай, анивчдаг гэрлүүд нь асаалттай байсан. Хүмүүс бүжгийн талбайд бүжиглэж байхад Бахберген, Тилеуберди нар тэдгээр бүжиглэж байгаа хүмүүсийн наана зогсож харагдсан. Би Бахбергенээс өөрийнхөө утсыг албаар нэхэж “чи түрүүн миний утсыг авсан биз дээ” гэж хэлэхэд тэрээр надад “чиний тэр хогоор чинь бид нар яах юм бэ, чи Харшыгад өгөө биз дээ, тэр Харшыгагаа олохгүй юу, зайл гэж” хэлсэн. Би Бахбергенийг өмнө нь хэлсэн үгнээс нь болж цохиж авахад газар унасан. Тэр үед намайг араас минь татаж унагаагаад дэвсэж өшиглөж эхэлсэн. Намайг хэн хэн  өшиглөж байсныг би анзаараагүй. Учир нь би нүүрээ хамгаалсан байдалтай хэвтэж байсан. Думан баарны эзэн Аманкелдийн хүү Адилбек намайг чи яв гэж гадагшаа чирч эхэлсэн. Араас Нурболат гарч ирээд “чи муу яасан том болсон нөхөр бэ” гээд намайг цохиж авсан. Адилбек Нурболатыг барьж авах үед, Хажыгали намайг өлгүүрийн цаагуур оруулсан. Нурболат намайг 2-3 удаа цохиж өшиглөсөн. Би нэлээн уурлаж, бухимдсан байсан. Би гадаа гараад хэсэг зогссон. Би явган явж байсан, миний найзууд дотор байсан тул би яваагүй найзуудаа гадаа хүлээж байсан. Би буцаад орох гэж байхад төмөр хашааны хажууд хөлд нэг зүйл тээглээд халтирах шиг болсон. Түүнийг авахад бөөрөнхий шил байх шиг байсан ба түүнийг бариад зогсож байсан. Би найзуудыгаа дагуулж явах санаатай буцаж ороод зогсож байхад Нурболат гарч ирээд над руу дайрч эхэлсэн. Тэрээр чи одоо хүртэл яваагүй байгаа юм уу гэж намайг цохиж авсан. Надад хэн нэгнийг хохироох санаа бодол байгаагүй. Нурболат эхлээд надад гар хүрсэн. Би шилийг өөрийгөө тайвшруулах зорилгоор бариад зогсож байснаас хүн гэмтээх зорилгоор ашиглана гэж бодож байгаагүй. Би шил гартаа барьж дотогшоо орсон гэдгээ мартсан байсан. Нурболат намайг ирж цохиж, намайг дарж авах үед би өөрийгөө хамгаалах гээд гараараа түлхэх үед түүний нүүр нь зүсэгдсэн байсан. Би гартаа шил барьсан байснаа Д.Нурболатын нүүр цус болсны дараа анзаарсан. Тэгээд хүмүүс салгасан” гэв. 
- Шүүгдэгч Д.Нурболат шүүхийн хэлэлцүүлэгт: “... Ш.Аманжол нар  Думан бараанд орж ирээд Тилеубердид шагнал авсанд баяр хүргэлгүй шууд утсаа нэхэж эхэлсэн. Гадна хаалгыг өшиглөөд бариулыг нь хугалсан байсан. Ш.Аманжол нь Бахбергений нүдийг шүдээрээ хазсан талаараа ярьсангүй. Ш.Аманжол Бахбергенээс утсаа нэхээд, түүнийг цохисон. Бахберген нь ухаангүй шахуу газарт хэвтэж байсан. Тухайн үед хүмүүс тэднийг салгасан. Бид нар танхайрч байгаа хүнийг таслан зогсоохыг хичээж байсан. Би коридорт Ш.Аманжолтой зууралдаж байсан. Би Ш.Аманжолыг миний найзыг цохиж унагаагаад нүүрийг нь шүдээрээ хазаж авсанд нь уур хүрээд 1-2 удаа цохисон нь үнэн. Би Ш.Аманжолд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Тэрээр баарнаас гарч явахдаа зүгээр байсан. Камерын бичлэгт бичигдсэн байх.  Ш.Аманжолын нүүрэнд  хавдар байгаагүй” гэв. 
    Хохирогч Д.Нурболат шүүхийн хэлэлцүүлэгт: “... Надад учирсан хохирлоос 1660000 төгрөг төлөгдөөгүй байсан. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Ш.Аманжол төлж барагдуулсан. Би гэмт хэргийн улмаас нүүрэнд учирсан сорвийг эмчлүүлэх зардлыг нэхэмжилж байна. Миний нүүр урьд нь сорвигүй зүгээр байсан. Ш.Аманжолын үйлдлээс болж нүүрэндээ сорвитой болсон. Гадаад дотоодын эмнэлэгт хандахад “ердийн журмаар арилахгүй, гоо сайхны хагалгаанд орох шаардлагатай” гэсэн хариу ирсэн” гэв. 
Хохирогч Ш.Аманжол шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн үед миний өмсөж явсан костюм, цамц, гадуур хувцас урагдсан байсан. Би дээрх зүйлсийг нэхэмжлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. 
- Гэрч Х.Хажыгали шүүхийн хэлэлцүүлэгт: “... Намайг Думан баарны хаалгаар орж ирэхэд хаалганы зүүн талд Ш.Аманжол газарт хэвтэж байсан. Тухайн газар Нурболат, Алибек, Олжас нар байсан. Намайг очиход Ш.Аманжол, Д.Нурболат хоёр хоорондоо зодолдоод газар хэвтэж байсан. Нурболат, Алибек, Олжас нар байсан. Алибек, Олжас нар холхон зогсож байсан. Би салгах гэж дөхөж очсон. Д.Нурболат Ш.Аманжолын дээр гарчихсан ноцолдож байсан. Би Ш.Аманжолыг өргөөд хаалгаар гаргаад араас нь хүн гаргахгүй гээд Думан баарны үүдэнд зогсож байсан. Д.Нурболат Ш.Аманжолын араас гүйж гарсан” гэв.
- Гэрч Б.Жанкелди шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Ш.Аманжолийг шилээр Д.Нурболатын нүүрийг зүсэж байхыг хараагүй. Тэнд байсан хүмүүс Д.Нурболатын нүүрийг зүсчихлээ гэж орилж байсан. Би дотроос гарч ирэхэд Д.Нурболатын хувцас цус болсон байсан. Тэр үед Ш.Аманжол гартаа архины шилний хагархай барьсан зогсож байсан. Олжас, Адилбек нар тэднийг салгасан” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “ ... Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна. Уг хэрэгт хэрэглэх нэмэгдэл ял болон дэглэм байхгүй. Шүүгдэгч Ш.Аманжол нь хохирогч Д. Нурболатад төлөх 1660000 төгрөгийн хохиролтой байсан ба шүүх хуралдаан эхлэхээс өмнө төлж барагдуулсан. Иймд Ш.Аманжолыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Д.Нурболат нь өөрийн нүүрний засаршгүй гэмтлийг цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь тогтоолд дурдаж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч нар уг хэргийн учир цагдан хоригдож байгаагүй. Шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалах, Д.Нурболатын гэх костюм, өмд, цагаан цамц, компьютер томограф зураг 2 ширхэг зэрэг эд зүйлийг өөрт нь буцаан олгож, хатаасан цусны дээж, цэнхэр өнгийн архины шилний хэлтэрхий зэргийг шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Ш.Аманжолын эзэмшлийн 216 мкв талбайтай 2 давхар амины байшинг, Д.Нурболатын эзэмшлийн Acer core i3 нөүтбүүк, galaxy note 3 гар утсыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Нурболат нь бусдад  төлөх төлбөргүй” гэв. 
- Шүүгдэгч Ш.Аманжолын өмгөөлөгч Х.Зулхаш өмгөөллийн үгэндээ:  “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж байгаа Ш.Аманжолын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж оролцож байна. Хавтаст хэрэгтээ танилцсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоосон. Уг хэргийг дутуу шалгасан, нотлох баримтыг дутуу цуглуулсан гэх асуудал байхгүй. Шүүгдэгч Ш.Аманжолын үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь тохирч байна. Ш.Аманжолд мөн адил хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тэрээр шүүгдэгч Д.Нурболаттай сайн дураараа эвлэрснийг дурдмаар байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Ш.Аманжолын үйлдэл холбогдол тогтоогдсон. Уг хэрэг 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө үйлдэгдсэн. Үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Мөн хуулийн 72.1.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйл, 24.1.2 дахь заалтуудаар зохицуулагдсан байдаг. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдал шүүх хуралдааны шатанд  тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Ш.Аманжолд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх талаар улсын яллагчийн гаргаж байгаа саналтай нэг байна. Шүүгдэгч Ш.Аманжол нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ш.Аманжолын эзэмшлийн 216 мкв талбайтай 2 давхар амины байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 
- Шүүгдэгч Д.Нурболатын өмгөөлөгч Я.Сьезд өмгөөллийн үгэндээ: “... Миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Д.Нурболатын өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгтээ танилцсан. Аймгийн прокурор Батсүх жүжиг дэглэж, түүнийг нь хяналтын прокурор найруулж илт танхайн зүйл ангитай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөх үед шүүхэд зүйл ангийг нь өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа гэж бодож байна. Хөнгөн гэмт хэргийг 6 сар мөрдөж болох уу. Хөнгөн гэмт хэргийн 14 хоногийн хугацаанд шалгадаг. 2015 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө болсон үйл явдал тодорхой. Танхайн гэмт хэргийн 2 шинж байдаг. Үүнд: нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илт хүндэтгэж үзээгүй гэж заасан байдаг. Сая СД бичлэгээс танхай болсон нь харагдаж байна. Ш.Аманжолын үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй. Урьд нь Нурданескод болсон асуудалтай Д.Нурболат ямар ч хамааралгүй. Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэдэгт “хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амрах, хөдөлмөрлөх, сурах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтоосон, хэвшсэн ёс журмыг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийг хамарсан арга хэмжээг таслуулах, хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдэл хийхийг” хэлнэ гэжээ. Думан бааранд хэсэг иргэд шинэ жил тэмдэглээд сууж байхад гаднаас Ш.Аманжол дайрч орж ирээд, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан. Олон нийтийн газар гэдэгт “хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээрээ дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлага зөрчсөн тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйл явдал” гэжээ. СД бичлэг тухайн өдрийн үйл явдлын зарим хэсгийг бэхжүүлсэн. Мөн танхайн гэмт хэргийг нотолж байна. Ш.Аманжол олон нийтийн газар олон нийтийг үл хүндэтгэсэн, орчин тойрны хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийгмийн хэв журмыг илт бүдүүлгээр зөрчсөн зэрэг танхайн гэмт  хэргийн объектив шинжийг бүрэн агуулж байна. Д.Нурболат Ш.Аманжол нарын хооронд өмнө нь таарамжгүй харьцаа байгаагүй. Ш.Аманжол нь гэнэт урьдчилан төлөвлөөгүй, олон нийтийн газар зодоон үүсгэж, согтуугаар Д.Нурболат руу дайралт хийсэн нь танхайн гэмт хэргийн субъектив талын шинжийг агуулж байна. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой. Архины хагархай шил буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн тул шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна. Маргааш уг хэрэг давж заалдах, хяналтын шат хүртэл явна. Олон нийтийн газар, шөнийн цагаар гарсан дээрх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаад гайхаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар шалгасан. Гэтэл Батсүхийн даалгавраар нэг өдрийн дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүгч хуульд захирагдах ёстой. Тухайн үед архи уусан мөрдөн байцаагч болон бусад хүмүүс байсан. Уг хэрэг бол олон нийтийн анхаарлыг татсан хэрэг. Уг хэргийн зүйлчлэл дээр маргах хэрэг биш. Уг хэргийн зүйлчлэл буруу байна. Уг хэрэг ядаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан. Нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж уг хэргийн зүйлчлэлийг зөвтгөөд ердийн журмаар шийдвэрлэх саналтай байна” гэв. 
Мөн шүүх хуралдаанд: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоолууд, Думан үйлчилгээний төвийн камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, хохирогчийн өмсөж явсан гэх хувцаст үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд, Д.Нурболат, Ш.Аманжол нарыг хохирогчоор байцаасан тэмдэглэлүүд, гэрч М.Мырзашөл,  Ж.Харшыга, Ж.Ермек, Х.Ермекгүл, Б.Далелхан, Б.Жанболат, С.Алибек, А.Еркебулан, М.Тилеуберди, А.Адилбек, Б.Жанкелди, Ш.Олжас, М.Жанерке, Х.Хажыгали, С.Ерболат, М.Серик, Х.Еркебулан нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт, Ш.Аманжолыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Нурболатыг хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзул, Ц.Бадрал, Н.Энхцолман нарын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт, Д.Нурболатыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч Ш.Аманжолын гэм буруугийн талаар:   
    - Шүүгдэгч Ш.Аманжол нь 2015 оны 12 дугаар сарын 30-аас 31-ийг шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, цохих үед тэднийг салгаж Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцсэн Д.Нурболаттай харилцан зодолдож Д.Нурболатын нүүрэн тус газрыг архины шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны 2016 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн №76 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн Д.Нурболатын биед тархины доргилт, хамрын ёсны хугарал, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу, нүүрний зүүн дух, зүүн талын чихний дэлбэнгийн дотор талд, дэлбэнгийн ар хэсгүүдэд зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх шарх нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” / хх-ийн 119 дүгээр хуудас/, 
    - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №413 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Хохирогч Д.Нурболатын нүүрэнд учирсан сорви бүхий гэмтэл нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан гэмтэлд хамаарахгүй. Шинжээч эмч нар тухайн сорви гэмтлийг ердийн явцаараа бүдгэрч арилах боломжтой эсэхийг тогтоох ба гоо сайхны асуудлыг тогтоохгүй. Д.Нурболатын нүүрэнд учирсан сорви бүхий гэмтэл нь ердийн явцаараа бүдгэрч арилахгүй болно. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бауыржаны 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” /хх-ийн 305 дугаар хуудас/, 
    - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн Ш.Аманжол цусанд 0.5 % промилл этилийн спирт илрэв. Иргэн Ш.Аманжол нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” /хх-ийн 139 дүгээр хуудас/,
    - 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: “... Үүдний коридорын саарал өнгийн плита нь бүхэлдээ, коридорын бүх хэсгээр, мөн хувцасны өлгүүр рүү орох тавиурын бүх хэсэг нь улаан өнгийн цусархаг шингэн зүйлээр бохирлогдсон. Олон газар улаан өнгийн цус мэт шингэн зүйлийн дусал дуссан. Хувцасны өлгүүр рүү орох хаалганаас 65 см хэмжээ бүхий зайд тавиурын доод хэсэгт цэнхэр өнгийн ямар нэгэн хаяг ярликгүй, архины шилийн амсар хэсгийн таг бололтой дотор талд шилний хэлтэрхий 1,5 см хэмжээтэй цухуйж гарсан ба уг шил нь улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг шинжээч, цагдаагийн дэслэгч С.Ермекгүл Никон маркийн аппаратаар зураг авч бэхжүүлсэн тул гялгар уутанд хийж хураан авлаа” /хх-ийн 45 дугаар хуудас/, 
    - 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогчийн өмсөж явсан гэх хувцаст үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл: “... Цагаан өнгийн эрэгтэй хүний 42 размерын урт ханцуйтай цамц 1 ширхэг, уг цамцны их бие бүхэлдээ улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай, цамцанд ямар нэгэн урагдалт үгүй, товч бүрэн бүтэн, хар өнгийн эрэгтэй хүний костюм пиджак 1 ширхэг,  хоёр талд кармантай карман  нь хоосон, дотор талд нь мөн 2 халаастай халаас нь хоосон, дотор талд нь ДЕЛТА гэсэн ангил үсэг бүхий бичигтэй, ямар нэгэн урагдалт үгүй, баруун энгэрт хар өнгийн 1 ширхэг товчтой, уг костюмын зүүн энгэрийн цээжний хэсэг нь улаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай байв.
    Мөн хар өнгийн эрэгтэй хүний өмд 1 ширхэг, өмдний цахилгаан ажиллагаатай хойд талд нь 2 халаастай халаас нь хоосон, хар өнгийн 2 ширхэг товчтой, хажуу талд 2 халаастай халаас нь хоосон, өмдний зүүн талын өвдөг хэсэгт улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай хатсан, өөр ямар нэгэн урагдалт зүсэлт үгүй бүтэн байсныг хураан авч үзлэг хийв” /хх-ийн 52 дугаар хуудас/,
    - Хохирогч Д.Нурболатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэр үед Аманжол гарч явахгүй хүн болгонд зууралдаж явсаар нэг мэдэхэд бид түүнийг дахин гадаа гаргасан ба тэрээр гарч яваад гаднаас архины шил олж авч, түүнийг гартаа барьж орж ирсэн коридорт байсан байлаа. Тэр үед би баарны дотор талаас гарч ирээд чи одоо гарч зайлаад өг гэсэн байсан юм. Тэр үед Аманжол зүүн гараараа миний үснээс барьж авахад би бас түүнийг барьж авсан юм. Тэр үед Аманжол гарт байгаа шилээр намайг толгой хэсэг болон нүүрний хэсгээс хэд хэдэн удаа цохиж авсан. Миний нүүр ам цус болсон байсан. Тэгээд тэнд байсан залуус бид хоёрыг салгаж авсан юм. 
    ... Баарны дотор талд намайг зодож байгаагүй. Би Бахбергенийг салгаж авах гэж байтал би түүнийг гадаа хөөж гаргах үед миний захаас барьж авч миний цээж тус газар нэг удаа цохиж авсан байсан. Бид хөөж гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас /, 
    - Гэрч Ж.Харшыгагын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Аманжолыг тайзнаас буусны дараа түүнтэй дуудлага худалдаанд өрсөлдөж байсан залуу тайзан дээр гарч ирээд Аманжолд байгаа утас бидэнд ч байгаа, бид бэлэн мөнгөөр авах байсан юм гэх утгатай зүйл хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 361 дүгээр хуудас/, 
    - Гэрч  Ж.Ермекийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Данеско төвд болсон залуучуудын шинэ жилийн үйл ажиллагаа тарсны дараа би Данеско төвд байдаг өөрийн өрөөндөө сууж байтал Харшыга надад шаргал өнгийн гар утас өгөөд, энэ утас танд байж байг, алга болгочихож магадгүй гэж хэлээд надад өгөхөд би гар утсыг шүүгээндээ хийсэн юм. Маргааш өглөө нь над руу Шаяхмет залгаад чамд утас орхисон уу гэж асуухад Харшыга надад нэг утас орхисон байгаа гэж хэлсэн. Тэгтэл нэг эмэгтэй хүн ирээд уг утсыг аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 360 дугаар хуудас/, 
    - Гэрч Б.Жанболатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэгээд зодоон намжиж байсан ба тэр үед Нурболат коридор руу гарч явж байсан. Хэсэг хугацааны дараа Нурболат нүүр ам нь нил цус болсон орж ирсэн ба яг тэр би  дотор талд байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/, 
    - Гэрч С.Алибекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...  Тэгээд би хэсэг байж байгаад  гадаа  коридор  руу  гарсан  чинь  коридорт Нурболатыг Аманжол   доошоо харуулж дарж авсан гартаа барьсан шилээр Нурболатын нүүр рүү чичиж дүрж байсан ба би очиж салгаж авах гэж Нурболатыг Аманжолоос Олжас бид хоёр салгаж аваад холдуулсан байсан. Тэр үед коридорт бөөн цус болсон харагдсан юм. 
    ... Би гараад ирсэн чинь Нурболатыг Аманжол доошоо дарж авсан гартаа шилтэй харагдсан, коридорын нөгөө талд Тилеубек өөрийн дүү Серикийг барьж авсан зогсож байсан. Тэгээд би гарсан байсан. Намайг гарч ирэхэд Аманжол  Нурболат хоёр нэг нэгнийгээ барьж авсан Аманжол шилээр Нурболатын нүүрийг зүсэж байсан нүүр ам нь цус болсон. Нурболат орилж байсан ба миний араас Олжас гарч ирж байсан байлаа. Тэгээд Аманжолын гарт нь байгаа шилийг Олжас булааж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/, 
    - Гэрч А.Еркебуланы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэгж байхад гадаа коридорт нэг гараад ирсэн чинь Тилеуберди өөрийн дүүгээ барьж авсан зогсож байхад гаднаас Аманжол орж ирээд зогсож байсан ба гарт нь архины шилний хэлтэрхий харагдсан байсан. Би дотогшоо ороод сууж байсан ба яг коридорт болсон зодооныг үзээгүй юм” гэх мэдүүлэг / хх-ийн 89 дүгээр хуудас/, 
    - Гэрч М.Тилеубердийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэгж байхад Д.Нурболат баарны дотор талаас гарч ирсэн гэнэт Аманжол тэр хоёр нэг нэгийгээ барьж аваад зууралдаж эхэлсэн. Нурболат Аманжолтой зууралдаж байхад Аманжол шууд гарт байсан шилээр Нурболатын нүүрийг зүсэж авсан. Тэгээд бид очиж салгаж авсан. Тэр үед миний дүү Серикийн гар нь бас нөгөө Аманжолын гарт байсан шилээр зүсэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
    - Гэрч А.Адилбекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Коридорт гараад би Аманжолыг хөөж шууд гадаа гаргаж явуулсан ба тэрээр яваад өгсөн байсан. Тэгээд хаалга онгорхой байсан дотор нь Серик өөрийн ахтайгаа зууралдаж бас надтай зууралдаж байсан. Тэгж байхад гаднаас Ш.Аманжол гартаа архины шил барьж ороод ирсэн байсан ба орж ирээд шууд Нурболаттай зууралдаж ноцолдож байгаад шууд Нурболатын нүүрийг зүсэж авсан, нил цус болсон байлаа. Гэхдээ би яг тэр үед дэргэд нь байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/,
    - Гэрч Ш.Олжасын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Нэг харахад Аманжол гартай шилтэй харагдсан. Нурболатыг доошоо дарж авсан байсан. Нурболатын нүүрнээс цус гарсан харагдсан. Би айгаад шууд гарт байгаа шилийг булааж аваад холхон газар руу авч шидсэн юм” гэх мэдүүлэг / хх-ийн 102 дугаар хуудас/, 
    - Гэрч Х.Хажыгалигийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Удалгүй Аманжол буцаж орж ирээд коридорт байхад Нурболат гүйгээд гарч ирээд өлгүүрийн тэнд Аманжолд очсон. Тэр үед Аманжол тэр хоёр зууралдаж эхэлсэн. Гэнэт Нурболатын нүүрнээс цус гарсан. Бид тэр үед Аманжолын гарт нь шил байсныг мэдээгүй. Серикийн гар нь зүсэгдсэн үед шил байсныг мэдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/, 
    - Гэрч М.Серикийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Нэг мэдэхэд миний гар зүсэгдсэн. Нурболатын нүүр нь зүсэгдсэн байна лээ. Би үүнийг санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/,
    - Шүүгдэгч Ш.Аманжолын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Хүлээн зөвшөөрч байгаа ба би тэр үед гартаа шилтэй байснаа мартсан байлаа. Тэгээд гараар цохиж байна гэж бодсон чинь харин гарт мань шил байсан байлаа. 
    ... Би тэр архины шилийг Думаны гаднаас хашааны дэргэдээс олж авсан ба хагарсан шил байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 155 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч Ш.Аманжолын хэрэг бүртгэлтийн шатанд 3 дахь удаа байцаахад өгсөн: “... Баарнаас гадаа гараад төмөр хашааны наахан талд хэвтэж байсан цэнхэр өнгийн таглаатай архины хагарсан шил байсан. Түүнийг авсан орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/,
    - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “... Бичлэгийн 01 цаг 17 минут 44 секундад Далелхан болон Нурболат нар баарнаас гарч ирээд Далелхан баарнаас гарч явах бөгөөд Нурболат гараа хоёр тийш дэлгэж очоод Аманжолтой барьцалдаж аваад Нурболат Аманжолын толгой нь тус газар нь хоёр удаа баруун талын гараараа цохих бөгөөд тэр үеэр Аманжол баруун талын гараа Д.Нурболатын нүүрний зүүн талын газарт авчирч байгаа байдал харагдах бөгөөд тухайн үед Хажыгали тэр хоёрыг салгахаар очих ба Серик цаад талаас ирээд Аманжолын гэдэс рүү өшиглөж Нурболатын толгой руу цохино. Гэр үеэр тэднийг Олжас болон цагаан өнгийн цагаан цамцтай залуу салгахыг оролдох ба уг залуугийн нэрийг Адилбек С.Алибек гэж зааж өгөв. Алибек Нурболатын хойноос нь тэвэрч татаж байх үед Серик дахин ирж Аманжол болон Нурболат нарыг чиглүүлэн өшиглөх бөгөөд Серикийн хөл нь Аманжол болон Нурболат нарын хэнийх нь хаана нь хүрсэн болох нь бичлэгээр харагдахгүй байв. Тэгээд Олжас болон Алибек нар Нурболат, Аманжол нарыг салгах ба Олжас нэг зүйлийг гартаа аваад хувцасны өлгүүрийг чиглүүлэн шидэж байгаа байдал бичлэгт тусгагдсан байна. 
- Гэрч Х.Хажыгалигийн хэрэг бүртгэлтийн шатанд 3 дахь удаа өгсөн: “...  Тэр хооронд Аманжол гаднаас гартаа шил барьж орж ирсэн юм шиг байна лээ. Би түүний гартаа шил барьчихсан байна гэж анзаарч хараагүй юм бөгөөд Аманжолыг орж ирэнгүүтээ Серик Тилеубердитэй маргалдаж байхыг хараад болиулахаар очоод Серикийн гарыг санамсаргүйгээр зүсээд буцаж өлгүүрийн хажууд ирээд зогсож байтал Нурболат баарнаас гүйж гарч ирэнгүүтээ толгойгоо бөхийлгөсөн хэвээрээ Аманжолын хажууд очиход Аманжол түүн рүү гараа далайх шиг болоход Нурболатын нүүрнээс цус гарсан бөгөөд түүнийг гартаа шил барьсан байсныг би мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 317 дугаар хуудас/, 
- Гэрч Х.Ахеркегийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэгж байтал Нурболатын нүүрнээс нь цус гарчихсан орж ирэхэд хүмүүс түүний нүүрийг Аманжол ийм болгосон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 314 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Лаурагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Биднийг гарах гэхэд эрэгтэйчүүд нөгөө хэдийг явсны дараа гаръя гэж хэлсэн тул бид гаралгүй байж байсан ба тэр хооронд Нурболатын нүүрнээс цус гарсан байна гэж нэг хүн хэлэнгүүт нь за за гаръя гэж хэлээд бид нар хувцсаа аваад гараад явсан. Биднийг гарахад Нурболатын нүүр нь цус болчихсон байсан бөгөөд бид нар тогтож харалгүй шууд гараад гэртээ хүргүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 371 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
2. Шүүгдэгч Д.Нурболатын гэм буруугийн талаар:   
    - 2015 оны 12 дугаар сарын 30-аас 31-ийг шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд Ш.Аманжол нь К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, цохих үед Д.Нурболат тэднийг салгаж Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцэн Ш.Аманжолтой харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №37 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн Ш.Аманжолын биед тархины доргилт, духанд баруун хавдартай, зүүн хацарт хавдартай, хамрын нуруунд хавантай, зүүн чихэнд шархтай, цусархаг, доод уруулд хавантай, цус хуралттай, баруун эрхий болон заагч хуруунд шархтай, ар нуруунд шархтай, цээжэнд шархтай, хавантай байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй гэмтэл болно. Тархины гэмтэл болон гоо сайханд нөлөөлөх эсэхийг эдгэрэлтээс хамаарч дахиж тогтоох болно” /хх-ийн 141 дүгээр хуудас/,
- 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “... Аманжол баарнаас гарч ирээд гадагш гарах хаалгыг чиглэн явж байхад Адилбек түүний урд хоёр гарыг барьж /ямар нэгэн зүйл хэлж байгаа бололтой/ авахад Д.Нурболат Ш.Аманжолын зүүн гарыг хойд талаас нь эхэлж бариад дахин гараа сольж баруун гарны хойд талаас нь барьж аваад түүний нүүрэн тус газар нь баруун талын гараараа 1 удаа, нурууны хэсэгт 1 удаа тохойгоороо цохиод бөгсөн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд А.Адилбек Д.Нурболатыг болиулахаар хойноос нь татаж байгаа байдал харагдах бөгөөд Д.Нурболат А.Адилбек хүч өгөлгүй хаалганы хажууд Аманжолын толгой тус газар нь 1 удаа баруун гараараа цохиж, хөлөн тус газар нь нэг удаа өшиглөхөд Ш.Аманжол нь Д.Нурболатаас зугтааж хувцасны өлгүүрний тавиурын наад талд очоод нүүрэн хэсгээ Д.Нурболат руу харуулсан байдалтай зогсож байхад Д.Нурболат очиж түүний цээжин тус газар өшиглөхөд Ш.Аманжол түүнээс зугтааж хувцасны өлгүүр байрлах хэсэг рүү ороход Д.Нурболат түүний бөгсөн тус газар нь нэг удаа өшиглөж авна. Тэр хооронд А.Адилбек Ш.Аманжолын костюмыг аваад араас нь очиж өгөхөд Д.Нурболат Адилбек болон Аманжол нар зогсож байгаа газарт очиж Аманжолын баруун талын бөгсөн газар нь өшиглөчихөөд М.Серик болон М.Тилеуберди нарыг чиглэн тэд нар руу ирэхэд А.Адилбек Ш.Аманжолыг 01 цаг 12 минут 59 секундэд баарнаас гаргаж явуулна.
... баарнаас гарч ирээд Далелхан баарнаас гарч явах бөгөөд Нурболат гараа хоёр тийш дэлгэж очоод Аманжолтой барьцалдаж аваад Нурболат Аманжолын толгойн тус газар нь хоёр удаа баруун талын гараараа цохих бөгөөд тэр үеэр Аманжол баруун талын гараа Д.Нурболатын нүүрний зүүн талын газарт авчирч байгаа байдал харагдах бөгөөд тухайн үед Хажыгали тэр хоёрыг салгахаар очих ба Серик цаад талаас ирээд Аманжолын гэдэс рүү өшиглөж Нурболатын толгой руу цохино” /хх-ийн 418-420 дугаар хуудас/, 
- Хохирогч Ш.Аманжолын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Баарны үүдний буланд намайг хүн өшиглөж байсан бөгөөд би нүүрээ хамгаалаад гараараа нүүрээ дарчихсан газар хэвтэж байсан тул хэн намайг өшиглөсөн болохыг би харж чадаагүй. Тухайн үед баарны цагаан гэрлийг унтраагаад анивчдаг гэрэл нь асаалттай байсан тул харанхуй ч байсан юм. Намайг баарнаас гараад коридорт зогсож байхад Нурболат миний араас гарч ирээд чи ямар том болсон пизда бэ гэж хэлээд над руу дайраад бид хоёр зодолдоод эхэлсэн. Нурболат тухайн үед миний хаана цохисон болохыг би мэдэхгүй байна. Би тухайн үед өөрийгөө хамгаалаад гараараа их биеэ хаачихсан байсан. Тэгтэл би гарч явах гэтэл Нурболат намайг өшиглөхөөр нь би хувцасны өлгүүрийн ар тал руу ортол дахин өшиглөхөөр нь би баарнаас гараад явсан. 
Намайг гартаа шил бариад баарны коридорт ороод иртэл Нурболат надад чи муу пизда, одоо хүртэл яваагүй юм уу гээд над руу дайрч ирээд миний цээжин хэсэг рүу цохихоор нь би түүнийг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 352 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч Ш.Аманжолын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэр хооронд Хажыгали болон Серик нар орж ирсэн бөгөөд намайг өшиглөж байсан Нурболатыг Хажыгали надаас түлхэж холдуулахад Адилбек намайг баарнаас хөтөлж гаргасан юм. 
Би баарнаас гараад явах гэтэл Нурболат миний хойноос гарч ирээд чи ямар том болсон пизда бэ гэж хэлээд над руу дайраад бид хоёр зодолдож эхэлсэн ба би миний хаана хаана Нурболат цохисон болохыг би хараагүй юм. Учир нь би тухайн үед өөрийгөө хамгаалаад гараараа толгойгоо хаачихсан байсан юм. Тэгээд гараад явах гээд зугтаатал Нурболат намайг өшиглөхөөр нь би баарнаас гараад явсан.
Намайг бааранд орж очиход баарнаас Нурболат гарч ирээд чи одоо болтол яваагүй байгаа юм уу гэж хэлээд над руу дайрч миний цээжин тус газар минь цохихоор нь би зөрүүлж түүнийг архины шилний тагыг барьсан гараараа цохиж авсан ба нэг мэдсэн чинь Нурболатын нүүрнээс цус гарч байсан бөгөөд тэр үед би гартаа архины шилний таг авч орсноо санасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 392-393 дугаар хуудас/, 
- Гэрч М.Тилеубердийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тэгж байхад Д.Нурболат баарны дотор талаас гарч ирсэн. Гэнэт Аманжол тэр хоёр нэг нэгийгээ барьж зууралдаж эхэлсэн. Нурболат Аманжолтой зууралдаж байхад Аманжол шууд гарт байсан шилээр Нурболатын нүүрийг зүсэж авсан. Тэгээд бид очиж салгаж авсан. Тэр үед миний дүү Серикийн гар нь бас нөгөө Аманжолын гарт нь байсан шилээр зүсэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/, 
-Гэрч Х.Хажыгалигийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: “... Тэгээд нэг мэдсэн чинь Аманжол Думан баарны хаалганы зүүн талын буланд хагас атийчихсан нүүрээ дарчихсан нүүр нь баарны бүжгийн талбайр руу харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд Нурболат түүнийг өшиглөж байсан. Нурболатын хажууд Олжас болон Алибек нар зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/, 
- Гэрч Х.Хажыгалигийн гурав дахь удаа өгсөн: “... Намайг бааранд орж очсны дараа Аманжол Думан баарны хаалганы зүүн талын буланд хагас атийчихсан нүүрээ дарчихсан нүүр нь баарны бүжгийн талбай руу харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд Нурболат түүнийг өшиглөж байсан. Нурболатын хажууд Олжас болон Алибек нар зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 366-367 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Энэхүү гэмт хэргийн объект нь бусдын эрүүл мэнд юм. 
Объектив тал нь үйлдэл, эс үйлдэхүйн аль ч хэлбэрээр илэрдэг. 
Субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай байдаг.  
Субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, аль ч улсын иргэн биш этгээд, гадаадын харьяат хэн ч байж болно.  
    Иймд шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн  бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ш.Аманжол, Д.Нурболат нарт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
 Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Прокуророос шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.Нурболат болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нар нь Ш.Аманжол нь танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ архины хагархай шил буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа боловч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон СД-г шүүх хуралдаанд шинжлэн судлахад уг гэмт хэргийн хохирогч гэх Д.Нурболат нь Думан баарны коридорт өөрөө эхлэн зодоон үүсгэж, цохиж байсан нь батлагдаж байна. Иймд энэ гэмт хэрэг гарахад хохирогч Д.Нурболатын зүй бус үйлдэл, сэдэлт нь нөлөөлсөн байна. 
Мөн энэхүү гэмт хэрэг гарахад хохирогч Д.Нурболатын зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч Х.Хажыгалигийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заажээ. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно. Мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д “энэ хуулийн 24.1.1-24.1.4-д заасан байдал тогтоогдвол” шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ. 
Иймд шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн ба Эрүүгийн хуульд заасан уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна .
Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн Ш.Аманжол согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг / мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцов.
Шүүгдэгч Ш.Аманжол нь яллагдагчаар татах тогтоолыг хавсралтад хохирогч Д.Нурболатад төлөх 1660000 төгрөгийн төлбөртэй гэж тусгасан ба шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө түүнд 1660000 төгрөгийг хүлээлгэж өгсөн тул Ш.Аманжол нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 
Мөн шүүгдэгч Д.Нурболат нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар урьдчилан цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Д.Нурболатад цаашид гарах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Ш.Аманжолын эзэмшлийн 216 м/кв талбайтай 2 давхар байшин, Д.Нурболатын эзэмшлийн “Асег” маркийн Соге I3 нөүтбүүк, “Galaxy note 3” маркийн гар утас зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД /хуурцаг/ бичлэг бүхий диск 1 ширхэг, Д.Нурболатын компьютер томограф зураг 2 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, Д.Нурболатын костюм пиджак 1 ширхэг, өмд 1 ширхэг, цагаан өнгийн цагаан цамц 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгож, цэнхэр өнгийн тагтай архины шилний хэлтэрхий /хугархай/ 1 ширхэг, хатаасан цусны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь байна. 
Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.5, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4,  298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жадик овогт Шаяхметийн Аманжол, Ители овогт Даутханы Нурболат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нурболат нь цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД /хуурцаг/ бичлэг бүхий диск 1 ширхэг, Д.Нурболатын компьютер томограф зураг 2 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, Д.Нурболатын костюм пиджак 1 ширхэг, өмд 1 ширхэг, цагаан өнгийн цагаан цамц 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгож, цэнхэр өнгийн тагтай архины шилний хэлтэрхий /хугархай/ 1 ширхэг, хатаасан цусны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар шүүгдэгч Ш.Аманжолын эзэмшлийн 216 м/кв талбайтай 2 давхар байшин, Д.Нурболатын эзэмшлийн “Асег” маркийн Соге I3 нөүтбүүк, “Galaxy note 3” маркийн гар утас зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК