Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 296

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00296

 

 

М.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/02340 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК,

Хариуцагч: Б.Г  нарт холбогдох,

 

Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай Е1/3-2 тоот нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Г ий өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх

Хариуцагч Б.Г ий өмгөөлөгч: Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О- нь 2 жил 9 сарын өмнө Б.Г д холбогдуулан Теди төвийн 4 дүгээр давхрын 06-07 тоот лангууг эзэмшилдээ шилжүүлэн авах нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд анх гаргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосныг миний бие эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргаж магадлалыг хэвээр үлдээсэн.

Хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 30-нд товлогдож нотлох баримт нэмж бүрдүүлэх үндэслэлээр хойшилсон тул миний бие хамтран хариуцагч З.Н-аас татгалзаж “Н ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан мөн бусад лангуугаа худалдах болон барьцаалах нь тухайн үед мөрдөж байсан журмыг зөрчиж байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-ыг үндэслэн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Гэтэл захирамжид дурдсан нотлох баримт шүүхэд ирээгүй буюу захирамжийн аль ч заалт биелэгдээгүй, хамтран хариуцагч татах миний хүсэлтийг шийдвэрлээгүй, тодруулсан шаардлагыг хариуцагчид танилцуулаагүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр товлож надад мэдэгдэхгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч О.О шүүх хуралдаан хийсэн байна.

Захирамжийг эс зөвшөөрөн гомдол гаргасан ч хангаагүй орхисон тул дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай Е1/3-2 тоот нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй учир нь хэлцэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г  шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Е1/3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцуулах тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий гэрээ нь 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК болон иргэн М.О- нарын хооронд байгуулагдсан байх тул миний бие уг гэрээний оролцогч биш болно.

Миний хувьд хариуцагчаар татагдсан “Н” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй учраас тус компанид холбогдох хэрэгт хамтран хариуцагчаар намайг татсанд гайхаж байна.

Миний бие иргэн М.О- болон түүний эхнэр Г.Сарантуяа нарт 2005 онд мөнгө зээлдүүлсэн ба тэд мөнгөө төлж чадахгүй болохоороо өөрсдийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан Теди төв дэх худалдааны талбайг З.Наранбаатарын нэр дээр шилжүүлсэн, энэ худалдааны талбайтай холбоотой асуудал надад огт хамааралгүй. Одоогийн байдлаар “Ньюком проперти” ХХК нь З.Наранбаатартай талбайн түрээсийн гэрээ байгуулсны дагуу одоо уг талбайн эзэмшигч нь З.Наранбаатар болсон байна.

Яригдаж буй Теди төв дэх худалдааны талбай нь “Ньюком проперти” ХХК-ийн өмч учраас уг худалдааны талбайтай холбоотой асуудлыг тус компанид холбогдуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар хүсч буй нэмэлт гэрээ нь 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ба түүнээс хойш 11 жил өнгөрч уг гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул М.О-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т тус тус зааснаар М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н ХХК болон Б.Г  нартай нэхэмжлэгчийн 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад үүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Учир нь нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох E1/3-2 тоот "Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ"-г 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Түрээслүүлэгч "Н" ХХК, эрх шилжүүлэгч М.О-, эрх шилжүүлэн авагч Б.Г  гэх талууд байгуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгаа нь илэрхий байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь 3 шатны шүүхэд хандан, хянан хэлэлцэгдэж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад анхан шатны шүүх үүнд ач холбогдол өгөлгүй, тодруулалгүй шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдлыг бүрдүүлэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан хамгийн чухал нотлох баримтуудыг үнэлээгүй гэж үзэж байна..

Иймд "Н" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г ий өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан E1V3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийхдээ талуудын хооронд хийгдсэн ямар хэлцлийг халхавчлаад байгаа болохыг тогтоогоогүй байна.

Шүүх гэрээний эрхийг зээлийн барьцаанд шилжүүлсэн гэж дүгнэсэн боловч М.О-, Б.Г  нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ байдаггүй. Харин М.О-, Б.Г  нар нь Монгол шуудан банкнаас хамтран зээл авч.Б.Г  өөрийн орон сууцыг барьцаалсан байдаг. Банкны зээлийн гэрээг Теди төвийн худалдааны лангууны эрх шилжүүлэх гэрээтэй холбож дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ тухай дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний талаар маргах хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн байхад энэ талаар алдаатай дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай Е1\3-2 тоот нэмэлт гэрээний асуудал Монгол шуудан банкны зээлийн төлөлттэй огт хамааралгүй байна. Иймд шүүх М.О-ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Хариуцагч "Н"ХХК нь “Теди худалдаа үйлчилгээний төвд талбай түрээслэгчдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу Б.Г гийн шаардлагатай мэдээллийг бүртгэн авсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой мэтээр үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, уг алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч “Н” ХХК, Б.Г  нарт холбогдуулан Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай Е1/3-2 тоот нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэх агуулгаар тодорхойлсон байна. 

 

Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.Г  нарт тус тус гардуулсан.

 

Нэхэмжлэгчээс 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн агуулгаар түүний 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохгүй юм.

 

Учир нь нэхэмжлэгчийг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэлийг хариуцагч нь Б.Г  байсан ба харин 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Н” ХХК болон Б.Г  нар байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт бүрэн цугларсан гэж үзэж шүүх хуралдааныг товолсон, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан байх боловч уг үндэслэлийг хариуцагч тал бичгээр гардуулж тайлбар гаргах, тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхийг зөрчжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/02340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар харуицагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Г  нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА