Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 05

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн гудамжинд байрлах Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дундговь аймгийн Дэрэн сум, 3-р баг, Шандын 2-5 тоотод оршин суух Базарын Батпүрэв /РД:ЗЖ80050117/, Пүрэвжавын Амарсайхан /РД:ЗЮ77071567/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 10181419 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Амарсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Батпүрэв нар нь тус банкны Дундговь салбарын Дэрэн сумын тооцооны төвөөс 2014 оны 01 сарын 17-ны өдөр №ЗГ14/042 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 9800000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэгцээний зориулалтаар, 4 ханат гэр, 20 инчийн LCD телевизор, 3 ширхэг хивс, хөлдөөгч, угаагч зэрэг хөрөнгийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь уг зээлийн төлбөрөөс 2017 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2461489 төгрөг, зээлийн хүү 1373479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3806 төгрөг, нийт 3838776 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй, удаа дараа хугацаа хэтрүүлж 2015 оны 01 сарын 02-ноос хойш огт төлөлт хийлгүй 731 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд банк 2017 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 7338510 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2478778 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 286930 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулсан улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нийт 10181419 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч П.Амарсайхан, Б.Батпүрэв нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: П.Амарсайхан, Б.Батпүрэв бид Хаан банкны Дундговь салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 10181419 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь П.Амарсайхан, Б.Батпүрэв нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 10181419 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177853 /нэг зуун далан долоон мянга найман зуун тавин гурав/ төгрөгийн 50 хувь буюу 88926 /наян найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг улсын төсвөөс, 88926 /наян найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч П.Амарсайхан, Б.Батпүрэв нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэв.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1, 185 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 10181419 төгрөгийг хариуцагч П.Амарсайхан, Б.Батпүрэв нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177853 /нэг зуун далан долоон мянга найман зуун тавин гурав/ төгрөгийн 50 хувь буюу 88926 /наян найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг улсын төсвөөс, 88926 /наян найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч П.Амарсайхан, Б.Батпүрэв нараас гаргуулж Хаан банкны Дундговь салбарт оруулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                      Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ