Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00737

 

Э.Т-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00215 дугаар магадлалтай,

Э.Т-ы нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, нууцын нэмэгдэл, шагналт цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Т-ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Т-ыг урьд эрхэлж байсан ажил буюу “М” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоохоор заасан байхад шүүхийн шийдвэрийг зөрчиж өөр ажилд томилсон. Гэвч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/190 дугаар тушаал Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Шүүхийн шийдвэртэй нийцээгүй гэж үзэж байна. Иймд 2017 оны 04 сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж хуулийн зөвлөх О.Оюунтуяагийн оронд түүний эзгүй байх хугацаанд хуулийн зөвлөхийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр тушаал гаргуулж өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт бичүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 01 сарын 27-ны өдрөөс 04 сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан 60 /ажлын/ хоногийн буюу ажилд томилох хүртэл цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өдрийн 33,023 төгрөгөөр тооцсон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрт тусгагдаагүй зөвхөн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүртэлх нийт 74 хоногийн хугацааны цалин хөлсийг тогтоосон. Ажил олгогчийн үүргээ биелүүлээгүйн төлөө ажилтан цалин хөлсөөр хохирох ёсгүй тул нэхэмжлэгч миний бие 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацааны үндсэн цалингийн зөрүү, хөнгөлөлт нууцын нэмэгдэл, шагналт цалингийн тодорхой хувийг нөхөн гаргуулж, ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу нэмэлт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн хурлын 59/01 дугаартай Бүтэц батлах тухай тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн баталж урьд нь байсан хуулийн албыг татан буулгаж, Ерөнхий удирдлагын газарт Захиргаа хуулийн хэлтсийг шинээр байгуулж хуулийн зөвлөх гэсэн албан тушаалыг хуулийн ажилтан, мэргэжилтэн болгож өөрчилсөн. Шүүхийн шийдвэрээр Э.Т-ыг ажилд эгүүлэн авч Захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл биш. Иймд Э.Т-ы гаргасан хуулийн албанд хуулийн зөвлөхөөр томилуулах тухай хүсэлтийг дэмжихгүй байна. Нэхэмжлэгч Э.Т-ы нэхэмжлэлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан 60 хоногийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг мөн дэмжихгүй. Учир нь Э.Т- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 783 дугаартай магадлал гаргаж гомдлыг хэрэгсэхгүй орхисон. Иймд дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Э.Т- нь 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд туршилтын журмаар ажиллаж байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т туршилтын болон сургалтын хугацаа 6 сараас ихгүй байна гэж заасан. Компанийн үр дүнгийн урамшуулал шагналт цалин олгох тухай журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд шагналт цалин олгохгүй гэж заасан байдаг. Мөн дотоод журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд хоол унааны хөнгөлөлт олгохгүй гэж заасан. Мөн Э.Т- нь нууцын эрхлэгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байгаагүй болно. Иймд Э.Т-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу хариуцагч “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал, уг тушаалын дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 2017 оны 01 сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00215 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 2,047,426 гаргуулж нэхэмжлэгч Э.Т-д олгож, 2017 оны 01 сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалган, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Б/190 дугаар тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс мөн оны 10 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүг нөхөн гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Т-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00215 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие тус компанид 2016 онд хуулийн зөвлөх О.Оюунтуяагийн оронд түүний эзгүй байх хугацаанд ажиллахаар харилцан тохирч туршилтын хугацаатай хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Улмаар зохих тушаал гаргахгүй байсаар 2016 оны 10 сард ажилаас чөлөөлсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч тал 2017 оны 04 сард тушаал гарган Компанийн Захиргаа хуулийн хэлтсийн Өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар тушаал гаргаж ажилд авсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн шийдвэрийг нэхэмжлэгч тал хуулийн зөвлөх О.Оюунтуяагийн оронд ажилд эгүүлэн тогтоолоо гэж бодсон. Харин хариуцагч тал шинэ ажлын байр болох Өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар Б\190 тоот тушаал гаргаж ажилд томилж, шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон шүүхийн шийдвэр биелэгдсэнгүй гэж үзэж дахин нэхэмжлэл гаргасан. Ингээд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 тоот шийдвэр гарч “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б\190 тоот тушаал хуульд нийцээгүй байна хэмээн үзсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр нэхэмжлэгч Э.Т-ыг урьд эрхэлж байсан ажил буюу “МХС” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Нэхэмжлэгч Э.Т-ы нэхэмжлэлийн үндэслэлд заасан шүүхийн шийдвэрт зааснаар өөр ажилд томилсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтан Э.Т-ыг хуулийн ажилтнаар ажиллуулахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль болон ажилтны эрх ашгийг зөрчөөгүй байна” гэж үзсэн нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэх хуулийн заалттай зөрчилдөж байна.

Мөн магадлалын Хянавал хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байдаг бөгөөд “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Б\190 дугаар тушаалаар түүнийг компанийн Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх шалтгаан болж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол гэж хуульд тусгайлан заажээ. Үүнээс үзэхэд “МХС” ХХК-ийн 2016 оны 06 сарын 08 ны өдрийн А\62 тоот тушаалаар Хуулийн албаны бүтцийг Хуулийн ахлах зөвлөх, Хуулийн зөвлөх, ТУЗөвлөлийн нарийн бичгийн дарга гэж 3 бүрэлдэхүүнтэй баталсан байна. Харин “МХС” ХХК-ийн шинэ удирдлага 2016 оны 11 сарын 21-ний өдрийн А\98 тоот тушаалаар хуулийн албаны бүтцийг Захиргаа хуулийн хэлтэс болгон өөрчилж хуулийн ажилтан 3 болгон өөрчилж нийт 14 ажилтантай болгож ажлын байрыг нэмэгдлүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/01786 тоот шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх орон тоо цомхотгосон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасан харилцаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх харилцаа бий болсон тохиолдолд үүсэх учиртай байхад “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б\190 тоот тушаалд заагдаагүй, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00238 дугаар шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөлтэй байгаа хүний оронд нэхэмжлэгч миний бие ажиллах учиртай байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтыг хэрэглэсэн нь төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б\190 тоот ажилд томилох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 хэсгийг үндэслэсэн. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсгийг заагаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг тайлбарласан тайлбар эргэлзээлтэй болсон. Магадлалын тогтоох хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25 өдрийн Б\190 тоот болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь “МХС” ХХК нь өөрийн эрхийн хүрээнд Компанийн бүтэц орон тоог шинэчлэх, өөрчлөх замаар ажилчдыг чөлөөлж, эгүүлэн томилох тохиолдолд ажил нь өөрчлөгдөж буй ажилтантай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалж өөрчлөгдөж буй ажил, албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах үүрэгтэй байхад өмнө ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг шүүхээр сэргээж Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 хэсгийг хангасан бол хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах шаардлагагүй бөгөөд Захиргаа хуулийн хэлтсийн Өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйлдэл нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй харагдаж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00215 тоот магадлалын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25 өдрийн Б\190 тоот болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00215 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э.Т- нь 2016 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сэрын 27-ны өдөр хэлэлцэж 182/ШШ2017/00238 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх гомдлыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 74 хоногийн 2,443,702 төгрөгийн олговрыг олгуулахаар 783 дугаартай магадлал гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Э.Т- нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан бөгөөд магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй. Ингээд шүүхийн шийдвэр 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон. “М” ХХК нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Б/190 тоот тушаалаар Э.Т-ыг өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар ажилд нь эгүүлэн авсан. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00215 дугаартай магадлалд “2017 оны 01 сарын 27-ны өдрөөс 04 сарын 25-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар 2017 оны 04 сарын 20-ны өдөр хүчинтэй болно. Иймд Давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00215 дугаар магадлалын "... хариуцагч "М" ХХК-иас 2,047,426 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Т-д олгож, 2017 оны 01 сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн холбогдох бичилт хийхийг хариуцагч “М" ХХК-д даалган” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, нууцын нэмэгдэл, шагналт цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч өөрөө давж заалдах гомдол гаргасан, магадлал хүчин төгөлдөр болмогц бид ажилд нь эгүүлэн тогтоосон тул цалин хөлсийг нөхөж олгохгүй,  нэмэгдэл цалин олгогдохгүйн зэрэгцээ хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргажээ. 

“М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын 59/01 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, хуулийн зөвлөх гэсэн албан тушааалыг хуулийн ажилтан, мэргэжилтэн болгон өөрчилж, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаалаар Захиргаа, хуулийн хэлтэст хуулийн ажилтан 3 байхаар орон тоог баталсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. Ажил олгогчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/190 дугаар тушаалаар Э.Т-ыг компанийн Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн одоогийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд үндсэн зорилт, сарын цалин, тавигдах шаардлага зөрүүтэй, өөр ажил гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Э.Т-ыг “М” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч Э.Т-ы нэхэмжлэлийн үндэслэлд ажил олгогч нь шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажилд томилсон гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  “М” ХХК нь ажилтан Э.Т-ыг хуулийн ажилтнаар ажиллуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул ажил олгогчийг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн, ажилтны эрх ашгийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Э.Т-ыг ажилд эгүүлэн тогтоосон “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дугаар тушаал болон мөн өдөр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т нийцсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 7 сарын хугацааны үндсэн цалингийн зөрүү, хөнгөлөлт, нууцын нэмэгдэл, шагналт цалингийн тодорхой хувийг гаргуулна гэсэн нэхэмжлэгч Э.Т-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт нийцсэн,  хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Ажил олгогч байгууллага Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд томилсон байх тул хариуцагч байгууллагаас дээрх хугацааны олговорт 2,047,426 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр хуулийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00215 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “М” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 47,710 /дөчин долоон мянга, долоон зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН