Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00811

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02700 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 222 дугаар магадлалтай,

                                                                                                                       

Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

С.Н, “Т” ХХК-д холбогдох

37,258,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2013 оны 06 сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, хариуцагч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч С.Нтай анх хамтран ажиллахаар болж, вакум цонх, хаалгыг барилгад суулгаж өгсөн. Хариуцагч С.Н нь ажлын хөлсний үлдэгдэл 24,298,000 төгрөгийг төлөөгүй. Би тухайн үед вакум цонх, хаалганы материалыг зээлж, энэ зээлээ төлөхийн тулд 1 сарын хугацаатай 24,000,000 төгрөгийн зээл авч, сар бүр 1,440,000 төгрөгийн хүүг төлдөг байсан. Иймд би бусдад хүү төлж хохирсон учир өөрт учирсан хохиролд 12,960,000 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж гаргуулахаар шүүхэд хандаж байна. Учир нь талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-д вакум цонх болон хаалга нийлүүлэх ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож ажлынхаа үр дүнгээс хамаарч хөлс авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 2011 оны 10 сард “Грийн ресурс констракшн” ХХК-д, мөн оны 11 сард “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-д хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Эдгээр компаниуд хаалга, цонхыг хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Түмэннаст хорооллын барилгын цонх, хаалганы үнэд 120,000,000 төгрөг төлөх байснаас 110,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдлийг төлөөгүй. Хан-Уул дүүргийн шүүхэд “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-д холбогдох хэрэгт С.Н “... би мөнгийг авах гэсэн зүйлгүй, харин Б.Г-эд өгөх гэж байна” гэж мэдүүлсэн нь түүнийг ажлын хөлс төлөх өртэй болохыг нотолж байна. Мөн С.Н нь баримтад гарын үсэг зурсан. Иймд хариуцагчаас нийт 37,258,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ломбардны бичгийг гаргаж өгсөн. “Т” ХХК нь “Грийн ресурс констракшн” ХХК-тай болон “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэхдээ энэ 2 гэрээ бүрэн хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, 2 компанийн хийсэн хаалга, цонх чанаргүй байсан тул гэрээ цуцлагдсан гэдэг. Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Н, “Чанар үзэмж” ХХК-ийн төлөөлөгч н.Болороо нар “Т” ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш анх удаа “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай 200,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Чанар үзэмж” ХХК-ийн чанаргүй хийсэн цонхноос болж гэрээ цуцлагдсан. Иймд Б.Г- нь С.Нтай гэрээ байгуулаагүй. Харин н.Болороо нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг бичсэн, тухайн үед н.Болороо, С.Н нар ярилцаад, н.Болороо нь “... орон сууцны зээл авах гэсэн юм, бусдаас авах авлагатай гэвэл зээл авах боломжтой юм байна” гээд уг хэлцэл гэх баримтад гарын үсэг зуруулсан. Ингээд хэлцэл хийгдсэн баталгаа болгож, Төрийн банкнаас Б.Г- нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдан авах зээлийг авсан гэх баримт ирсэн. Үүнээс харвал 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл гэх баримтыг үндэслээд Төрийн банкнаас зээл авсан байна. Иймд нэхэмжлэгч нь н.Болороо байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Нын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Тухайн үед цонхтой холбоотой гомдол 2 компаниас байнга ирдэг байсан. Харин тэр үед Б.Г- очиж засдаг байсан. Сүүлдээ Б.Г- хаяж явахад нь би ажилчдаа явуулдаг болсон. Би хийн газанд түлэгдээд хүүхдээ дутуу төрүүлж, 1 жил гаруй хугацаанд өвчтэй эмнэлгээр явсан. Харин дээрх хэлцэл гэх баримтад яагаад гарын үсэг зурсан гэхээр н.Болороо бид 2 хоол идэж сууж байхад н.Болороо нь “... та надад туслаач, банкнаас зээл авах гэсэн юм” гэхэд нь би санаанд ч ороогүй, хоол идэж байхдаа зурчихсан. Гэтэл энэ баримт нь шүүхэд ирсэн байна. Би үүнийг гайхаж байна. Мөн тухайн үед “Т” ХХК гэсэн тамга, тэмдэгтэй баримтыг бичүүлж авсан. Тэр баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Дараа нь татварын албанаас таны дансаар ийм их хэмжээний мөнгө гарсан байна, энэ өрөө төл гэж нэхэмжилж эхэлсэн. Харин би Б.Г-эд тухай бүрт нь мөнгөө өгч байсан. Гэхдээ Б.Г- нь миний өмнө хоёр автомашин худалдаж авч байсан. Үүнээс болж өр төлбөрт орохоос аргагүй юм. Би мөнгөтэй болох бүртээ шууд н.Болороод өгдөг байсан. Миний зүгээс тооцоо нийлнэ гэхээр холбогдох баримтаа гаргаж өгдөггүй байсан атлаа одоо юунд үндэслэж мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед Б.Г-тэй олон удаа ярилцаж үзээгүй. Өнөөдрийн байдлаар би бүх дансаа хаалгачихсан. Үүнд би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Нын сөрөг нэхэмжлэлд: Б.Г- нь эхнэр Б.Болороотой хамтарч “... банкнаас зээл авах гэсэн юм” гээд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 24,298,000 төгрөгийн авлагатай гэсэн бичгийг надаар хийлгүүлж авсан. Би уг баримтыг банкнаас зээл авахад нь тусалж бичиж өгсөн байтал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ашиглаж байна. Энэ нь өөр хэлцлийг халхавчилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Г- 24,298,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх боловч үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Учир нь С.Н нь Б.Г-ийн “Грийн ресурс констракшн” ХХК, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хяналт тавьдаггүй байсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх компаниудын инженерүүдэд ажлаа хянуулж, хүлээлгэн өгсөн. Мөн нэхэмжлэгч вакум цонх, хаалганы тооцоогоо хадгалж байгаа болохоо илэрхийлж, гэрчээр мэдүүлэг өгч байсан ба шүүх Б.Г-ээс нотлох баримт гаргуулахаар шаардаж байсан. Би “Чанар үзэмж” ХХК-ийн захирал н.Болороотой харилцан тохиролцож, уг ажлыг өгсөн бөгөөд байгууллагын дансанд орж ирсэн мөнгийг н.Болороо авсан байсан. Би “Грийн ресурс констракшн” ХХК-тай 59,776,160 төгрөг, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай 293,106,400 төгрөгийн гэрээг тус тус 2011 оны 9, 10 сард байгуулсан бөгөөд гэрээний дагуу ажлыг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд н.Болороотой хамтран ажилласан. Үүний дагуу дээрх компаниудад Б.Г-, н.Болороо нар вакум цонх, хаалга нийлүүлсэн. Гэтэл дээрх хүмүүс цонх, хаалгыг чанаргүй гүйцэтгэсэн. Хэрэв Б.Болороо, Б.Г- нар энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн бол барилгын материал нийлүүлэх миний ажил амжилттай болж, ашиг орлоготой ажиллах боломжтой байсан тул 153,775,600 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас үүссэн хохирол барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас үүссэн гэм хорын хохиролд 10,000,000 төгрөгийг, мөн “Т” ХХК-ийн дансаар вакум цонх, хаалга хийж гүйцэтгэсний төлбөр гэж нийт 150,358,000 төгрөгийн орлого орсон. Уг гүйлгээний 10 хувийг ажил олгогч, хамтран ажиллагчийн хувьд шаардах эрхтэй гэж үзэж 15,358,000 төгрөгийг, мөн “Т” ХХК нь НӨАТ-ын өрөнд Б.Г-ийн өмнөөс 15,358,000 төгрөг төлөхөөр болсон тул нэхэмжлэгч Б.Г-ээс нийт 40,716,000 төгрөгийг гаргуулан, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байгааг тайлбарлах ёстой. Хэрэв Иргэний хуулийн 58 дугаар зүйлээр шаардсан бол шаардах эрхийн хугацаа аль хэдийн дууссан байна. Өөрөөр хэлбэл, ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол тэр нь зээлийн харилцаанд илүү ашиглах зорилгоор энэ баримтыг хийсэн байдаг. Төрийн банкнаас зээлийн баримт гаргуулахад тэр дотор энэ баримт байгаагүй. Иймд энэ үйл баримт нь тогтоогдохгүй байна. Хариуцагч хууран мэхлэгдсэн гэж үзэж байгаа бол хууран мэхлэгдсэнээ мэдсэнээс хойш 1 жилийн хугацаанд гомдол гаргах ёстой байсан. Уг хэлцэл гэх баримт нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Б.Г- уг баримтаар хэзээ цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг мэдэхгүй боловч прокурорын байгууллагаас хариу мэдэгдэх хуудас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. Энэ баримтыг хэзээ үйлдсэн эсэхээ санадаггүй юм гэхэд цагдаагийн байгууллагад уг баримтаар төлбөр гаргуулах асуудал яригдсанаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж байсан тохиолдол байхгүй. Иймд хууран мэхлэгдсэн гэж үзэж гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02700 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн хариуцагч С.Н, “Т” ХХК нарт холбогдуулан гаргасан 37,258,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Г-, С.Н нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,440 төгрөгийн 344,240 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Б.Г-эд, хариуцагч С.Наас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280,000 төгрөгийн 279,440 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 560 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Б.Г-ээс 279,440 төгрөгийг тус тус гаргуулан С.Нд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 222 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02700 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н, ”Т” ХХК-иас 24,298,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-эд олгож, хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,960,000 төгрөгийг, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “560 төгрөгийг улсын орлогоос” гэснийг “560 төгрөг улсын орлогоос гаргуулан хариуцагчид олгож” гэсний дараа “хариуцагч нараас 279,440 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.19-ний өдрийн 222 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172.2.1, 172.2.2-ыг зөрчсөн гэж доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэж чадаагүй. Учир нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал нь шүүхэд нотлох баримт гарган өгөхөөс эрс татгалзсан. Үүнийгээ давж заалдах шатны шүүх дээр ч илэрхийлсэн. Харин шүүхэд цугларсан 2 боть хэргийн нотлох баримтыг хариуцагч “Т“ ХХК, С.Н бүхэлд нь гарган өгсөн бөгөөд үүнд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. “Т“ ХХК нь “Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК болон “Грийн ресурс констракшн“ ХХК-иудыг шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Б.Г-, Б.Болороо нарт нэхэмжлэлээ нотлох үүднээс нотлох баримт гаргаж өгөх болон цуглуулахад оролцооч, гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өгөөч гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд энэ нь Б.Г-, Б.Болороо нар ИХШХШТХ-ийн 25.2.2-г зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх буруугаар тайлбарлаж хүнийг хохироож 24,298,000 төгрөг авч болно гэж үзсэн байгаа нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг зөрчсөн, магадлал хууль ёсны болоогүйг харуулна.

2. Хуулиар олгогдсон эрх хязгаарласан. Хариуцагч татгалзалаа нотлох, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хуульчилжээ. Гэтэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015.06.05-ны өдрийн 19223 тоот захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ИХШХШТХ-ийн 4.1-ийг зөрчиж тэгш байдал алдагдсан. /1-р ХХ-ийн 77-р хуудас/ Учир нь “Т“ ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр орсон Б.Болороо нь “Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК болон “Грийн ресурс констракшн“ ХХК-иуд нийлүүлж хийж гүйцэтгэсэн гэх вакум цонх, хаалганы ажлыг чанартай гүйцэтгээгүйгээс болж С.Н, “Т“ ХХК-ийн “Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК-д нийлүүлэх учиртай байсан хар, цагаан замаск, паркетен шал, блинтусын нийлүүлэх 134,371,600 төгрөгийн ажлаа “Т“ ХХК, С.Н гүйцэтгэж чадалгүй хохирсон. Энэ хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх эрхтэй байсан боловч шүүх эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Мөн “Т“ ХХК, С.Н нь анх удаагийн том бизнесийн гэрээ хэлцлээ алдаж хохирсон, мөн татварын 18,000,000 төгрөгийн өрөнд орсон байгаа нь хэн нь хожиж, хэн хохирсон болохыг шүүх ялгаж, салгана гэдэгт итгэж байна. Шүүгч ИХШХШТХ-ийн 124-д заагдсанаар эрх хязгаарласан захирамжаа хүчингүй болгох эрхтэй бөгөөд Ж.Амгалан миний бие 2017.03.10-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж байсан нь эрхээ эдлэх боломжийг шүүхээс удаа дараа хүсч байсны нотолгоо юм. Бусдыг хууран мэхэлж, өөрийн гараар бичсэн зүйл дээрээ С.Наар гарын үсэг зуруулсан болохоо 2017.10.31-ний өдөр шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Болороо нь нотлон гэрчилсэн. Гэрч Б.Болороо нь шүүгчийн асуусан "Хэрэгт авагдсан С.Наас авлагатай гэсэн бичгийг хэн бичсэн бэ” гэсэн асуултанд "Гансүх бичээд бид 2 С.Н эгчээр гарын үсэг зуруулсан” гэжээ. Хэрэв талууд тооцоо нийлсэн бол энэхүү бичгийн үндэслэл болсон тооцоог нэхэмжлэгч Б.Г- ИХШХШТХ-ийн 25.2.2-г баримтлан нотлох үүрэгтэй, шүүхэд гаргаж өгөх учиртай байсан гэдэг нь харагдаж байх бөгөөд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг зөрчсөн байгаа нь давж заалдах шатны магадлал хууль ёсны болоогүйг харуулна. Мөн Б.Г-, Б.Болороо нар нь “Банкнаас зээл авах гэсэн юм” гэж хэлээд С.Ныг хоол идээд сууж байхад нь өөрсдийн гараар бичсэн баримтанд гарын үсэг зуруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл, С.Н нь Б.Г-, Б.Болороо нарыг “Төрийн банкнаас ипотекийн зээл авах гэсэн юм, бусдаас авлагатай бол зээл авах боломжтой болох гээд байна” гэсэн итгэл үнэмшил төрүүлж гарын үсэг зуруулсан үйлдлийг Иргэний хуулийн 58.1, 58.2.2-ыг баримтлан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нь мэтгэлцээний үндсэн дээр нотлох бодит байдлыг үнэлж, дотоод итгэлээр дүгнэлт хийсэн Сүхбаатар дүүргийн ИХАШШүүх хуулийг зөв хэрэглсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Г-, Б.Болороо нар нь зээлээр авсан гэх вакум цонх, хаалганы худалдан авсан баримтуудаа багцлан С.Нтай тооцоо нийлсэн байхыг шүүх шаардсан гэж ойлгож болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн “ноцтой төөрөгдсөн гэдгээ нотлоогүй“ гэсэн дүгнэлт үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн гэж ч үзэж болох хэлцэл юм. Бусдыг хуурч мэхлэн, төөрөгдүүлж, тодорхойлолт бичүүлж аваад цагдаа, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болгох нь шударга ёсонд үл нийцнэ. Мөн Б.Г-, Б.Болороо нар нь энэ үндэслэлээр Төрийн банкнаас 75 сая төгрөгний зээл авсан болох нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн 344.2-ыг буруугаар тайлбарласан. Талууд вакум цонх, хаалганы үнийг хэрхэн тохирсон талаар холбогдох нотлох баримт байхгүй байхад энэхүү хуулийн заалтыг хэрэглэж байгаа нь "Т” ХХК, С.Н нарыг хохирсон дээр нь хохир гэж үзэж байгаа нь магадлал нэг талыг хохироож нөгөө талыг бусдыг хууран мэхлэх замаар хөрөнгөтэй болохыг дэмжсэн шударга бус үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын иргэн С.Н нь өөрийн хувийн барилгадаа вакум цонх, хаалга захиалан хийлгээгүй бөгөөд “Т“ ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэлд орсон байхад иргэн С.Наас нэхэмжлэх эрхтэй эсэхэд дугнэлт хийгээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчээс шүүгч асуухдаа “37 сая төгрөгийг яг хэнээс нэхэмжлээд байгаа юм бэ” гэхэд "Т" ХХК-иас гаргуулмаар байна“ гээд хүсэл зоригоо илэрхийлж байхад давж заалдах шатны “Т“ ХХК болон С.Н нараас гаргуулсугай гэж байгаа нь хөндлөнгийн шинж чанараа алдаж Отгонтэнгэр дээд сургуулийн багшид илтэд тал зассан ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Үүнд МУ-ын Дээд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

“Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК болон “Грийн ресурс констракшн“ ХХК-иудад холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Хэрэв нэхэмжлэгч “Т“ ХХК нь нэхэмжлэл гаргаад явж байхад туслан гүйцэтгэгчээр оролцсон гэх Б.Г-, Б.Болороо нар нь өөрсдийн идэвх чармайлт гаргаж нотлох баримтуудаа гарган өгч, хаана хэдэн м.кв вакум цонх, хаалганы ажил гүйцэтгэснээ нотлож туслах үүрэгтэй байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэлтсийн дарга Е.Сагсайгийн 2016.12.16-ны 5/2501 тоот хариу мэдэгдэх хуудсанд 24,298,000 төгрөгийн асуудлаар С.Нд хариу өгөхдөө "... Энэ нь иргэн Б.Г- та хоёрын хооронд хийгдсэн хэлцэл түүнээс үүссэн үр дагаварт дүгнэлт өгсөн шийдвэр болохоос төлөх төлбөрийг нарийвчлан тогтоосон шийдвэр биш юм. Учир нь Шүүх прокуророос өгсөн хариу мэдэгдэх хуудасны хүрээнд бус ИХШХШТХ-ийн дагуу хэрэг маргааныг шийдвэрлэх болно. ИХШХШТХ-ийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй“ гэж заасны дагуу та болон иргэн Б.Г-, өмгөөлөгч Г.Нацагдорж нар баримтаа өөрсдөө гарган өгч иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм“ гэж зааж өгсөн байхад давж заалдах шатны шүүх яаж нотлож байгаа нь тодорхойгүй байх төдийгүй нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйг харуулж байна. “Т“ ХХК нэхэмжлэлтэй “Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК -д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд С.Н “Т“ ХХК буруутай юу гэдэгт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй цонх, хаалга хийснээс болж үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэж байхад Б.Г-, С.Н, “Т“ ХХК-иуд хамтран нэхэмжлэл гаргах нь зөв байсан бөгөөд Б.Г- нь нотлох баримтуудаа гарган өгч нэгдмэл нэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хэн хэн нь хохирохгүй байсан гэдэгт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Б.Г- нь чанаргүй цонх хийсэн, ажлаа хаяж явсан болохыг гуравдагч этгээдүүд болох "Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК болон “Грийн ресурс констракшн“ ХХК-иудад нотлоод, хариу тайлбараа өгөөд байхад гэм бурууг иргэн С.Н үүрэх нь шударга бус үйлдэл юм. Бид шинжээч томилуулах гэж олон удаа оролдсон ба шүүх Б.Г-ийн санаанаасаа гаргаж ирсэн 24,298,000 төгрөгний тооцоог туйлын үнэн тооцоо гэж үзсэн учир олон удаа зөвхөн энэ шалтгаанаар татгалзаж байсан. Шүүгч ажлын төлбөрийн тооцоог дотоод итгэлээрээ яаж бодож гаргасныг мэдэхгүй байна. Монгол Улсын хуулиудад тооны илэрхий алдааг засаж залруулах боломжийг олгосон байдаг. Тэр ч байтугай шүүхийн шийдвэр дэх алдааг ч засах боломж хуулиараа олгогдсон. С.Н хоол идээд сууж байхад нь ямар ч тооцоогүйгээр бичигдсэн 24 сая төгрөг гэсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч талууд бүгд зөвшөөрдөг. С.Н нь шалгаж, нягталж үзэлгүйгээр санамсаргүй байдлаар, хайхрамжгүйгээр, гэнэн итгэмтгий зангаар баримт дээр гарын үсэг зурсан. Энэ 24,298,000 төгрөг гэсэн тооцоо нь ямар ч судалгаа, тооцоололгүйгээр хийгдсэн гэдгийг прокурор нь тогтоож өгөөд энэ тоог баримтаар нотлох шаардлагатайг заасан байдаг. С.Н нь энэ илэрхий алдаатай тоог шалгуулах, шинжээч томилуулах, сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргуулах зэргээр Үндсэн хуулийн 16.14 дэх заалтад заагдсан эрхээ эдлэх гэж олон удаа оролдоход “Нотлох баримт гаргаж өгөхгүй“ гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гарган өгсөн тооцоо алдаатай байх ёсгүй, туйлын үнэн баримт гэж үзсэн нь магадлал үндэслэл бүхий болж чадаагүйг нотлоно. Цагдаа, Прокурорын “шүүхэд нотлох баримтаа гарган өөрсдөө нотолцгоо“ гэсэн утга агуулгатай хариу нь Гансүх вакум цонх, хаалга хийсэн баримтаа шүүхэд гарган өгч нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг нотлосон баримт юм. С.Н нь вакум цонх, хаалганы ажилд огт оролцоогүй, хүүхдээ дутуу төрүүлсэн, гаазанд түлэгдсэн зэрэг хүндэтгэн үзэх олон шалтгаан байсныг анхаарна гэдэгт итгэж байна. 24,298,000 төгрөгний тооцоо байгаа эсэхийг С.Н огт мэдэхгүй. Учир нь тухайн үед эмнэлэгт байсан “Бэрэн констракшн энд автомэшн“ ХХК болон “Грийн ресурс констракшн“ ХХК-иуд Б.Г-тэй хамтран тооцоо гаргасан байх ёстой. Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 222 тоот магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02700 тоот шийдвэр нь талуудын маргааныг дотоод итгэлээрээ, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 222 тоот магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02700 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн шүүхийн 2018 оны 222 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: “Т” ХХК нь “Чанар үзэмж констракшн” ХХК-ийн захирал Б.Болороотой анхлан уулзаж зуучлалын хөлс авахаар амаар тохиролцон “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-уудад хийгдэх вакум цонхны ажлыг өгсөн. Ингээд “Чанар үзэмж констракшн” ХХК-ийн захирал Б.Болороо ажилтан Б.Г- нар нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-уудад цонхыг нь хийж өгч, хүлээлгэж өгсөн гэдэг ба хэзээ яаж, хэдэн цонх хүлээлгэж өгснийг С.Н мэдэхгүй ба харин хийж гүйцэттэсэн ажлаас нь ашиг авах ёстой. С.Ныг хоолоо идэж суухад нь иргэн Б.Г- гэгч эхнэрийнхээ хамт ирээд “зээл авах гэсэн юм” гэж гуйж байгаад нэг баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. Гэтэл тэр баримт нь 24,280,000 төгрөгний тооцоо, төлбөр байгаа гэсэн баримт байдаг. Ингээд шүүх 24,280,000 төгрөгний тооцоо нь үнэн зөв, үндэслэлтэй эсэх талаар 2 жилийн турш шалгаж хянаад үндэслэлтэй, маргаангүй зөв гэж шийджээ. Шүүх 2 жилийн турш 24,280,000 төгрөг үндэслэлтэй эсэхийг яаж хэрхэн шалгаж, ямар ямар нотлох баримтаар хэдэн цонх хийж борлуулсан талаарх тооцоо баримт нь хавтаст хэрэгт байна уу гээд үзэхээр ямар ч баримт, шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг. Бүхэлд нь хянасан хэрэгт “гуанзанд амандаа хоол үмхсэн, өлсөж ядарсан С.Нын гарын үсэг зурсан баримт”-аас өөр ямар ч нотлох баримт байхгүй байна. Харин н.Сагсай прокурорын Б.Г- нотлох баримтаа гаргаж 24,280,000 төгрөгний тооцоогоо өөрөө нотол гэсэн утгатай хариу байх юм. Хэрэгт прокурорын бичсэнчлэн 24,280,000 төгрөгийг нотолсон санхүүгийн болон бусад ямар ч баримт, цаасны тасархай ч байхгүй байна. Харин шинжээч томилуулах хүсэлт, нотлох баримт гаргуулах хүсэлтүүд л байх юм. Шүүх яагаад шинжээ ч томилж болохгүй, хүсэлтийг яагаад хэрэгт хамаарахгүй гэснийг нь ч ойлгохгүй байна. Иймд тооцоололгүй, ямар ч санхүүгийн нотлох баримтгүй, хоол идэж байхдаа гарын үсэг зүрсан дан ганц баримтыг хүчин төгөлдөр гэж үзэхэд хэцүү, хүчин төгөлдөр гэхэд прокурорын эргэлзсэн баримтаар шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч С.Н болон “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,258,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Т” ХХК-ийг төлөөлж захирал С.Н, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Грийн ресурс констракшн” ХХК-тай вакум цонх, хаалга нийлүүлж, барилгад суулгах, мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай цагаан, хар замаска, паркетан шал, блинтус, вакум цонх, хаалга зэргийг хийж, нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр хийх ажлаа нэхэмжлэгч Б.Г-ээр туслан гүйцэтгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ. /хх-I-55-61, хх-II-189-191,198/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуульд нийцсэн ба ажил гүйцэтгэх гэрээнд оролцох туслан гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зохицуулсан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хэр хэмжээтэй, хичнээн ширхэг, ямар үнэтэй вакум цонх, хаалгыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн, хичнээн төгрөгийн үнэ хөлс төлөх талаар тохиролцсон нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт нийцээгүй гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.

Хэрэгт авагдсан Баянзүрх болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр зэрэг баримтаас үзэхэд хариуцагч “Т” ХХК нь “Грийн ресурс констракшн” ХХК болон “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-иудад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч Б.Г-ийг ажлаа чанартай гүйцэтгэсэн, барилгыг улсын комисс актаар хүлээн авсан талаар тайлбар гаргаж байжээ. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын үр дүнгээ хүлээн авсан гэж дүгнэхдээ давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлсэн байна. /хх-II-7-8, 28, 31, 36 дахь тал/

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч Б.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хариуцагч Б.Наранзулын ажлын хөлсний үлдэгдэлд 24,298,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан бичгийн нотлох баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгчээ. / хх-II-139/

2013 оны 06 сарын 13-ны өдөр гараар бичсэн баримтыг хаана, хэнд гаргаж байгаа талаар заагаагүй байх бөгөөд уг баримтад “С.Н нь Б.Г-эд “Бэрэн констракшн ХХК-ийн Түмэн наст хороололд хийсэн хаалга, цонхны үнэ бүгд 127,495,000 төгрөг өгөх ёстойгоос 110,968,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 16,527,000 дутуу байгаа, мөн “Грийн ресурс констракшн” ХХК барилгад хийсэн цонх хаалганы нийт өгөх ёстой 48,686,000 төгрөгнөөс 40,915,000 төгрөгийг авсан, үлдэгдэл болох 7,771,000 дутуу байгаа. Иймд С.Н нь надад нийт 24,298,000 төгрөг өгөх ёстой болно. С.Н би Б.Г-эд нийт 24,298,000 төгрөг өгөх ёстой нь үнэн болно” гээд талуудын нэр, гарын үсэг зурагдсан байна.

Хариуцагч тал уг баримтыг ноцтой төөрөгдсөний улмаас үйлдсэн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...нэхэмжлэгч банкнаас зээл авахын тулд ийм баримт үйлдсэн, энэ баримтыг үндэслэж 75,000,000 төгрөгийн зээл авсан” гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн зээл авсан “Төрийн банк”-наас шүүхэд  ирүүлсэн баримтад маргааны үндэслэл болж буй “2013 оны 06 сарын 13-ны өдрийн хэлцэл” байхгүй, энэ хэлцлийг үндэслэж зээл олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-II-112-131/          

Түүнчлэн гэрч Б.Болороо шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “... тухайн бичгийг Б.Г-ийн хамт бичээд С.Наар цайны газарт гарын үсэг зуруулсан” гэсэн байх ба харин орон сууцны зээл авахын тулд банкинд үзүүлэх зорилгоор ийм баримт үйлдсэн гэх үйл баримтыг гэрчлээгүй байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т ноцтой төөрөгдсөн гэж үзэх, 58.3 дахь хэсэгт ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд хариуцагч С.Нын ажлын хөлсний үлдэгдэл дүнг тооцож, төлөх баримтад гарын үсэг зурсан үйлдэл нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй байхаас гадна хариуцагч тал ноцтой төөрөгдсөн гэдгээ нотлоогүй гэж үзнэ.

Иймээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч С.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч С.Н, “Т” ХХК-иас 24,298,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-эд олгож, харин хохирол учирсан гэх 12,960,000 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг, мөн хариуцагч С.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу “шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй” гэсэн үндэслэл заасныг хянахад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүгчийн 20778 дугаар захирамжид гаргасан гомдлыг шүүх 2015 оны 08 сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гомдлын зарим хэсгийг хангаж, 779 дүгээр тогтоол гаргасан боловч хурлын тэмдэглэл хийгдээгүй байна./хх-I-109/ Түүнчлэн  Ерөнхий шүүгчийн “Хэрэг шилжүүлэх тухай” 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 3248 дугаар захирамж //хх-I-160/ бичгийн баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь хэрэгт авагдсан байна. Эдгээр асуудлаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаагүй байхын зэрэгцээ дээрх зөрчил шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул энэ үндэслэлээр гомдлыг хангах боломжгүй юм.

Гомдолд “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.05-ны өдрийн 19223 тоот захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” гэсэн байх бөгөөд энэ тогтоол нь сөрөг нэхэмжлэлд дурдсан хохирлын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 222 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч С.Наас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид  2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 279,500 /хоёр зуун далан есөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН