Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01130

 
 

   2018           07             05

           001/ХТ2018/01130

                                              

О.Д, Ч.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаар магадлалтай,                                                                                                                                       

О.Д, Ч.Т нарын нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбат, Э.Номингуа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч О.Д, Ч.Т нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч О.Д нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тэсэлгээний туслахын ажилд, Ч.Т нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тэсэлгээчний ажилд тус тус орсон. Хариуцагч компани нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаагаар байгуулсан. Ажил олгогч байгууллагын “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээний хугацааг сунгахгүй тохиолдолд энэхүү хөдөлмөрийн гэрээ нь 12 сар болоод дуусгавар болно гэж хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан байсан. "Э" ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр О.Дийн хөдөлмөрийн гэрээнд заасан 12 сарын хугацаа болоход сунгахгүй талаар О.Дт мэдэгдээгүй, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ч.Тийн хөдөлмөрийн гэрээнд заасан 12 сарын хугацаа болоход мөн сунгахгүй талаар Ч.Тт мэдэгдээгүй, бид ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. "Э" ХХК нь “Ти Ти Жи ВиСи Өү” ХХК-ийн тэсэлгээний ажлыг одоо болтол үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа болно. Гэтэл "Э" ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Төд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б/086 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал өгсөн. Харин О.Дөд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/074 тоот "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" гүйцэтгэх захирлын тушаалын хамт өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/074 тоот болон 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/086 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэсэн байсан. "Э" ХХК нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж нэхэмжлэгч нарт хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдээгүй, тухайн өдрөө чөлөөлөөгүй тул бидний хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснөөрөө "Э" ХХК нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О.Дийг тэсэлгээний туслах ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2,918,136 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Ч.Тийг тэсэлгээний ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2,737,024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаанд нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дэлгэрмөрөн шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Э" ХХК нь "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Цанхийн зүүн уурхайн төсөл дээр, нүүрс олборлолтын ажлыг гэрээлэн гүйцэтгэгч "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг үйлчилгээний гэрээгээр явуулдаг туслан гүйцэтгэгч компани юм. Тус компанийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд, төсөл хэрэгжих хугацаа, үйлчилгээний гэрээний шаардлагаар О.Д, Ч.Т нартай харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан уг төсөл дээр ажиллуулсан, улмаар гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгахгүй тухай санал мэдэгдлийг бичгээр хүргүүлснээр тус тус гэрээг нь дуусгавар болгосон. Нэхэмжлэгч О.Дтөй харилцан тохиролцож гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/19 тоот тушаалыг үндэслэн эхний 3 сар нь туршилтын хугацаатай, ажилтны үндсэн цалингийн 80 хувиар тооцож цалинжуулах нөхцөл бүхий ХГ/09 дугаартай хөдөлмөрийн гэрээг, улмаар туршилтын хугацаа дууссаныг баталгаажуулан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох 1 жилийн хугацаатай ХГ 16/41 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан байдаг бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнийг О.Д нь хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч Ч.Тийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/32 тоот тушаалыг үндэслэн эхний 3 сар нь туршилтын хугацаатай, ажилтны үндсэн цалингийн 80 хувиар тооцож цалинжуулах нөхцөл бүхий ХГ16/20 тоот хөдөлмөрийн гэрээг, улмаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай ХГ16/51 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон, цаашид сунгахгүй болсныг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэнийг Ч.Т нь хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос нэр бүхий иргэдтэй харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.4, 3.5-д заасан хүрээнд гэрээг дуусгавар болгон, цаашид сунгахгүй тухай саналыг мэдэгдсэн, ажилтнуудад холбогдох шийдвэрийг өгч, төлбөр тооцоог барагдуулснаар гэрээг нь дуусгавар болгосон явдал нь хуулийн дагуу бөгөөд нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироож, ажил олгогчоос хууль зөрчсөн гэх үйлдэл биш юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ анх ажил олгогчтой туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болохоо дурьдаагүй, мөн хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан мэдэгдэх үүрэг үүсэхгүй болохыг энд дурьдах нь зүйтэй. Иймд О.Д, Ч.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Э“ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн О.Д, Ч.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2017.12.15-ны өдөр “Э“ ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Нэхэмжлэгч О.Д тэсэлгээчний туслахын ажилд, Ч.Т тэсэлгээчний ажилд тус тус эгүүлэн тогтоож, 2017.11.19 болон 2017.12.09-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6/074 дугаар тушаалаар О.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/086 дугаар тушаалаар Ч.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч О.Дтэй 2016.08.17-ны өдрийн Б/19 тушаалаар эхний 3 сарын туршилтын хугацаагаар ХГ16/09 тоот хөдөлмөрийн гэрээг, мөн 2016.11.18-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай ХГ16/41 хөдөлмөрийн гэрээг байгуулсан, харин Ч.Ттэй 2016.08.26-ны өдрийн Б/32 тоот тушаалаар эхний 3 сарын туршилтын хугацаагаар ХГ16/20 хөдөлмөрийн гэрээг, мөн 2016.12.08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар ХГ16/51 хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулжээ.

Нэхэмжлэгч нартай байгуулсан 2016.08.17-ны өдрийн ХГ16/09, 2016.08.26-ны ХГ16/20 тоот хөдөлмөрийн гэрээний 3.1-д “талууд ажлын байрны онцлог болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь заалтыг харгалзан 12 сарын хугацаагаар, 3.2-т “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн үйлчилгээний гэрээг сунгахаар болсон тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг адил хугацаагаар сунгах”-аар заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар гэрээний энэ заалтаар хугацаа сунгагдах ёстой гэсэн үндэслэл гаргажээ.

“Э” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт байрлах Цанхийн зүүн уурхайн төсөл дээр нүүрс олборлолтын ажлыг гэрээлэн гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг үйлчилгээний гэрээгээр явуулдаг байх бөгөөд төсөл хэрэгжих хугацаа болон үйлчилгээний гэрээний шаардлагаар нэхэмжлэгч нартай анх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх О.Д, Ч.Т нарыг байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй буюу түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.11.16-ны өдрийн Б/074 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар тэсэлгээний туслах ажилтан О.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017.11.18-ны өдрөөс, мөн 2017.12.08-ны өдрийн Б/086 дугаар тушаалаар тэсэлгээчин Ч.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017.12.08-ны өдрөөс тус тус  дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг  зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00208 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нар нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН