Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 101/2016/04503/И |
Дугаар | 194 |
Огноо | 2017-01-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 194
Б.Насанбуянгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00995 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Насанбуянгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мандал Женерал даатгал ХХК-д холбогдох
Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны, 102 дугаар байрны 17 тоот 116 м.кв орон сууцыг Б.Насанбуянгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Дэлгэрбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхбаатар
Хариуцагчийн өмгөөлөгч: С.Сансартуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Б.Насанбуян нь 2013 оны 05 сарын 29-ны өдөр Мандал женерал даатгал ХХК-иас өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 м2 байраа барьцаалан, 110.000.000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэхэд зээл олгож болно. Гэхдээ бид өөрийн байгууллагын нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсаны дараа хүссэн зээлийг олгох боломжтой гэж хэлсэн. Мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул зөвшөөрч 2013 оны 5 сарын 31-ний өдөр талуудын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд үнийг зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ болох 110.000.000 төгрөг гэж бичиж гарын үсэг зурцгаасныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Н.Дэлгэрсайхан баталснаар, 300.000.000 төгрөгийн үнэтэй орон сууц дээрхи компаний мэдэлд шилжсэн. Гэрээ байгуулагдсаны дагуу зээлийн мөнгө Б.Насанбуянгийн Голомт банкны 1605029094 тоот дансруу 2013 оны 5 сарын 31-ний өдөр шилжин орж ирсэн. Зээлдүүлэгч нь 2015 оны 8 сарын 28-ны 15/878 тоот мэдэгдлийг гэрийн хаягаар ирүүлсэний дагуу холбогдох албан тушаалтантай нь ярихад зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн дээрээ нэмж 110.000.000 төгрөг төлсөн үед байрыг чинь буцаан шилжүүлэн өгнө гэж хэлсэн. Энэхүү иргэнийг ноцтой төөрөгдүүлэн, хууль зөрчиж зээлийн гэрээгээр халхавчлан хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Мандал женерал даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 онд иргэн Б.Насанбуянтай харилцан тохиролцож сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр сууцны үнэ 110.000.000 төгрөгийг худалдагч талын дансанд шилжүүлсэн. Бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрөөс нь нэхэмжилж нэр дээрээ шилжүүлэх эрх иргэн Б.Насанбуянд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Мандал женерал даатгал ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч одоог хүртэл уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 байрны 17 тоот, Ү-2206014229 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 116 м2 орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Б.Насанбуян нь өөрийн өмчлөлийн байраа барьцаалан, 110.000.000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Байрны үнэ нь тухайн үеийн зах зээлийн хамгийн бага ханшаар бодоход 390.000.000 төгрөг байсан. Талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх байсан юм. Зээлээс хэсэгчилэн төлж байсан бөгөөд төлбөр хийсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56,5-д зааснаар Б.Насанбуянгийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Мандал женерал даатгал ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116м.кв орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102-р байрны 17 тоот, Ү-2206014229 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 116 м2 орон сууцыг Б.Насанбуянгийн хууль бус эзэмшилээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Насанбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мандал женерал даатгал ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 нэхэмжлэгч Б.Насанбуянгаас гаргуулж Мандал женерал даатгал ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь манай үйл ажиллагааны чиглэлд зээл олгож болохгүй учир худалдах худалдан авах гэрээ хийж байраа шилжүүлсэн нөхцөлд зээл өгнө гэсэн шаардлага тавьсан. Б.Насанбуян нь мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан байсан тул зөвшөөрч 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан юм. Шүүх талуудын хүсэл зориг болон хийгдсэн мөнгөн шилжүүлэг зэрэгт тал бүрээс нь бодитой дүгнэлт өгөлгүй шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцны м.кв-ын үнэ нь 2 500 000 төгрөг байхад тухайн үед м.кв нь 948.275 төгрөгөөр зарагдсан болж таарч байна. Энэ байдалд бодитойгоор дүгнэлт хийж чадсангүй.
Зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг нь хариуцагчийн зээлийн мөнгө төлөхийг шаардсан шаардлагаар нотлогдож байхад зээлийн гэрээ байгуулсан гэдгээ нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хэргийн бодит байдлыг тодруулаагүй бөгөөд зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан эсэх, зуучилсан хүн гэх Э.Номингоос мэдүүлэг авахуулах, маргаад байгаа орон сууцыг үнэлүүлэх зэрэг ажиллагааг хийх байсан.
Хариуцагч нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах үйлдэл хийж зээл өгөхдөө Иргэний хуулийн 236 дугаар зүйлээр хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч болох зохицуулалттай атал хариуцагч компани үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээрээ хууль зөрчсөн мөн халхавчилсан гэрээ байгуулан иргэнийг хохироосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Насанбуян нь хариуцагч Мандал Женерал даатгал ХХК-д холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул орон сууцыг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны, 102 дугаар байрны 17 тоот 116 м.кв орон сууцыг Б.Насанбуянгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 110 000 000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус юм гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, мөн өдрөө хариуцагч нэхэмжлэгчийн дансанд 110 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Насанбуян үнэхээр орон сууцаа худалдсан бол яагаад одоо хүртэл тус байрыг чөлөөлөөгүй сууж байгаа, яагаад хариуцагч Мандал женерал даатгал ХХК нь нэхэмжлэгч Б.Насанбуянд хандаж 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж ирж уулзах, 225 000 000 төгрөгөөр сууцыг буцаан худалдан авахыг санал болгосон, зээлийн хэсэгчлэн төлөлт яагаад хийгдсэн, худалдсан гэх үнэ, буцаан худалдан авахыг санал болгосон үнэ хоорондоо илт зөрүүтэй байгаа зэрэг үйл баримтад анхан шатны шүүхээс хариулт өгөөгүй, уг баримтуудыг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнээгүй байна. /хх-ийн 7-8, 70-71 дүгээр тал/
Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зээл төлсөн баримтыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан баримт гэж үзэх үндэслэлгүй, зээлийн гэрээ байгуулсаныг нотлох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Насанбуянгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД