Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00795

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00455 дугаар магадлалтай,

                                                                                                                       

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Хог тээвэрлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 388,300,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "А" ХХК нь 2013 оноос хойш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай Хог тээвэрлэх гэрээг байгуулан тус дүүргийн 3, 4, 5, 19 дүгээр хорооны айл өрх, аж ахуй нэгжийн хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, ил задгай хог хаягдлыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Хог тээвэрлэх гэрээнд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг айл өрхийн хог хаягдлын хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдүүлэхээр тусгагдсан бөгөөд санхүүжилт олгох журам, тооцооллын аргачлалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1245 дугаар тогтоолоор баталсан. "А" ХХК-ийн зүгээс гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэлээ сар бүр дүгнүүлэн, тооцоо нийлж хамтран ажилласан ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2013 оны санхүүжилтийг бүрэн өгсөн ба 2014 онд 274,504,403 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 127,811,295 төгрөг, 2015 онд 170,633,199 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 44,260,062 төгрөг, 2016 онд 193,695,726 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 99,030,195 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 4 сар хүртэл 40,335,155 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 19,766,600 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож нийт 388,300,331 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгохгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу олгох ёстой нэмэлт санхүүжилтийг бүрэн өгөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас удаа дараа шаардаж байсан боловч санхүүжилт шийдэгдэнэ, хүлээж бай гэх мэт тодорхой бус хариу өгч бидний ажилд хүндрэл учруулсаар байна. Цаашид "А" ХХК-ийн зүгээс хог тээвэрлэх үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Хог тээвэрлэх гэрээ"-ний үүрэгт 2014, 2015, 2016, 2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 388,300,331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн 3-5, 19 дүгээр хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хот хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014-2017 оны Хог тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 3-5, 19 дүгээр хорооны бүсийн айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж байсан. Гэрээний хугацаанд сар болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэмэлт санхүүжилт нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7, 8.11-д тус тус заасны дагуу 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Гэрээний гүйцэтгэлийн хэмжээгээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын дагуу 1 тонн тутамд 2300-2700 төгрөг байхаар журамласныг баримтлан нэмэлт санхүүжилтийг олгосон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар төсвийн захирагч аливаа төсөв хөрөнгийг зарцуулах эрхийг бусдад шилжүүлж болох хэдий ч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй буюу төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар хариуцлагатай хандахыг хуульчилсан байдаг. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн сар бүрийн ажлын гүйцэтгэлийг дүүргийн холбогдох албан тушаалтан хянаж, гэрээний гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг төлөөлж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн нь баталгаажуулж нэмэлт санхүүжилтийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд захирагчийн ажлын алба энэхүү гэрээнд нэг тал болж оролцсон мөн төсвийн захирагч болж байна. Нэхэмжлэгчийн 2014-2017 оны 6 дугаар сарын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлийн маягтаар баталгаажилт хийгдэж сар болгон холбогдох санхүүжилтийг олгож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 388,300,311 төгрөг буюу нэмэлт санхүүжилтийн асуудалд манай байгууллага жинхэнэ хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэлт санхүүжилтийн талаар хичнээн рейс хийсэн, ямар төлбөрийг хэрхэн тооцсон талаарх үндэслэл, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын гүйцэтгэлийг үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан нэгтгэлд 4 дүгээр хороо 75 рейс, төвлөрсөн хогийн цэгийн тасалбараар 57 рейс, 18 рейсийн тасалбар байхгүй, мөн оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн 19 дүгээр хорооны нэхэмжлэгчийн нэгтгэлээр 152 гэх боловч, тасалбар 136 буюу 16 тээвэрлэлтийн гүйцэтгэлийн тасалбар байхгүй зэргээс үзвэл нэхэмжлэгч гүйцэтгэлийг дутуу эсхүл нотлох баримтыг өгөөгүй байна. Эдгээр баримтуудад дээр дурдсан хог ачуулсан аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг байхгүй. Мөн тухайн асуудлыг хариуцсан хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, хорооны нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан ажилтаны баталгаажуулсан гарын үсэг зэрэг нь огт байхгүй зэргээс үзвэл эрхийн зөрчилтэй гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлийн төсөв буюу нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлага гарсан тохиолдолд манай талд нэн даруй мэдэгдэж байх учиртай. Гэтэл тухайн сарын гүйцэтгэлд нэн даруй мэдэгдсэн эсхүл энэ тухай албан бичгээр мэдэгдсэн үйл баримт нь нотлогдохгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 338,300,331 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,099,460 төгрөгийн 2,099,452 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2,099,452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00455 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02839 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00455 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас 388,300,331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолоор зохицуулдаг. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлсөн. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн дээрх тайлбарыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирын гаргасан хэрэгт ач холбогдол бүхий гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч гэрчээс мэдүүлэг, тайлбар аваагүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02839 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00455 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Хог тээвэрлэх гэрээ”-ний үүрэгт 388,300,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “А” ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө бөгөөд нөгөө талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолд “нэмэлт санхүүжилтийг өгч болно” гэж заасан, нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын тамгын газрын төсөвт байдаггүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 61 дүгээр, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 166 дугаар хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 95 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 30 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 76 дугаар хог тээвэрлэх түр гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ын 8.8.2-д Улаанбаатар хотын захирагчийн алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ, 8.8.3-т Дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгоно гэж тус тус заасан ба талуудын байгуулсан гэрээнүүдэд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хавсралтад заасан хуваарийн дагуу захиалагчаас нэхэмжлэх эрхтэй, ... шаардлагын дагуу дүгнэж санхүүжилтийг цаг хугацаанд нь шилжүүлнэ, хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь ... хог тээврийн гэрээний хураамжаар төвлөрсөн орлого, ... нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ, нэмэлт санхүүжилтийг ... нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож, захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно” гэж  тохиролцсон тухай баримтууд хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг он, сар бүрээр гаргаж, гэрээнд заасны дагуу захиалагч талын эрх бүхий албан тушаалтанд хянуулж, тооцоо нийлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч байгууллага маргаагүй  байна.

Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас баталгаажуулсан баримтууд дахь дүн болон “А” ХХК-д холбогдох дүн, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, олгогдсон болон үлдэгдэл ажлын хөлсний тооцооллын талаарх хэрэгт авагдсан баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгч “А” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын үр дүнг хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хагаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “...нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохироогүй, нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын төсөвт байдаггүй” гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12/45 дугаар хог тээврийн тариф батлах тухай тогтоолын хавсралтад заасан нөхцлийг үндэслэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00455 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН