Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00808

 

М.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02102 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00269 дүгээр магадлалтай,

                                                                                                                       

М.Х-гийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох

2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 6,364,631.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: М.Х- нь Кинд ажиллаж байхдаа 2012 оны 04 сарын 26-ны өдөр “Би Энд Си” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 9 байрны, 6 давхар, 36 тоот 37,25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар 1 м.кв талбайн үнийг 1.350.000 төгрөгөөр тооцон захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг Ктай 2012 оны 05 сарын 04-ний өдөр ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулан 50,287,500 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Кны зүгээс дээрх нөхцлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд олгосон зээл бүрийг Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх, Монголын ипотекийн корпораци (МИК)-д худалдах шаардлага гарч ирсэн бөгөөд ажилтнууддаа олгосон зээл нь 8 хувийн хүүтэй зээлийн журмын шаардлага хангахгүй нөхцөл байдал, өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн 30 хувийг байршуулсан байх ёстой нөхцөл үүссэн тул журмын шаардлага хангуулахын тулд худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 450.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37,25 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнэ болох 16,760,000 төгрөгийг Кнаас зээлж авсан мэтээр 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тэгэхээр 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр худалдан авсан болж харагдаж байгаа. Энэхүү зээлийн гэрээг байгуулахгүй гэсэн боловч Кны зүгээс гэрээ байгуулахгүй бол худалдан авсан орон сууцаа банкинд хураалга гэдэг шаардлага тавьсан тул миний зүгээс энэхүү тулган шаардалтын дагуу 16,760,000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн аав, ээжийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, 10 байр, 19 тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан. М.Х- нь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн атал зээл олгосон банк худалдан авсан орон сууцны үнийг зохиомлоор өсгөж, төрийн байгууллагыг хуурсан хууль бус үйлдлээ нуун далдлахын тулд иргэн надад хууль бус шаардлага тавьж дүр үзүүлэн байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч талаас орон сууцыг зөвхөн “Би Энд Си” ХХК-аас 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцон үнийг төлсөн, үүнийг “Би Энд Си” ХХК хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгчийн зүгээс банкны хууль бус шаардлагын дагуу зээлийн барьцаанд барьцаалуулсан өөрийн аав ээжийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, 10 байр, 19 тоот 29 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлж авахын тулд 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот 16,760,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 1,538,781 төгрөг, зээлийн хүү 4,825,617.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232.91 төгрөг нийт 6,364,631.76 төгрөгийг төлсөн. Иймд дүр үзүүлэн байгуулсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгож, хариуцагч талын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дүр үзүүлэн байгуулсан гэрээнээс учирсан хохирол болох өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөн үндсэн зээл 1,538,781 төгрөг, зээлийн хүү 4,825,617.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232.91 төгрөг, нийт 6,364,631.76 төгрөгийг Кнаас гаргуулж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн М.Х- нь Кны Хүнсний 4 тооцооны төвд Зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажил олгогч болон ажилтан нар нь харилцан тохиролцож 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Хан-Уул дүүргийн 3-р хорооны Үйлдвэрийн гудамж 9-р байрны 6-р давхар, 36 тоот хаягт байрлах 37,25 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад үнэ 50,287,500 төгрөгийг нь төлж, үүнийгээ зээл болгон Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан, зээлийн хүү сарын 1 хувь, жилийн 12 хувь байхаар зааж төлүүлж байсан. Ажиллагсад банкинд 7 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэй байсан ба М.Х-тай ийм гэрээ байгуулаагүй юм билээ. Гэтэл ипотекийн зээлийн нөхцөл орж ирж, ажилтнуудын зээл жилийн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжих боломж гарсан. Энд нэг нөхцөл нь байрны үнийн 30 хувийг төлсөн байхыг шаардсан. Ажилтнуудын анх орон сууц худалдан авсан “Би Энд Си” ХХК-тай анх манайх орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөгөөр тохиролцож, ажилтнууддаа хямдруулж өгсөн үнийн зөрүү болох 1 м.кв-ыг 450,000 төгрөгөөр тооцож, иргэн М.Х-гийн хувьд 16,760,000 төгрөгийг байрны 30 хувийн урьдчилгаа төлбөр болгон банк МИК-д төлж, үүндээ М.Х-тай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. М.Х-д түрүүчийн өгсөн орон сууцны зээлээс 48,878,000 төгрөгийн зээл үлдсэн байсан ба үүнийг байрны үнийн 70 хувь гэж үзэн жилийн хүүг 8 хувь болгон шинэчилж гэрээ байгуулсан. Түүнчлэн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03 сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор Ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход гарах 4 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын 2012 оны 149 тоот тушаалыг, холбогдох гэрээ хэлцлийн хамт хүчингүй болгосон. К, “Би Энд Си” ХХК нарын хооронд байгуулсан 2012 оны 03 сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1-т заасны дагуу м.кв-ын үнийг 1,800,000 төгрөгөөр тохиролцсон байсны дагуу иргэн М.Х-тай 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан нь хуульд харшлаагүй, харилцан тохиролцсон үйлдэл байх бөгөөд талуудын хүсэл зоригоос хамаарч гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02102 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-ыг баримтлан М.Х-, “К” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, “К” ХХК-иас 6,364,631.76 төгрөгийг гаргуулж М.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 358,534 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 358,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00269 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “К” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/02102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00269 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэлгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Магадлалын хянавал хэсгийн 3 дах догол мөрөнд “Талууд 2013 оны 08 дугаар сарын 30-ны одөр 16,760,000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10-19 тоот 2 өрөө орон сууцыг бариулж 265 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч буюу нэхэмжлэгч нийт гүйцэтгэвэл зохих үүргээс үндсэн зээлд 1,538,781 төгрөг, зээлийн хүүнд 4,825,617.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 232.91 төгрөг, нийт 6,364,631.76 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.” гэжээ. Шүүхийн уг дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан зүйл байдаггүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх яаж дүгнэсэн талаар ойлгомжгүй байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсгийн 4 дэх догол мөрөнд “Каас зээлж авсан мэтээр 2013 оны 265 тоот зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримт байхгүй бол түүнийг үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүх дээрх дүгнэлтүүдийг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тал дээр ноцтой алдаа гаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Ажилтан “К” ХХК нарын хороонд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр сарын 189.1-д заасан зохицуулалтад нийцсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр өөрсдөө хуульд нийцүүлэн гэрээг байгуулсан байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн үйл баримт болон хариуцагч талаас гаргасан тайлбар, татгалзал зэргээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл, нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан байгааг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Х- хариуцагч “К” ХХК-д холбогдуулан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 6,364,631.76 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, М.Х-тай байгуулсан 265 тоот зээлийн болон барьцааны гэрээ хуульд харшлаагүй, талуудын хүсэл зоригоос хамаарч харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ажилтан М.Х- нь “К” ХХК-д мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус банкны ажиллагсдын орон сууцны зээлд хамрагдаж, 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот зээлийн гэрээгээр банкнаас 50,287,500 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай авч, 2012 оны 04 сарын 26-ны өдөр “Би Энд Си” ХХК-тай Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны, 6 давхар, 36 тоот 37.25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар орон сууц бариулах гэрээг байгуулсан ба банк “Би Энд Си” ХХК-д төлбөрийг төлж, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авсан үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч тал “Би Энд Си” ХХК-тай орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч М.Х- тус компанитай орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний үнэ 50,287,500 төгрөгийг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч банктай анх байгуулсан 50,287,500 төгрөгийг 2012 оны 05 сарын 04-ний өдөр 282 тоот зээлийн гэрээний 3.1-д орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,350,000 төгрөг, 3.2-т ажилтныг төлөөлж банкнаас барилгын компанийн өмнө хариуцах төлбөрийн хэмжээ 150,000 төгрөг гэж тодорхойлсон байхад банк 1,800,000 төгрөгийн  зөрүү 16,760,000 төгрөгөөр 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “...энэ гэрээг байгуулахгүй гэсэн боловч Кны зүгээс гэрээ байгуулахгүй бол худалдан авсан орон сууцаа банкинд хураалга гэдэг шаардлага тавьсан, тулган шаардалтын дагуу 16,760,000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн аав, ээжийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, 10 байр, 19 тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16,760,000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, сард 0.67 хувийн хүүтэй зээлдүүлэхээр 265 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, Д.Михлай, Н.Алтанцэцэг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10-19 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулж, зээлдэгч үндсэн зээлд 1,538,781 төгрөг, зээлийн хүүд 4,825,617.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232.91 төгрөг, нийт 6,364,631.76 төгрөг төлжээ.  

Кнаас ажилтнууддаа олгосон орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэхийн тулд орон сууцны үнийн 30 хувийг байршуулсан байх нөхцөл үүссэн гэж худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 450,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37.25 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнэ болох 16,760,000 төгрөгийг Кнаас зээлж авсан мэтээр 2013 оны 265 тоот зээлийн гэрээг байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн Банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 149 тоот ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход гарах 4 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн тушаал, уг тушаалыг холбогдох гэрээ, хэлцлийн хамт хүчингүй болгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоол нь 16,760,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс М.Х- болон “К” ХХК хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 265 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тогтоож, энэ гэрээний дагуу төлөгдсөн 6,364,631.76 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хэлцлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00269 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “К” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 358,534 /гурван зуун тавин найман мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН