Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00378

 

Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01802 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2345 дугаар магадлалтай,                                                                                                                                                  

            “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Ш” ХХК-д холбогдох

             Гэрээний үүрэгт 431.352.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

          Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ш” ХХК нь манай компанитай 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 19 дугаартай Шатахуун худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж авах шатахууны хэмжээ, үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр хавсралт гэрээгээр тохирохоор болсон. Гэрээний дагуу манай компанийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний хавсралтаар гурван удаа шатахуун худалдан авсан бөгөөд тохирсон хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Одоогийн байдлаар нийт авсан 159.760 литр шатахууны үнэ бүгд 287.568.000 төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 4.4.3-т шатахууны төлбөрийг тухайн авсан өдрөөс хойш дараа сарын 15-ны дотор төлөх, мөн гэрээний 4.4.4-т хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Иймд үндсэн төлбөр 287.568.000 төгрөг, алданги нь 244.432.800 төгрөг болж байгаа учраас алдангийг үндсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 143.784.000 төгрөг, нийт 431.352.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ш” ХХК нь “Х” ХХК-тай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот Шатахуун худалдах-худалдан авах гэрээний дагуу 160 тонн шатахууныг нэгж бүрийн үнэ 1800 төгрөгөөр тооцон 287.568.000 төгрөгийн шатахууныг худалдаж авсан нь үнэн. Худалдаж авсан шатахууныг Увс аймгийн төв дээр хэрэглэн гудамж төслийн хүрээнд авч ашигласан бөгөөд энэ нь манай компанийн үүргээ гүйцэтгээгүй нэг л үндэслэл байгаа юм. Манай компани гудамж төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг Хөгжлийн банкаар дамжуулан төрийн байгууллагаас авах ёстой байсан. Гэтэл энэ санхүүжилт нь цаг хугацаандаа шилжиж орж ирээгүй, төрийн байгууллага цаг хугацаандаа зохих санхүүжилтийг хийж өгөөгүй учраас дээрх төлбөрийг төлөхөд хүндрэл үүссэн. Гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болох ёстой байсан бөгөөд “Х” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 1 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Үүнд нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. 2017 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа юм уу, эсхүл гэрээгээ цуцалж байгаа талаараа тайлбарладаггүй. Эрх зүйн үр дагаврууд өөр өөр байдаг учраас ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг нь тодорхой харагдахгүй байгаа юм. Бид бол шүүхэд хариу тайлбараа өгөөд явсан. Нэгэнт шатахуун худалдаж авсан тул төлбөрөө төлөх нь зүй ёсны хэрэг, нэхэмжлэгч талыг ойлгож байна. Гол нь алдангийн асуудлыг давхар тавьсан байдаг. Мөн нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байгаа бөгөөд гэрээнд 270.000.000 төгрөг гэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь 287.568.000 төгрөг байгаа учраас 17.000.000 төгрөгийн зөрүү үүсэж байгаа. Гэхдээ манай зүгээс 287.568.000 төгрөгт маргахгүй байгаа. Хамгийн гол нь төрийн байгууллагын санхүүжилт орж ирээгүйгээс болж бид үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй, мөн алдангийн асуудал бол цэвэр хариуцлагын асуудал бөгөөд хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргад тооцогддог. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан учраас 143.784.000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

“Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: “Ш” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХХК-тай Шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулж,  нийт 150 тн дизелийн түлшийг худалдан авсан. Талуудын хооронд байгуулагдсан 19 тоот гэрээний 4.4 дэх хэсэг нь гэрээний нэг тал нь нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулгасан, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой хийгдсэн хүчин төгөлдөр бус заалт байна. Мөн “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас харахад шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхгүй, гүйцэтгэх удирдлагын хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байна. Учир нь “Х” ХХК нь хуулийн этгээд буюу компани байгаа бөгөөд хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаа нь компанийн тухай хуулиар зохицуулагдаж явах ёстой. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар энэхүү компани нь 3 гишүүнтэй байгаа. Компанийн тухай хуулийн 59-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа заавал хуралдуулаагүй бол гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 59.6-д Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтаар н.Гантулга захирал гэрээ хэлцэл байгуулах бүрэн эрх нь дуусгавар болсон байна. Улсын бүртгэлийн байгууллагаас уг компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулж байсан эсэх талаар огт баримт ирээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй. Тэгэхээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ хэлцэл гэж үзсэн учраас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр буст  тооцож өгнө үү гэжээ.

 

“Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээний нэг тал нөгөөдөө тэгш бус нөхцөл тулгасан гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг зөвшөөрөхгүй. Харин ч бид хариуцагчийг төлбөрөө төлөөгүй байхад нь ихээхэн хэмжээний шатахуун өгсөн нь ихээхэн итгэл үзүүлсэн, давуу байдал олгосон, ямар ч хохиролгүй гэрээ байгуулсан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56.1.9-д зааснаар тодорхойлсон байдаг. Үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хийсэн зүйл байхгүй, тусгай зөвшөөрлүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн манай компани үүсгэн байгуулагдсан цагаас үүсгэн байгуулагч буюу хөрөнгө оруулагч, удирдагч нь Ч.Гантулга байгаа бөгөөд 2016 онд охин Г.Саруул, хүү Г.Эрдэнэтулга нар нь гишүүнээр нэмэгдэж орсон ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал Ч.Гантулга хэвээрээ байгаа. Энэ талаар ямар нэг өөрчлөлт өнөөдрийг хүртэл ороогүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01802 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар 232.6-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас 431.352.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х” ХХК-д холбогдох 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шатахуун худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.314.710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.314.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, “Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 879.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2345 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2345 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Магадлал нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, Тухайлбал, анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн төдийгүй ИХШХШТХ-ийн 168.1.7-д заасан нотлох баримтын бүрдүүлбэр хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Хууль хэрэглээний тухайд: Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Ш” ХХК-тай байгуулсан гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 1 дүгээр сард гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалтыг /Иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлүүдийг/ ноцтой зөрчсөн. Мөн гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анзыг шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. Учир нь “Х” ХХК нь нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээгээ цуцлах талаарх мэдэгдлийг гэрээний хугацаанд нөгөө талдаа огт мэдэгдэж байгаагүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгч энэ талаарх нотлох баримт байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас асуухад “байхгүй” гэсэн тайлбарыг өгч байсан болно.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн харьяалал зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Ш” ХХК-тай байгуулсан гэрээндээ маргаан гарсан тохиолдолд худалдагчийн оршин суугаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хоёр тал шүүхийн харьяаллыг хуульд заасны дагуу тохиролцсон байдаг. Хариуцагчийн зүгээс уг иргэний хэрэг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирэх үед хариуцагчийн зүгээс шүүхийн харьяалал зөрчигдөж байгааг шүүгчид сануулан, энэ талаарх нотлох баримтыг хүсэлтийн хамт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. “Х” ХХК нь Чингэлтэй дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, харин Сонгинохайрхан дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2345 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 431,352,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, алданги төлөх үндэслэлгүй гэж маргаад, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан шатахуун худалдах-худалдан авах гэрээгээр "Х” ХХК нь 150,000 литр дизель түлшийг 1 литрийг 1800 төгрөгөөр тооцож, 270,000,000 төгрөгийн дизель түлшийг  "Ш" ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор шатахууны үнийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 57.360 литр, 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 46.250 литр, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 56.450 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн болох нь хэргийн 9-11 дүгээр талд авагдсан зарлагын падаан болон зохигчдын тайлбараар нотлогдсон байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үнэ 287,568,000 төгрөгийг хариуцагч хугацаанд нь төлөөгүй талаар талуудын хэн аль нь маргаагүй, харин хариуцагч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан тул алдангийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.3-т “Шатахууны төлбөрийг Хавсралтаар тохирсон хугацаанд төлж, бүрэн барагдуулна” гэж заасан ба хэрэгт авагдсан гэрээний Хавсралт №1 гэсэн баримтаас үзэхэд  хариуцагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны хооронд төлөх үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагчаас төлбөрөө нэхэмжилсэн нь үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.  

 

Дээрх хавсралтаар хариуцагч нь шатахууны үнийг төлөх үүрэгтэй ба шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4.4-т “худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх”-өөр тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх алданги тооцохдоо 244,432,800 төгрөгийн 50 хувь 143,784,000 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч “Ш” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 287,568,000 төгрөг, алданги 143,784,000 төгрөг, нийт 431,352,000 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

Иймээс “...гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 1 дүгээр сард гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан” тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсон байхад гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д заасныг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

“Х” ХХК-ийг 1996 онд Ч.Гантулга үүсгэн байгуулсан бөгөөд уг компани 3 гишүүнтэй, компанийг үүсгэн байгуулснаас хойш Ч.Гантулга тус компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирлаар ажиллаж байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт заасан компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч компани бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, захирал Ч.Гантулга нь  компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

 

Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах-худалдан авах гэрээгээр 159.760 литр шатахуун худалдсан, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор уг шатахууны төлбөрийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасныг талуудын хүсэл зориг илэрхийлэл гэж үзэх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар анзын алдангийг сонгож, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт тусгасныг нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулгасан, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 19 тоот шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4.4 дэх заалт нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

 

 “Шатахуун худалдах-худалдан авах гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэхүү гэрээгээр үүссэн маргааныг харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Эс шийдвэрлэгдвэл маргааныг худалдагчийн оршин байгаа газрын харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тохиролцсон байх бөгөөд гэрээний энэ нөхцөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй, шүүх нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягийн дагуу зохигчдын хооронд үүссэн маргааныг харьяалан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн “...харъяалал зөрчсөн” гэсэн үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01802 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2345 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяраас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 876.870 /найман зуун далан зургаан мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН