Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00860

 

“Э” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02464 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2018/00229 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох

Байгууллагад учруулсан хохиролд 2,228,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Э” ХХК нь Япон Улсын Autocom Japan INC компанитай хамтран ажиллаж, Япон Улсын үндсэн болон жижиг боомтоос Монгол Улсын Улаанбаатар хот руу Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтоор дамжуулан хуучин машины тээвэрлэлт зохион байгуулж авчрах үүрэг хүлээдэг. Тухайн үед “Автоком карс” ХХК-ийн үйл ажиллагааг Д.Б- хариуцан ажилладаг байсан бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд “Автоком карс” ХХК-ийн зөвшөөрлөөр оруулж ирсэн машиныг бусдын нэр дээр шилжүүлэх эсэх чиглэл өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл 2016 оны 04 сарын 10-ны өдөр “Автоком карс” ХХК-ийн оруулж ирсэн илгээгч автомашиныг “Автоком карс” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөр хүний нэр дээр шилжүүлж олгосноос болж компанид хохирол учруулсан. Уг машиныг жинхэнэ авах ёстой хүн нь Б.Батхүү байсан боловч хариуцагч Д.Б- үүнийг М.Шижирбатын нэр дээр шилжүүлж алдаа гаргасан. Түүнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан тусдаа яригдсан. Манай компанийн зүгээс “Автоком карс” ХХК-д 100,000 иен буюу 2,228,000 төгрөгийг төлж шилжүүлсэн. Тухайн үед Д.Б- нь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулах учраас миний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн “Э” ХХК-ийн удирдлагуудад энэ асуудлыг өөрөө хариуцна, төлбөр мөнгөө тодорхой хэмжээгээр төлж барагдуулах хүсэл зорилгоо тайлбарласан байдаг. Манай компанийн зүгээс “Автоком карс” ХХК-д төлбөр төлөх ямар ч үндэслэлгүй байхад Д.Б-гийн буруутай үйл ажиллагаанаас болж “Э” ХХК нь 100,000 иенийг төлж барагдуулсан. Иймд компанид учруулсан хохирол болох 2,228,000 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б-гийн тайлбарт: 2016 оны 04 сарын 11-ний өдөр Япон улсаас BMOU5064057 дугаартай чингэлэгт ачигдаж ирсэн ZVW30-0230157 арлын дугаартай 2010 оны Тоёото приус 30 маркийн автомашиныг “Autocom Japan Cars” илгээгчийн суллах зааврыг зөрчиж дур мэдэн ачааг олгосон зүйл байхгүй, М.Шижирбат нь өөрийн ачаа гэдгийг удаа дараа мэдэгдэж шаардсаны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газарт М.Шижирбатын нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнарангийн гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийг үндэслэн уг машиныг хууль ёсоор худалдан авсан М.Шижирбатын нэр дээр олгосон болно. Гэтэл намайг дур мэдэн олгосон гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02464 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар Д.Б-гаас байгууллагад учирсан хохирол гэх 2,228,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-аас төлсөн 50,598 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2018/00229 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2017 оны 183/ШШ2017/02464 дугаартай шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00229 дүгээр магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс хариуцагч Д.Б-д холбогдуулан буруутай үйлдлээр компанид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсныг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч компанид ажиллаж байхдаа тухайн импортоор орж ирсэн автомашиныг хэнд олгохыг өөрт ирсэн мэдээллүүдийг боловсруулан шийдвэрлэдэг үндсэн ажилтай байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнарангийн зөвшөөрлийн дагуу автомашин олгогдсон тул хариуцагч Д.Б- ямар нэгэн буруугүй, хохирол учруулаагүй байна гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлдгийн хувьд холбогдох хариуцсан ажилтнуудын бэлтгэсэн эрх бүхий газарт явуулдаг албан тоот дээр гарын үсгээ зурж баталгаажуулдаг болно. Түүнээс гүйцэтгэх захирал нь өөрөө албан тоотыг боловсруулан бичиж, автомашины хүлээн авагч хэн гэдгийг тогтоох, тийм зааврыг өгөх гэх мэт үйл ажиллагаанд оролцох ажил үүргийн хуваар байхгүй. Шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, “Л.Мөнхнарангийн гарын үсэг бүхий хүсэлт байгаа учраас хариуцагч хохирол учруулсан гэж үзэх боломжгүй” гэж явцуу дүгнэжээ. Д.Б-гийн өөрөө хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, тэрхүү хохирлоо төлнө гэдгээ илэрхийлж байсан хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, гол нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү хүсэлт, бичиж өгсөн тайлбар нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь чухал байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь гэм буруутай талаар, гэм буруу нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой талаар нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгсөн байхад нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж чадсангүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/02464 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00229 дүгээр магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

“Э” ХХК Д.Б-д холбогдуулан байгууллагад учирсан хохирол гэж 2,228,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...М.Шижирбатын нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн гүйцэтгэх захирал Л.Мөнхнарангийн гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгийг үндэслэн уг машиныг олгосон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг “Автоком карс” ХХК-ийн оруулж ирсэн авто машиныг зөвшөөрөлгүйгээр өөр хүний нэр дээр шилжүүлж олгосноос байгууллага 2,228,000 төгрөгийг “Автоком карс” ХХК-д төлсөн гэж тайлбарласан байна.  

Д.Б- нь нэхэмжлэгч байгууллагад 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16/26 дугаар тушаалаар “Япон улсаас Б.Батхүүгийн нэр дээр хаяглагдан ирсэн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг М.Шижирбатад хүлээлгэн өгсөн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх тушаалыг Д.Б- эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1520 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ “...ажилтан зөрчил гаргасан гэж үзэх шалтгаант холбоо байхгүй, компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлтэйгөөр автомашин хүлээн авагчийн нэрийг солих арга хэмжээг авсан” гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан баримт гэж үзнэ.

Нэхэмжлэгч компанийн захирал Л.Мөнхнаран нь Замын-Үүд дэх гаалийн газарт 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн I/123 тоот албан бичгээр ... Тоёота приус-30 маркийн автомашин хүлээн авагчийн нэрийг илгээгчээс Бат-Эрдэнэ Батхүү гэж андууран ирүүлсэн тул жинхэнэ хүлээн авагч болох Мягмар Шижирбат нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү... гэсэн баримт хэргийн 32 дугаар талд байна. 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан гэх байдал тогтоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагчийн буруугаас байгууллагад хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Талуудын хооронд үүссэн маргаан нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй холбоотой байх тул Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэхгүй, шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан  Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2018/00229 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 50,598 /тавин мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН