Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 591

 

Б.Энхцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Энхцацралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Намуунцэцэг, Н.Тулга нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандахын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэмөнх

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Наранмандах

Хариуцагч нарын өмгөөлөгч: Ж.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Тайгам Алтай" ХХК нь Ж.Наранмандахтай тохиролцож Баянгол дүүргийн 01 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв 2 өрөө байрыг м.кв-ыг нь 800 000 төгрөг нийт 55 216 000 төгрөгөөр бодож  өмчлөлд нь шилжүүлэх, Ж.Наранмандах нь "Тайгам Алтай" ХХК-д газрын эрхийг шилжүүлэхээр арилжааны тохиролцоо хийгдсэн. Гэтэл 2010 онд тус байр ашиглалтад орж Ж.Наранмандах нь тус байрны 112 тоотод нүүн орсон боловч бартерт өгөх газраа "Тайгам Алтай" ХХК-ийн өмчлөл эзэмшилд шилжүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Газраа "Тайгам Алтай" ХХК-ийн өмчлөл эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд Б.Энхцацрал нь тус байрны емчлөх эрхийг Ж.Наранмандахад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан болно. Ж.Наранмандахаас байр чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч олдоогүй тул 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 102/Ш32016/13458 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар тус хаягт  хэн амьдарч байгааг хорооноос лавлахад Н.Тулга, Н.Намуунцэцэг нар амьдарч байгаа тухай тодорхойлолт өгсөн. Иймд Н.Тулга, Н.Намуунцэцэг нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай-хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв 2 өрөө байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандах нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд өөрийн найз "Тайгам Алтай" ХХК-ийн захирал н.Сономцэрэнтэй харилцан тохиролцож маргаан бүхий байрыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийж уг байрыг 1 м.кв-ыг 800 000 төгрөгөөр тооцон нийт 55 216 000 төгрөгт авахаар наймаа хийсэн. Явцын дунд н.Сономцэрэн бартерт өгөх газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны оффисийн байранд очиж 60 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо тус байранд манай 2 дүү Н.Намуунцэцэг, Н.Тулга нар амьдарч байгаа. Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд Б.Энхцацрал гэдэг хүний нэр бичигдсэн байгаа боловч уг байр нь "Тайгам-Алтай" ХХК-ийн байр юм. Н.Сономцэрэн захирал АНУ-аас удахгүй ирнэ. Энэ хүнийг иртэл уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, алтай хотхон 12 дугаар байр, 112 тоот орон сууцыг хариуцагч Н.Туул, Н.Намуунцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхцацралаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,030 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 363,830 төгрөг, харилцагч Н.Тулга, Н.Намуунцэцэг нараас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан ч өмнөх шүүх хуралдаанаар хангасан гэж дүгнээд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Байрны төлбөрт шилжүүлэх бартерийн газраас нэхэмжлэгч нар татгалзсан тул бид  байрны төлбөр болох 60 000 000 төгрөгийг бэлнээр төлж байрыг худалдаж авсан. Нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн 60 000 000 төгрөгт маргаагүй. Гэтэл байрны төлбөрт шилжүүлэх бартерын газраа шилжүүлээгүй гэж нэхэмжлэл гаргасан нь тун ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулах мөн "Тайгам-Алтай" ХХК-ийн захирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх мөн л хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

Хариуцагч дээрх байранд 2010 оноос хойш амьдарч байх хугацаанд байрны төлбөртэй холбоотой "Тайгам Алтай" ХХК-иас нэг ч удаа нэхэмжлэл гаргаж байгаагүй. Гэнэт өмчлөгч Б.Энхцацарал гэдэг хүн гарч ирэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75.2.2-т заасан хугацаа өнгөрсөн, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхцацрал нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 12 дугаар байр, 112 тоот орон сууцыг  Н.Тулга, Н.Намуунцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч байрны үнийг бүрэн төлсөн, уг байр нь нэхэмжлэгчийн байр биш гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхцацрал нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь уг орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Хариуцагч тал орон сууцны үнэд 60 000 000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх баримтаа гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Шүүх 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж мөн өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанаас хэтэрсэнээс үзэхэд хариуцагчид эрхээ хэрэгжүүлэх боломж хангалттай байжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг анхан шатны шүүхээс удаа дараа хангаж, 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, 10 дугаар сарын 21-ний өдөр, 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 23, 29, 41, 54/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандахын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

                 ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                 Ш.ОЮУНХАНД