| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2017/01534/И |
| Дугаар | 001/ХТ2018/00545 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/00545
Н.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02371 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2559 дүгээр магадлалтай,
Н.Г-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот орон сууц нь Н.Г- миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй, С.Жамсранд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмч болох дээрх байрыг худалдан борлуулж, хариуцагч С.Жамсрангийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн суурь зарчимд харшилж байгаа хэрэг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсаны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг бууруулсан нь миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамжаар С.Жамсрангаас 262,583,600 төгрөг гаргуулж, М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсний дагуу 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Жамсрангийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот, 38 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15/40 дугаартай тогтоолоор хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, үнийн саналаа ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилоход 114,172,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 3/11037, 3/11038 дугаартай албан бичгээр мэдэгдэж, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/13992 дугаар мэдэгдэл, 5/16 тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа тул Н.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02371 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., 177.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шийдвэрээр С.Жамсрангаас 262,583,600 төгрөгийг гаргуулж М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай өмчлөгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2559 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 1 тоот орон сууц нь Н.Г- миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй, С.Жамсранд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмч болох дээрх байрыг худалдан борлуулж, хариуцагч С.Жамсрангийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсаны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг бууруулсан нь миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 2371 дүгээр шүүхийн шийдвэр болон магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч Н.Г- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамж авагдсан байх бөгөөд уг захирамжаар М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.Жамсран нь зээлийн гэрээний гүйцэтгэлд 261,850,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагч захирамжийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна.
2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 8510 дугаартай захирамж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 714 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15/40 дугаар тогтоолоор хураасан ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч С.Жамсранд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35273 дугаар албан бичгээр, өмчлөгч Н.Г-т 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/10167 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35272 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3572 дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь хуульд нийцсэн байна.
Төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч С.Жамсран нь иргэн Н.Г-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус ирүүлжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг 114,172,000 төгрөгөөр үнэлжээ.
Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11038 тоот мэдэгдлээр С.Жамсранд, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11037 тоот мэдэгдлээр өмчлөгч Н.Г-т тус тус мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн тогтоосон үнэ болох 114,172,000 төгрөгийн 70 хувиар тооцон 79,920,400 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч С.Жамсран, өмчлөгч Н.Г- нарт 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11038, 3/11037 мэдэгдлүүдээр 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус мэдэгдсэн нь тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дах хэсэгт заасан шаардлагатай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Н.Г- нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр байрыг хэт багаар үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх заалт маргаанд хамааралгүй байхад хэрэглэсэн хэдий ч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой байх тул шийдвэр, магадлал хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Г-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2559 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрмөнхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН