Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 309

 

П.Адъяа Д.Баярсайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 555 дугаар магадлалтай 201526011790 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Адъяа, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2007 онд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.5-т зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Олхонууд овогт Пүрэвдоржийн Адъяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Боржигон овогт Дашцэрэнгийн Баярсайхан нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 /долоо/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Адъяагийн цагдан хоригдсон 147 /зуун дөчин долоо/ хоног, шүүгдэгч Д.Баярсайханы цагдан хоригдсон 205 /хоёр зуун тав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Адъяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Гэтэл М.Тамираа цонхоор зааж “тэр нэг согтуу залуу явж байна, чи дагаад явж бай” гэхээр нь би машинаас бууж тэр залууг дагасан. Тэр залуу “Хаан” банкны АТМ рүү орж мөнгө авсан. Би АТМ-ын хажууд тамхи татаад зогсож байхад тэр залуу гарч ирээд баруун зүг рүү явсан, тэгтэл М.Тамираа машинаас бууж ирээд “Наад залуугаа бариад ав” гэж хэлсэн. Намайг барьж авахад М.Тамираа түүнийг цохиж утас, түрийвч зэргийг нь авсан. Тэгээд бид 2 машинд сууж шууд хөдөлсөн. М.Тамираа хэлэхдээ “машины зураг аваад байхаар нь уур хүрээд” гэж хэлж байсан. Үүнийг сонсоод Д.Баярсайхан уурлаж “Би ажил төрөлтэй хүн та нар яах гэж намайг очиж авсан юм, би ийм юманд оролцмооргүй байна” гэсэн. М.Тамираа “Би цагдаад ажиллаж байсан, санаа зовох зүйлгүй би арыг нь даана” гэж байсан юм. Ингээд цагдаад баригдсан чинь М.Тамираа “Та 2 хэргээ хүлээчих, би мөнгө өгье, надад танил прокурор зөндөө байгаа хэргийг чинь янзлуулчихна” гээд гуйгаад байсан болохоор нь би зөвшөөрсөн. Д.Баярсайхан хөдөө ажилдаа явчихсан байсан юм. Д.Баярсайханыг хөдөө байх хооронд М.Тамираа танил талаараа ярьж хөөцөлдөж байгаад бид хоёрыг энэ хэрэгт унасан байсныг бид хожим нь мэдсэн. Дараа нь би М.Тамираагаас асуухад “Чи миний авгайг надаас салгаж суугаа биздээ” гэж байсан. Хаа хамаагүй ажлаа хийж явсан найзыг минь хэрэгт хийж гэмгүй хүнийг гэмтэн болгосонд гомдолтой байна. Хилс хэргээр хоригдож буй гэм буруугүйг нотолж, надтай хамт гэмт хэрэг үйлдсэн М.Тамирааг энэ хэрэгт анх яллагдагчаар татаж байсныг ахин сэргээж үнэн зөвөөр шийдүүлмээр байна” гэжээ.

Шүүгдэгч П.Адъяагийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “... Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хүнлэг байх гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Адъяагийн биеийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

П.Адъяа, Д.Баярсайхан нар нь ялтай байх хугацаандаа, бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 0300 цагийн орчимд иргэн Н.Батзаяагийн эд хөрөнгийг нь авах зорилгоор П.Адъяа нь хохирогчийн хоолойг гараараа боох, Д.Баярсайхан нь хохирогчийн шанаан тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг галакси Эс-1” маркийн гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны виза карт, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, бусдад 224.535 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч нарын мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг бөгөөд уг гэмт хэргийг хүнд гэмт хэргийн ангилалд багтаан хуульчилжээ.

Шүүхээс гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан П.Адъяа, Д.Баярсайхан нарт тус бүр 7 жилийн хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Адъяагийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 555 дугаар магадлалтай тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.Адъяа түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН