| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2017/0159/Э |
| Дугаар | 9 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 9
А.Б-, Н.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Прокурор Н.Дуламсүрэн
Хохирогч Д.Нарантуяа
Шүүгдэгч А.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Д.Цагаандарь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн Б-, А-ын Б- нарт холбогдох эрүүгийн 201509000630 тоот 11 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А- овогт Н-ийн Б-, Регистрийн дугаар **********,
2. Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Урьд:
2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 3 сар хорих ялаар,
2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил хоногийн хорих оногдуулж 2006 оны Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жил хорих ял хасч, 2005 оны 08 дугаар сарын 29-нд оногдуулсан ялд 1 жилийг нэмж нэгтгэсэн, 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б- тод овогт А-ын Б-, регистрийн дугаар **********,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 253 дугаартай шийтгэх тогтоолоор:
- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан эхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 628,654,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ганзулд 36,500,000 төгрөгийг, хохирогч О.Түвшинтөгст 172,000,000 төгрөгийг, хохирогч Н.Баярбаатарт 1,508,000 төгрөгийг, хохирогч Д.Нарантуяад 185,440,000 төгрөгийг, хохирогч Д.Мөнгөнцэцэгт 41,711,000 төгрөгийг, хохирогч А.Б-т 101.495.000 төгрөгийг тус тус олгохоор,
Хохирогч А.Б-ын 35,000,000 төгрөг гаргуулах тухай, иргэний нэхэмжлэгч С.Баясгалан, Т.Саранчимэг, А.Эрдэнэбилэг нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар /шүүгдэгч Н.Б-д 9 жилийн /есөн жил/ хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Б-т 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 9 жилийн хорих ял, шүүгдэгч А.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, А.Б- нарын урьдчилан цагдан хоригдсон 205 хоногийг /хоёр зуун тав хоног/ тус тус эдлэх ялд оруулан тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тэд Аудит ХХК-ийн гаргасан 1 хавтас 210 хуудас бүхий аудитын дүгнэлтийг хэрэгт хавсаргаж,
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, А.Б- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Д.Цагаандарь шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүх миний үйлчлүүлэгч А.Б-ыг Н.Б-гийн зааж өгснөөр хохирогч Д.Ганзул, 0.Түвшинтөр нартай уулзаж би “Дархан Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-н уурхай хариуцсан инженер байна. “Дархан Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт шахаж дундаас нь их хэмжээний ашиг олдог гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Д.Ганзул, 0.Түвшинтөр нарт их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, мөнгийг өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах санаа сэдэл анхнаасаа төрж, энэ санаа сэдлээ хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэн гүйцэлдүүлдэг ийм гэмт хэрэг. Тэгэхээр А.Б-ын хувьд О.Түвшинтөр, Д.Ганзул нарын мөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах санаа сэдэл анхнаасаа төрөөгүй бөгөөд өөрийн санаачлагаар Д.Ганзул, О.Түвшинтөр нар дээр очоогүй байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Б- А.Б-ыг “...Манай ах Д.Ганзул энэ бизнест хөрөнгө оруулна гэсэн гэхдээ заавал инженертэй нь уулзая гээд байна. Манай инженер ажилтай байгаа тул чи инженер гэж хэлээд очоод уулзчих. Мөнгө төгрөгөө энд оруулаад ашиг аваад явж байгаа хүний хувьд чи яаж ашиг олдог талаараа хэлж яриад ойлгуулчих” гэсэн байдаг. Энэ гуйлгын дагуу А.Б- хот руу явж О.Түвшинтөр, Д.Ганзул нартай очиж уулзсан. А.Б-ын хувьд Төмөрлөгийн үйлдвэрт мөнгө оруулаад ашиг олдог талаар О.Түвшинтөр, Д.Ганзул нарт ярьсан нь зохиомол байдлыг үүсгээгүй бөгөөд өөрөө Н.Б-д “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”-т мөнгө оруулаад ашиг авч байсан талаараа үнэн бодит байдлыг ярьсан. А.Б-ын хувьд өөрөө ч Н.Б-д залилуулсан, Н.Б-гийн хохирогч юм. Харин инженер гэж хэлсэн нь үнэнд нийцээгүй боловч О.Түвшинтөр, Д.Ганзул нар инженер гэдгийг нотлох баримт бичиггүй, шаардахад нь үзүүлээгүй хүнд итгэх үндэслэл байхгүй. Тэгээд ч Д.Ганзул А.Б-ын хохирогч биш юм. Цаг хугацааны хувьд А.Б-ыг Н.Б-гийн "бизнест" мөнгө оруулахаас өмнө Н.Б- ах Д.Ганзулдаа “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”-т мөнгө оруулаад ашиг олох боломжтой талаар жил гарангийн өмнөөс ярьсан байдаг. Харин Д.Ганзул өөрийн найз О.Түвшинтөрдөө мөн энэ талаар ярьж мөнгө оруулаад ашиг авья гэсэн санал тавьсан байдаг. О.Түвшинтөр Д.Ганзулын ярьсныг баталгаажуулах зорилгоор А.Б-тай 4 дүгээр сарын 7-нд уулзаад ашиг үнэхээр олдог болохыг мэдээд 4 дүгээр сарын 8-нд 150.000.000 төгрөгийг Н.Б-гийн данс руу шилжүүлсэн нь банкны хуулгаар тогтоогддог. Н.Б- 4 дүгээр сарын 25-нд О.Түвшинтөрд ашиг гэж 30.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд О.Түвшингөр энэ мөнгөнөөс Д.Ганзулд 5.000.000 төгрөгийг өгсөн. Д.Ганзул О.Түшинтөрд үнэхээр ашиг орж ирснийг бодит байдал дээр хараад өөрөө Н.Б- руу 5 дугаар сарын 29-нд 29.000.000 төгрөг шилжүүлсэн нь хуулгаар тогтоогддог. Тэгэхээр Д.Ганзул А.Б-т итгэсэндээ биш харин бодит байдлыг харчихаад ашиг олох боломжтой гэж итгэн мөнгөө Н.Б- руу шилжүүлсэн нь тогтоогдож байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хугацааны дараалалыг, хохирогч, шүүгдэгч нарын үйлдэл, үр дагаварт харьцуулан эргэлзээгүй бодитой байх талаас нь үнэлэхгүйгээр зөвхөн хохирогчдын мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1.2, 1.3-д заасныг зөрчиж байна.
Н.Б-гийн хувьд О.Түвшинтөрөөс 150.000.000 төгрөг авахын тулд итгэл төрүүлэхийн тулд А.Б-ыг ашигласан, өөрөөр хэлбэл итгэл төрүүлэх арга хэрэглүүр болгон А.Б-ыг ашигласан болох нь харагдаж байна. Тэгээд ч залилан мэхлэх гэмт хэрэг нь залилагч бусдын эд хөрөнгө төгрөгийг захиран зарцуулах эрх олж авснаар төгсдөг гэмт хэрэг. Н.Б- Д.Түшинтөрөөс орж ирсэн 150.000.000 төгрөгийг өөрийн дансанд оруулан захиран зарцуулж, өглөгтэй байсан хүмүүс рүүгээ мөнгө шилжүүлсэн А.Б-т өгөх ёстой байсан 90.000.000 төгрөгөө шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д “гэмт хэргийн санаа сэдлийг заавал нотолж тодруулах шаардлагатайг” хуульчилж өгсөн байна. Гэтэл А.Б-ыг “Төмөрлөгийн үйлдвэр”-ийн инженер гэж хуурч мэхэлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь учир дутагдалтай бөгөөд О.Түвшинтөрөөс А.Б- 150.000.000 төгрөгийг авч ашиглах гэсэн санаа сэдэлт анхнаасаа төрсөн гэдэг нь нотлогдохгүй байна. А.Б- Н.Б-гийн гуйлтаар л О.Түвшинтөр, Д.Ганзул нартай очиж уулзсан байдаг.
Мөн А.Б-ыг “Төмөрлөгийн үйлдвэр”-н инженер гэж хэлсэнээс О.Түвшинтөр мөнгө шилжүүлээгүй, харин Д.Ганзулд итгэснээс шилжүүлсэн гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд О.Түвшинтөрийн мэдүүлгээс тодорхой харагддаг. О.Түвшинтөр мэдүүлэхдээ: “Би тухайн үед Н.Б-г Д.Ганзулын хамаатны дүү учраас итгээд шалгаагүй мөнгө өгсөн” гэж хэлсэн байдаг.
Иймд залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын шинж болох бусдыг залилж мөнгийг нь авах гэсэн санаа сэдэл А.Б-т анхнаасаа төрөөгүй, мөн А.Б- өөрөө энэ хэргийн хохирогч болох нь тогтоогдсон тул А.Б-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 253 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Дархан-Уул аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээ сарын 9-ний өдрийн 171/2016/0199/Э/ индекстэй хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүхийн тогтоолын заалтууд биелэгдээгүй бөгөөд шүүгдэгч Н.Б-гийн удаа дараа тогтвортой мэдүүлдэг нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой байсан эсэх “Дархан төмөрлөг”-ийн үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Даваадорж, тус байгууллагын санхүү эдийн засгийн хэлтсийн дарга байсан н.Туяацэцэг нар нь үйлдлүүдтэй холбоотой байсан эсэхийг тодорхой шалгаж тодруулаагүй, гэрч н.Туяацэцэгийг эрэн сурвалжлах тодорхой ажиллагаа явуулаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаа дутуу, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байхад шүүгдэгчид ял огдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэргийн санаа зорилго, шалтгаан нөхцөл, шунахай сэдэлт байсан эсэхийг тогтоож чадаагүй, энэ хэргийн улмаас нэр бүхий хүмүүс хохирсон эсэх, иргэний эрх зүйн харилцаа явагдаж байсан эсэх зэрэг ажиллагаануудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Б- нь өөртөө үл хөдлөх эд хөрөнгө, машин механизм зэрэг эд хөрөнгө байхгүй, айлын хашаанд түр хугацаагаар гэр барьж амьдарч байгаа болон банкны өр зээлтэй байхад шүүх нотлох баримтыг үндэслэхгүй хийсвэрээр дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлсэн зүйл, хэсгээр ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогч нар шүүгдэгч Н.Б-тай харилцан тохиролцож тэгш эрхийн үндсэн дээр мөнгө төгрөг өгч авалцах , өөрсдөө ашиг олж байснаа хүлээн зөвшөөрөөд байхад иргэний харилцааны асуудал байгаа болон ямар цаг хугацаанаас эхлэн тооцогдох боломжтойг харгалзан үзэлгүйгээр 2014 оноос 11 сараас эхлэн итгэл эвдсэн залилан мэхлэлтийн үйлдэл хийж эхэлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй байна.Хохирогч нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийн тооцоонууд үндэслэлгүй, мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулаагүй, хохирогч хэнээс, хэдэн төгрөг зээлж авснаа мэдүүлсэн тул зээлсэн хүмүүсийн нь тооцоогоор хохирол төлбөрийн тооцоо гаргах боломжтой байхад зээлийн хүү, алданги, ашиг бүгдийг нь оруулан тооцсон хэмжээгээр хохирол тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч Д.Нарантуяа нь Н.Б-тай хийсэн бичгийн хэлцэл дээр өөрийн гараар нэмж бичин мөнгөний дүн оруулсан байхад түүнийг нь анхаарч үзэлгүй нэхэмжилсэн хэмжээгээр нь төлбөрийг тооцсон гэх мэт 6-р хавтасны 10-22 дугаар хуудас, 2 дугаар хавтасн 94-95 дугаар хуудас,
2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 06 дугаар саруудад “Эрдэнэт” үйлдвэрээс “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрт шилжүүлсэн ган бөмбөлөгийн гэрээний үнийн тооцоо, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрт шилжигдсэн мөнгөнөөс: шилжүүлгийн баримтыг хүн нэг бүрээр, байгууллага бүрээр нь нэг бүрчлэн гаргуулах, шүүгдэгч Н.Б-гийн бусдаас авсан болон шилжүүлсэн мөнгөний үнийн дүн, бэлэн мөнгөний талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.
Мөрдөн байцаагчийн тогтоолоор томилогдсон хохирол төлбөр тооцсон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 112-113 дугаар хуудас/ прокурорын яллах дүгнэлтээр гаргасан хохирлын тооцоотой эрс зөрүүтэй гарсан /аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй/, дүгнэлтэнд хохирлын тооцоог ямар нотлох баримтыг үндэслэж байгааг тодорхой заагаагүй зэрэг байдлуудыг анхаарч үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна” гэжээ.
Шүүгдэгч Н.Б- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “Миний бие “2014, 2015 онд н.Даваадоржид 25.44 сая төгрөг бэлнээр өгсөн шалгаж өгнө үү” гэж хүсэлт гаргахад “яг хэдэн сар юм бэ” гэж надад тулган шаардаж 2014 оны 11 дүгээр сар болон 2015 оны 3, 4 дүгээр сарыг л шалгаж өгсөн. Би 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл бэлнээр хийсэн орлогыг санахгүй, гүйлгээний утга дээрх гарын үсгийг шалгаж өгнө үү гэхэд байцаагч, прокурор тийм юм байдаггүй юм гээд загнаж хүлээж аваагүй билээ. Би өөрөө 60.000.000 төгрөгийг шалгуулахад А.Б-, Д.Нарантуяа, Д.Ганзулын өгсөн данс руу бэлэн мөнгө орлого хийсэн нь гарч ирсэн, энэ талаар байцаагчид хэлж нэмж тооцуулсан. Гэтэл хохирогч гэх хүмүүс мэдээгүй байсан. Миний өөрийн орлого гэх мэт үгүйсгэсэн боловч гүйлгээний утга дээр орлого гээд мөнгө тушаагч дээр миний гарын үсэг байсан нь нотлогдсон. Зөвхөн 1 сарыг үзэхэд ийм байгаа юм чинь бусад сарыг нь шалгуулж үнөн зөвийг тогтооё гэсэн боловч миний санхүүгийн асуудал хүндрэлтэй боломжгүй тул байцаагч, прокурорт амаар хүсэлт гаргасан боловч тийм юм байхгүй гээд авч хэлэлцээгүйд гомдолтой байна. н.Даваадорж ерөнхий, н.Баттөгс дарга, н.Авирмэд инженер нарыг шалган тогтоогоогүй, мөнгөтэй хүний талд хууль үйлчилдэг юм гэх н.Даваадоржийн үгийг бататган гэрч төдийгөөр хандан жирийн ядарсан иргэнийг золиос болгон хуулийг гажуудуулж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийн үнэн зөвийг олохыг эрмэлзээгүй зөвхөн нэг талыг баримтлан намайг буруутайд тооцон н.Даваадорж, н.Баттөгс нарыг гэрч төдийгөөр хандан шалгаж өгөөгүй, мөнгөтэй хүний талд үйлчлэн ашиг сонирхлын зөрчилтэй байсанд маш их гомдолтой байна. Нотлох баримт хангалтгүй баримтаар дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Би амьдралын боломж багатайдаа, шуналт сэтгэлтэй муу хүмүүсийн үгэнд итгэн ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ийм болчимгүй ажил хийснээр тухайн үед цөөн тооны ашиг олдог байсан ч ийм их хэмжээний мөнгө ашигласан, цуглуулсан, хуримтлуулсан явдал байхгүй ч төрийн хатуу хууль минь өршөөж, энэ хэргийн үнэн мөнийг тунгаан олж өгнө үү. Надад оноосон ялын зүйл анги дэндүү хатуу /ганцхан надад зориулсан/ шийтгэлийг өөрчлөн үнэн зөвийг тогтоож, зүйл ангийг өөрчлөн шийдэж өгөхийг төрийн энэрэнгүй шүүхээс хүсэж байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь: “А.Б-ыг “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрийн инженер гэж хэлээд хохирогч нарт их хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсан. Тухайн гэмт хэргийн субъектив санаа нь бусдын итгэл эвдэх, зохиомол байдал зориудаар үүсгэдэг, гэтэл А.Б-т хохирогч нарыг залилж эд хөрөнгийг нь авъя гэсэн санаа, сэдэлт байдаггүй. Н.Б- хэлэхдээ “Д.Ганзул, О.Түвшинтөгс нартай очиж уулз гэж гуйхаар нь А.Б- уулзсан” гэдэг. А.Б- инженер ажилтай гэж хэлээд ашиг авдаг талаараа бодит байдлыг л ярьсан. О.Түвшинтөгс, Д.Ганзул нар нь А.Б-ыг инженер ажилтай гэж мөнгөө өгөөгүй, А.Б-ыг ашиг олдог гэдгээр нь л мөнгөө өгсөн байдаг. Д.Ганзул А.Б-ын хохирогч болохгүй. Д.Ганзул, О.Түвшинтөгс нар А.Б-тай уулзаж О.Түвшинтөгс мөнгийг хийсэн байдаг. Анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй. 29.000.000 төгрөгийг Д.Ганзул Н.Б-гийн данс руу хийсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-г заавал тодруулах шаардлагатай байдаг. Зөвхөн инженер ажилтай гэж хэлэхээр хүн мөнгө өгөхгүй, яаж авдаг байсныг сонсож байж О.Түвшинтөгс мөнгийг шилжүүлсэн. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 88 дугаар хуудас О.Түвшинтөгс мэдүүлэгтээ “А.Б-т ганцхан итгээгүй, Д.Ганзулд итгэж мөнгө өгсөн, Д.Ганзул, А.Б- нарт хоёуланд нь итгэсэн” гэдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Миний хувьд өмнөх гомдлоо дэмжиж байна. Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б-д орон сууц, байшин, барилга, газар худалдаж авсан баримт байхгүй, айлын хашаанд гэр барьж амьдардаг байсан. Байнгын эх үүсвэр гэдэг нь тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөнгийг 300 удаа шилжүүлсэн бөгөөд маш олон данстай гэтэл мөнгө орсон, гарсан данс тодорхой бус, үүнд аудитын дүгнэлт гаргах шаардлагатай байна. “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэртэй асуудлыг дахин шалгуулах шаардлагатай. Д.Гантөгстэй холбоотой дансыг шалгаж өгнө үү. Хуулийн зүйлчлэл тохироогүй, бүх банкны хуулгыг дахин тулгаж үзэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н.Б-гийн гэм буруу тогтоогдоогүй бөгөөд Н.Б- нь бие муутай, олон сар хоригдож байгаа учраас дээрх нөхцөл байдлыг харгалзан Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- тайлбар мэдүүлэгтээ: Би ах, дүү нараасаа мөнгө авч Н.Б-д өгсөн. Н.Б- намайг гуйгаад байхаар нь би өөр хүн гуй гэхэд “манай ах чамайг инженер биш гэдгийг мэдэж байгаа, чи очоод уулз” гэхээр нь очоод уулзтал чи өөрийгөө инженер гэж хэлэхгүй бол болохгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би надад инженерийн үнэмлэх байхгүй гэж хэлсэн. Би тэд нараас мөнгө авъя гэж хэлээгүй. Н.Б- надад тус болооч гэхээр нь л би тус болсон болохоос О.Түвшинтөгс, Д.Ганзул нараас мөнгө авъя гэсэн санаа надад байгаагүй. Би нялх хүүхэдтэй, намайг өршөөгөөч” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар дүгнэлтэндээ: “Өмгөөлөгч Д.Цагаандарийн гомдолтой танилцсан. “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрт ажиллаж байна, 20 хувийн ашигтай бизнест оролцож байна, та оролцох уу гэхэд хохирогч Д.Ганзул хариу өгөөгүй. Манай дүү “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрт ажилладаг, хариуцдаг хүнтэй нь уулзъя гэхэд Н.Б- нь А.Б-ыг очоод танилцуул гэж хэлсний дагуу А.Б- очиж О.Түвшинтөгс, Д.Ганзул нартай уулзаж, “би “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрийн инженер байна, Н.Б- бичиг хэрэг хариуцдаг хүн” гэж хэлсэн байдаг бөгөөд хохирогч “бичиг баримтыг үзье” гэхэд А.Б- “би яарч байгаад бичиг баримтаа орхисон байна” гэж хэлсэн байдаг. Тэгээд хохирогч итгэж 150.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг, энэ талаар гэрч болон яллагдагч нар мэдүүлэг өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 150.000.000 төгрөг орж ирж, 90.000.000 төгрөг нь А.Б-ын дансанд орсон. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ” гэж заасан. Нийт 326.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж ороход гарцаагүй шүүгдэгчийн оролцоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалтай тогтоогдсон. Өмгөөлөгч Д.Оюунчимэг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэрийг бий болгосон” гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байна. Шүүгдэгч нь хохирогч нараас мөнгө аваад газар худалдаж авч, байшин бариад амьдарч байгаад хэрэгт холбогдсоны дараа байшингаа зарсан байдаг. Н.Б- нь “YES” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээсэлж амьдарч байсан, н.Баттулга болон банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж байсан. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Н.Б- нь ажлаас халагдаж ажилгүй байсан, хавтаст хэргийн 6 дугаар хавтас 112-113 дугаар хуудас шинжээчийг байцаасан байцаалтанд “данс хооронд шилжүүлсэн шилжүүлгийг гаргасан, бэлнээр өгсөн мөнгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй учраас тул мөрдөн байцаалтын шатанд тогтоох ёстой” гэдэг. Бэлнээр өгсөн мөнгийг шинжээчийн дүгнэлтээр гаргах боломжгүй учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах боломжгүй. 20 хувиар өсгөх боломжтой байна гэсэн. Эрх зүйн харилцаа үүсээгүй, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар мөнгийг авсан. А.Б- нь Д.Нарантуяагийн хүү, н.Баярбаатар нь Улсын бүртгэлийн хэлтэст хамт ажиллаж байсан хүн, н.Мөнгөнцэцэг нь Н.Б-гийн аав н.Н-той нэг нутгийн хүн, О.Түвшинтөгс нь Д.Ганзулын найз юм. Ерөнхий нягтлан бодогч Ч.Тогоо, нягтлан бодогч н.Сайханбаяр нарыг байцаасан. “Дархан Төмөрлөг”-н үйлдвэрийн дансны хуулга хавтаст хэргийн материалд авагдсан. Н.Б- 2015 оны 3 дугаар сараас хойш хохирогч нараас авсан мөнгө зээлсэн мөнгөний хүүнд тооцогдсон гэдэг. Мөнгө орсон өдрөө бусад хүүмүүсийн дансанд орсон байдаг. Ган бөмбөлөгийн мөнгө “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрт орж ирээгүй, хохирогч нарт мөнгийг өгч чадаагүй гэдэг боловч “Эрдэнэт”-н үйлдвэрээс мөнгө тодорхой хугацаагаар орж ирж байсан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Н.Б- нь шунахайн сэдэлтээр “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт” УБ үйлдвэрт өндөр үнээр шахаж дундаас нь 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгөн дүнгийн 20%-ийн ашиг олж, өгсөн мөнгийг өсгөж ” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар
-хохирогч Н.Баярбаатараас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 19-ний хооронд 16 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 428.000 төгрөгийг,
-хохирогч Д.Нарантуяагаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 17-ны хооронд 43 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 535.933.000 төгрөгийг,
-хохирогч А.Б-аас 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 04-ний хооронд 19 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 337.680.000 төгрөгийг,
-хохирогч Д.Мөнгөнцэцэгээс 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны хооронд 31 удаагийн үйлдлээр 372.320.000 төгрөг, нийт 1.731.361.000 төгрөгийг,
Мөн яллагдагч Н.Б- нь А.Б-тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт" УБ үйлдвэрт өндөр үнээр шахаж дундаас нь 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгөн дүнгийн 20%-ийн ашиг олж, өгсөн мөнгийг өсгөж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар
-хохирогч Д.Ганзулаас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны хооронд 4 удаагийн үйлдлээр банкны дансаар болон бэлнээр 52.000.000 төгрөгийг,
-хохирогч О.Түвшинтөгсөөс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны хооронд 5 удаагийн үйлдлээр 274.000.000 төгрөгийг нийт 326.000.000 төгрөгийг тус тус давтан үйлдлээр залилан мэхлэж авч бусдад нийт 2.057.361.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч А.Б- нь Н.Б-тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч "Эрдэнэт УБ үйлдвэрт өндөр үнээр шахаж дундаас нь 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгөн дүнгийн 20%-ийн ашиг олж, өгсөн мөнгийг өсгөж өгнө”, “өөрийгөө “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн уурхай хариуцсан ерөнхий инженер, ажлын үнэмлэхээ ажпын хувцсанд орхичиж, би энэ ажлыг хийдэг гол хүн" гэж худал ярьж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар,
-хохирогч Д.Ганзулаас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны хооронд 4 удаагийн үйлдлээр 52.000.000 төгрөгийг Н.Б-гийн банкны дансанд шилжүүлсэн,
-хохирогч О.Түвшинтөгсөөс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны хооронд 5 удаагийн үйлдлээр 274.000.000 төгрөг Н.Б-гийн банкны дансанд хийлгэж, давтан үйлдлээр нийт 326.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Д.Цагаандарийн давж заалдах гомдолд дурдсан: “ ...Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хугацааны дарааллыг, хохирогч, шүүгдэгч нарын үйлдэл, үр дагаварт харьцуулан эргэлзээгүй бодитой байх талаас нь үнэлэхгүйгээр зөвхөн хохирогчдын мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1.2, 1.3-д заасныг зөрчсөн. Залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын шинж болох бусдыг залилж мөнгийг нь авах гэсэн санаа сэдэл А.Б-т анхнаасаа төрөөгүй, мөн А.Б- өөрөө энэ хэргийн хохирогч болох нь тогтоогдсон тул А.Б-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх,
шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдолд дурдсан: “ ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байхад шүүгдэгчид ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү..” гэх,
шүүгдэгч Н.Б-гийн давж заалдах гомдолд дурдсан: “ ... Анхан шатны шүүх хэргийн үнэн зөвийг олохыг эрмэлзээгүй зөвхөн нэг талыг баримтлан намайг буруутайд тооцон н.Даваадорж, н.Баттөгс нарыг гэрч төдийгөөр хандан шалгаж өгөөгүй. Надад оноосон ялын зүйл, анги дэндүү хатуу шийтгэлийг өөрчлөн үнэн зөвийг тогтоож, зүйл ангийг өөрчлөн шийдэж өгөхийг шүүхээс хүсэж байна..” гэсэн үндэслэлүүдийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Б- нь шунахайн сэдэлтээр бусдад нийт 2.057.361.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч А.Б- нь Н.Б-тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр нийт 326.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Н.Б-, А.Б- нарын үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Д.Цагаандарь шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хугацааны дарааллыг, хохирогч, шүүгдэгч нарын үйлдэл, үр дагаварт харьцуулан эргэлзээгүй бодитой байх талаас нь үнэлэхгүйгээр зөвхөн хохирогчдын мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1.2, 1.3-д заасныг зөрчиж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын шинж болох бусдыг залилж мөнгийг нь авах гэсэн санаа, сэдэл А.Б-т анхнаасаа төрөөгүй, мөн А.Б- өөрөө энэ хэргийн хохирогч болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Б-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа боловч А.Б- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, А.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх түүнд ял шийтгэл оногдуулсан нь буруу биш байна.
Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “ ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байхад шүүгдэгчид ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү..” гэсэн санал гаргаж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж Н.Б-г ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүний үйлдсэн хэргийн үйл баримт, гэм бурууд хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “ ... Анхан шатны шүүх хэргийн үнэн зөвийг олохыг эрмэлзээгүй зөвхөн нэг талыг баримтлан намайг буруутайд тооцон н.Даваадорж, н.Баттөгс нарыг гэрч төдийгөөр хандан шалгаж өгөөгүй, мөнгөтэй хүний талд үйлчлэн ашиг сонирхлын зөрчилтэй байсанд маш их гомдолтой байна. Мөн нотлох баримт хангалтгүй баримтаар дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Надад оноосон ялын зүйл анги дэндүү хатуу /ганцхан надад зориулсан/ шийтгэлийг өөрчлөн үнэн зөвийг тогтоож, зүйл ангийг өөрчлөн шийдэж өгөхийг төрийн энэрэнгүй шүүхээс хүсэж байна.. гэсэн санал гаргаж байгаа боловч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд ял шийтгэл оногдуулсан нь буруу биш байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цагаандарь, О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ